Нийтлэл 01 сарын 26, 2016

Улсын нууц

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралджээ. Хэлэцсэн асуудал нь мэдээж нууц. Хурлаас ямар шийдвэр гарсан нь бас нууц.Нууц юм болгон хов жив ,цуурхал , үнэн худал таамаглал гарах үндсэн шалтгаан болдог. Нэг нь амлаж нөгөөх нь цуцалж, хэлсэндээ хүрдэггүй нүүдэлчин зангаасаа болж, түүнчлэн хаа холын Америк гэж гүйсээр байгаад хоёр хөршөө тоомжиргүй хаяснаасаа болж харилцаа ч гэж авах юмгүй, харьцаа ч гэж нэрлэхээр юмгүй болж, тохоон томилсон элчин сайд нь итгэмжлэхээ барих гэж хагас жил хүлээдэг , асуудал ярих гэхээр муж, аймгийн даргатай ярь гэх мэтээр хариу барьдаг болтлоо харилцаа хөрч, гар барих гэж элдэв арга саам зохиож суухдаа хүрсэн цаг саяхан.

Ногоон хэмээх шидэт цаасны илбэ жатгын хүчийг бууруулах гэж зарим их гүрнүүд эрчим хүч, түүхий эд, эдийн засгийн шинэ бүлэглэл үүсгэж эхэлмэгц Украины асуудал дэгдэж , түүгээр далимдуулан Оросд элдэв дарамт шахалт үзүүлж , Хятад Оросын дунд байгаа Монгол улс хоёр хөршийн анхааралд өртөж,хөршүүдтэй харилцаа сэргэсэн торгон агшин жил хүрэхгүй богинохон настай ч байж мэднэ. Халх голын ялалтын баярыг гурван улсын төрийн тэргүүнүүд хамт тэмдэглэж патиараа татуулсан бол олон улсын анхаарлын төвд орох байлаа.Жаахан худалч бацааныг тэгж ч давраахгүй шүү гэсэн шиг Путин айлчлалаа ялимгүй хойшлуулдагт их учир бий. Орос болон Хятадын стратегийн сонирхолыг байнга анхааралтай ажигладгын хувьд АНУ Монголтой харилцаагаа улам лавшруулж, дуртай цагтаа дуртай даргыг дуудаж уулздаг хэмжээнд байлгах сонирхолтой байгаа бөгөөд Путины айлчлалын үеэр манай нэг даргыг дуудсан сурагтай. Бараг л онгоцны буудал дээр Путинг тосож мэндэлчихээд зөрж нисэхээр юм дуулдана. Үнэхээр тэгдэг юм бол Украйны хувь заяаг давтаж ч мэдэх юм. Хоёр хөрш маань эдийн засгийн харилцаагаа өргөжүүлхэд Монгол улсын газар зүйн байрлал чухал байгаа тул манайхтай элдэв хэлэлцээр хийх гэж оролдож буй. Гэхдээ өмнө нь монгол дарга нарт олон хулхидуулсан туршлагаасаа болоод улс төрийн тогтвортой байдал, түүнчлэн хариуцах эзэн бие нэхэж шаардаад байгаа бололтой юм. Энэ хоёр гол нөхцөлийг биелүүлбээс манай нутаг дээгүүр хийн болон нефтийн хоолой тавих, төмөр замын нэвтрэх чадлыг нэмэгдүүлэх гэх мэт бүтээн байгуулалтын ажлууд ундарч мэдэхээр байна. Украйнд бий болсон нөхцөл байдал Монголд үүсэхгүй гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй ч хоёр хөршийн дундаас хаашаа одох бил ээ? Тэгэхээр Украин дундуур тавьсан хоолойноос хавьгүй их юм төлөвлөж байгааг хэн байг гэхэв.

Харин чухам улс төрийн тогтвортой байдлыг яаж хангах вэ? Олон арга бий. Хэл амгүй хамгийн хурдан арга бол парламентэд суудалтай бүх намуудыг нэг өвөрт оруулах. Бүдүүнээс бүдүүн засаг байгуулах гэсэн үг. Тэгээд тэр олон намуудад багшаархан шиг  мөнгө өгөөдөхвөл болчих юм шиг санагдаж буй. Гэхдээ багшаархан багшаархан гэсээр дуршил ихсэнэ гэдгийг эрхбиш мэдэж байгаа биз. Гуравдагч орнууд ч хөрөнгө оруулах гэж МАНАН-г хүсэмжилдэг, хоёр хөрш маань ч АНМАН болохыг хүлээж суухыг хэн байг гэхэв. Хавар давхар дээлний асуудлаар далимдуулаад хээрийн сургууль хийж , хүчээ сорьсон бүлэглэл ч гэсэн хоёр хөршийн хүсэлтийн хариу байсан. Энэ нь нөгөө хариуцлага тооцох эзэн биений асуудал байсан юм. 2016 онд ч гэсэн АНМАН эсвэл МАНАН болохыг үгүйсгэх аргагүй. АН-ын толхилцооноос залхсан ард түмэн МАН-д үнэмлэхүй суудал өгчихгүй бол шүү дээ. За өгсөн ч МАНАН болох байх, учир ньмасс хөдөлгөх чадалтай аль ч намыг засгын гадуур үлдээж болохгүй, үлдээвэл Украин болгож орхино. Хоёр хөршийн өмнө хариуцлага хүлээх эзэн биеээр өөрийгөө өргөмжлөх сонирхол олон хүнд бий. Чухам “үхэр монголчууд” үгэнд нь орохгүй бол тэр хариуцлага нь яг юу болохыг ухамсарлаж байгаа ч юм уу , үгүй ч юм уу. Иймэрхүү хоёр хөршийн айлчлалтай холбоотой юм ярьсан ч байж болох.

Үндсэний Аюулгүй байдлын зөвлөл хуралдсны маргааш нь Ерөнхий сайдын охинд үүсгэсэн эрүүгийн хэргийг хаасан гэсэн мэдээлэл гарсан нь цэвэр тохиолдол байж болох. Аль эсвэл мань гурав хаалгаа хааж авч байгаад уушиг зүрхээ нээсэн байж болох юм. Алийн болгон нэг нэгнийхээ бөгсийг ухаж сөрөг намын доог тохуу болох вэ, идэж уусан хүн байваас хэл амгүйгээр явуулдаг газар нь явуулчихаж байя, цагдаа тагнуул АТГ нь ажил хийхээсээ илүү хэвлэлээр занималдаж , улс төр хийгээд эхэлж байна, жоомоо алах гээд байшингаа шатаачихаж байгаа юм биш үү, Засаг унах унахгүй тухай гэх мэт юм ч ярилцсан байж болох.Тэгээд зөвшилцөлд хүрээд зарим нэг үнэн худал үүсгэсэн хэрэг хавтсаа хааж эхэлсэн ч байж мэднэ. Гэхдээ гурван өндөрлөгийн нэгнийх нь мэдээлэлийн сайт Ерөнхий сайдаа намнасан хэвээр байхыг бодвол зөвшилцөж чадаагүй ч байж мэднэ.

Алтанхуягийн гэхээсээ илүү АН-ын гэхээр Гансүх жишээ нь гар хөлийн үсэг зурдаг албан тушаал хашаагүй л баймаар. Харин ч эсрэгээрээ, зөвлөх гээд ямар ч хариуцлага үүрдэггүй албан тушаал дээр байсан хүн яахаараа гэмт хэрэг үйлдсэн, төсвийн мөнгө идэж уусан болоод явчихдаг юм? Бор оймстныг суулгах гээд хаа хамаагүй юм тохоод оруулсан шиг юм хийж байгаа юм болов уу? Ер нь авилгал өгч авсныг байцааж байгаад, суулгаж байгаад илрүүлдэг гэж хэн хаана хэлсэн юм бол? Үнэндээ АТГ атгаалжин хар мангас болж орхисон, удахгүй тэжээсэн эздээ барьж идэх бар арслан мэт болж хавьтсан ойртсон болгоноо хуйхалж байдаг гал аятай . Яг илрүүлээд ял үүрүүлэх болохоор багш оюутан, сумын тамгын газрын нарийн бичиг хүүхнээс хэтрэхгүй, жаахан томоохон загас барих болохоороо хэвлэлээр нүдэж нүдэж, тэгсэн гэнэ, ингэсэн гэнэ, дээд айлынх нь хүний автобусанд явж байгаад хөл дээр гишгэсэн хүний ахынх нь эхнэрийн хамт ажилладаг хүний садан төрөл учраас авилгал авсан л байж таарна гэх мэт цавуугаар нааж утсаар оёсон хэргүүдийг прокурорт шилжүүлэхээр өнөөдүүл нь юу гэж шүүхэд шилжүүлэхэв дээ? Дэлхийн практикт ийм жишиг байдаг ч юм уу , үгүй ч юм уу. Манай сэтгүүлийг хүртэл дунд сургуулиудын чансаа гаргахдаа ямар аргачлалаар жагсаав, хэнээс ямар авилгал авсан гэж шалгаж байна гэхээр үнэхээр хийх ажлаа огт ойлгоогүй явж байгаа нь илт. Тэр цагдаагийн дарга нарыг хар даа. Хууль зүйн сайд хэн байхыг тэд шийддэг болмоор байгаа юм гэнэ. Удахгүй Ерөнхийлөгч хэн байхыг шийддэг болох юм байх. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй дархан байдалд халдаад гүйцэтгэх ажиллагаа явуулж, зарим дуулиантай гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээс Тэмүүжинтэй холбоотой гээд хэлчихвэл ялыг чинь нимгэлье гэж санал тавиад , явж явж нэг ядарсан охинд элдэв нэр хоч зүүгээд золигт гаргаж орхив. Шүүгч нь хурандаа нарынхаа атганд орчихсон, гарга гэхээр нь гаргаад л, оруул гэхээр нь оруулаад л... Хариуцлага тооцож болдоггүй юм уу? Эсвэл тэд төрийн гурван өндөрлөгт гүйцэтгэх ажиллагаа явуулчихаад элдэв хувийн нууцаар нь барьцаалаад сууна уу?

Эдийн засаг хүндэрч, хоёр хөршийн хаяж өгөх (өгөө ч үү , үгүй ч үү) хэдэн цаасан дээр нам бүлэглэл фракциараа зодолдож шившгээ тарьж байгаагаа ухааръя, хэл амаа ололцъё, энэ долларын ханшийг засаж залруулъя, буруутанг хайж олоод хариуцлага үүрүүлье гэж ярьсан байж болох. Хөөрхий муу нэртэй луу данстай Батбаярыг хамгийн түрүүнд ярьсан байх. Нөгөө Баабарын хэлдгээр, Нямдорж тагнуул биш ээ, ийм хүнээр тагнуул хийлгэдэг улс гэж хаа байсын гэдэг шиг Батбаяр шиг хүнд хорлогддог бүхэл бүтэн улсын эдийн засаг гэж юу байхав дээ. Томоохон компани ч олигтойхон дампууруулж чадахгүй хүн шүү дээ. Хүнтэй танилцахаараа нэрнийх нь үсгийг тоолж, билэгдэл ярьдгаараа олзлогдчихсон болохоос жинхэнэ эдийн засгийн алуурчин, хорлогчид нь чартерийн онгоцоор Макао нисээд л, ханшны зөрүүнээс олсон их наядаар тоологдох төгрөгөө хямдхан шиг ногоон болгочих юмсан гээд сууж байгаа. Миний мэддэг хэлээр ярих хүн олдохгүй байна гээд санаа алдаж сууна гэсэн байх шүү. Нөгөө нэг хэсэг хорлогчид нь гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж дуусчихаад дотоодын үйлдвэрлэгчидээ самарч эхэлж харагдана лээ. Лондогийн жижигхээн дэн буудлын жижүүр УИХ-ын гишүүн болчихоод дэлхийн том том компаниудыг шантаажилж явна гэж хэн зүүдлэхэв дээ? Зуун хоногт эдийн засгийг эрчимжүүлж болно болохгүй гэж маргаад яахав, мөнгө байвал зуун цагийн дотор ч бужигнаад явчихдаг хойно. Чухам авах арга хэмжээнүүд нь арван жилийн нийгмийн ухааны хичээл сонирхдог хүүхдийн хэмжээнд байхаар эрчимжинэ гэж мөрөөдөөд ч яахав. Хаа байна, нөгөө эдийн засаг хүндэрсэн гээд байсан? Хөдөө хотгүй баахан тендэрүүд зарлаад л.Гэрлийн нэг ч шонгүй 90 жил болчихсон суманд заавал одоо 200 саяар гэрэл тавих хэрэгтэй юм уу? Дараа жил, тэрний дараа жил байж болно доо? Шинээр тендэр зарлаж байхаар хэд хэдэн он дамжсан ажлуудаа дуусгамаар. Бодвол бас л фракц бүлэглэлд тендэрээр л юм хуваарилдаг байх даа?

Хаалттай хаалганы цаана юу ярьсныг Та ч мэдэхгүй , би ч мэдэхгүй, ёстой ам мэдэн бурна гэгч болсон тул дээрх нийтлэлийг олонтой газар уншиж яваарай, сэжигтэй харсан хүнийг над дээр дагуулаад ирээрэй гэж захиж байна...

Үндэстний тойм сэтгүүлийн 2014 оны 8-р сарын 11-ны дугаарт хэвлэгдсэн

Сэтгэгдэл бичих

arrow icon