Нийтлэл 05 сарын 04, 2016

Лаларизац

Цэнддоо авга(танихгүй боловч хүнд ойр, хөгжилтэй бичдэг болохоор ингэж авгайлмаар)  лалар толь эрхлэн гаргасан нь трэнд болоод энд тэнд яваад байна. Тэгээд харвал лаларшип(инновацилаг байдлаар лаларжмэнт хийх), пседо-лалар(нидэр дээрээ лалар биш авч трэндээс хоцрохгүйг хичээн лаларчлагч)  гэх мэт зарим үг гээгдсэн байна, гэхдээ энд гээгдчихсэн санагдаад байгаа хамгийн том, хамгийн чухал лаларизац гэдэг ганцхан үгийг дур мэдэн толь бичигт нэмээдхий.  Лаларизац гэдэг нь төр нийгмийн лидерүүд гар нийлэн лаларжилт, лаларшлыг бодлого төлөвлөгөөтэй хэрэгжүүлэхийг хэлж байгаа.  Модерн арт, модерн эдийн засаг, модерн сэтгэлгээ...энээ тэрээ бүгд нийлээд модернизац хийгддэгтэй адил. Лаларшил, лаларжмэнт энэ тэр үзэгдэл толь бичиг үүсэх хэмжээнд үүсэж хөгжиж байгаа бол лаларизац эргэлт буцалтгүй үргэлжилж байна л гэсэн үг.

Энэ нь ману төрөөс манлайлан хэрэгжүүлээд хоёр хагас арваныг үдсэн оркизацын дараагийн шат байх магадлал өндөр байгаан.  Учир нь хотын соёлыг удирдан хөгжүүлэх үүрэгтэй мээр маань эдийн засгийн луухгар Да.Ганболд ба бичиг оюуны биваангирд Баабар авгатай нийлж цэнхэр дэлгэцнээ заларч байгаад инээвхийлэн идэвхийлэн тайлбарлах замаар лаларизацыг албан ёсоор эхлүүлсэн билээ. Их лаларжсан даа, богино хугацаанд цөмөөрөө. Бүгд л хэлж чаддаг болсон.  Систем, сэтгэлгээний лидерүүд гар нийлээд хийе гэхээрээ хийдэг л юм байна лээ. Угтаа бусад улсад энэ мэтээр иргэдийг доромжилвол лаларын үг үзэгдэл хандлагыг хүлээж авахгүй эсэргүүцэх инерцид эргээд дайруулж, сандал суудал нь дашийн шог болдог  ч манайд бол өөрсдөө дав дажгүй агаад харин ч хэрэглээний үгэнд нэвтэрч, лаларизац улам газар авдаг байна. 

Одоо Цэнддоо авга ч хүч нэмж “Лалрын лалрыг л лалрын лалар гэхгүй юм бол ямар лалрын  лалрыг лалрын лалар гэх юм бэ” хэмээх бичиг оюуны лидерийн гараар бичигдсэн нэг өгүүлбэр дэх хараалын үгийн тоогоор рекорд тогтоож, Монголын бичиг соёлын түүхэнд  лаларын том үсгээр бичигдвэл зохих томхон бүтээлээ туурвисан байна. Шоронгийн хамуудын хараал, гудамжны доромж үгийн доод эрэмбэд явж байсан үг төрийн түшээгийн амнаас гарч гэрийн хоймороор дамжаад, бичгийн ертөнцийн сэдэв үг болж ийнхүү цөм өөдөллөө, одоо ингээд бичиж байхад ч нэг их торох юмгүй, хэлэхэд ам бардам зүгээр сайхан болж.  

Гэхдээ процесс дуусаагүй. Яагаав Үүл баатар хотоо удирдаж, Доо авга бичиглэж, сүүлийг нь Ерөнхийлөгч маань жигнэж өгдөг. Одоо удахгүй Лалар толь гаргах гэж байсныг минь түрүүлээд гаргачдаг Доо гэж чи хэн гээч лалар юм бэ гэж Ерөнхийлөгч маань жиргэж ч магад. Тэгвэл уг нь түмнээ лаларжуулах процесс явц амжилттай төгөлдөржиж,  нийгэм маань нээх сайхан ёооонк гээд нийтээрээ лаларжин доош сууж ирэх юм. Ер нь манай хэдээс ойрд эрчимтэй явуулж байгаа янз бүрээр хэрүүл заах, яс хаях, уралцуулах ажлууд цөм лаларизацын бодлогын нэг үзүүр байж ч мэдэх юм, өдий дайтай гар нийлэн хэрэгжүүлцгээж байхад цаана нь ямар нэг бодлого байдаг байлгүй дээ. Одоо бусад хараалуудаа ч сайхан төр рүү, бичиг үсгийн ертөнц рүү, соошил трэнд рүү өөд нь татаад аваад ирцгээе. Тэгээд сайхан бултаараа хараалцаж, хар цагаан нь ялгарахаа болиод дээр дооргүй чих амрана. За тэгээд нэгэнт изац буюу аливаа үг, үзэл суртлыг амьдралын бүх хэмжээст шингээн дадалжуулах процесс эхэлсэн бол дагаад өчнөөн аймаг үг үүснэ дээ.

Би трэндээ дагаад зарим нэгээс нь нөхөх гүйцээх үүргээ л гүйцэтгэж байна шүү, та нар хавиар нэг хүн хараагаад лалараар нь дуудаад унав даа, угаасаа лаларын юм хийж, лаларизацын их давалгаанд хүч нэмж  сэвж байгаагаа мэджийнэ, миний түмэн буруу..эсвэл миний судлагдахууны буруу. Ер нь тэгээд аливаа изацыг бүгдээрээ л нийлээд хийдэг шүү дээ, дээрээсээ эхлээ л, дороосоо түрээ л, "лаларуудаа"!

 

arrow icon