Нийтлэл 02 сарын 04, 2016

Хуучин ба шинэ цагийн Цайны зам

Монголчууд Торгоны замын талаар Цайны замаас илүү мэддэг юм билээ. Гэтэл Цайны зам нь манай орны түүхэнд илүү их нөлөө үзүүлсэн гэж бодогддог. Иймд Цайны замын талаар товч өгүүлэх гэсэн юм.

 

Цайны замын түүх

1689 оны 8 дугаар сарын 28-нд манай одоогийн Дорнод аймгийн цаахантай байдаг Нэрчүү голын эрэг дахь Нэрчинск гацаанд Оросын Романов хааны болон Хятадын Чин династийн төлөөлөгчид нэгэн гэрээ байгуулсан нь энэ хоёр орны түүхэн дэх анхны гэрээ байсан бөгөөд хожим нь Нэрчүүгийн гэрээ гэж нэрлэгдэх болсон билээ. Уг гэрээгээр хоёр улсын хилийг тогтоож, харилцан худалдаа хийхээр тохирсон ч зам харилцаа байхгүй, зарим зүйл нь тодорхойгүй байснаас болж уг гэрээний худалдаатай холбоотой заалт хэрэгжихгүй байсаар 1727 оны 8 дугаар сарын 20-нд Буурын гэрээгээр хоёр улсын хилийг тодотгож, мөн оны 10 дугаар сарын 21-нд байгуулагдсан Хиагтын гэрээгээр хоёр орны хооронд худалдаа хийх үндсэн зарчмуудыг тодорхойлсноор худалдаа хийх таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн байна. Ингээд эдгээр гэрээний үндсэн дээр Оросын тал Хиагтад, хятадууд хилийн нөгөө талд нь Маймаачин нэртэй худалдааны боомт байгуулж хоёр орны худалдаа эдгээр боомтоор бараг 300 орчим жил явагдсан бөгөөд 1869 онд Суэцийн суваг нээгдэж, Хиагт дахь цайны агуулах, 1903 онд Транссибирийн төмөр зам ашиглалтад орсноор ач холбогдол нь нилээд буурч улмаар 1911 оны Синхайн хувьсгал, Дэлхийн I дайн, Октябрийн болоод Ардын хувьсгалын улмаас үлэмж багассан хэдий ч 1927 он хүртэл тодорхой хэмжээгээр үргэлжилсэн түүхтэй.

Хиагт-Маймаачингийн боомтоор Хятадын талаас зөөдөг гол ачаа нь цай байсан учраас уг боомтыг дайран өнгөрөх замыг Цайны зам гэж нэрлэх болжээ. Бараг 9 мянган километр үргэлжлэх Цайны замын эцсийн цэг нь Оросын Москва хот байсан юм.  Хятадын өмнөд болон төв хэсэгт ургуулж хураасан цайг Хаалган хүргэж тэндээс Замын-Үүд, Чойр, Хүрээгээр дайруулан Хиагтад хүргэдэг байж. Цайг малын нойтон арьсанд боож тэмээн жингээр зөөнө. Нэг удаагийн жингийн цуваанд мянга хүртэл тэмээ явдаг, нэг тэмээ нуруундаа 200 кг, тэргэнд хөллөсөн үед 400 кг ачаа тээвэрлэдэг, хоногт 30-40 километр газар туулдаг байжээ. Байгаль, цаг уурын онцлогоос болж жингийн тээврийг намар, өвлийн улиралд хийнэ. Хаалганаас Хиагт хүртэл Их говь, уул тал бүхий урт замыг 30-40 хоногт туулдаг байжээ. Цайнаас гадна торго, шаазан эдлэл бас зөөдөг байв.

Тэмээн жин Хиагтаас буцахдаа голдуу ангийн арьс, ноосон даавуу (заримдаа бүр Англи, Германд үйлдвэрлэсэн), сүүлдээ бас хөвөн даавуу зэрэг бараа зөөдөг байжээ. Хиагтаар хийдэг байсан худалдаа нь тухайн үеийн Оросын хувьд хамгийн ашигтай гадаад худалдаа байсан гэж судлаачид бичсэн байх юм билээ. XIX зууны үед Хиагт саятан худалдаачдын тоогоороо Москвагийн дараа ордог байсан гэдэг. 1881 онд Хиагтад очсон АНУ-ын сэтгүүлч Ж.Кеннан тус боомтоор жилд 10-15 сая ам.долларын үнэ бүхий бараа орж гардаг тухай тэмдэглэн бичсэн байдаг (энэ мөнгийг одоогийн ханшид шилжүүлбэл маш их тоо гарах байх). XIX зууны дунд үеийн Хиагтыг бас тухайн үеийн Гонконгтой ч зүйрлэсэн байдаг. Ер нь одоогийнхоор бол Хиагт болон Маймаачинг чөлөөт худалдааны бүс байсан гэж хэлж болно.

Цайны зам нь Монголын, ялангуяа манай нийслэлийн түүхэнд чухал нөлөө үзүүлсэн. Олон өдөр аялж яваа  жинчид Сибирийн тайгын хамгийн өмнөд хэсэг, их аян замын бараг голд нь байрлах Богд уулын ар, хатан Туулын эрэгт заавал буудалладаг энэ газар Хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар байгуулагдсан нь санамсаргүй явдал биш.    

Улаанбаатар хот дахь тэмээн жингийн хөшөө. Фото эх сурвалж: photonews.mn

Өөрөөр хэлбэл хутагт хувилгаадаас илүү жинчдийн сонголт хийсэн газар хожим лам хуваргууд сүм хийд байгуулан суурьшиж улмаар Хүрээ болон тэлсэн юм. Хүрээ нь Орос-Хятадыг холбосон худалдааны гол зам буюу Цайны зам дээр байгаа учраас тэнд 1786 оноос Манжийн амбан суурьших болж, 1861 оноос Оросын консулын газар байгуулагдсан нь Ар Монголдоо төдийгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн суурин газар болсныг нотолж өгсөн гэж болно. Түүгээр ч зогсохгүй Хүрээ нь яваандаа Монголын засаг захиргаа, шашны төдийгүй олон улсын худалдааны томоохон төв болтлоо хөгжжээ. Хятад, Оросоос ирсэн барааг чухамхүү Хүрээнээс Монголын нутгаар түгээх болсон байна. Нөгөө талаар Монголчууд бараг 300 жилийн тэртээгээс Орос-Хятадыг төдийгүй Ази-Европыг холбосон транзит тээвэр эрхэлж байжээ гэж хэлж болох байна.

 

Шинэ цагийн Цайны зам

1946 онд БНМАУ болон ЗСБНХУ-ын хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 1947 оноос 1956 оны хооронд тавигдсан “Улаанбаатар” төмөр замын маршрут нь Цайны замтай давхардаж байгаа тул түүнийг “шинэ цагийн” Цайны зам гэж хэлж болох бүрэн үндэслэлтэй юм.

Цайны замаар тэмээн жин биш галт тэрэг явах боллоо

Өөрөөр хэлбэл трансмонголын уг төмөр зам өмнөх Цайны замын нэгэн адил Орос-Хятад хоёр улсыг төдийгүй Ази-Европыг холбосон худалдааны гол замын үүргийг амжилттай биелүүлж байна. Энэ төмөр замтай Монгол орны хөгжил ч шууд холбоотой. Өнөөдрийн Улаанбаатарын байшин барилгууд, Дарханы үйлдвэрүүд, “Эрдэнэт” комбинат чухамхүү энэ төмөр замын ачаар л сүндэрлэн боссон. 

Энд төмөр замын талаар арай дэлгэрэнгүй өгүүлье. XIX зууны үед төмөр зам нь улс орны эдийн засгийн хөгжилд төдийгүй бүрэн эрхт байдалд нь шууд нөлөөлдөг байлаа. Жишээлбэл, XIX зууны сүүлээр тухайн үеийн хөгжингүй орнууд Хятадад төмөр зам барих эрх авч зам барьснаар ойр хавийн нутгийг нь өөрийн нөлөөний бүс болгодог байв. Тэр үед Хиагтаас Хүрээ хүртэл, мөн Хаалганаас Хүрээ хүртэл төмөр зам тавихаар ярьж байсан боловч санхүүгийн болоод бусад олон учир шалтгааны улмаас тавьж чадаагүй. Хэрэв аль нэг нь тавигдсан бол Монгол орны өнөөгийн дүр зураг их өөр байх байсан болов уу. Тухайн үед нэг километр төмөр замыг арчилж ажиллуулахад 20-25 хүн хэрэгтэй байдаг байжээ. Цөөхөн хүн амтай нүүдэлчин Монголчууд ийм ажил хийж чадахгүй байсан нь мэдээж учир гадны ажилчид ирж суурьшин ажиллах байсан байх л даа. Дэлхийн II дайны дараа манай улсын статус-кво олон улсын хэмжээнд баталгаажсан, бас найрсаг харилцаатай хоёр улстай хиллэх болсноор нөхцөл байдал өөр болж өнгөрсөн зууны дундуур ЗХУ-ын тусламжаар баригдсан “Улаанбаатар” төмөр зам Монгол оронд зөвхөн хөгжил л авчирсан билээ.

Хуучин Цайны замын маршрутын дагуух төмөр замтай зэрэгцээд бас авто зам ашиглалтад орлоо. Цаашилбал Орос-Хятадыг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан шугам, хийн хоолойг ч энэ маршрутаар тавих судалгаа хийгдэж байна.  Мөн Орос-Хятадыг холбосон агаарын зам ч гэсэн энэ маршрутын дээгүүр өнгөрдөг. Одоо ашиглагдаж байгаа эдгээр зам, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдийг манайхан “Талын зам” төсөл гэж сүүлийн үед нэрлэх боллоо. Болохгүй ч юу байхав.

Сүүлийн үед Цайны замын сэдвээр Монгол, Орос, Хятадын эрдэмтэн судлаачид уулзалт, хурал хийж, аялал жуулчлалын компаниуд маршрутаар янз бүрийн аялал зохион байгуулах болсон нь сайшаалтай.

Дүгнэж хэлбэл дэлхийн хамгийн том газар нутагтай, байгалийн хамгийн их баялагтай ОХУ, хамгийн олон хүн амтай, эрчимтэй хөгжиж байгаа эдийн засаг бүхий БНХАУ-ын хооронд байрлах Монгол орон Цайны замын дагуух тээврийн дэд бүтцийг хөгжүүлснээр эдийн засгийн асар их үр ашиг хүртэх бололцоотой юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon