Нийтлэл 03 сарын 10, 2015

Эдийн засгийн бодлого, олон улсын практик: Хямрал руу харвасан 3 сум буюу Абэномикс

Дайны нуранги дундаас Toyota, Sony дэлхийд тэргүүлэгч болон цойлж гарч ирсэн он жилүүдийн талаар одоо ч Япон хѳгшчүүл санагалзан ярьцгаадаг. Эдийн засаг нь 2 оронтой тоогоор ѳсч байсан 60-аад он, айлууд жил бүр зурагтаа шинэ загвараар сольдог байсан 80-аад оны Япончуудад байсан ѳѳдрѳг үзэл 90-ээд оны эхэнд  хагарсан үл хѳдлѳх хѳрѳнгѳ, хувьцааны үнийн хѳѳстэй цуг оргүй замхран алга болжээ. Эдийн засаг ѳсѳхийн хэрээр орлого нь нэмэгдэж, мѳнгѳѳр туйлж байсан хуучны сайхан цагаас одоо ердѳѳ дурсамж л үлдсэн нь энэ…

 

 

Харин түүнээс хойш буюу ‘Алдагдсан 20 жил’ гэж нэрлэгддэг сүүлийн жилүүдэд Япон орныг дефляци, түүнээс үүдэлтэй эдийн засгийн зогсонги байдал тодорхойлох болсон юм.  Энэ хугацаанд арлын орныг дэлхийд гаргаж ирсэн компаниуд нь ѳрсѳлдѳх чадвараа алдаж, Sony болон бусад үйлдвэрлэгчид Samsung, Apple-д хол хаягдав. Хүндрэлийн нѳлѳѳ нийгмийн асуудал болон илэрч, орлого нь муудсан Япончууд хүүхэд тѳрүүлэх нь цѳѳрснѳѳр хѳгшчүүлийн памперс хүүхдийнхээс олон зарагддаг болжээ.  Хичээвч гэрэлт ирээдүй харагдахгүй тул ѳдѳрт хэдэн арваараа амиа егүүтгэх хүмүүсийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ нас нь улам залуужих болов. Япон орныг нѳмѳрсѳн энэхүү хар сүүдэрт шийдэл олоогүй ерѳнхий сайдууд хаврын тэнгэр шиг солигдсоор…

 Харин одоогийн ерѳнхий сайд Шинзо Абэгийн эдийн засгаа сэргээх зоримог тѳлѳвлѳгѳѳ нь ‘урьд ѳмнѳ байгаагүй том цар хүрээтэй эдийн засгийн туршилт’ гэдгээрээ ихээхэн анхаарал татаж байгаа. Абэномикс гэж алдаршсан уг тѳлѳвлѳгѳѳний гол онцлог нь эдийн засгийн асуудлуудыг онилсон 3 сум юм. Абэ ерѳнхий сайдын зэвсэг болсон 3 сум Японд тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдэхийг доорх инфографикаар тайлбарлалаа.

Хэдийгээр эдийн засагчид олон янзын байр суурьтай байдаг ч, Абэ ерѳнхий сайдын харвасан эхний 2 сум харьцангуй амжилттай байндаа туссан гэж хэлж болохоор. Эхний сум буюу Тѳсвийн хѳрѳнгѳ оруулалтууд 2011 онд Японд болсон газар хѳдлѳлт, цунамид нэрвэгдсэн эдийн засгийг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.  Харин 2 дахь сум буюу Тѳв банкны их хэмжээний мѳнгѳний нийлүүлэлтийн нѳлѳѳгѳѳр иенийн ханш 30% суларч, экспортлогч компаниудын ашигт сайнаар нѳлѳѳлснѳѳр үнэт цаасны үнэлгээний багц Nikkei 225 индекс Абегийн үед 81% ѳсѳѳд байгаа.  Гэхдээ Япон орон эдийн засгийг нь дайрсан хар сүүдрээс бүрмѳсѳн гарч чадах эсэхэд 3 дахь сум буюу Суурь шинэчлэлүүд хамгийн чухал нѳлѳѳтэй

 

Абэномиксийн 3 дахь сум нь эдийн засгийн бүтцийг ѳѳрчлѳх урт хугацааны бодлогуудаас бүрдэх тул хамгийн чухал хэдий ч, хамгийн хэцүү нь юм. Энэхүү сум байндаа хэр оновчтой тусах нь Япон тѳдийгүй Ази,  цаашлаад дэлхийн эдийн засагт чухал нѳлѳѳтэй. Иймд дэлхий дахинд зѳвхѳн эдийн засагч, судлаач тѳдийгүй, бодлого боловсруулагч, улстѳрч болон бизнесменүүд нумаа барьсан Абэ ерѳнхий сайдын хѳдѳлгѳѳн бүрийг анхааратай ажиглацгааж байна.

Хэрэв 5 триллион долларын хэмжээтэй, дэлхийд 3-т орох Японы эдийн засаг зогсонги байдлаасаа гарчихвал хямралаас бүрэн сэргээгүй байгаа дэлхийн эдийн засгийг урагш нь чирэх нэгэн том хѳдѳлгүүр нь байх болно. Японы нѳлѳѳгѳѳр эдийн засгийн гадаад орчин сайжирвал одоогийн Монголын хүндрэлийн шалтгаан болоод байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, гадаадын шууд хѳрѳнгѳ оруулалтын урсгалд эерег нѳлѳѳ бий болох тул бидэнд ч ашигтай.  Мѳн саяхан Японтой хийгдсэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) хэрэгжснээр Монголчуудад нээгдэх боломж хэр том байх вэ гэдэг ч бас Абэ ерѳнхий сайдын 3 дахь сумтай их бага хэмжээгээр холбоотой байх болно.

 Нэмэлт мэдээлэл:

Японы тухай зарим баримт:

  • ДНБ $4.9 триллион (Монгол х 426)
  • 1 хүнд ногдох ДНБ $37,000
  • Газар нутаг 377.9 кв. км (дэлхийд 62, Монголын 1/4)
  • Хүн ам 127 сая
  • Дундаж наслалт Эр 80.2/ Эм 86.6
  • Гэрлэх дундаж нас Эр 30.9/ эм 29.3
  • Анхны тѳрѳлтийн дундаж нас 30.4
  • Сүүлийн 15 жилийн дунджаар: Инфляци (CPI) -0.3% (сарын), Нэрлэсэн ДНБ-ий өсөлт -0.6% (улирлын) (S&P-ийн тооцоо, 2013) 
  • Японы хамгийн том 8 электроникийн үйлдвэрлэгчид нийлээд Самсунгийн зах зээлийн үнэлгээд хүрэхгүй байна (Эх сурвалж Forbes, 2014) 

 ----------------------------------------------------------------

Эх сурвалж:

Абэномиксийн талаар:

http://uk.saxomarkets.com/tradingdebates/abenomics-infographic-japan-2013

http://www.businessinsider.com/what-is-abenomics-2013-3

Хүн амын статистик http://www.stat.go.jp/english/data/jinsui/2013np/index.htm

 Статистикийн эмхэтгэл 2014 http://www.stat.go.jp/english/data/handbook/c0117.htm

Мөнгөний бодлого http://www.boj.or.jp/en/announcements/release_2013/k130404a.pdf

Бонд https://c.na3.content.force.com/servlet/servlet.ImageServer?id=01550000001FPieAAG&oid=00D300000000M2BEAU

Товч мэдээлэл

https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ja.html

http://data.worldbank.org/country/japan

http://www.tradingeconomics.com/japan/government-debt-to-gdp

http://www.forbes.com/companies/ 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon