Нийтлэл 12 сарын 24, 2015

'Тооцоо бодох' арга уу?

 Саяхан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн насны дээд хязгаарыг 60 насаар тогтоох тухай хуулийн төсөл өргөн барьжээ. Энэ хууль батлагдвал одоогийн Цэцийн 8 гишүүнийг насны хязгаар хэтэрсэн гэж үзэн чөлөөлөх үндэслэл бүрдэх юм байна.

Энэ оны хавар мөн л Х.Тэмүүжингийн санаачилсан "Хууль тогтоомжийн тухай" хууль хэмээх их чухал хуулийг УИХ баталсан юм. Энэ хуулийн зорилго нь УИХ-аас хууль санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавих шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх замаар хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд оршино гэж тодорхойлсон байдаг. Түүнчлэн энэ хуулийн 4-р зүйлд хуулийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтлана гэсэн байгаа. Үүнд:

4.1.1.ил тод, нээлттэй байх;
4.1.2.олон нийтийн оролцоог хангах;
4.1.3.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
4.1.4.судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх.

Энэ хуулийн төслийн хувьд:

- Цэцийн гишүүдийн насны дээд хязгаарыг тогтоох асуудлыг нээлттэй, олон нийтийн оролцоог хангаж хэлэлцүүлсэн үү?
- Х.Тэмүүжингийн санаачлан батлуулсан нэлээн хэдэн хууль, хуулийн заалтууд ҮХ Цэц дээр очиж хүчингүй болсон нь нууц биш. Тэгвэл тэрээр энэ асуудлыг санаачлан оруулж ирж байгаа нь "ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх" зарчмыг хангаж байгаа юу?
- Сүүлийн 25 жилд Цэцийн гишүүдийн насны дээд хязгаарыг тогтоох шаардлагтай ямар үндэслэл, нөхцөл байдал бий болов?
- Энэ талаар хийсэн судалгаа, шинжилгээ бий юу?

гэх мэт маш олон асуултууд нээлттэй байхад улайран зүтгүүлж болохгүй мэт санагдах юм.

Ер нь Хууль тогтоомжийн тухай хуулийн маш олон шаардлагуудыг энэ өргөн барьсан асуудлын хувьд жагсааж бичиж болохоор байгаа юм. Дашрамд дурьдахад бүх насаараа томилогддог шүүгч, Цэцийн гишүүдэд л насны дээд хязгаарыг тогтоодог жишиг байдаг. Манай Цэцийн гишүүд ердөө л 6-хан жилээр томилогддог. 6-хан жилээр томилчихоод дээр нь насны дээд хязгаарыг нь тогтооно гэдэг авцалдаагүй зохицуулалт юм. Олон улсын жишгээс харахад Үндсэн хуулийн шүүгч нар нь өндөр боловсролтой, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий хуульчид голдуу хүмүүс байдаг. Эдгээр хүмүүст Хөдөлмөрийн хуулийн тэтгэврийн ерөнхий насны хязгаарыг тогтоох нь зохимжгүй юм гэсэн саналыг ч мэргэжилтнүүд ярьж байна. Томилогдсон гишүүд нь чансааны хувьд чамлалттай байж болно. Тэр бол томилогдсон хүний асуудал гэхээс илүү санал болгосон, томилсон байгууллагын л асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ямар нэгэн судалгаа, шинжилгээ, үндэслэлгүйгээр төрийн аль нэг институцийг хүчгүйдүүлэх, сулруулах нь алсдаа төрийн байгуулалтын төлөвшилд их хортой зүйл юм. Өнөөдрийн улстөрчдөд энэ Цэцийн бүрэлдэхүүн, түүний гаргасан шийдвэрүүд таалагдахгүй байгаа болохоор ийм арга хэрэглэж "цэвэрлэгээ" хийлээ гэхэд дараа дараагийн УИХ-д сонгогдон гарч ирэх улстөрчид яах уу? Таалагдахгүй бол бас ингээд "тооцоо бодоод" явах уу?

Ер нь ҮХЦэцийг улстөрчдөөс хараат байлгах сонирхолтой гишүүд байх шиг бна. Гэхдээ тэд өөрсдийгөө мөнхийн УИХ-д байх юм шиг сэтгэдэг болтой. Үгүй шүү дээ, найзууд аа. Цэцийн гишүүдийг насны дээд хязгаараар нь чөлөөлөх санал эрүүл улс төр, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гарч ирсэн бол нэг хэрэг. Гэтэл "тооцоо бодох" зорилготой гаргаж ирж байгаа харагдаж байгаа нь харамсалтай байна.  

Эцэст нь хэлэхэд Үндсэн Хуулийн Цэц бол улстөрчид Та бүхний байнга гарын дор манипуляци хийж "зэр зэвсгээ" болгодог АТГ, прокурор, шүүх биш юм аа. Цэц бол Үндсэн хуулийн манаанд зогсдог төрийн маш чухал, тогтвортой ажиллах ёстой нэг институц юм шүү.

Сэтгэгдэл бичих

arrow icon