Нийтлэл 06 сарын 29, 2015

СҮҮЛЧИЙН ГАНЦ НАЙДВАР МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААН

Бидний тал орчим нь Улаанбаатарын утаанд хордож, 30-40% нь ядуугийн зовлонтой сѳхѳрч явахыг харсан бол “Зориг агсан Монгол хүний саруул ухаанд итгэх байсан болов уу?” гэж заримдаа гайхдаг. Ѳнѳѳдѳр маш олон монголчууд хэцүү амьдарч байгаад нѳлѳѳтэй хэрнээ нэг их яригддаггүй хэдэн “нууц шалтгаанууд” бий:

  • Том газар нутаг
  • Эрс тэрс уур амьсгал
  • Цѳѳн хүн ам
  • Далайд гарцгүй
  • Уул уурхайн их баялаг
  • 2 хүчирхэг хөрш

гээд гээд хөгжилд тус болохоосоо саад болох нь их зүйлс Монголд бий гэдгийг дэлхийн бусад олон орны практик туршлага харуулдаг. Хѳгжил дэвшилд хүрэх замыг амаргүй болгох эдгээр олон сорилтыг бидний урд тавин хувь заяа бидний эсрэг байгаа.

  • Хэрэв бид том газар нутаггүй, 5.5 сая сингапурчууд шиг бүгд нэг л хотод амьдардаг байсан бол 18 аймгийн төв рүү зам тавин жил бүр засахын оронд сайн эмнэлгүүд бариад эрүүл мэндийн асуудлаа бүрэн шийдчих боломжтой байв. Тэтгэвэрт гараад л удалгүй хорвоог орхидог эрүүл мэндгүй Монгол эр (дундаж наслалт 65), эмнэлгийн коридорт шалан дээр хүүхдээ тэврэн хэвтэх эх байхгүй байх байсан
  • -40C хүрч хагас жил орчим үргэлжилдэг өвөлгүй байсан бол Улаанбаатар утаагүй байх байсан. Зуданд малаа үхүүлээд гэр хорооллын 1 хашаанд 3-4 гэрээрээ бѳѳгнѳрѳх ядуусын тоог нэмэх малчин ч гарахгүй. Тариачид маань магадгүй жилд 2-3 ургац хураадаг баячууд байсан байж болох. Зузаан хана вакум цонхтой үнэтэй байшин, зун болгон нийслэлийг шороотой нь хутгадаг дулааны сүлжээний засварт мѳнгѳѳ цацахын оронд багш нараа олигтой цалинжуулчих байсан. Парны халаалга болон өвлийн гутал хувцсанд үрдэг мөнгөө ч хүүхдийнхээ боловсролд зориулах боломжтой байх байв
  • Хэрэв бид 3 сая биш Америк шиг 300 саяуулаа байсан бол бизнес эрхлэгчид маань сайн ажилтан олдохгүй эсвэл зах зээл жижиг гэх зовлонг мэдэхгүй байх байсан. Монголыг сонирхон үйлдвэр барихаар доллар, технологи оруулж ирэх гадны хѳрѳнгѳ оруулагчдын цуваа ч тасрахгүй
  • Бид хэрэв далайтай байсан бол “Төмөр замаа өргөн эсвэл нарийн царигтай барих уу?” гэж эргэлзэж тээнэгэлзэх ямар ч шаардлага гарахгүй. Яг л австраличууд шиг усан онгоцондоо нүүрсээ ачаад л хүссэн зүгтээ зөөж болох байв
  • Хэрэв Оюу Толгой алт зэсгүй, Таван Толгойн нүүрсгүй байсан бол “Гэрээ нь сайн уу муу юу?” гэж хэдэн сар жилээр маргалдан гацаж суухын оронд ямар ч баялаггүй Япон Солонгос шиг “Хүнээ яаж хөгжүүлэх вэ?” гэдэг асуудал дээр л бүх эрч хүч ур ухаанаа уралдуулах байв. Баялгийн хараалд унана гэх зовлонгүй, мэдлэгийн эдийн засагт тулгуурлан сайхан амьдралд хүрэхээр зориг шулуудах байсан  
  • Хэрэв бид Орос Хятадын дунд байгаагүй бол социализм байгуулна гэж 70 жил явсны эцэст бүтэлгүйтээд дараа нь шилжилтийн үе гэж төөрч будилахаас өөр зам сонгож болох байсан. Монголчууд аль эрт капитализмаа байгуулаад нэг хүнд ногдох ДНБ маань одоогийнхоос 10,000 доллараар өндөр байх боломжтой байв 

 

Ашиггүй  байрлал, сийрэг хүн ам, таагүй уур амьсгал, байгалийн баялаг зэрэг дээрх сорилтууд бусад олон улс орныг хѳгжлийн замаас нь унагаасныг харуулах судалгаа олон. Гэхдээ бусдын унасан нүхэнд бид ч бас унах албагүй ба энэ нь зөвхөн Монголчуудын өөрсдийн ур ухаанаас л хамаарах зүйл. Баялгийн хараалыг тойрч нефтээрээ иргэн бүр нь долларын саятан болсон Норвеги, 5 сая хүнтэй жижиг зах зээлтэй ч Nokia-гаа дэлхий даяаар зарж хөгжсөн Финлянд, далайд гарцгүй ч банкуудынхаа ачаар хангалуун амьдралд хүрсэн Швейцари шиг өөрсдийн хувь заяагаа эргүүлэх боломж бидэнд ч бас бий. Харин нэг биш олон бэрхшээлийг зэрэг бидний ѳмнѳ тавьсан амаргүй хувь заяаныхаа эсрэг сөрж зогсохын тулд бусдаас гараагүй ур ухаан биднээс шаардагдана. Тэгвэл өнөөгийн амьдралын түвшин, хѳгжлийн үзүүлэлтүүдээ харахаар Монгол хүн хэр саруул ухаантай байна вэ? 

Уул нь америк монгол ялгаагүй бүх хүн саруул ухаантай гэж эдийн засгийн онол үздэг. Тийм ч учраас хүмүүс нь тэнэг болохоор улс нь хөгжихгүй байна гэсэн тайлбар аль ч сурах бичигт байхгүй. Харин заримдаа саруул ухаантай хүмүүсийн хувиа хичээсэн үйлдэл нь нийгэмдээ, эргээд ѳѳрсдѳдѳѳ муу үр дүн авчрах тохиолдол ѳдѳр тутмын амьдралд ч, улс орны бодлогын түвшинд ч байх нь олон.

 

Жишээ нь, Энхтайвны гүүр лүү хойш өгсөх замын уулзварт ѳглѳѳ гацсан хүмүүс бүгд тэнэг мунхаг болохоороо түгжирч байна гэвэл зөв тайлбар болохгүй. Зайсангаас төв рүү явж буй 570 унасан залуу тэнэг болохоороо хажуугийн замаас орж ирэх машинд зам тавьж өгөлгүй чигээрээ зүтгээд байгаа хэрэг биш. 1 машин урдуураа оруулах  цагаа хэмнэх нь ѳѳрт нь ашигтай болохоор л тийм үйлдэл хийж байгаа. Харин хажуу замаас орж ирэх залуугийн хувьд Lexus унахад сэргэлэн нь хүрэхгүй ч яаж ийж байгаад Lexus-ийн урдуур орчихвол цагаа хэмнэнэ гэдгийг бол ойлгоно. Аль аль нь л тухайн нөхцөл байдалд ухаантай сэтгээд өөрт хамгийн ашигтай шийдвэрийг гаргаж байгаа нь энэ. Гэхдээ хүн бүр ингэж бодоод 2 талаас нэгэн зэрэг дайрахаар хэн нь ч хаашаа ч хөдлөхгүй түгжрээ үүсч, жаахан хүлээгээд 1 машин урдуураа оруулснаасаа хэд дахин их цагаа алдана. Заримдаа машинаа шүргэлдүүлээд бөөн уур уцаар болж эд хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө хохирох үе ч гарна. Ухаантай сэтгээд ѳѳртѳѳ хамгийн ашигтай хувилбарыг сонгосон ч эцсийн дүндээ ѳѳртѳѳ ч бусдад ч хохиролтой, бүгдэд ашиггүй үр дүнд хүрч буй нь энэ.

Тэгвэл саруул ухаантай хүмүүсээр ѳѳртѳѳ ч нийгэмдээ ч эерэг үр дүн авчрах зѳв үйлдлийг хийлгэх арга зам бий юу? Ѳмнѳ нь ярьсан уулзварын жишээн дээр гэрэл тавиад цагдаа эсвэл камер зоочихвол Lexus Prius ялгаагүй дайрахаа болиод ногоон гэрлээ хүлээгээд зогсоно. Бүгд зам тавьж ѳгдѳг сайхан сэтгэлтэй эсвэл бусдыг бодоод ээлжээ хүлээдэг ухамсартай болохыг хүлээх шаардлагагүй, энэ нь ч бүтэхгүй. Ѳмнѳ нь хувиа хичээгээд дайрах нь ашигтай байсан бол одоо торгуулахгүй хүлээх нь ашигтай болчихсон болохоор л хувиа хичээсэн үйлдэл ч түгжрээ биш бүгдэд ашигтай үр дүнг авчирна. Хүний сайхан сэтгэл, ухамсраас хамаарахгүй саруул ухаантай хэн ч ямар ч ааштай үедээ нийгэмдээ, ѳѳртѳѳ ашигтай тэр л үйлдлийг хийдэг байх дүрмийг ингээд л зохиочихлоо. Бусад зүйл дээр ч ийм дүрэм зохиож чадвал Баярцогт эсвэл Ганбаатарын хэн байхаас үл хамаараад хувиа хичээсэн рациональ үйлдэл хийж, үр дүнд нь Монголд ашигтай Оюутолгойн нэг л гэрээ зурагддаг байх боломжтой. Харамсалтай нь манайд нийгэмдээ ашигтай зүйл хийх сонирхол торүүлдэггүй дүрэмтэй байх тохиолдол хаа сайгүй ажиглагдана.

Жишээ нь ойролцоох дэлгүүрийн нэг худалдагч бүсгүй гайхалтай хурдаар мөнгө тоолж, авсан зүйлсийг маань нямбай гэгч нь савлаж өгдөг. Ихэвчлэн авсан бараагаа өөрөө уншуулаад, автомат машинд тооцоогоо хийгээд гардаг Нью-Йорк эсвэл Лондонгийн дэлгүүрүүдэд тийм худалдагчтай тааралдах боломж нэг их  гарахгүй. Үйлчлүүлэгчээ тооцоо хийх үед инээмсэглэж угтаaд мөнгийг нь автомат кассанд хийн, гарч ирсэн хариултыг нь зориуд удаанаар тоолж үзүүлээд баярлалаа гээд бѳхийн үдэх нь хэрэглэгчийг хаан ч биш, бурхан гэж үздэг япон худалдагчийн гол үүрэг болохоор Токиод тийм боломж бүр ч байхгүй. Ямартай ч маш түргэн үйлчилдэг тэр бүсгүйн яг хажууд залхмаар удаан худалдагч ч байх нь гайхмаар. Хэрэв хурдан үйлчилснээр цалин нь нэмэгддэг ч юм уу ѳѳрт нь ашигтай байвал тэр хүн дэлхийн хаана ч очсон алзахгүй үйлчилгээний чадвартай хүний хажууд байсан байгаагүй ѳѳрѳѳ сайжиръя гэж бодох л байсан байх. Тийм инсентив үгүй бол хэн ч тэр худалдагчийн оронд байсан хурдан үйлчлэх гэж ѳѳрийгѳѳ зовоож байхаар тааваараа байхыг илүүд үзэх нь ойлгомжтой.

Ийнхүү нийгэмдээ сайн зүйл хийх нь ѳѳрт ашиггүй дүрэм үйлчилж байх үед бид хувиа хичээсэн үйлдлүүд хийж, энэ нь эргээд ѳѳрсдѳд маань тусгүй үр дүнг авчирдаг.

Худалдагч муу ажиллаад үйлчлүүлэгчээ алдвал дэлгүүрийнх нь орлого буурч, магадгүй ѳѳрийнх нь авах цалинд нѳлѳѳлнѳ. Гудамжинд хог хаяснаар хот маань бохир, урдуур дайрснаар зам маань түгжрээтэй, түүхий нүүрс эсвэл хуучин дугуй шатааснаар агаар маань хортой болно гэх мэт.

 

Тэгэхээр бид амаргүй хувь заяаныхаа эсрэг сөрж зогсон, хөгжил дэвшилд хүрэхийн тулд Монгол хүний саруул ухаанд итгэх биш, харин саруул ухаантай хүнд зөв зүйл хийх инсентивийг төрүүлэх дүрмээ л сайн зохиовол үр дүнтэй. Гэтэл ийм дүрмүүдийг зохиох ёстой бодлого боловсруулагч нь ѳѳрсдийн эрх ашгаа бодсон үйлдэл л хийгээд байвал энэ улс хэзээ ч урдаа байгаа бэрхшээлүүдээ давж чадахгүй нүхэнд унана. Сайн санаатай улстѳрч гарч ирээд бүгдийг ѳѳрчлѳхийг хүлээх нь ухамсартай жолооч нар гарч ирээд замын түгжрээ арилахыг хүлээхтэй яг ижил болно. Эдийн засгийн онол энд хүрээд мухардах тул ямар ч сайн эдийн засагч тус болохгүй. Энэ тохиолдолд гэрэл тавин цагдаа зогсоох эрхтэй нь ард түмэн болохоор сүүлийн ганц найдвар нь Монгол хүний саруул ухаан байх болно. Магадгүй Зориг агсан Монгол хүний саруул ухаанд итгэхээс ѳѳр сонголтгүй байсан байх.

 

 

Сонирхолтой судалгаа:

  • Ихэнх хөгжсөн орнуудын нийтлэг зүйл: Дэлхийн хойд хагас, сэрүүн бүс, далайд гарцтай, социалист биш, дайнд нэрвэгдээгүй. Энэ нөхцөлийг хангасан 23 хөгжсөн орны нэг хүнд ногдох  ДНБ (PPP)-ээр хэмжсэн дундаж орлого 1995 онд $18,000 байв.
  • Социалист байсан орнуудын дундаж орлого $10,000, далайд гарцгүй орнуудынх $5200-аар багасдаг.
  • Далайд гарцгүй дэлхийн 35 орны ихэнх нь ядуу. Үүнээс Австри, Чех, Унгар, Македони,Словак, Швейцари зэрэг Европын зах зээлд ойр 6 орныг хасвал хамгийн баян Ботсвана дэлхийд 38-д жагсаж байв.
  • Байгалийн баялагтай орнуудаас баялаггүй орнуудын эдийн засгийн өсөлт өндөр, хурдан хөгжсөн байдаг. Үнийн савалгаа, муу засаглал зэрэг нь үүний гол шалтгаан болдог.

 

 

Жич:

Ард иргэдийн мэдлэг боловсрол даярчлалын үеийн ширүүн өрсөлдөөнд хэр чухал талаар "Монгол ялах уу ялагдах уу? Хариуг нь хэн шийдэх вэ?" нийтлэлдээ бичсэн. Тэгвэл мэдлэг боловсрол саруул ухаанаар сэтгэх чадвар бидний хувь заяанд өөрөөр хэрхэн нөлөөлөхийг хамтдаа бодож үзэцгээх үүднээс энэхүү нийтлэлийг бичлээ.  

First nature буюу байгалийн анхны ѳгѳгдлүүд эдийн засагт нѳлѳѳтэй ч хүн түүнийг ѳѳрчлѳх боломжгүй. Иймээс Second nature буюу хүн ѳѳрѳѳс хамаарах Institution & Policy гэх мэт зүйлээр дамжуулж байж болох хамгийн сайн боломжийг ѳѳрт үүсгэж бэрхшээлийг даван туулна гэж эдийн засагчид үздэг. Харин Монголд маш олон бэрхшээл авчирдаг First nature-аа давж гарахад маш чухал Second nature нь хангалтгүй байгаа тул хѳгжил маань сул дорой байна. Манайхан Institution & policy сул байгаа шалтгаанаа 76 тэнэг мангар болохоор гэх мэт бодлого тодорхойлогчдоо муулж их ярьдаг. Гэхдээ үнэндээ ухаантай хүмүүсийг зѳв зүйл хийх инсентив нь байхгүй учир хувиа хичээсэн үйлдлүүд нийгэмдээ ашиг тусгүй, хохиролтой үр дүнг авчрах нь их. Tragedy of commons гэж нэрлэгддэг энэхүү үзэгдлийг 76, засгийн газар гэлтгүй замын түгжрээ, дэлгүүр гэх мэт энгийн жишээн дээр ч харж болно. Үүнийг засахын тулд сайн засаглал, шударга хууль дүрэм хэрэгтэй. Харин хууль дүрмээ тогтоодог хүмүүс нь ѳѳрсдѳѳ биелүүлэхгүй байвал ардчилсан нийгэмд үүнийг засах эрх нь ард түмэнд сонгуулиар олгогддог. Иймд ард түмний мэдлэг боловсрол, хэр сайн сонголт хийхээс бүх зүйл шалтгаална. 

 

Сэтгэгдэл бичих

    • Б.Хатанбаатар
    • 2016-10-04

    Үнэхээр гайхалтай бичжээ.нэгийг бодогдууллаа баярлалаа

    • Бат
    • 2016-10-03

    Далайд гарцтай, бараг тэрбум хүнтэй, өвөл байхгүй, баялаггүй, бараг хөршгүй Африк улсууд яагаад ядаа байна?

    • Зочин
    • 2015-12-03

    Бодууштай сайхан нийтлэл бна баярлалаа

    • Зочин
    • 2015-07-01

    Za

    • Монгол Хvv
    • 2015-07-01

    Тоглоомны дүрэм тодорхойгүй байлгах нь дүрэм тогтоодог, социализмаас өвөлж авсан төр засгийн хүнд сурталтан, дарга нарт илүү ашигтай. Татварын байцаагч, хуулийнхан, элдэв хурган дарга нар эндээс л хоолоо идэж суугаа. Төрийн логик улс орны хөгжлийн чиг шугамаас зөрж том зөрчил үүсээд удаж бна

    • Зочин
    • 2015-06-30

    uhaan muutai humuust yum boduulahaar saihan niitlel bna

    • BB
    • 2015-06-30

    Sul talaa davuu tal bolgoh saruul uhaan heregtei bna daa.

    • Зочин
    • 2015-06-30

    хэцүү ч юмадда

arrow icon