Нийтлэл 11 сарын 13, 2015

2,5 сая долларын төслөөр мах сүүний үйлдвэртэй боллоо

Манай улсын мал аж ахуйн салбарт томоохон дэвшил авчрах мах, сүүний жишиг үйлдвэр ашиглалтад орлоо. Тодруулбал, БНСУ болон Хүнс, Хөдөө аж ахуйн яамны дэмжлэгтэйгээр Технологийн дээд сургууль “Малын гаралтай түүхий  эд боловсруулах ОУ-ын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн” төслийн хүрээнд мах сүүний үйлдвэртэй болж, үйлдвэрийн нээлт өнөөдөр боллоо.  

Нээлтэд БНСУ-ын Монголд суугаа Элчид Сайд Сонг Он, БНСУ-ын хүнсний эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ерөнхийлөгч, доктор Ён Кон, ХХААЯ-ны хүсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Технологийн дээд сургуулийн захирал, багш, оюутнууд оролцлоо. Тус үйлдвэр нь Технологийн дээд сургуулийн оюутнуудын сурч боловсроход үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй малын гаралтай түүхий эдээ ашиглан үйлдвэрлэл явуулж, эх орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулах жишиг үйлдвэр юм. 

 

ХХААЯ-ны ХҮБХЗ газрын  дарга Ц.Баярмаа “БНСУ-ын 2,5 сая  долларын төслөөр мах сүүний үйлдвэртэй болсон”   

-Төслийг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ. Төслийн хүрээнд ямар ямар ажлууд хийсэн бэ? 

-ХХААЯ, БНСУ-тай хамтран “Малын гаралтай түүхий эд боловсруулах ОУ-ын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн” төслийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн удирдагчаар БНСУ-ын хүнсний эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ерөнхийлөгч доктор Ён Кон ажилласан байгаа. Төслийн хүрээнд малын гаралтай бүтээгдэхүүн болох мах сүүг чанарын өндөр төвшинд боловсруулах, ОУ-ын стандарт шаардлагад нийцсэн энэ үйлдвэрийнхээ нээлтийг өнөөдөр хийж байгаадаа баяртай байна.  

-Үйлдвэр байгуулахад хэдийн хэмжээний зардал гарсан бэ. БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан уу?

-Тэгэлгүй яахав. Энэ төслийн хүрээнд БНСУ-ын засгийн газраас 2,5 сая ам.долларын дэмжлэг үзүүлсэн. Мөн БНСУ-аас зөвхөн үйлдвэр барихад туслалцаа үзүүлээд зогсохгүй цаашид үйлдвэртээ ажиллуулах боловсон хүчнээ бэлтгэхэд мөн туслалцаа үзүүлж, дэмжиж ажиллаж байгаа. Тухайлбал, 2011 оноос хойш орон нутгийн хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүдийг төслийн хүрээнд БНСУ-д 14-21 хоногийн сургалтад хамруулсан байгаа.  Энэ жишиг үйлдвэр гэж нэрлээд байгаа мах, сүүний үйлдвэр маань үйлдвэрлэл явуулахаас гадна, Технологийн дээд сургуулийн оюутнууд өөрийн лаборатори  болгож ашиглах өндөр ач холбогдолтой. Мөн мал аж ахуйн салбарт ажилладаг мэргэжилтнүүдэд сургалт явуулж ОУ-ын чанарын шаардлага хангасан жишиг үйлдвэрийг танилцуулах юм. Ингэснээр манай улсын мал аж, ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй малын гаралтай түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэн экспортлох эхлэл тавигдаж байгаа юм. 

 -БНСУ-ын хөрөнгө оруулалтаар баригдсан үйлдвэр болохоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд Солонгос руу экспортлох уу?

-Одоохондоо бол яг төлөвлөсөн зүйл алга байна л даа. Гэхдээ цаашид чанарын өндөр шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхлэхээр БНСУ, гэлтгүй өөр бусад улс руу экспортлох зам нь нээгдэх байх гэж бодож байгаа.  ОУ-ын зах зээлд органик бүтээгдэхүүний эрэлт маш их байгаа. Дээрээс нь сүүлийн жилүүдэд манай улсын малын гаралтай түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн ОУ-ын зах зээлд танигдаж эхлээд байгаа шүү дээ.  

                Технологийн дээд сургуулийн захирал  Б.Барамсай “Хоногт 2 тн мах, 5 тн сүү боловсруулах хүчин чадалтай”

-Үйлдвэртээ ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ. Үйлдвэрлэлийн хүчин чадлын талаар ярихгүй юу?

- Энэ үйлдвэр маань эхний ээлжинд Монголд бусад үйлдвэрүүдэд үлгэр дууриал болсон чанарын өндөр шаардлагыг хангасан жишиг үйлдвэр болох юм. Нөгөө нэг зүйл нь бид  малын гаралтай түүхий эд болох мах, сүүгээр дотооддоо үйлдвэрлэл явуулах юм. Үйлдвэрлэлийн технологийн хувьд бол ОУ-ын стандартад нийцсэн технологийг оруулж ирсэн байгаа. Хүчин чадлын хувьдхоногт 2 тн мах, 5 тн сүү боловсруулах хүчин чадалтай. Үйлдвэртээ 7 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

- Сүүний чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг хувийн компаниуд олон байгаа л даа. Танай үйлдвэрийн онцлог давуу тал юу вэ?

- Бид эхний ээлжинд ариун цэврийн өндөр шаардлагыг хангасан сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байгаа. Үүний нэг ньхүүхдэд зориулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг түлхүү үйлвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Яагаад хүүхдэд зориулсан сүү, сүүн бүтээгдэхүүн гэж байна гэхээр манай улсад хүүхдийн эрүүл мэндэд тохирох эрүүл ахуйн шаардлага хангасан сүү сүүн бүтээгдэхүүн их ховор байдаг. Том хүн болоод хүүхдийн хоол боловсруулах эрхтэн, эрдэс бодисыг биедээ хүлээж авч байгаа эсэргүүцэл, нөлөөлөл нь олон талаар ялгаатай байдаг. Тиймээс бид хүүхдэд зориулсан сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээрээ илүү анхаарч ажиллахаар зорьж байгаа.

- Технологийн дээд сургуулийнхаа талаар товч танилцуулахгүй юу?

-  Технологийн дээд сургууль маань хүн бүрийн амьдралын баталгаа болох хүнсний үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр олон арван мэргэжилтэн бэлтгэсээргирсэн байгаа. Бид  суралцагчдынхаа суралцах, эрдэмтэн багш нарын ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд гадаадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай төрөл бүрийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Үүний нэг нь БНСУ-ын дэмжлэгтэйгээр өнөөдрийн энэхүү жишиг үйлдвэр маань үүд хаалгаа нээж байна. Энэ үйлдвэр маань зөвөхөн үйлдвэрлэл явуулаад зогсохгүй манай оюутнуудад олон зүйлийг сурч мэдэх эхлэл нь болж байгаа юм.

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Davaahuu
    • 2016-09-25

    Delhiin zah zeeldeer yamarch buteegdehuunii uhe, hansh unaj, osjil baidag shuu dee. uuniig medehgui hun gej baihgui. Uuniig sanaataigaar hiisen gej bodoj baina.

arrow icon