Нийтлэл 04 сарын 27, 2016

ЧЕРНОБЫЛЬ 30 ЖИЛИЙН ДАРАА

Одоогоос яг 30 жилийн өмнө, 1986 оны 4 дүгээр сарын 26-нд В.И.Лениний нэрэмжит "Чернобылийн атомын цахилгаан станц"-д осол гарч, хүн төрлөхтний түүхэнд гарч байгаагүй цөмийн осол болсон юм. Атомын станцыг барих ажил 1970 оноос эхлэн, долоо жилийн дараа эхний реакторыг ашиглалтад оруулжээ. Харин 1983 он гэхэд тус станцын 4 реактор нийт Украйны хэрэглээний элчим хүчний 10 хувийг үйлдвэрлэж байв.

Өнөөдөр дэлбэрэлт болсоноос хойш 30 өнгөрчээ. Дэлбэрэлтийн улмаас 4,762 мянган км/кв талбай цацрагийн хордолтод өртсөн. Беларус, Орос, Украйн зэрэг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас 8,4 сая хүн шууд болон дам байдлаар цацрагийн хордолтод өртсөн гэж тооцдог. Түүнчлэн ослын хор уршгийг арилгах ажиллагаанд оролцсон 600 мянга орчин хүмүүс цацрагийн өндөр тун биедээ авсан байдаг. Ослын дөнгөж дараахан 30 км-ийн аюулгүйн бүс тогтоож, 350 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм. Дөрөвдүгээр реактор дэлбэрсэний улмаас станцын ажилчид болон гал сөнөөх албаны 31 хүн амь үрэгдсэн байдаг. Тэр цагаас хойш тухайн үед ослын газар ажиллаж байгаад цацрагийн өндөр тун авсан хүмүүсээс 9000 гаруй нь цаг бусаар хорвоог орхисон гэдэг мэдээ бий.
ЗХУ-ын удирдлага дэлбэрэлтийн тухай мэдээг дарж байгаад  3 хоногийн дараа дэлхий дахинд мэдээлсэн юм. Харин барууны орнуудаас Шведийн цөмийн цахилгаан станцын цацрагийн мэдрэгч аппарат асар том хэмжээний цацрагийн тархалт болсон гэдгийг хамгийн түрүүнд мэдсэн байдаг.
1987 оны 7 дугаар сарын 7-нд "Чернобылийн атомын цахилгаан станц"-ын удирдлага, инженер техникийн зарим ажилчдыг зөвлөлтийн шүүхээр оруулсан ба 3 хүнд албан үүрэгтэй хайнга хандсан, аюулгүйн ажиллагааны горим зөрчсөн үндэслэлээр 10 жилийн хорих ял оноож байв.
Өнгөрсөн хугацаанд Чернобылийн станцын нөхцөл байдал, хадгалалт, хамгаалалт, ослын үеэр ажилласан олон мянган хүний эрүүл мэнд зэрэг, тэдэнд олгох нөхөн төлбөр зэрэг шийдвэрлэх ёстой олон асуудал үлдсэн.
Одоогийн байдлаар цөмийн реакторын гол дахь "хайлмал магма"-ыг цэвэрлэх ажил, түүнчлэн олон улсын байгууллага, улс орнуудын хандиваар цуглаж буй 2,25 тэрбум ам.долларын өртөг бүхий станцын дээгүүр тусгай "бүрхүүл" барих ажлыг гүйцэтгэж байна. Украйны засгийн газар бүх ажил төлөвлөсний дагуу явбал 2065 он гэхэд ослын хор уршигийг бүрэн арилгасан байх тооцоолж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon