Нийтлэл 05 сарын 09, 2016

Орос улсад ЯЛАЛТЫН БАЯР-ыг ингэж тэмдэглэнэ

Орос орны нийслэл Москва хот болоод бусад хотуудад баярын бэлтгэл бүрэн хангагдаж, гудамж талбайг чимэглэж дуусчээ. 2016 оны 5 дугаар сарын 4-12-ны өдрүүдэд Москва хотод 14 мянган төрөл бүрийн туг далбаа, томоохон хэмжээний сурталчилгааны самбар, чимэглэл байрлуулдаг ажээ. 24 метрийн өндөртэй хамгийн том далбааг Москва хотын "Воробьёвы горы" гэдэг газар мандуулна. Мөн аугаа эх орны дайны дурсгалд зориулж барьсан "Покланная гора" цогцолборт "Традиции России" нэртэй морин шоу болон үдшийн концерт явагдана. 

Өчигдөр, 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Кремлийн хүндэтгэлийн өргөөнд ялалтын баярт зориулсан "Будем жить!" нэртэй концерт боллоо. Энэ жил фашистын германы эсрэг аугаа эх орны дайнд оролцсон, амь үрэгдсэн олон сая хүмүүсийн дурсгалд зориулсан "Үхэшгүй хороо" жагсаалыг зөвхөн Орост гэлтгүй дэлхийн 40 орчим орнууд, хотуудад зохион байгуулж байна. Энэ жагсаалд оролцож буй хүмүүс дайнд оролцсон өөрийн төрөл садан, ээж аав, ах дүү нарынхаа зургийг гартаа барьж оролцдог уламжлалтай билээ. 


Өнөөдөр Москва хотод дараах арга хэмжээг явуулахаар төлөвлөж байна. 
Өглөө, 2016 оны 5 дугаар сарын 9-ны өглөө 10.00 цагаас уламжлалт ёсоор Улаан талбайд ялалтын парад эхэлнэ. Энэ удаагийн цэргийн парадад 10 мянга гаруй офицер, цэрэг алхаж, 71 нэгж нисэх онгоц, нисдэг тэрэг нисэж, 200 нэгж зэвсэг, техник оролцоно. Өглөө Москва хотын тэнгэр үүлэрхэг байвал түүнийг сарниулах үүрэг хүлээсэн 10 нэгж нисэх онгоцнууд бэлэн байдалд байгаа. 
Өдөр, 15.00 цагаас "Тверская" гудамжнаас "Бессмертный полк/Үхэшгүй хороо" жагсаалд оролцож буй хүмүүс хөдөлгөөнөө эхлээд Кремль хүртэл явган алхана. Жагсаалд оролцож буй хүмүүсийн төрөл төрөгсдийнх нь зургийг стандарт хэмжээгээр хэвлэх, жижиг хэмжээний самбарт байрлуулахад ямар нэгэн мөнгө төлөхгүй. 
Тухайн оройны 18.55 цагт дайнд амь үрэгдсэн ЗХУ-ын 26,6 сая иргэдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж "Нэг минут" дуугүй зогсоно. Дашрамд дурдахад 1998 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабаас гаргасан албан ёсны баримтад дурдсанаар бол дайны дөрвөн жилийн хугацаанд улаан арми нийтдээ 11 сая 944 мянга 100 цэргээ алджээ. Үүний 6 сая 885 мянга цэргүүд нь алагдсан эсвэл ор сураггүй алга болсонд тооцсон, харин 4 сая 559 мянган цэрэг нь дайсанд олзлогдсон гэнэ. 
19.00 цагт баярын арга хэмжээний үеэр олон нийтэд зориулан "Үдшийн концерт" зохион байгуулна. Харин оройны 22.00 цагт ялалтын салют буудуулна. 
2016 оны 5 дугаар сарын 9-нд "День Победы" гала-концертын хүрээнд Марийнский театрт симфон оркестрийн тоглолт болно. "Театральная площадь"-д ахмад дайчдад зориулсан "Хрустальные звездочки" тоглолт, театрын жүжигчилсэн тоглолт, кино концерт болон залуу уран бүтээлчдийн тоглолтууд тус тус болно. Энэ үеэр цэргийн хээрийн хөдөлгөөнт гал зуух ажиллаж, иргэдэд үнэгүй хоол ундаар үйлчлэх ажээ. 
Түүнчлэн Оросын томоохон хотууд түүний дотор 13 баатар хотуудад цэргийн парад явагдаж, аугаа эх орны дайны баатруудын дурсгалын хөшөө, цогцолбор, мөнхийн галд цэцэг өргөх хүндэтгэлийн болон бусад арга хэмжээнүүд явагдана. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon