Нийтлэл 11 сарын 10, 2015

Шинжлэх ухаан: Багахан таргалах гэмгүй гэдэг үнэн үү?

Монголд дийлэнх нас баралт таргалалтаас шалтгаалдаг.  Тархины цус харвалт, зүрхний шигдээс хоёроос гаралтай үхэл бүх нас баралтын гуравны нэгийн шалтгаан болж байна. Энэ хоёр өвчний гол үүсгэгч нь таргалалтаас шалтгаалсан бодисын солилцооны эмгэг (metabolic syndrome) юм. Тэгээд илүүдэл жин буюу таргалалт гэж юу вэ, юунаас үүсч байна вэ?

Ямар жинг эрүүл гэж, хэдээс хэтэрвэл илүүдэл жин, таргалалт гэх вэ? Биеийн өндөрөөс хамаараад хүний эрүүл жингийн хэмжээ өөр өөр байх учир жинг нэгж өндөрт ноогдох кг-аар нь гаргаад ирвэл өндөрөөс хамааралгүй болно. Үүнийг биеийн жингийн индекс гэнэ (өөрийн БЖИ-ээ эндээс тооцож болно). Олон хүний дундаж наслалтыг БЖИ-тэй нь харьцуулан тооцсон судалгаанаас[1] харахад 18-25 БЖИ-тэй хүмүүс хамгийн бага нас баралттай байгааг зураг 1-ээс харж болж байна. Судалгаанд 900 000 (есөн зуун мянга) хүний биеийн жин, нас баралт (ямар ч хамаагүй шалтгаантай) хоёрыг харьцуулж үзжээ.

Зураг 1. Хэвтээ тэнхлэгт хүн амын насны бүлэгүүд, босоо тэнхлэгт нас баралт

жилийн 1000 хүн тутамд харуулсан байна. Хамгийн бага нас баралттай БЖИ 18-25.

БЖИ-ээс хамаарч нас баралт өөрчлөгдөж байгааг энэ графикаас харагдаж байна.

Нас баралтын 2 оргил байгаа нь харагдаж байна. Хэт туранхай (БЖИ <18) байх бас мууг эхний оргил харуулна. Тэгээд нас баралт нэг ёроолын цэг хүртэл буураад 25-аас дахиад нэмэгдэж байна. Тэгэхлээр 18-25 хооронд БЖИ-тэй бол хамгийн эрүүл жинтэй гэж хэлж болж байгаа юм. Мэдээж, мэргэжлийн тамирчин, бага насны хүүхэд гээд тусгай бүлэг хүмүүс бий, гэхдээ жирийн нас бие гүйцсэн хүнд бол энэ график биеийн жингийн зорилтыг тодорхой гаргаад өгөж байгаа юм.

Эрүүл жин: 18-25 БЖИ. 30-аас дээш бол таргалалт, тэр хоёрын хооронд бол илүүдэл жин.

Энэ нас баралтын тоонд осол, гэмтэл, бусад өвчин гээд өөр бусад шалтгаан байгаа ч таргалалтаас үүсдэг зүрх судасны өвчин нас баралтын гол шалтгаан болохоор таргалалтын хор уршгийг сайн харуулна. Эмэгтэй хүмүүс арай бага нас барж байгаа нь (нил ягаан өнгөтэй дөрвөлжингүүд) эмэгтэй гормонуудын зүрх судасны өвчнүүдээс хамгаалах үйлчилгээнээс, эмэгтэй хүн гадны нөлөөтэй нас барах магадлал бага байдгаас үүсэлтэй.

Үүнээс харахад Монголчууд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй нь харагдана, “бага зэрэг тарга хэрэгтэй” гэж бодох нь буруу юм. Жоохон гүзээ ч гэсэн залуу хүнд 10, 20 жилийн дараа зүрхний шигдээст өртөх магадлалыг нь дээшлүүлнэ гэж бодох хэрэгтэй. 

 

Яагаад таргалаад байна вэ?

Таргалалтад амьдралын хэв маягийн өөрчлөлт нөлөөлж байгаа  нь тодорхой ч ямар хүчин зүйл давамгайлж байгаа бол? Хөдөлгөөний дутагдал, өөх тосны хэт хэрэглээ, нүүрс усны хэт хэрэглээ, химийн бодисуудын  хэрэглээ, генийн аргаар өөрчилсөн хүнсний хэрэглээнд нэвтэрсэн нь таргалалтын шалтгаан гэх үзлүүд олон төрөл байдаг. Үүнийг мэдхийн тулд таргалалт 1960-аад оноос хойш хэрхэн нэмэгдсэнийг үзэх хэрэгтэй. Монголд олон жилийн туршид таргалалт яаж нэмэгдэж байгааг харуулсан статистик олоогүй учир тийм статистиктэй Америкийг зураг 2-оос үзье.

Зураг 2. Хөндлөн тэнхлэгт хугацаа 10 жилээр, зүүн босоо тэнхлэгт

таргалалтын тархалт хувиар, баруун босоо тэнхлэгт тэжээлийн калорийн хэмжээг

харуулсан байна. 80-аад оноос бүгд огцом нэмэгдсэн харагдаж байна.

АНУ-ын засгийн газрын өөрийнх нь гаргасан судалгаанаас харахад идэж байгаа калори ч, жин ч, таргалалт ч тэр 80-аад оноос хойш гэнэт нэмэгдсэн байна. Яагаад? Таргалалт зөвхөн аж үйлдвэр хөгжсөнийх биш гэсэн үг (АНУ-ын аж үйлдвэржилт 19-р зууны сүүлээс эрчимжсэн). Харин тэжээлийн найрлаганаас болсон байж магад. Америкчуудын тэжээлийн бодисын задаргааг зураг 3-аас харъя. Дээр дурьдагдсан 900 000 хүнтэй судалгааны нэг хэсэг.

Зураг 3. Хөндлөн тэнхлэгт хугацаа 10 жилээр, босоо тэнхлэгт өдрийн тэжээл калориор харуулсан байна.

Эрэгтэй (зүүн талд), эмэгтэй (баруун талд) хүнд хувааж харуулсан байна. 80-аад оноос хойш нүүрс устөрөгчийн

агууламж нэмэгдэж, бусад тэжээлйн бодисын (ханасан болон нийт өөх тос) орц хэвээр үлдсэн харагдаж байна.

 

Өөх тос (нийт өөх тосыг улбар шараар, ханасан өөхийг бор өнгөөр), уураг (тогтмол бага учир тэмдэглэгдээгүй) хоёрын хэрэглээ 70-аад оноос тогтмол байхад хөх ягаан өнгөөр тэмдэглэсэн нүүрс устөрөгчийн хэрэглээ 76 оноос гэнэт өссөн байгаа нь тодорхой байна. Юу болов? 1974 онд анх Японд, дараа нь аажмаар өөр улсуудад фруктозын өндөр агууламжтай сиропыг (ФӨАС)[2] хүнснй амт оруулагчаар хэрэглэж эхэлсэн байна. Нүүрс устөрөгчийн (чихрийн) төрлийн бодисын хэрэглээний задаргаа ч үүнийг батлана (зураг 4).

Зураг 4. Чихрийн амт орүүлагчийн хэрэглээ нэг хүн тутамд паундаар АНУ-д 1966 оноос 2002 хүртэл.

Элсэн чихрийн (хөх өнгөөр) хэрэглээ 1976 оноос буурсан байхад ФӨАС-ынх (ногоон өнгөөр) нэмэгдсэн байна.

 Таргалалт бол мэдээж олон хүчин зүйлтэй ээдрээтэй өвчин. Гэхдээ нэг том, өөрчлөхөд харьцангуй амархан шалтгаан нэрлэ гэвэл хүнсэнд нэмэгдлээр хийсэн чихрийг нэрлэж болох юм шиг харагдаж байна. Гэхдээ яг яагаад фруктозын өндөр агууламжтай сироп юугаараа муу гэж? Жимсэнд байдаг нүүрс устөрөгч, сахарны 48-50% угаасаа фруктоз байдаг шүү дээ гэх байх. Яагаад ФӨАС муу гэвэл бусад нүүрс устөрөгч шиг фруктоз нь инсулинээр зохицуулагдаггүй, шууд элгэнд өөх тос болдог, өлсөглөнг дардаггүй, улам цангаадаг золиг гэдэгт бүх учир байгаа юм. ФӨАС нь хямдхан болхоор бүх төрлийн үйлдвэрийн хүнсэнд амт оруулагчаар ашиглана. Чихэрлэг болхоор хүүхдүүд дуртай иддэг, амархан цангаадаг, өлсөглөн дардаггүй болхоор улам ихээр хэрэглэдэг- өөрөөр хэлбэл бараа сайн борлогддог. Даанч биед ороод этилийн спирттэй адилхан замаар задарч хор болдог.

Америкууд л таргалдаг юм байгаа биз, Монголчуудад ямар хамаатай юм бээ гэж бодох хүн байгаа байх. Монголд үйлдвэрлэж байгаа шүүс, ардын/түмний ундаанд, чипс, чихрэнд бүгдэнд нь ФӨАС байгаад асуудлын гол оршино. Өөх махаа идээд таргалж, зовж байхад бас дээрээс нь ийм юм идээд хүүхдүүд хүртэл таргалалт, чихрийн шижинтэй болж байна. Зөвхөн америкийн асуудал биш гэсэн үг юм. Таны, бидний гэрт ороод ирсэн асуудал юм.

Шүүс ундаа чинь рекламдаад байгаа шиг ээ тийм эрүүл хүнс биш шүү, аль болох бага хэрэглээрэй, битгий өдөр болгон ууж байгаарай, ус цайны оронд хэрэглэж болохгүй шүү, хүний хүүхдэд ч битгий бэлэглэж байгаарай гэж хэлэх гэж байгаа юм. Цаашлаад газтай ундаа, мөхөөлдөс, чипс, түргэн хоол гэх мэтийн чихэрлэг, аюултай хүнсэнд эрүүл мэндийн татвар ноогдуулчихсан ч буруудахгүй байж мэднэ.

 

 

----------------------------------------

[1] Дээрх судалгааны эх сурвалж: Body-mass index and cause-specific mortality in 900 000 adults: collaborative analyses of 57 prospective studies. The Lancet. 373(9669): p. 1083-1096.

 [2](high fructose corn syrup- HFCS) 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-11-12

    Mongoloor duure bagahan targalalttai humuus bna

    • Зочин
    • 2015-11-12

    aimaariin

    • Зочин
    • 2015-11-11

    маш хэрэгтэй мэдээлэл байна.

arrow icon