Нийтлэл 08 сарын 24, 2015

Хямрал эдийн засгийн дахин хуваарилалтыг шаарддаг

Эдийн засагт бүтээмж буюу үр ашиг хамгийн чухал ойлголт мөн. Учир нь макро эдийн засаг гэдэг бол битүү цикл. Юу ч ор сураггүй алга болохгүй, юу ч санамсаргүй нэмэгдэхгүй. Эдийн засгийн хямрал гэдэг бол эдийн засгийн тус цикл бүтээмж муутай эргэсний үр дүн. Эдийн засгийн хямрал нь ихэвчлэн ихээхэн өсөлтийн дараа ажиглагддаг. Энгийнээр ойлгоё гэвэл хувь хүн шиг эдийн засаг ч назгайрдаг байх нь. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн огцом өсөлт нь бизнесийн хүрээнд буруу хөрөнгө оруулалт, иргэдийн дунд цамаан байдлыг бий болгоно. Улмаар засгийн газраас ч тэр, иргэдээс ч тэр элдэв ааш авир гардаг. АНУ-ын архирч буй хориод онтой яг ижил зүйл. Монголын түвшинд авч үзье л дээ.

2011 он, өмнөх оны сүүл үеэс эхлэлтэй Австралийн үерээр тус улсын нүүрсний зах зээл уналтад оров. Манайд тэр нь тун ашигтай эргэсэн бөгөөд уул уурхайн салбар тэсрэлт болж эдийн засаг оны эцсийн байдлаар 17.3 хувьд хүрэв. Анх удаа гадны хөрөнгө оруулагчид үй түмээрээ орж ирэв. Үүнийг дагаад дан ганц уул, уурхай ч биш бусад салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн. Гэтэл нөгөө л буруу хөрөнгө оруулалт, цамаан байдал газар авах нь тэр. Хаанаас ч юм бэ баахан эх орончид гарч ирэв. Улс төрийн хүрээнд ч газар, шороо гэж дугарч байгаа нь хамгийн өндөр рейтингтэй, залуус ч бизнесийн орчинг бүрэн ойлгохгүй, наймаанаас цаашаа сэтгэж чадахгүй байлаа. Нэг л зүйл ойлгомжтой, нүүрсний зах зээл үргэлж манайхыг ивээхгүй. Цээжээ дэлдсэн эх орончид орилсоор, улс төр тогтворгүй савласаар, нийт иргэдийн боловсрол ахуйн амьдралаас хэтрэхгүй байсаар нүүрсний үнэ буурч гадны хөрөнгө оруулагчид Монголыг тоохоо болих нь тэр.

2015 он, хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 3% болтлоо буурсан. Эдийн засгийн гол тэжээгч төслүүд нь гацаанд орсон байдалтай. Ам.долларын ханш 2000 хүрсэн бөгөөд 1350 дээр тогтвортой байсан үеэсээ даруй 45%-р өссөн. Тогтворгүй төр, цээжээ дэлдсэн эх орончид, боловсролгүй иргэдэд харин ч гайгүй бэлэг аж. Грекийн хямрал, Венесуэлийн инфляцыг хараад тайвширч болохоор байна.

Энэ л үед Төв банкны зүгээс мөнгөний хатуу бодлого баримтлах нь зүйтэй. 2013 оноос хойш 1.5 нэг хувиар өсгөсөн нь зөв. Гэхдээ хангалтгүй. Үр ашиггүй, бүтээмжгүй эдийн засгаа нэг сайн мушгих арга юм уу даа. Тэгэхгүй бол хэрэгцээгүй мөнгөний нийлүүлэлт нь бодит эдийн засгаа бус инфляцийг л хөөрөгдөнө. Чанаргүй зээл өснө. Угаас чанаргүй зээлийн хэмжээ уул, уурхай болон худалдааны салбарт огцом өссөн байна лээ. Ийнхүү зах зээл дээрх мөнгийг хумиснаар богино хугацаандаа хэцүүхэн байх боловч эдийн засгийн бүх субъектэд хөгжих, боловсрох зайлшгүй шаардлагыг тавьж байгаа нь энэ. Эдийн засгийн субъектууд гэдэгт иргэд, бизнесийн байгууллагууд, засгийн газрыг авч үзнэ, хөгжил гэдэгт тэдгээр субъектуудыг боловсруулах тухай ярьж байгаа хэрэг. Харин боловсрох гэхээр зөвхөн акедемик төвшинд ойлгох нь буруу юм шүү. Боловсрол гэдэг бүх түвшинд, олон төрлийн хэлбэрээр оршин байх аж. 

Макро эдийн засаг хэзээ дахин өсөж эхлэх нь тэрхүү эдийн засгийн субъектууд хэр богино хугацаанд хөгжиж, боловсрохоос хамаарна. Тоглогчид даалгавраа хийж, зэх зээл одоогийн бүтээмжгүй түвшнээс гарах арга эвээ олж ирэхэд  мөнгөний тэлэх бодлого явуулбал сул чөлөөтэй мөнгө хамгийн бүтээмжтэй салбарууд руу дахин хуваарилалт хийгдэнэ. Энэ хямралын дүнд нөөц дахин хуваарилагдах бүтээмжтэй салбар нь боловсролд суурилсан, бодитой, нягт салбар байх болов уу хэмээн найдаж байна.  Салбар нь юу ч байж болно, дахиад уул уурхай ч юм уу, ямар ч тохиолдолд өсөлтөө дагадаг барилгын салбар ч юм уу. Гэхдээ хүн амын тоо, газар зүйн байршил гээд хүчин зүйлсээ бодож үзвэл тэр нь боловсрол ч юм уу биет бус салбар байгаасай гэж хүснэ, гол нь олон улсад өөрийн имиджийг бүрдүүлж чадах салбар байх нь чухал.

Бүтээмжээ шинэ түвшинд гаргаж чадвал бараг байхгүй болсон гадаадын шууд хөрөнгө оруулалт сайжирч, валютын ханш тогтворжиж, төслүүд хөдөлгөөнд орсноор Монголын эдийн засаг сайжрах нь дамжиггүй. Нэг салбар сайжрахад бусад салбарууд руу ч хөрөнгө оруулалт ихээр хийгддэгийг бидний ойрын хугацааны түүх баталсан.  Улс 2017 онд бондын хүүгээ төлж чадахгүй дефолт болчихгүй л бол дээр зурагласнаар цикл өсөлтийн үедээ ирэх нь ирнэ. Харин циклийн шинэ үе, эдийн засгийн өсөлтийг дагаад инфляци өснө, гадаадын нөлөөлөл дунд сайн ч, муу ч хүмүүс байж таарна, элдэв тарих угаагч улс төрчид гарч ирнэ. Бүхий л сөрөг талууд нь хуучин шигээ дагаад хүрээд ирнэ.  Энэ үед нөөц дахин хуваарилагдсан эдийн засагт оролцогч субъектуудын чадвар, боловсролоор циклийн дараагийн шат тодорхойлогдоно доо.

Сэтгэгдэл бичих

arrow icon