Нийтлэл 06 сарын 08, 2017

“Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдлаа

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.06.08) нэгдсэн хуралдаан 10 цаг 24 минутад эхэлж, Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн боловсруулсан “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлт, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх", 21 дүгээр зүйлийн 21.5-д “Ажлын хэсэг байгуулах, түүнчлэн бодлогын баримт бичиг боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангаж зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх шаардлагатай бол Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд тогтоол гаргаж болно” гэж тус тус заасныг үндэслэн Эдийн засгийн байнгын хороо 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, комиссийн үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийх ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, бүрэлдэхүүнд Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Ундармаа, М.Оюунчимэг, С.Чинзориг нар орж ажиллажээ. Ажлын хэсэг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актууд, гэрээ хэлцэлүүд, хяналт шалгалтын явцад цуглуулсан нотлох материалд үндэслэж 2017 оны тавдугаар сарын 17-ны өдөр дүгнэлт гарган Эдийн засгийн байнгын хорооноос өгөгдсөн чиглэлийн дагуу уг дүгнэлтэд үндэслэж УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Хяналт шалгалт хийсэн хугацаанд Монголбанкны алдагдал жилд 2-3 дахин нэмэгдсэнээр 2012-2016 онд 3,19 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдал үүссэн болох нь тогтоогджээ. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Монголбанкны алдагдлыг Засгийн газар хариуцан нөхөж байх зохицуулалттай тул Монголбанкны алдагдлыг улсын төсвөөс хаах нөхцөл байдал үүссэн байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн ачааллаас үүдэж уг алдагдлыг улсын төсвөөс хаах боломжгүй учраас Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг хэрхэн барагдуулах талаар болон уг алдагдлыг үүсгэсэн, улмаар төрд хохирол учруулсан этгээдэд хуулийн хариуцлага тооцуулахад тогтоолын төсөл чиглэсэн байна. 2012-2016 онд Монголбанкнаас Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлээр тогтоосон үйл ажиллагааны чиглэлд заагдаагүй үйл ажиллагаа явуулсан, мөн хуулийн 23 дугаар зүйлээр хориглосон үйл ажиллагааг явуулсан, Монгол Улсын хүчин төгөлдөр хууль, эрх зүйн актыг хэрэгжүүлэхдээ албан тушаалын байдлаа урвуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас төрд онц их хэмжээний хохирол учирч, Монголбанкны 3,19 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдал үүссэн байна. Уг үндэслэлээр холбогдох этгээдийг буюу тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд хуулийн хариуцлага тооцуулах, хохирлыг барагдуулах арга хэмжээ авах шаардлагатай хэмээн үзжээ. Монголбанк Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлдэггүй, тус банкны ерөнхийлөгчийн тушаалаар хууль давуулж батлагдсан “Монголбанкин дахь төрийн болон байгууллагын нууц, аюулгүй байдлыг хамгаалах журам”, “Монголбанкины үйл ажиллагаанд хамаарах төрийн болон байгууллагын нууцыг хамгаалах журам”-ын дагуу нууцлах шаардлагагүй мэдээллийг нуун дарагдуулж, хуульд нийцээгүй үйл ажиллагаагаа далдалж байсан гэж Ажлын хэсэг дүгнэсэн байна. Монголбанкны Эрдэнэсийн сангийн эд зүйлсийг холбогдох журмыг зөрчиж бусдад тараах, хуваарилах, тус санд зах зээлийн үнэлгээнээс олон дахин өндөр үнээр эд зүйл авсан үйлдлүүд тогтоогдсон учраас хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагатай хэмээн үзсэн болохыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан танилцуулгадаа дурдав. Түүнчлэн Монголбанкны Нийгмийн хөгжлийн санд 2012-2015 онд нийт 10 тэрбум төгрөг төсөвлөж, ажилтнуудад үзүүлсэн орон сууцны зээлийн дэмжлэгт 4.1 тэрбум төгрөг, тусламж, тэтгэмжид 3.4 тэрбум төгрөг, шагналд 0.5 тэрбум төгрөг, баяр ёслолын арга хэмжээнд 0.5 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ. Ингэж зарцуулахдаа холбогдох журмыг зөрчин өмнө нь Монголбанкнаас орон сууц авсан хүнд дахин орон сууцны дэмжлэг үзүүлэх, үндэслэл, шалтгаангүй шагнал, тэтгэмж, тусламж олгох, цөөн хүнд олон удаа тусламж, тэтгэмж, дэмжлэг үзүүлж байсан зөрчлийг арилгах, төрийг хохиролгүй болгох арга хэмжээ авах шаардлагатай хэмээн үзсэн гэв.

Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлсэн “Гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд 13 аж ахуйн нэгжийг хууль бусаар сонгон шалгаруулж, 127.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон, уг хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийг зориулалт бусаар зарцуулж гэрээний үүргийг ноцтой зөрчсөн нэр бүхий 45 аж ахуйн нэгжид гэрээнд заасан хариуцлагыг тооцох буюу нийт 369.5 тэрбум төгрөгийн зээлийг хэрэглэсэн хугацаагаар нь арилжааны банкны зээлийн хүүд шилжүүлж зөрүүг нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг гэрээний үүргийг хангагч Монгол Улсын Засгийн газар, Монголбанкинд даалгах шаардлагатай. Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн санхүүжилтэд нийт дүнгээр 3.6 их наяд төгрөгийг зарцуулснаас санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 1.65 их наяд төгрөг байгаа аж. Уг хөтөлбөрийн санхүүжилтийг зориулалт бусаар ашигласан эсэх, албан тушаалтан завшсан эсэхийг тогтоолгохоор хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүжилт болон хэрэгжилтэд тусгайлсан нийцлийн аудит хийлгэх  шаардлагатай хэмээн үзсэн байна. Дээр дурдсан зөрчлүүдийг арилгах, төрд учруулсан хохирлыг барагдуулах, холбогдох этгээдэд хуулийн хариуцлага тооцоход чиглэгдсэн УИХ-ын тогтоолын төслийг Ажлын хэсгээс боловсруулжээ.

Эдийн засгийн байнгын хороо дээр дурьдсан шалгалтын Ажлын хэсгийн танилцуулгыг 2017 оны тавдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар сонсоод чиглэл өгсний дагуу Ажлын хэсгээс “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсныг тус Байнгын хороо 2017 оны тавдугаар сарын 30, зургаадугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, Д.Тэрбишдагва нар “Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд гаргасан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, батлуулах” гэсэн дэд заалтыг төслийн 1 дүгээр заалтад нэмэх, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тогтоол төслийн 1.4 дэх дэд заалтыг “2012-2016 онд ажиллаж байсан Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулах” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд эдгээр саналыг төсөлд тусгасан байна.

Төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Сарангэрэл, Д.Дамба-Очир, Д.Эрдэнэбат, Н.Цэрэнбат, Б.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, З.Нарантуяа, Л.Болд, Ц.Гарамжав, М.Билэгт нар асуулт асууж, Ажлын хэсэг болон Монголбанкны удирдлагуудаас хариулт авлаа. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг Монголбанкны үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгалт хийсэн. Төв банкны үйл ажиллагаа бол хуулиар заасан үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх ёстой байтал 2012-2016 онд тус банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал хуульд заагаагүй, хууль бус үйл ажиллагааг их хэмжээгээр явуулсны улмаас их хэмжээний хуримтлагдсан алдагдал үүссэн.

Түүнчлэн Монголбанкны хуулиар хориглосон үйл ажиллагаануудыг явуулсны улмаас их хэмжээний хохирол учруулсан бөгөөд эдгээрээс үүдэн төсөвт их хэмжээний дарамт учраад байгаа гэв. Ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажилласан бөгөөд Ажлын дэд хэсэгт мэргэжилтнүүд, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллүүд ажилласан. Ажлын хэсгийн шалгалтын явцад илэрсэн дээрх хууль бус үйлдлүүд, тэдгээрийн улмаас байгууллагад, улсад их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх шаардлагатай, ингэснээр төрийн албанд хариуцлага ногдуулдах, хариуцлага тооцдог сайн жишгийг тогтоох нь зүйтэй  гэдгийг хэллээ.

Мөн тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Чинзориг, Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл нар өнгөрсөн хугацаанд Монголбанк хуулиас гадуур үйл ажиллагаа явуулж байсан нь Ажлын хэсгийн шалгалт төдийгүй хөндлөнгийн аудитын дүгнэлт, гаднын санхүүгийн байгууллагын шалгалтаар удаа дараа тогтоогдсон. Төрөөс тодорхой зорилгоор хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн хүрээнд гаргасан санхүүжилтийг авч, зориулалтын бусаар зарцуулсан, алдаатай бодлого шийдвэрүүд гаргаж байсан нь удаа дараагийн шалгалтаар тогтоогдоод байгаа тул хуулийн хүрээнд холбогдох арга хэмжээ авах чиглэл бүхий УИХ-ын тогтоол батлах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Харин Монголбанк нь УИХ-аас баталсан Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлдэг, Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдагдсан 3,19 их наяд төгрөгийн алдагдал нь тухайн үеийн улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд тохируулан төрөөс авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд үүссэн хэмээн үзэж буйгаа УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Д.Эрдэнэбат нар хэлсэн. Түүнчлэн гишүүд Монголбанкинд хийсэн энэ удаагийн шалгалтын дүгнэлт, түүнтэй холбоотойгоор гарч буй УИХ-ын шийдвэр нь өнөөгийн Монголбанкны удирдлагуудад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах анхааруулга болж буйг тэмдэглэн хэлж байлаа.

Ингээд Байнгын хорооны саналаар хэлэлцэж буй УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 76 хувийн саналаар дэмжин, “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих

arrow icon