Нийтлэл 01 сарын 26, 2016

Зүрх зоригийн гурван илрэл : Бодит байдалтай нүүр тулах

Бид өгөөжтэй, сайн номыг сонгож, гол санаа, утга агуулгаас хэсэгчлэн хүргэж байгаа билээ. Энэ удаа Энди Стэнлигийн "Маргаашийн удирдагч буюу ирээдүйг тодорхойлогчдын таван зарчим" номоос “Зүрх зоригийн гурван илрэл” хэмээх хэсгийг хүргэж байна.


 Цор ганцаараа, гар мухар байх нь ямар ч сайхан эрийг зүрх алдуулдаг.

Гэхдээ нөгөөтэйгүүр Бурхан өөртэй нь хамт гэдэгт хэр итгэж байгааг нь ч илчлэн харуулдаг.

(Гурван хааны үлгэр)

Манлайлал бол нөхцөл байдал ямар байж болох, тэр ирээдүйд хүрэхийн төлөөх тэмцэл гэдгийг би дээр дурдсан. Гэхдээ бодит байдалтай тэмцэлдэхээс гадна өөр талбаруудад ч зориг хэрэгтэй байдаг байна. Бусдыг дагуулах зохистой удирдагч байхын тулд та зүрх зоригоо гурван байдлаар илэрхийлж чаддаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны зориг илэрхийлэгдэх гурван зам маргаашийн удирдагчид зайлшгүй шаардлагатай. Маргаашийн удирдагчид зайлшгүй шаардлагатай зүрх зоригийн хоёр дах илэрхийлэл нь "Бодит байдалтай нүүр тулах" юм. 

2. БОДИТ БАЙДАЛТАЙ НҮҮР ТУЛАХ ЗОРИГ

Үгүй гэж хэлэхээс гадна маргаашийн удирдагч та бодит байдалтай нүүр тулах зориг зүрхтэй байх ёстой. Хэрэв хэн нэгэн бодит байдалтай нүүр тулахаас татгалзаж байвал үүнийг бид няцаалт гэж нэрлэдэг. Бид ийм хүнийг сул дорой хүн гэж үздэг.  Байгууллагын хувьд ч гэсэн ялгаагүй. Олон байгууллага яг л хувь хүнтэй адил няцаж байдаг. Энэ нь  сул дорой байгаагийн илрэл юм. Тэрхүү байгууллагуудыг мөн адил бодит байдалтайгаа нүүр тулахаас ухарч няцсан тийм удирдагчид тэргүүлж байх. Тэд бодит үнэнтэй нүүр тулахаас татгалздаг. Энэ талаар Петр Сенге хэлэхдээ,

“ Бодит байдлыг маш тодорхой, бодитойгоор үнэлж дүгнэх нь тодорхой алсын хараанаас дутахгүй чухал юм. Харамсалтай нь бидний ихэнх нь бодит байдалд өөрсдийнхөө төсөөлөлд дулдуйдсан байдлаар ханддаг.”

Удирдагч хүнийхээ хувьд бид ажил төрлөө сайн байгаа гэдэгт итгэхийг хүсдэг. Бидний өөртөө итгэх итгэл, бардам зан бидний удирдах чадварт саад хийж байдаг байна. Бид сайн удирдаж байхад амьдрал сайхан байдаг. Тиймээс бид Сенгегийн хэлсэнчлэн эргэн тойронд байгаа бүхнээ эерэг сайнаар төсөөлж, сөрөг зүйлсийг үл тоож эхэлдэг. Үр дүнд нь бид аажим аажмаар эргэн тойронд маань бодит байдалд юу болоод байгааг олж харах чадвараа алдсаар.

Чуулган бол үүний тод томруун жишээ юм. Жил бүр урсгал чиглэлүүдийн удирдагчид хурлын үеэр уулзалдаж тоо баримтуудаа харьцуулан бие биедээ шагнал гардуулж, илтгэл лекц сонсдог. Жилийн туршид тэд долоо хоног бүрийн үйлчлэл, хөтөлбөрүүдийг зохион байгуулахын тулд олон сая доллар зарцуулдаг. Тэгээд энэ бүхнээ “дагалдагч бэлтгэх”, “амьдрал өөрчлөх” нэрийн дор хийдэг. Харин үнэндээ тэдэнд тэр бүх уулзалт, цугларалтууд дээрээ үзүүлж харуулчихмаар зүйл маш бага байх аж. Чуулганууд дагалдагч бэлтгэхээсээ илүү оройн зоог сайн бэлтгэж байна. Хэдийгээр юм нэг л болж өгөхгүй байгааг нийтээрээ анзаараад мэдрээд байгаа хэрнээ жирийн итгэгчид нь ч долоо хоногтоо нэг удаа ирж цуглаандаа суучихаад , бүх зүйл хэвийн байгаа мэт дүр үзүүлж амьдардаг.

Зохиолч, библийн профессор Ховард Хендриксээс нэгэн удаа итгэгчдийнх нь тоо эрс цөөрч байгаа нэгэн цуглаанд очиж учир шалтгааныг нь тогтоож өгөөч гэж гуйсан байна. Хэд хэдэн хүндэтгэлийн цуглаанд суусныхаа дараа тэрээр тэр чуулганы удирдах зөвлөлийнхөнд нь “Цуглааныхаа байрны гадуур хашаа хатгаад хүмүүсийг төлбөртэй оруул. Тэгээд хүмүүс 1950-аад онд чуулганууд ямар байсан талаар үзвэр үзэж болох юм байна.” гэсэн гэдэг. Өөрөө хэлбэл тэр тэдэнд бодит байдлыг хэлсэн байна. “Та нар аймшигтай хоцрогдсон байна” гэж.

Бусдыг дагуулах чадвартай удирдагчид хэдийгээр гашуун үнэнийг сонсож, урам хугармаар байсан ч бодит байдалтай нүүр тулж, түүнийг хүлээн зөвшөөрөх чадвартай, хүсэлтэй байдаг. Ийм удирдагч байхын тулд таны эргэн тойронд юу болж байгаа талаар та үнэнийг мэдэхээр тасралтгүй эрэлхийлдэг байх шаардлагатай. Та худал хуурмаг мэдээллээс татгалзаж , хэдий таатай сонсогдсон ч ийм мэдээлэл өгсөн хүнийг шагнаж урамшуулахаас татгалзах хэрэгтэй. Үүнийгээ бүр зуршил болгох хэрэгтэй. Ингэснээрээ та байгууллага дотроо эрүүл соёлыг бий болгох бөгөөд та юу болж, юу болохгүй байгаа талаарх бодит мэдээллээр үргэлж хангагдаж байх болно.

Дэлхийн II дайны үед Уинстон Черчиль Статистикийн Оффис гэгч газрыг байгуулсан байдаг. Энэхүү байгууллагын зорилго нь түүнийг хамгийн чухал баримт мэдээллээр хангах явдал байв. Статистикийн Оффисоо өөрийг нь тойрон хүрээлсэн цэргийн дарга нарын хүнд суртлаас хамгаалахын тулд тэрээр генералуудын тушаалын эрх мэдлээс ангид байхаар байгуулжээ. Хэдийн гашуун ч үнэн агаад бодит мэдээллээр хангагдахгүй бол зөв шийдвэр гаргах боломжгүй гэдгийг тэрээр сайтар ухамсарлаж байсан юм. Энэ үнэн танд ч бас хамаатай. Гэхдээ гашуун үнэнтэй нүүр тулахад зориг хэрэгтэй.

Хэрэв та үнэн бодит байдлыг байгаагаар нь олж мэдэхгүй л юм бол өөрчлөлтийн төлөөх таны стратеги төлөвлөгөө бүхэлдээ цагийн гарз болон хувирна гэдгийг сана.

 

Хэрвээ та өөрийгөө яг хаана байгааг мэдэхгүй байгаа бол хаана хүрэх ёстойгоо тодорхойлох боломжгүй. Таны мэдэхгүй байгаа тэр зүйл таныг сүйрүүлж ч мэднэ. Хэрэв таны ирээдүйн төлөвлөгөө бодит байдалд тулгуурлаагүй бол тогтвортой хөгжиж, ахиц дэвшилд хүрнэ гэдэг боломжгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам таны мастер төлөвлөгөө үр ашгаа өгөхгүй байвал нэг бол хүчин чадал хүрэхгүй байна, үгүй бол өөр нэгэн шалтгаан байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бодит байдалд таны анзаараагүй үлдсэн ямар нэг асуудал байна.

Жим Коллинз нэгэнтээ хэлэхдээ “Удирдлага гэдэг зөвхөн зөн хараагаар эхэлдэг юм биш ээ. Харин гашуун үнэнтэй нүүр тулж, зорилгынхоо төлөө тэрхүү гашуун үнэнийг сөрөн алхаж эхлэх тэр цагт бий болдог юм” гэсэн байдаг. Хэрэв бид хайхрамжгүй хандвал, бид бодит байдлаас тасарч, өөрсдийнхөө үнэн гэж итгэхийг хүссэн тэр зүйлдээ зохиомлоор итгэж эхлэх болно.

Бодит үнэнтэй нүүр тулах ихэвчлэн гашуун байдаг. Гэхдээ тун тустай эд. Нэг талаас бодит байдал таны бодсон шиг тийм сайн биш байгаа гэдгийг ойлгуулдаг учир энэ нь гашуун байдаг. Гэхдээ нөгөө талаас та одоо хаана байгаагаа мэдэхгүйгээр хаана хүрэхээ мэдэх боломжгүй учир зайлшгүй юм. Тийм ч учраас амжилттай яваа олон бизнес бодит байдлыг сайтар судалсны үндсэн дээр үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. Аливаа байгууллагыг өөр тийш чиглүүлэн эргүүлэхийн тулд заавал үнэн бодит байдлыг мэдэх шаардлага тулгарна. Өмнөх удирдлага тань үл анзаарч ирсэн тэр бүх гашуун үнэнийг заавал олж мэдэх шаардлагатай.

Бид бодит байдлын хөрсөн дээр бат гишгэж байгаа гэдэгтээ итгэлтэй байхын тулд дараах долоон хуулийг амьдралдаа мөрдөх хэрэгтэй гэж зөвлөе.

  1. Бүү дүр үзүүл
  2. Бүү харалган бай
  3. Бүү хэтрүүл
  4. Муу мэдээ дуулгасан хүнд бүү хатуу ханд
  5. Тоо баримтын ард бүү нуугд
  6. Оновчтой шүүмжлэлийг бүү үл тоо
  7. Өөрийгөө бүү тусгаарла

Бодит байдалдаа харалган ханддаг хэрнээ удирдаж байгаа дүр эсгэх нь яг л аажмаар урсах устай адилхан юм. Ийм байдалтай удаан үргэлжлэх боломжтой ч эцэст нь та гарцаагүй живэх болно. Маргаашийн удирдагчийн хувьд хэдийгээр хэцүү халширмаар байсан ч бодит байдалтай нүүр тулахад бэлэн байх хэрэгтэй. Тэгээд бодит байдалд танд таалагдахгүй зүйлс байгаа бол тэдгээрийг өөрчилж орхи.

Сэтгэгдэл бичих

arrow icon