Нийтлэл 02 сарын 14, 2016

Хайр гэдэг…

Амьдралд үгээр хэлж, үзгээр бичиж болдоггүй хэдхэн зүйлс бий... Мэдээж тэдний нэг бол хайр.

Харин хайр бол...

  • Орчлон ертөнц орвонгоороо эргэж байсан ч гагцхүү түүнтэйгээ хамт байгаа цагт юунаас ч үл эмээх, юугаар ч үл дутах тэр мэдрэмж.
  • Хичнээн хэцүү байсан ч түүнийгээ л харахаар өөрийн эрхгүй инээмсэглэх тэр мэдрэмж.
  • Түүнийгээ чангаас чанга тэврэн зогсоход тив дэлхий бүхлээрээ тэвэрт багтах мэт тэр мэдрэмж
  • Түүнийхээ аз жаргалын төлөө ганц олдох амьдралаа зориулахад ч бэлэн байх тэр мэдрэмж

Тиймээ хайр бол мэдрэмж. Дүрсэлж бичиж, зүйрлэж ярьж, магтан дууллаа ч хайр хэмээх мэдрэмжийг мэдэрч үзсэн нэгэн л жинхэнээсээ мэдэх болов уу. Хайр магадгүй хүний мэдэрч болох хамгийн нандин зүйл гэхдээ тэр бас аймшигтай. Хэн ч хүчлээгүй, хэн ч шахаагүй байхад сайн дураараа өөрөө өөрийгөө өвтгөх, шаналгах бүр үхүүлж ч болох шаналалыг мэдрүүлэх тэр эрх мэдлийг түүнд олгож, амьдрал хэмээх энэ богинохон аялал аз жаргалтай байх уу уйтгар гунигтай байх уу гэдгийг шийдэх эрхийг мөн л түүндээ олгодог.

Энэ л өдөр хүн бүхэн энэ сэдвийн талаар ярилцаж буй болохоор хайрандаа халуурч, дурлалдаа шатаж, дуулим орчлонд дүүлж яваа үеийнхээ залуустаа, дүү нартаа доорхи зүйлийг хэлэхийг хүслээ.

Хоорондоо 100 хувь тохирсон төгс хос гэж хэзээ ч хаана ч  байдаггүй. Залуус маань энэ дээр хамгийн их алдаад байна уу гэх тэр бодол надад хааяа төрдөг юм. Үерхэж нөхөрлөж, хайрлаж дурлаж байх тэр үедээ насан туршдаа хайж явсан ханиа олсон хэмээн баярлан хөөрч, гэр бүл болцгоох авч тун удалгүй 2 тийшээ болж байгаа жишээ олон байна. Яагаад? Хэн нэгэнтэй үерхэж найзлах, хэн нэгэнтэй хамтран амьдрах 2 чинь үнэндээ шал өөр зүйлс юм шүү дээ. Таны өмнө цэцэг цэврүү шиг ариухан нандин санагдаж дурлалын балыг согттол нь амсуулж явсан тэр хүн чинь хамтран амьдраад ирэхийн цагт чиний урд нь харж байгаагүй ааш занг гаргаж, таалагдахгүй зүйлсийг чинь хэлээд ирэх тэр цагт миний мэдэх чи минь хааччихсан юм бэ гээд цөхрөх хэрэггүй. Тиймээ таны дурлаж явсан тэр бүсгүй чинь таны хажууд уурлаж, үглэж, туньж таны хүсээгүй зүйлсийг хийгээд явж байна. Гагцхүү энд л үерхэх, хамтран амьдрах 2-ын ялгаа бий. Энэ бол жинхэнэ бас бодит яагаад гэвэл таны хайр заавал энэ шалгуурыг давах ёстой үгүй бол таны хайр зөвхөн энд хүртэл л үргэлжлэх болно. Гагцхүү энэ үеийг давж чадах л юм бол та үнэхээр цорын ганц түүнтэйгээ учирч жинхэнэ хайраа олжээ гэдэгтээ сая итгэлтэй байж болно.

"Хайртай бол хартай" гэж бид их ярьдаг. Гэтэл хаа нэгтээ хэн нэгэн хэлэхдээ "хэрвээ чи түүнд үнэхээр хайртай бол түүнийг бүрэн чөлөөлөхөд бэлэн байх ёстой" гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл би чамд хайртай болохоор чи миний дэргэд байнга байх ёстой гэх бодол нь өөрөө дэндүү амиа хичээж өөрийнх нь хайр түүнийх нь хувьд шорон болж байгааг үл анзаараад байх шиг...

Эцэст нь "царайны сайхнаар цай сүлдэггүй юм аа хүү минь" гэх ижийнхээ сургаалыг та нартаа ч гэсэн үлдээе. Бие цогцост нь бус билэг оюунд нь, дүр төрхнийх нь сайханд бус дотоод сэтгэлийнх нь үзэсгэлэнд дурлаж, чи зөвхөн минийх гэх аминчхан бодлоор түүнийхээ ертөнцийг шорон болголгүйгээр, "цувж уурлаж, цугтаа инээж" энэ ганц амьдралдаа түүнтэйгээ аз жаргалтай сайхан амьдраарай найзуудаа.

Та бүхэндээ хайрын баярын мэндийг дэвшүүлье.

Хайр гэдэг бол мэдрэмж.

Сэтгэгдэл бичих

arrow icon