Нийтлэл 06 сарын 06, 2017

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Си Жинпиний үеийн Хятадын элитүүд

Ирэх намар Хятадын Коммунист намын Төв хорооны 19-р их хурал болох гэж байна. Энэ их хурлаар өнгөрсөн таван жилийн намын ажлыг дүгнэж, шинэ удирдлага, бүрэлдэхүүнийг сонгох ёстой. Си Жинпин хоёр дахь удаагаа бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэсэн хүлээлт өндөр байгаа ба засаглал, удирдлагын шинэ бүтэц, шинэ харилцааг бий болгож байгаа нь авилгатай хийж буй тэмцэл, нам, төрийн бүтцийн өөрчлөлтөөс харагдаж байгаа билээ. Үүнээс гадна Хятадын баруун болон баруун өмнөд хэсэгт оршдог буурай хөгжилтэй мужуудад ажиллаж байсан хүмүүсийг нам, төрийн дээд албан тушаалд томилж байгаа аж. Ингээд Брүүкинг институтийн Хятадын судлалын төвийн захирал Чен Ли (Cheng Li), тус төвийн судлаач Люси Шу (Lucy Xu) нар Хятадын шинэ элитүүдэд ямар нийтлэг шинж байгааг  тайлбарласан өгүүллийг орчуулан хүргэж байна.

Хятадын нэгэн алдартай зүйр үгэнд

“Амьдралын хамгийн хатуу сорилтуудыг давж чадах хүн бусдын мөр, толгойноос дээр гарах ёстой”

гэдэг. Эртний энэ сургааль орчин үеийн Хятадын улс төрийн тавцанд үнэ цэнэтэй хэвээр байна. Тухайлбал, Си Жинпиний засаглал Хятадын хамгийн ядуу, алслагдсан, “хүнд амьдралтай” нутгуудаар ажиллаж байсан хүмүүсийг албан тушаалд дэвшүүлж байна. Ялангуяа Төвд, Шинжаан, Ганьсу, Гуйжоу, Хөхнуур зэрэг баруун, баруун өмнөд мужуудаас сонгож байгаа ажээ.

Хятадын Коммунист намд саяхан албан тушаал дэвшсэн таван хүн гэхэд хүнд амьдралтай нутгуудад ажилласан арвин туршлагатай хүмүүс юм. 2016 оны 12-р сард Удирдлагын яаманд[1] томилогдсон Янг Шяоду, 1953 онд төрсөн,  20 илүү жил Төвдөд ажилласан, Шанхайн уугуул:. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Төрийн өмчийн удирдлагын комунисст намын нарийн бичгийн даргаар томилогдсон Хао Пенг, 1960 онд төрсөн, 1990-ээд оноос хойш Ганьсу, Төвд, Хөхнуур зэрэг хүнд амьдралтай мужуудад ажиллаж туршлагажсан.. 2016 онд 6-р сард Хятадын Кибер орчны удирдлагын газрын даргаар томилогдсон Шу Лин, 1954 онд төрсөн, бас Шанхайн уугуул, 1990-ээд оноос хойш Төвдөд ажиллаж эхэлсэн Шанхайн кадруудын нэг. Че Жун, 1955 онд төрсөн, 2017 оны 1-р сард Шинжаанаас гарч Жөжян мужийн захирагчаар томилогдсон байна. Түүнчлэн Ин Хонг, 1963 онд төрсөн,  2000 оны эхээр хүнд амьдралтай мужуудад тусламжийн ажил хийж (yuanzang ganbu) байсан, 2017 оны 2-р сард Шанхайн намын хорооны дэд нарийн бичгийн даргаар томилогджээ. Эдгээр таван лидер энэ хавар болох Төв хорооны 19-р хуралд суудал эзлэх болох нь.

Үүнээс чухал нь хүнд нөхцөлтэй бүс нутагт ажиллаж байсан эсвэл ажиллаж байгаа улс төрийн дээд албан тушаалтнуудаас Улс төрийн товчоо, Улс төрийн товчооны байнгын хороонд нэр дэвших өндөр магадлалтай байна. Ли Жаншу (1950 онд төрсөн) Си Жинпиний эртний анд, Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Хятадын Коммунист намын Төв Тамгын газрын дарга юм. Тэрээр одоо Гуйжоу мужийн намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Хөхнуур мужид төрж өсөн, мужийнхаа намын хорооны нарийн бичгийн даргаар ажилласан Жао Лежи (1957 онд төрсөн)  Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Удирдлагын төв газрын[2] дарга юм.  Түүнийг Си Жинпиний итгэлт хүмүүсийн нэг гэдэг. Мөн Чен Мин’эр (1960 онд төрсөн) Жөжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, түүнийг 1960-аад оны үеийнхэн дундаас Си Жинпиний талтай хүний нэг гэдэг.

Гэхдээ албан тушаал дэвшиж буй бүх хүн Си Жинпиний ойрын хүмүүс биш. Тодруулбал зарим нь Ху Жинтао, Ли Көцян зэрэгтэй бат бөх харилцаатай байдаг. Ху Жинтаогийн ойрын хүн Ху Чунхуа (1963 онд төрсөн) мөн Улс төрийн товчоонд ажилладаг ба Гуандун мужийн намын хорооны нарийн бичгийн дарга юм. Тэрээр 20 насандаа Бээжингийн их сургуулийг төгсөөд Төвдөөс ажлын гараагаа эхэлсэн, 1988-1992 оны хооронд Ху Жинтаогийн шууд удирдлага дор Төвдөд томилогджээ. Ху Чунхуа Төвдөд хоёр удаа томилогдохдоо нийтдээ 20 орчим жил ажилласан байна. Ли Көцяны ойрын хүн, Төвдын намын хорооны нарийн бичгийн дарга асан Чен Чуангуо (1955 онд төрсөн) саяхан Шинжааны намын хорооны нарийн бичгийн даргаар томилогджээ. Энэ бол Хятадын Коммунист намын оффисеруудаас түүхэнд анх удаа Төвд, Шинжаанд аль алиных нь дээд удирдлагад ажилласан тохиолдол юм. Тэрээр Улс төрийн товчооны шинэ бүрэлдэхүүнд багтах өндөр магадлалтай.

Хятадын дээд удирдлага, Улс төрийн товчооны гишүүд алслагдсан нутгуудаар ажиллаж туршлагажсан байх нь шинэ үзэгдэл биш. БНХАУ-ын дарга Ху Жинтао Гуйжоу болон Төвдийн намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улс төрийн товчооны гишүүн асан Ван Лечуан болон одоогийн Улс төрийн товчооны гишүүн Жан Чуншян, Гуо Жинлон нар бүгд эдгээр мужид ажиллаж байсан. Тодруулбал Ван Лечуан болон Жан Чуншян нар Шинжааны намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, харин Гуо Жинлон Төвдийн намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Эдгээр албан тушаалтнууд бүгд төстэй зам туулжээ: харьцангуй хөгжсөн мужид ажиллаж байснаа хөгжүүлэх шаардлагатай бүс нутгийн удирдлагад дээд албан тушаалд ажиллахаар очсон байна. Энэ удаагийн томилгоонд өмнөх үеэс ялгаатай нэг хачирхалтай зүйл нь Си Жинпиний удирдлага дор дэвшиж буй хүмүүс ихэвчлэн доод түвшний тушаалд байсан хүмүүс бөгөөд бүхэлд нь харвал бэрхшээл, хүндрэл ихтэй мужуудаар ажиллаж арвин туршлага хураасан хүмүүс байгаа юм.

Өнгөрсөн цөөн хэдэн жилд албан тушаал дэвшсэн хүмүүсийг гурван хэсэгт хувааж болно. Эхний хэсэг нь өмнөх засаглалын үеийн хөгжлөөр хоцрогдсон мужид ажиллаж байсан хүмүүстэй төстэй. Өөрөөр хэлбэл харьцангуй түлхүү хөгжилтэй мужийн  удирдлагад дээд албан тушаалд ажиллаж байснаа цөөн хэдэн жилээр хүнд нөхцөлтэй мужууд руу томилогддог. Өмнө дурдсан Че Жун болон Шинжлэх ухаан, технологийн яамны дэд сайд Хуан Вэй (1961 онд төрсөн), Татварын ерөнхий газрын дэд сайд Ху Вэй (1962 онд төрсөн), Хууль зүйн яамны нэгдүгээр дэд сайд Шионг Шуангуо (1964 онд төрсөн) нар бүгд Шинжаанд ажиллаж үзсэн намтартай. Үүнчлэн, Хятадын Коммунист залуучуудын холбооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Чин Ижи (1965 онд төрсөн) Төвдөд дэд захирагчийн албан тушаал хашиж байв. Эдгээр хүмүүс бүгд 1960-аад онд төрсөн бөгөөд ядуурал ихтэй нутгуудаар багагүй хугацаанд ажилласан байдаг. Тэдний одоогийн албан тушаал, арвин туршлага, харьцангуй нас залуу зэргийг нь харгалзан үзвэл Төв хорооны 19-р хуралд нэлээн хүчтэй өрсөлдөх нэр дэвшигчид болох юм.

Хоёр дахь хэсэг нь харьцангуй хөгжсөн мужуудад ажиллаж байгаад дээд албан тушаал руу шилжсэн гэхээсээ хүнд амьдралтай муж дотроо шат дамжин дэвшсэн хэсэг юм. Өмнө дурдсан Янг Шяоду болон Хао Пен, Коммунист намын суртал ухуулгын төв газрын дэд дарга Чуи Юуюинг (1958 онд төрсөн), Хайнан тойргийн намын байнгын хорооны гишүүн Ван Руилиан (1964 онд төрсөн) нар хоёул Төвдөд олон жил ажилласан туршлагатай. Эдгээр албан тушаалтнууд 20-40 жилийг   амьдрал хүнд мужуудад ажиллаж өнгөрөөсөн. Тэдний давуу тал: муждаа холбоо сүлбээ сайтай. Нөгөө талаас эдгээр төрийн албатууд Төвд болон бусад сул талтай мужид удаан тэсч ажилласан нь намдаа үнэнч зүтгэсний баталгаа билээ. Тэднийг томилгоогоор шагнах нь нэг бодлын мэдээжийн зүйл.

Гурав дахь хэсэг нь өмнө дурдсан Шу Лин, Ин Хонг (хоёулаа 1960-аад онд төрсөн) нар юм. Залуу кадруудын хувьд Шанхай зэрэг эдийн засгийн хөгжилтэй бүс нутгаас асуудал ихтэй мужууд руу шилжиж гамшигийн нөхцөлд ажиллаж үзсэн. 1995 онд Коммунист намын удирдлагын төв албанаас алслагдсан бүс нутгийн хөгжлийг дэмжих боловсон хүчин илгээх хөтөлбөр (yuanzang ganbu) санаачилж, эргийн дагуух мужуудын залуу кадруудыг Төвд рүү системтэй томилсон байдаг. Эдгээр кадрууд анхны албан тушаал руугаа буцаж ирэх хүртлээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиглэлээр гурван жил ажилласан байдаг. Өнгөрсөн 20 жилийн турш Хятадын удирдлагууд уг хөтөлбөрийн (yuanzang ganbu) хүрээнд нийт 6,000 орчим кадруудыг 7 хуваан илгээжээ. Төв  албаны зүгээс Шинжаанд ч үүнтэй төстэй хөтөлбөр эхлүүлж 19 засаг захиргааны нэгжээс хөтөлбөрт оролцох мэргэжилтнүүдийг (yuanjiang ganbu) цуглуулсан. Одоо  тэднээс дээд албан тушаалд томилогдож эхэлж байна.

Ийм хөтөлбөр, сургалт ямар ач холбогдолтой эсэхийг мэдээж хэлэлцэж судлах шаардлагатай. Тодруулбал хөгжөөгүй мужид туршлага хуримтлуулах нь илүү сайн удирдагчдыг бий болгох уу, эсвэл эдгээр албан тушаал зүгээр өнгөлөн далдалт уу?  Аль нь ч байсан хүнд нөхцөлтэй мужаар ажиллаж байсан хүмүүс Хятадын улс төрийн дээд хүрээнд, хурдан дэвших боломжтой албан тушаалд томилогдож байна.

Си Жинпин яагаад эдгээр төрийн албатуудыг томилох болсон талаар хэд хэдэн таамаг хувилбар байна:

  • Си Жинпин өөрөө Шэньси мужийн ядуу тосгон “Ян’ан”-д 7 жил хар бор ажил хийж байсан. Тэрээр ийнхүү туршлага хураасан хүнд жилүүд үндэсний удирдагч болоход тусалсан гээд энэ нутгийг их сайнаар дурсан ярьдаг.
  • Өнгөрсөн долоо хоногт 19-р Үндэсний Намын их хуралд Си Жинпин Жөжян мужийн төлөөлөгчдийн нэг болсон. Тэрээр 2012 оны 18-р их хуралд Шанхайг төлөөлж байсан. Энэ шилжилт нь Хятадын баруун, баруун өмнөд хэсгийн буурай мужуудтай өөрийгөө холбох гэсэн хүслийг нь харуулж байна.
  • Си Жинпин магадгүй ойрын хүмүүсээ хурдан албан тушаал дэвшүүлэхийн тулд хүнд нөхцөлд ажилласан гэдгээр зөвтгөж байж болно. Коммунист намын ахмад албан тушаалтнууд алслагдсан мужид ажилласан туршлагыг сайшаадаг учраас танил талаа татсан гэсэн буруутгалаас зайлсхийхийн тулд дээрх нөхцөлийг ашиглаж байж болно.
  • Хүнд нөхцөлтэй мужид ажилласан туршлагатай албан тушаалтнуудыг дэвшүүлж байгаа нь Си Жинпинд Хятадын баруун, баруун өмнөд хэсгийн хөгжил, засаглалыг онцгойлон анхаарах боломж олгож байна. Тэдний газар дээр нь олж авсан мэдлэг эдгээр мужыг засаглах арга хэлбэр, бодлого зэрэгт нөлөөлөх болно.
  • Нэр дэвшиж буй албан тушаалтнууд улс төрийн харилцаа холбоонд удирдагч-дагагчдын шинэ холбоог үүсгэж, цаашлаад 2017 оны намар эхлэх Си Жинпиний хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд улс төрийн тогтвортой байдлыг бэхжүүлэх юм.

Хүнд нөхцөл бүхий мужуудад туршлага хураасан намтар Хятадын улс төрийн лидерүүдийн нийтлэг онцлог болоод байна. Үүнийг Ли Жаншу, Жао Лежи, Ху Чунхуа болон Чен Мин’эр нар Хятадын Коммунист намын дээд удирдах байгууллага Улс төрийн товчооны байнгын хорооны шинэ нэр дэвшигчдийг бүрдүүлж байгаагаас бэлхнээ харж болно. Хэдийгээр эдгээр лидерүүд өөр хоорондоо ялгаатай зам туулж ирсэн ч тэд бүгд буурай, алслагдсан мужуудаас мэргэжлийн туршлага, цааш ахих боломж олж чадсан. Хүнд нөхцөлд ажиллаж туршлага хураах нь Хятадын Коммунист намын тогтолцоонд үнэлэгдсээр ирсэн бөгөөд Си Жинпиний удирдлагын үед энэ онцлог улам бүр тодорч байна. Тиймээс Хятадын Коммунист намын ирээдүйн лидерүүдийн замналыг оновчтой шинжилье гэвэл энэ чухал хүчин зүйлийг анхааралдаа авах хэрэгтэй.

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.chinausfocus.com

 

[1] Төрийн албан хаагчдыг сургах, хянах чиг үүрэгтэй яам Орч.

[2] Хятадын Коммунист намын албан тушаалтнуудын томилгоо, зохион байгуулалтыг хангах чиг үүрэгтэй байгууллага Орч.

arrow icon