Нийтлэл 03 сарын 16, 2015

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Шалгаж болно, шаналгаж болохгүй

Засгийн газраас долоо хоног бүрийн лхагва гарагт “Шийдлийн цаг” уулзалтыг зохион байгуулдаг билээ. Өнгөрсөн удаагийн уулзалтаар “Шилэн хяналтын системийг нэвтрүүлэх” тухай асуудлыг хэлэлцсэн юм.  

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 

 

“Хяналт нэртэй шахалт, шалгалт нэртэй дарамт их байдаг гэсэн санал, гомдол бизнес эрхлэгчдээс ирдэг. Хянаж шалгаж болно, шаналгаж болохгүй. Хяналт өөрөө хяналттай байх ёстой. Хянах арга нь шилэн хяналт юм. Иймд хяналтыг хянах систем бий болгох шаардлагатай.  Энэ ажлыг мэдээлэл технологийн салбарын удирдлагуудад үүрэг болгосны дагуу www.shilenhyanalt.gov.mn сайтыг үүсгэж, ажиллуулж эхлэхээр боллоо. Хяналт, шалгалт гэдэг хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд байх ёстой. Гагцхүү хэм хэмжээтэй, ил тод, дүрэм журамтай байх нь эдийн засгаа эрүүлжүүлэх нэг үндсэн зарчим, бодит шийдэл юм. 

Бизнесийн итгэлийн индексээр өнгөрсөн онд бизнесийн орчин муудсан гэж 47 хувь нь хариулсан мөртлөө илүү сайжирч эрүүлжинэ гэсэн хүлээлт 60 шахам хувьтай гарсан байна. Энэ бол хийж бүтээдэг, сэдэж санаачилдаг, ажилсаг бүтээлч хүмүүс бидэнд итгэсэн хэвээр, эрүүл саруул орчныг хүсч хүлээж байгаа дүн. Төр засаг хүмүүстээ итгэж байж, эдийн засгийн хүндрэлийг хамт давна" 

 

хэмээн тэмдэглэв.

 

Шилэн хяналт: Хянаж шалгадаг талыг нь авлигаас хамгаалж, хянуулж шалгуулдаг талынх нь эрх ашгийг хамгаалах хэрэгсэл.

 

www.shilenhyanalt.gov.mn сайтад:

  • Хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгж;
  • Хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн байгууллага;
  • Хяналтын тухай хуулийн төсөлд тусгагдсан хяналтын зөвлөлийн гишүүн;
  • Олон нийт- веб порталд зочлогч нар нэвтэрнэ.

Үйл ажиллагаа нь жигдэрснээр:

  • Хяналт хийсэн ерөнхий тоо;
  • Хамгийн олон хяналт хийсэн чиглэл, төрөл;
  • Хяналтад хамгийн олон өртсөн компаниуд;
  • Хяналттай холбоотой гарсан зардал
  • Гомдол гаргасан аж ахуйн нэгж;
  • Шалгалтын үр дүнгээр авч байгаа арга хэмжээнүүд тодорхой болж шийдвэр гаргах боломж бүрдэх аж.

Дээрх зургаас харахад одоогоор 3 шалгалт хийгдсэн байгаа бөгөөд одоогийн байдлаар зарим меню, функцыг хөгжүүлэлт бүрэн хийгдээгүй байгаа бололтой. Яваандаа уг сайтад хяналт шалгалтын төлөвлөгөө байрлах бөгөөд хяналт шалгалт хийгдсэн дэлгэрэнгүй дүн мэдээ тавигдах юм.    

Сэтгэгдэл бичих

arrow icon