Нийтлэл 09 сарын 24, 2015

Canis canem edit - Бүгд бүгдийн эсрэг

Монголын хүчний гэх байгууллагууд хоорондоо үзэлцээд эхэллээ. Хууль эрхзүйн хувьд хэн хэн нь ажлаа хийж буй мэт боловч нидэр дээрээ хэн нь хэний мэдлийнх вэ, аль нам нь аль байгууллагыг удирддаг вэ гэдэг л зодоон юм. Өдөр тутам гардаг мөргөлдөөнүүд бий, үүн дотроос дуулиантай томоохон зодоон бол бор оймстой залууг АТГ барих гээд Төрийн тусгай хамгаалалтын газартай хийсэн зодоон. Аль аль нь л хуулиа биелүүлж байж юуны учир зодолдов? Хууль эрхзүйн хувьд төрийн тусгай хамгаалалтад байгаа хүнийг баривчлахад хэрхэхийг нарийвчлан зааж өгөөгүйгээс буу шийдэмдээ тулсан. Хуулиар хамгаалж буй объектод халдсан хэнийг ч болов буудаж болох л байсан байх, азаар тэгж тэнэгтээгүй өнгөрсөн.

Хоёр дахь том зодоон бол цагдаагийн дарга шүүх хурлын үеэр харагдсан. Цагдаа цагдаатайгаа зодолдсон гэх нь хаашаа юм, гэхдээ тухайн  үед цагдаагийн дарга нарыг хорих ангид хүргэх байтал шууд эмнэлэгт аваачсан нь хууль сахиулах үүрэгтэй цагдаагийн ажилтнууд дарга нартаа үйлчилдэг амьгүй албат болчихсон гэдгийг  харуулсан. Ер нь зориг нь хүрвэл тооны хувьд ч, үг дуугүй, өөрийн бодолгүй тушаал биелүүлдгийн хувьд ч цэргийнхэн биш цагдаагийнхан төрийн эргэлт хийхэд бэлэн байдаг байх нь.

Одоо харин АТГ цагдаа нар нийлээд тагнуултай үзэлцээд эхэлдэг нь Засгийн газартай ноцолдож байгаа гэж ойлгогдохоор боллоо. Намын харьяаллаар нь авч үзвэл цагдаа шүүх дандаа МАХН буюу одоогинй МАН-д үйлчилдэг бөгөөд өнөөг хүртэл энийгээ бат бөх хадгалсаар. Үүнийг тайлбарлах амархан. Аливаа цэрэг цагдаагийн ажилтнууд (форм өмссөн) яг сүрэгт байгаа мэт байнга өөр хоорондоо хэмлэлдэж иерархи буюу зэрэг дэв тогтоож хүчтэй нь хүчгүйгээ захирдаг ёсонд гүн итгэж, шууд захиран тушаадаг системийг л ойлгодог. Ардчилсан хүнлэг нийгэм гэдгийг ойлгох чадвар чадамжийн хувьд тун тааруу гэхэд болно. Хуулийг үгчлэн ойлгодог боловч зөвхөн өөрт ашигтай үед л хэрэглэдэг араншинтай. Ийм учраас хуулийг бус дарангуйлсан дарга нараас айж, шүтэж явдаг. Тагнуулын хувьд аль нэг нам гэдэггүй ч мэргэжлийн хүмүүсээ аль эрт тавиад туучихсан, чадвар чадамжийн хувьд дөнгөж сэргэх гэж яваа болохоор Засгийн газартаа л үйлчлэх хандлагатай. АТГ тогтолцоо гэхээсээ илүү хувь хүний шууд удирдлагад суурилсан байгууллага бөгөөд хүмүүсийн бодож байгаагаар Элбэгдоржийнх ч биш, АН-ынх ч биш, нам дамнасан бүлэглэлийн мэдэлд шилжээд удаж байна. Нам намаараа талцан хуулийн шинэчлэлийг удааж, саармагжуулж байх хооронд Төрийн мэдэлд биш Төрийг мэддэг хүчнийхэнтэй болох нь байна.

Үндэстний Тойм сэтгүүлийн 2014 оны наймдугаар сарын 11-ний дугаарт нийтлэгдсэн

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-09-25

    yag unen

arrow icon