Нийтлэл 01 сарын 11, 2016

5 хувийн хүүтэй ипотекийн зээлээ авна, сонгуулиа өгнө, тэгээд дампуурна

2007 оны зун шүвтарч байсан цаг. Иргэн Г 3 өрөө байраа 48 саяар заржээ. Оронд нь авах 2 өрөө байраа ч олсон байв. Харин дөнгөж байраа зарсны дараа байрны үнэ өснө гэсэн шуум гарч,  ердөө маргааш нөгөөдөр нь  2 өрөө зарахаар тохирсон хүн нь одоо 90 сая гэх нь тэр.  М.кв 600-700 мянгатай байсан байр хэдхэн сард хоёр нугарч, 48 саяараа арай ядан 1 өрөө авчээ. Ер нь М.Энхболдын засагласан 2 жил Монголын үл хөдлөхийн түүхэнд хараар тэмдэглэгдэж үлджээ. Газар олголт учир замбараагаа алдаж, олон хүний насны хөдөлмөр, хөрөнгө спекюляцийн бай болсон энэ үеийг дэлхийн санхүүгийн хямрал залгасан.

Эхлээд нэг зуун ч өнгөрөөгүй нүүдэлчдийн орон сууцжих, хотжих явц дуусаагүй, хөлөө олоогүй л байна. Энэ явц ямар үр дүнд хүрсэн тухайд олныг нуршилтгүй. Утаа, бохир, түгжрэл гээд нийгмийн үзүүлэлтээс гадна нэг хүнд ногдох газар нутаг, нэг хүнд ногдох орлого, нэг м.кв газар, байрны үнийн харьцаагаар дэлхийд гайхагдах олон “амжилт”-д хүрсэн. Энэ “амжилт”-ын гол эзэн нь гарцаа байхгүй Монголын төр билээ.

1996 оны орон сууцны хувьчлалаас хойш баталсан, хэрэгжүүлсэн, мөрөөдөөд замхарсан орон сууцны төсөл хөтөлбөр учир тоймоо алджээ. 2006 оны 40,000 айлын орон сууцны хөтөлбөрийн дараанаас гэнэтийн үнэ хөөрөгдөлд савлаж байсан зах зээл саб-праим хямралаар зогсонги байдалд орж, үнэ хэсэгтээ унасан ч Оюутолгойн хөрөнгө оруулалтаар гэнэт мөнгө үзсэн халуурал, улмаар Сү.Батболдын засгийн 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр, нийлүүлтээс илүү эрэлтийг дэмжсэн бодлоготой золгож эргээд өсч эхлэв. Зөвхөн 2011 онд гэхэд үнэ 40 хувь орчим нэмэгджээ. Үл хөдлөхийн үнэ 2007-2008 оны түвшнээс бараг хоёр дахин өсч,  м.кв 1570 орчимд хүрсэн зах зээлийг 2012 оны намар Н.Алтанхуягийн, Н.Алтанхуягийн ч гэж дээ Бортууны ч юм уу Золжаргалын ч юм уу Мэдрээгийн ч юм уу олон толгойт засгийн газар хүлээж авав.

Олон толгойтойг хэлэх үү, 5 сонгуульд ялж төр барьсан намын бяртайг хэлэх үү, жинхэнэ бярдаж эхэллээ. 100 мянга гэхчлэн бусад намын пиар болох нэр усыг  138 дугаар тогтоолоор хүчингүй болгоод 8 хувийн зээлийн мега хөтөлбөр эхлэв. Үүнээс далайцтай, бас түүнээс шуналтай хөтөлбөр үл хөдлөхийн түүхэнд гарч байсангүй.

Ойрноос АН 3,4 их наяд төгрөгийн зээлийг 76583 өрхөд өгчихлөө, одоо инфляц буурсан тул 5 хувь болгож болно гэсэн мэдээг цацаж болох бүх сувгаар сонсож чадах бүх чихэнд сонсгож эхэллээ. 5 хувь болговол яах вэ гэдгээ харахын тулд 8 хувь болоод яасан бэ гэдгээ нэг эргэн харах хэрэгтэй. Ерөөсөө дундаж хүү 20 хувийн зах зээлд, заримдаа бүр 40 хувийн хүүтэй жинхэнэ хүүлж өгдөг салбарт 8 хувиар зээл өгөх нь тэнд 2000 төгрөгөөр зарж байгаа талхыг май чи 800 төгрөгөөр ав гэж байгаагаас өөрцгүй. Зөрүү 1200 төгрөгийг нэг нь төлөх л болно, хэн төлж ирэв? 

2008 онд нэг эргээд очъё. 2 өрөө байр 50 сая төгрөг. 35 сая төгрөгийн зээл, жилд 16 хувийн хүүтэй зээлсэн ч сар тутмын төлбөр нь одоо хоёр дахин үнэ нь өссөн байрыг 8 хувийн хүүтэй зээлэхээс бага. Дээр нь төгрөг одоог бодвол мөнгө байв, өнөөдөр дэлгүүр ороод 20 мянгаар авах хүнсийг 10 мянгад элбэг цуглуулна. 2015 он. 2 өрөө байр 100 сая төгрөг. Зээл 70 сая. Сарын төлбөр төлөөд гарт үлдсэн мөнгөний ханш хоёр дахин унасан.  Үүний дээр улсын төсвийн алдагдал, өрийн төлбөр үлэмж нэмэгдэж, төгрөгийн ханш цаашид унах эрсдэлтэй эмзэг баланстай болсон.

Өөрөөр хэлбэл, 76 мянган өрхийн авсан төсвийн орлогын талаас илүү дүнд хүрсэн зээлийн хүүгийн өртгийг бид 3 саяулаа төсвийн алдагдал, засгийн газрын хүүтэй бонд, инфляци буюу мөнгө хэвлэх замаар төлж иржээ. 2012 оноос хойш мөнгөний нийлүүлэлт М2 40 хувь нэмэгдсэн нь доллар гэнэт татарсантай хавсарч төгрөгийн ханшид үхлийн цохилт өгөв. Гуравхан жилийн дотор Монголчуудын мөнгөн орлогын 40 хувь агаарт хийслээ.  

 Үнэн хэрэгтээ ард нийтээрээ, засгийн дансаараа төлж байгаа нь бүр 1200 төгрөгөөс ч илүү. Учир нь банкнуудад олгож байгаа ипотекийн санхүүжилт 8 хувь биш, тэрнээс ч хямдхан. Банкнууд 2000 төгрөгийн талхыг Засгийн газраас 400 юм уу 600 юм уу төгрөгөөр аваад 800 төгрөгөөр бидэнд зарж ашгаа хийнэ.  2014 онд гэхэд 330 тэрбум төгрөгийн ашиг хийсэн санхүүгийн сектор сүүлийн 5 жилд 240 хувь өссөнд гайхах юмгүй. Хүү гэдэг нэг төлөөд өнгөрдөггүйг сар тутам зээл төлж сурж байгаа Монголчууд сайн мэдэх болсон байх. 3,4 их наяд төгрөгийн хувьд ч бодитоор дор хаяж 16 хувийн хүүгээс 8-ийг нь иргэд төлж, үлдсэн нь эдийн засгийн хаа нэгтэйгээс төлөгдсөөр л.  

Ийм их зөрүү төлөхийн дээр бондын өр бусад зардалдаа түүртсэн Засгийн газар өөрийнх нь бий болгосон системээс ашгаа хийдэг арилжааны банкнуудтайгаа өрсөж 15 давсан хүүтэй өрийн бичиг хэвлэн барин дансаа торгоох болсон нь түүхийн егөө гэмээр. Гэхдээ 8 хувийн хүүтэй зээлээ үргэлжлүүлсэн хэвээр. Учир нь Монголчуудад  8 гэсэн нэг тоо л том харагдана. Одоо 5-ын тоо бүр том харагдана. Зөрүү нь амьдралд тусаж байгааг тэр бүр мэдэхгүй, харин банкинд очиход хэлдэг хүү бол тод мэдрэгдэнэ. Төгрөг үнэгүйдсэнд буруутгадаг гадаадын шууд хөрөнгө хөрөнгө оруулалт гэж нэг сайхан үг гарч ирсэн. 

Бидний төлөх өртөг 1200-аар тогтоогүй. 2013 он гарангуут банкир гэхээсээ баахан яамны далд сайдын  ажил хийх болсон Н.Золжаргал(ард нь хэн байдгийг хөх тэнгэр, судлаач Ганаа хоёр л сайн мэдэх байх) А-2/06 тоот тогтоолоор барилгын салбарын үнэ тогтворжуулахад 379 тэрбум төгрөг баталсан байдаг. Мөнгөгүйгээс хойш мөнгө хэвлэж, зээлж барилгын салбарыг дэмжсэн ч зах зээлийн хүүгээс асар бага хүүгээр тэтгэдсэн эрэлтийн нөлөөг давсангүй. 2015 он гартал үнэ өссөний дээр баахан улсын нэр цувуулсан байрны реклам бэлээхэн хэлээд өгдөгчлөн барилгын салбар гээч нь хамаг доллар гадагш нь зөөж байж байшин босгодог байж, угаасаа шавхагдаж байсан валют улам их гадагшлав. Харин өмнөх оны сүүлийн хагаст үнэнд гүйцэгдэх талдаа болж, орон сууцны үнэ унаж эхлэв.

Байртай болгоно, буудай хямд байна энэ тэр гээд баахан мөнгө хэвлэж хосыг нь шувтарсан эдийн засаг цааш эргэхээ байж, энэ нь банкны баланст харагдаж эхлэв. Корпорацын зээлийн эргэн төлөлт муудаж, оны эцэст чанаргүй зээлийн хэмжээ үлэмж өсөв. Үүний дунд хамгийн гайгүй төлөлттэй нь ипотекийн зээл. Энэ нь ч аргагүй, зарим нь зүгээр байр зувчуулж зээл аваад 15 хувийн хүүтэй хадгалсан байж таараа. 7 хувиа авч идээд, 8-ыг нь төлөөд байхад дажгүй наймаа. Зарим  арай эрт зээлсэн нь инфляцийн нөлөөгөөр зээл нь хямдарсан. Гэхдээ л зээлдэгчид эдийн засгаас орлого нь хамааралтайгаас хойш нэмж зээлдэгчдийн өсөлтийн хурд өмнөх оноос 27 орчим хувь унаж,  2013 онд 0,5 хувь хүрэхтэй үгүйтэй байсан хугацаа хэтэрсэн болон чанаргүй ипотекийн зээл 3,2 хувьд хүрч өсчээ. Байр борлогдохоо больж, бараг л бүх мөнгийг чинь буцааж өгнө гэх шахуу рекламны мэссэжээр бөмбөгдөх болов. Үнэ унаж эхлэв. Үүнийг дагаад барилгын салбарын чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл өмнөх оноос бараг 4 пункт өсч, 11,4 хувьд хүрэв.

Ингээд сонгууль дөхөж байгааг  хэлэх үү, барилгыхан балрах гээд байгааг хэлэх үү 5 хувь гэдэг тоо гарч ирлээ. Одоогоор сар тутам эргэн төлөгдөж байгаа 22 гаран тэрбум нь шинээр олгож байгаа зээлээс хоёр дахин бага. 5% болохоор шинээр олгох дүн улам нэмэгдэж, бага хүүтэй, урт хугацаатай зээл тул энэ зай улам холдоно. Урьдчилгаа багасгаж, багасгах ч гэж дээ Засгийн газар иргэдийн өмнөөс түр гаргахдаа тулбал нэмээд мөнгө хэрэг болно. Нэмж мөнгө зээлнэ, эсвэл хэвлэнэ. Тэр нь механизмаа дамжаад хийдгээ хийнэ. Харин 2013 оноос ялгаатай нь зээлдэгчдийн эдийн засгийн потенциал бараг барагдсан. Бага хүү, бага урдчилгаагаар зээлийн чадавхигүй иргэдийг ипотекийн зээлийн багцад сонгууль хүртэл хамаад тэр нь эргээд санхүүгийн салбараа дарж унах эрсдэл харагдаж эхэллээ. Үл хөдлөхийн үнэд уяатай хувийн салбарууд нь шооконд өртөж сая сая хүн ажлаа алдсан АНУ-аас ялгаатай нь манайх бол банк, барилгаас гадна улсын санхүү, мөнгөний бодлогоо бүгдийг нь үл хөдлөхдөө уясан.

Нэг дагуул хотын дэд бүтэц өлхөн барьж, тэнд нь илүү налгар, өөрийн гэсэн сууцны хороолол элбэг үүсэхээр мөнгө үл хөдлөхийн салбарт цацсаар дараагийн сонгуулийн жил эхэллээ. Ард нийтээрээ аймар гоё бэлэг дэмбэрэлтэй хүүгээр хөгжөөсөн үнэтэй хөрөнгийг 20, 30 жилээр нугалж төлөхөөр авч, өртгийг нь өр төлөөд үлдсэн жаахан мөнгөнийхөө талаар төлж, түүний дунд барилга, банкны салбар бурзайж ирлээ. Одоо 5 хувь болгоно гэнэ. Бурзай бурзай, системийн архитектурт анхнаасаа бурзайхаар тохируулсан талууд!!!

Зурагны эх сурвалж: Modkraft

arrow icon