Нийтлэл 06 сарын 10, 2016

Германд сурч буй хуулийн ангийн оюутан Анжелина Солонго: Хуульчдыг татварын эрх зүйгээр мэргэшихэд нь хувь нэмрээ оруулна

ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй татварын хуульч Анжелина Солонготой хийсэн богино ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна.

-Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Намайг Анжелина Солонго гэдэг. ХБНГУ-д татварын зөвлөх үйлчилгээгээр нэгт ордог “MRB Nr1 Steuerberatung & Wirtschaftsprüfungsgesellschaft GMBH” гэх татварын компанид 2012 оноос үнэт цаасны шинжээчээр ажиллаж байна. Татварын хэрэг маргаанд төвлөрч, өмгөөлөл хийх, компаниуд дээр очиж шинжээч хийх зэрэг үүрэг гүйцэтгэж, ажилладаг.

-Сурдаг сургууль болоод боловсролын тухайд?

Одоогоор Lotis universität сургуульд татварын өмгөөлөгчөөр суралцаж байна.

-Хуульч, өмгөөлөгчийн шалгалтын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

Улсын нэг дэх шалгалт. Эхний ээлжид 250 кредит мэргэжлийн хичээлийг судлаад, сургуулиа төгсөнө. Дараа нь хуульчийн шалгалт өгөх эрхтэй болно.

Хоёрдугаар шалгалт. Нэгдүгээр шалгалт өгсний дараа орох эрхтэй болно. Сургуульдаа дүнгээрээ эхний 10-т орсон төгсөгч нарыг Германы компаниуд хуульч, өмгөөлөгчөөр ажилд авах сонирхолтой байдаг.

-Та боломжтой бол ойрын төлөвлөгөөгөө хуваалцана уу? 

Монгол улсын оюутнуудыг олон улсын төвшинд гаргахад туслалцаа үзүүлэх, мөн хуульчдыг татварын эрх зүйгээр мэргэшихэд нь өөрийн хувь нэмрийг оруулна гэж төсөөлж байна. Энэ зорилгоор Фэйсбүүк дэх “Шинэ хуульчдын Орчлон клуб” бүлэгт тогтмол мэдээлэл нийтэлж, зөвлөгөө өгч байна. Дашрамд хэлэхэд,ХБНГУ-д суралцахад их, дээд сургууль үнэ төлбөргүй байдаг.

-Монгол болон Герман оюутан, залуусын хувьд ялгаа хэр их байдаг вэ?

Германы хуулийн оюутнууд үнэнч шударга, сэтгэл зүйн хувьд хаттай, илэн далангүй байдаг. Монгол хүүхдүүд дотогшоогоо шинжтэй санагддаг. Цаашид энэ тал дээр анхаарч, суралцвал манай оюутнууд ирээдүйд шүүх хуралдаанд оролцож, үйлчлүүлэгчид зөвлөгөө өгч ажиллах үед маш их хэрэг болох юм.

-Германд хуульчаар ажиллаж байгаа хуульчид чөлөө зав хэр байдаг вэ?

Гэрээгээр өөр байгууллагад хуульчаар ажиллах боломжгүй. 7 хоногт 40-60 цаг ажилладаг. Гэхдээ спортоор хичээллэх зав гаргана. Тухайлбал, усан бассейн, фитнес клубт явахаас гадна балетаар хичээллэдэг.

-Та яагаад хуульч мэргэжил сонгох болов оо?

Бага байхдаа хуульч болох тухай бодож байсангүй. Загвар өмсөгч, онгоцны үйлчлэгч болно гэж бодож байсан. Татварын хуульч болсон нь надад маш сонирхолтой санагдсан, бас хуульч болсон маань Монгол улсад хэрэгтэй салбараас гадна хувь хүний зан байдалд нийцсэнтэй холбоотой болов уу.

-Хуульч хүнд гадаад хэлний мэдлэг хэр хэрэгтэй вэ? Ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хуульч хүн зайлшгүй англи хэлтэй байх ёстой. Мөн герман хэл. Үүнээс гадна орос хэл хэрэгтэй. Би одоогийн байдлаар хятад хэл сурч байна. Мөн Монгол хэлээ сайжруулж байгаа. Герман, англи хэлтэй хуульчийн хувьд хэлэхэд, олон улсын төвшинд ажиллахад зайлшгүй хэлний мэдлэг шаардлагатай байдаг.

-Монголын хуульч, хуулийн оюутнуудад зориулж өгөх зөвлөгөө байна уу?

-Зоригтой байгаарай. Хуулийн салбар хаана ч хэцүү байдаг. Цаашид олон улсын хэмжээнд ажиллахыг зориорой. Хамгийн чухал нь уйгагүй хөдөлмөр. Үүнийг хялбарчлах боломжгүй.

Ярилцсан: Л.Галбаатар

 

Сэтгэгдэл бичих

arrow icon