Нийтлэл 04 сарын 02, 2015

Нэг ууланд хоёр бар багтдаггүй

Хятад бол дэлхийн хэмжээний амбицтай Азийн хүчирхэг улсын нэг. Харин Орос өөрсдийгөө европын гол хүч хэмээн тодорхойлдог ч Ази руу төвлөрсөн бодлого явуулдаг. Тэд барууныхан ялангуяа АНУ-г буулгаж авах хүслийн дор цуст түүхээ умартан найрсаг, хамтын ажиллагааг эхлүүлж байгаа. Гэвч нэг ууланд хоёр бар багтдаггүй гэж Хятадын эртний зүйр үгэнд гардаг шиг өөр өөр ашиг сонирхол агуулан нэгдсэн учир тэдний зорилго биелэлээ олохгүй л болов уу.

 

Орос-Хятадын нэгдэл үүсэх урьдач нөхцөл буюу олон улсын нөлөө

Тэд хүйтэн дайны үеэсих гүрний дарангуйлал, эзлэн түрэмгийллийн эсрэг босох нэгэн зүгт бодлогоор стратегийн түншүүд болж эхэлсэн. Орчин үед ч нэгдэхэд хүргэх олон улсын нөлөөлөл ихэссээр байгаа. Оросын хувьд Кырым, Зүүн Украйнтай асуудалтай. Үүнээс болж АНУ, НАТО, ЕХ-оос Оросд эдийн засгийн хориг арга хэмжээ авах болсон. Харин Хятадын хувьд Зүүн өмнөд Азитай өмнөд хятадын тэнгисийн маргаан, Японтой зүүн хятадын тэнгисийн маргаантай бөгөөд АНУ-аас Хятадын хүчийг барих, тэнцвэржүүлэх бодлого барьдаг.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин нар өөрсдийгөө олон улсад тунхаглаж, хуучны нэр төрөө буцаан авах эрмэлзэлтэй удирдагчид. Тэдний энэ хүсэл олон улсын хавчлагаас гарах нэг зорилгыг тэдэнд бий болгож Орос-Хятадын нэгдлийг үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн.

 

Өөрийн ашиг сонирхлыг нэгт тавьсан сул дорой нэгдэл

Сүүлийн жилүүдэд, Хятад, Орос улсууд НҮБ-ын аюулгүйн зөвлөлд тогтвортой хамтран ажиллах болсон. Түүнчлэнхоёр талын худалдаа тогтвортой өсч 2014 онд 95 тэрбум долларт, 2015 онд 100 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна. Тэдний худалдааны цөм нь газрын тос, байгалийн хий, зэвсэг гэгддэг. Украйны асуудлаас болж барууныхан Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах болсон. ИнгэснээрОросын хувьд бусад сувгууд хаагдаж Хятад улстай эрчим хүчний урт хугацааны гэрээ хийхэд хүрсэн билээ.

2014 онд Орос улс Хятадтай 400 тэрбум долларын байгалийн хий экспортлох гучин жилийн гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу 2018-2047 оны хооронд жил бүр 38 тэрбум куб метр байгалийн хий экспортлох аж. Үүний хажуугаар зэвсгийн худалдаа ч Орос, Хятадын экспортод багагүй жин дардаг. Зэр зэвсгийн худалдаагаараа дэлхийд АНУ нэгт, Орос хоёрт, харин энэ онд Хятад улс Герман, Франц, Их Британийг ардаа орхин гуравт бичигдэх болсон. Хоёр улс хоёулаа зэр зэвсгийн арвин их нөөцтэй. Үүнийгээ дагаад олон түнш, хамтрагчтай. Гэхдээ тэдний худалдааны гол бүтээгдэхүүний нэгд зэвсэг зайлшгүй орж, энэ тал дээр ч харилцаагаа өргөжүүлэх бодлого барин ажилладаг.

Үүнээс харахад хоёр талын харилцаа улам гүнзгийрч буй мэт. Гэвч хоёр том гүрэн нэгнээсээ хараат болох аюулаас сэргийлж Хятад улс Төв Азитай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар газрын тос, байгалийн хийн хангамжаа олон талт болгохыг хичээж, Орос Япон, Монгол, Энэтхэг, Өмнөд Солонгос, Вьетнам, тэр ч байтугай хойд Солонгостой эрчим хүчний зах зээлээ өргөжүүлэх замыг эрж хайж байна.

Мөн Европын холбоо Оросын худалдааны гол хамтрагч байдаг бол Хятадын хувьд АНУ. Хэдийгээр Хятад Оросын хоёр дахь том худалдааны хамтрагч боловч Орос Хятад дахь худалдааны хамтрагчаараа наймд жагсаж нийт худалдааны ердөө 2%-ийг л эзэлдэг. Тиймээс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй,аль аль нь барууныхныг үзэн яддаг ч АНУ болон ЕХ гэсэн хоёр том зах зээлийг золиослож чадахгүй.

Хүчний тэнцвэргүй байдал, амиа аврах бодлогууд нь хамтын ажиллагааг нурааж, өөрсдийнх нь эсрэг эргүүлэх аюултай.

Дэлхийн 2-р дайн, хүйтэн дайны үед Хятад, Оросын харилцаанд Хятад сул дорой байр суурьтай байв. Харин одоо Хятад эдийн засгаараа ч бодлогоороо ч Оросоос хол илүү болжээ. 2014 оны АПЕК болон G20-н уулзалтаас харахад Хятад олон улсын анхаарлыг өөртөө илүү ихээр татаж байгаа бол Орос тэр хэрээр алджээ. Мөн дээрх худалдааны гэрээ хоёр талын худалдааны тэнцвэрийг алдагдуулна. Орос Хятадын шатахуун түгээх станц болж, Хятад тэр хэрээрээ Оросоос хамааралтай болно. Цэрэг, армийн хувьд ч Орос сул дорой болсон бол Хятад улам их нөөц хүчийг бий болгосоор. 21-р зуунд тогтворжиж ирсэн тэднй хүчний тэнцвэр Украйны асуудлаас болж дампуурсан Оросын хүчний сулралаар ахин тэнцвэрээ алдаж эхэллээ.

Үүний зэрэгцээ тэд инээсэн төрхийнхөө араар нэгэндээ халтай үйлдлийг хийсээр байна. Азийн улсуудтай хийж буй Оросын эрчим хүчний найрсаг хамтын ажиллагаа Хятадын гадаад бодлогод харшилж, тогтворгүй байдлыг үүсгэнэ. Жишээ нь 2012 онд Вьетнам, Хятадын маргаантай бүсд Орос улс эрчим хүчний гэрээг Вьетнамтай байгуулсан. Харин Төв Азийг дамнасан Хятадын торгоны зам Оросын геополитикийн нөлөөг Евроазид уналтанд оруулах болжээ.

Тэд тус тусдаа барууныхантай асуудалтай. Энэ хүрээнд нэгдсэн ч хоёул бүс нутагт ноёрхлоо тогтоох гэсэн далд ашиг сонирхол агуулсан. АНУ-ын гадаад бодлого, хориг арга хэмжээ, хавчлага тэднийг нэгдэхэд хүргэж байгаа ч харилцан итгэлцэл, бат бөх суурь дутагдаж байна. Улс төр бол үргэлж томоохон тоглолт байдаг. Барууныхан нэн ялангуяа АНУ, Хятад, ОХУ-ын сэргэн мандалт, уналтын өөр нэгэн шинэ түүх ийнхүү бичигдэж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon