Нийтлэл 05 сарын 19, 2015

13 ДУГААР ЗУУНЫ МОНГОЛ БУСАД ОРНЫ СЭТГЭЛ ЗҮРХЭНД ӨНӨӨГИЙН АМЕРИК ШИГ Л БАЙСАН

Архив ухахуй


11 жилийн өмнө 2004 оны 11 дүгээр сарын 17-нд АНУ-ын Нью-Жерси мужийн Нью-Брансвик хотод болсон Эзэн богд Чингис хааны тахилга дээр “Хубилай хаан” номыг зохиогч, хятад судлаач, профессор Моррис Россаби “Чингис хаан: Домог ба бодит байдал” хэмээх илтгэл тавьсан юм. Илтгэлийн дараа түүнтэй уулзаж хоёр гурван үг сольж амжсан билээ. Профессор Моррис Россаби монголын тухай хэд хэдэн ном бичсэн ба 1990-ээд оны үйл явдлыг өгүүлсэн “Орчин үеийн Монгол: Хаадаас коммисарууд, хөрөнгөтнүүд хүртэл” гэдэг ном нь Баабарын эгдүүг эвгүй хөдөлгөөд авсан санагдана.
Б.Номинчимэд

 

*******************
- Уучлаарай, доктор Россаби, Таны илтгэлийн нэр “Чингис хаан: Домог ба бодит байдал”. Ингэхэд Чингисийн домог, бодит байдал хоёрын хооронд хэр их зай байна вэ? Домог нь бодит байдлаа илэрхийлж байв уу, эсвэл бодит байдал нь домгоо тодорхойлж байв уу?

- Домог, бодит амьдрал хоёрын хоорондын холбоог сайн судалсан хүн бол Японы эрдэмтэн Якода гэдэг хүн бий. Тэр хүн өөрийн судалгаандаа жинхэнэ амьдралыг домог болгон ярьсан олон тохиолдлуудыг дурдсан байгаа. Жишээ нь Тэмүүжин эцэг нэгтэй ах Бэгтэрээ хөнөөсөн талаар үйлдэл бүхнийг нь дүгнэн шинжилсэн төдийгүй энэ явдал нь ард түмний дунд хэрхэн домог болон хэлцэгдэх болсон талаар нарийн судалсан гэх мэтчилэн Якодагийн судалгааны ажлыг үзвэл илүү сонирхолтой юм гарна даа.
.
- Түүхч, судлаач хүн бүхэнд түүхийн сод хүмүүсийн талаар өөрийн гэсэн дүр төрх, итгэл, хайр, талархал, харьцаа бий болсон байдаг. Таны хувьд Чингис хаан гэж ер нь хэн бэ?
- Миний бодлоор Чингис хаан бол гайхалтай авьяастай улс төрч хүн байсан. Энэ их хүн маш олон өөр өөр үндэстэн, шашинтнуудыг нэгэн том гэрийн дээвэр туурган дор нэгтгэж чадсан. Энэ нь түүний хамгийн агуу чадварын үр дүн юм гэж боддог. Мөн Чингис хааны олон чухал содон чанарууд цаашид монгол түмний уламжлал болон хадгалагдаж, өвлөгдөж иржээ. Тухайлбал, шийдвэр гаргахдаа зоримог, тэсвэр хатуужилтай гэх мэт. Ер нь Чингис хааны олон үйл ажиллагаа, санаа бодлыг дэлгэн харуулсан “Монголын нууц товчоо” нь өнөөдөр түүхийн чухал гарын авлага болоод байна.
.
- Та яаж яваад Монголын түүх рүү хальтирчихав даа?
- Анхлан би Хятадын түүхийг сонирхдог байлаа. Хятадын түүхийг үзэхэд Хятад улсыг түүхэнд анх удаа нэгтгэн, хүчирхэг гүрний хэмжээнд өргөж өгсөн Хубилай хааны түүх зайлшгүй орж ирдэг. Хубилай хааныг судлахын тулд түүний өвөг Чингис хааны түүхийг тойрохын аргагүй. Ингэж л би Хятадын эзэнт гүрэн судлана гэдэг ойлголт маань яваандаа Монголын эзэнт гүрэн судлах судалгаанд тулаад зогссон юм.  Ингэж би 20 гаруй жилийнхээ амьдралыг Монголын эзэнт гүрний түүх, Монголын нууц товчоотой холбосон.
.
- Таны “Хубилай хаан” хэмээх ном Юань гүрний үеийн түүхийн талаарх нэлээд суурь судалгааны бүтээл. Хубилай хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар манай монголын түүхчид эерэг, сөрөг янз бүрээр хэлцдэг. Таны хувьд...?
- Хубилай хааны тухай ярихад түүний түүхэнд үлдээсэн сайн талуудыг нь эхэлж ярих хэрэгтэй. Хубилай хаан Хятадын түүхэнд засаг захиргааны шинэ санаа, журмыг оруулсан. Ер нь хятадууд өөрсдөөс нь илүү монголын Хубилай хаан хятадын амьдралд маш их эргэлт, өөрчлөлт хийсэн хүн юм. Хамгийн чухал зүйл бол Хубилай хаан Бээжин хотыг өргөтгөн, тухайн үедээ л байж болох хэмжээнд хөгжүүлж чадсан. Бээжин хотыг өргөтгөн байгуулахынхаа явцад дэд бүтцийг нарийн зохион байгуулсан байдаг. Шууд хэлэхэд Хятад Хубилай хааны үед л хүчирхэгжиж чадсан бөгөөд цаашид дипломат харилцааг өргөжүүлж олон орнуудтай элчин сайд илгээн харилцаа тогтоож байсан гэх зэргээр сайн талууд олон бий.  Муу тал нь гэвэл өөр хоорондоо тэмцэлдэж байсан Монголын хант улсуудын тэмцлийг зогсоож чадаагүй төдийгүй өөрөө ч тэрхүү зөрчил тэмцлийн шалтгаан нь болж байсан. Мөн Япон руу довтлох гэсэн хоёр удаагийн оролдлого хийсэн нь тухайн үедээ маш том, өргөн далайцтай байсан ч, харамсалтай нь маш их хохирол, гамшигийг үзсэн гэх мэт.
.
- 13 дугаар зууны үеийн Монголын эзэнт гүрнийг тухайн үеийнхээ дэлхий нийтэд нөлөөлөх нөлөө, үүргээрээ өнөөгийн дэлхий ертөнцөд гүйцэтгэж буй АНУ-ын үүрэг рольтой харьцуулж үзэх нь бий. Хэрвээ ингэж үзвэл эндээс их олон зүйлийн сонирхолтой харьцуулалт гарна байх даа...?
- Тэр үеийн монгол болон одоогийн Америк хоёрыг харьцуулж хэзээ ч бодож байсангүй. Одоо ингээд харьцуулан бодоход 13 дугаар зууны Монгол өөрийн гэсэн соёл иргэншил, бусад зүйлсээрээ дэлхийг тэргүүлж, бүхний хараа, анхаарлын төвд байсан нь өнөөгийн Америктай нэлээд төстэй. Гэхдээ энэ хоёр том гүрэнд, аль алинд нь цаг үедээ зохицсон сайн ба муу талууд байсан. Онцолж хэлэхэд бусад орнуудыг нэгтгэхэд өнөөгийн америк юу ч хийх боломжгүй, дэлхий нийтээр тогтсон дипломат системийн дээгүүр гарч чадахгүй бол харин 13 дугаар зууны Монгол гүрэн дэлхийг нэгтгээд зогсохгүй өнөөгийн дипломат систем бий болгоход маш их зүйл хийсэн.
Мөн өнөөгийн Америкийн дэлхий нийтэд явуулж буй үйл ажиллагаа нь ардчилсан зарчим дээр тулгуурладаг гэлээ ч цэрэг армийнхаа хувьд тэр үеийн Монголынх шиг хатуу ширүүн түрэмгий хандлага байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ ямартай ч 13 дугаар зууны үеийн Монгол гүрэн бүхний сэтгэл зүрхэнд өнөөгийн Америк шиг л байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байна.
.
- Ингэхэд та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
- Би Египэдэд төрсөн. 11 насандаа АНУ-д аав, ээжтэйгээ ирсэн. Хятад хэл сурахын зэрэгцээ хятадын түүхийг сонирхож эхэлсэн. Бакалаврын зэргийг Колумбийн их сургуульд хамгаалсан. Энэ үеэс эхэлж, Хятадын болон Монголын түүх, эзэнт гүрний тухай судалгааны ажилд шамдан орсон доо.

Ингээд Хубилай хааны тухай ном, Хятадын болон Төв Азийн түүхийн сэдвээр нэгэн зохиол бичсэн. Эхнэр маань монголын түүхийн судалгаанд гар бие оролцож, хоёул хамтран хэд хэдэн ном, зохиол бүтээсэн дээ.
За, яаралтай ажилтай байсан ч түр саатан бидний сонирхсон асуултанд хариулт болгоосон Танд гүнээ талархаж байна. Таны эрдэм судалгааны ажилд их амжилт хүсье.
Б.Номинчимэд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2004 оны 11 сарын 17.

АНУ, Нью-Жерси муж, Нью-Брансвик хот

ЗУРАГ:

1. Хятад судлаач, профессор Моррис Россаби

2.Моррис Россаби "Khubilai Khan: His Life and Times"

3. Моррис Россаби "The Mongols and Global History"

4. Моррис Россаби "From Khans to Commissars to Capitalists"

Сэтгэгдэл бичих

arrow icon