Нийтлэл 12 сарын 03, 2017

Үр хүүхдээ гэмт этгээдээс сэргийлэх нь #facebook #trending

Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ багшийн "Үр хүүхдээ гэмт этгээдээс сэргийлэх нь"зөвлөгөө фэйсбүүк ертөнцөд трэнд болж байгааг хүргэж байна. 

Хүүхдээ гэмт хэрэгтнээс, гаж донтноос хамгаалах нь нэн тэргүүнд эцэг эхчүүд бидний үүрэг билээ. Үүний тул хүүхдүүд ч тодорхой мэдлэг мэдээлэлтэй, эцэг эхчүүд ч сонор сэрэмжтэй байх ёстой.

Бага насны хүүхэдтэй аавын хувьд та бүхэндээ хэдэн зөвлөгөө өгье. Нийтийн сүлжээгээр цаазаар авах авахгүйн тухай л маргалдаад, нэгнээ гаж донтон эсэхээр нь яллаад байхаас биш, яг хүнд хэрэгтэй зөвлөгөө бараг гарсангүй.

Нэг. Хүүхдэд өгөх зөвлөгөө

  • Гэрийнхээ хаяг, эцэг эхийнхээ утасны дугаарыг цээжээр мэддэг байх.
  • Цагдаа, эмнэлэг рүү хэрхэн залгадгийг мэддэг байх.
  • Хүнээс айж жийрхвэл шууд зугтаа. Аюулгүй газар луу шүү дээ.
  • Том хүнийг хүндлэх ёстой, гэхдээ эвгүй, аюултай санагдвал заавал хүндлэх албатай биш гэдгийг ойлго.
  • Эцэг эхээсээ, багшаасаа “нуух ёстой нууц”, “нуух ёсгүй нууц” гэж байдгийг ойлго. Мэдээж хүүхдүүд хоорондын нууц гэж байлгүй яах вэ, гэвч зарим нэг “нууц” бол нууж болдоггүй юм байдаг юм шүү.
  • Утсан дээрээ ганцхан товчлуур дараад шууд залгах утасны жагсаалттай бол. Аав ээж багш гэх мэт. Орчин үеийн бараг бүх утсанд тийм төхөөрөмж бий.
  • Гэртээ ганцаараа байгаагаа хэнд ч бүү мэдэгд.
  • Том дэлгүүрт төөрчихвөл эцэг эхээ өөрөө битгий хай. Дэлгүүрийн худалдагч, тэнд ажилладаг хүн дээр очоод хэлээд, эцэг эхээ иртэл яг тэндээ л байж бай.
  • Ийш тийш явахдаа гэрэлтэй, танил замаараа л явж бай. Зам товчлох гэж харанхуй нарийн зам руу орж болохгүй.
  • Хүнд баригдвал чанга хашгир, хаз, өшгил, зугтаа. Барьсан тэр хүн юу ч гэж хэлсэн бүү итгэ.
  • Том хүн чамд эвгүй санагдмаар хачин юм хэлсэн бол заавал эцэг эхдээ мэдэгдэж бай.
  • Интернэтэд орохоосоо өмнө эцэг эхээсээ заавал зөвшөөрөл авч сур.
  • Эцэг эх чинь зөвшөөрөөгүй бол онлайнаар хэнтэй ч бүү ярь.

Хоёр. Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

  • Хүүхэдтэйгээ бүр анхнаас нь итгэлтэй, айж эмээх зүйлгүй харилцаа үүсгэн, ярилцдаг болгож сурга.
  • Үнэнээ хэлсэн, багахан алдсан болгон дээр нь битгий загнаад хашраачих. Бамбар тугалын үлгэр болуузай.
  • Хэзээд ч хаа ч явсан хүүхэдтэйгээ шууд харилцаж чадахаар бай (утас, цэнэг)
  • Унаа машинд ганцааранг нь суулган явуулж хэрхэвч болохгүй.
  • Хүүхдийнхээ өдөр тутмын үйл ажил, тоглоом цэнгээнд байнга оролцож, юу болж байгааг мэддэг бай.
  • Хэчнээн ядарсан ч бай хүүхдийнхээ гомдлыг, муухай зүүдийг нь ч хүртэл анхааралтай сонсож бай. Учир шалтгаан байгаа юм биш биз.
  • Эвгүй муухай хэрэг төвөг гарсан тухай мэдээ ирвэл хүүхэдтэйгээ тэр тухай ярилцаж, юу бодож явдгийг нь сонс.
  • Элдэв танихгүй хүн хүүхдийг чинь анхаарсан байх вий, ажиж мэдэж бай.
  • Том хүнийг хүндэлдэг боловч эвгүй хүнийг таньдаг, эсэргүүцдэг болгож сурга. Хүүхдэд өөрт нь мэдрэмж байх ёстой.
  • Хүүхдэд хувийн нууц гэж мэдээж байна. Гэвч ямар зүйлийг нууцалж болохгүй вэ гэдгийг маш сайн ойлгуулж өг.
  • Интэрнэт орчинд юу хийж, хэнтэй харилцаж байгааг нь байнга мэдэж бай. Энэ бол хүүхдийн хувийн асуудал биш.

Хамгийн чухал нь энэ дээрх бүх зөвлөгөөг дагахдаа, бэлдэхдээ хүүхдээ айлгах маягаар хүмүүжүүлж огт болохгүй. Бид нийгэм дотор нийгмээсээ айсан, зожиг хүүхэд өсгөх гээгүй, гагцхүү аливааг мэддэг, мэдэрдэг, сайн муу хүнийг ялгадаг, аюултай үед яахаа мэддэг ухаантай хүүхэд л өсгөх гэж байгаа. Үүнийг бүү март. Аймхай биш, ухаантай хүүхэд...

Энэ дээрх зөвлөгөөнүүдийг дагаж чадвал ялангуяа манай нөхцөлд хүүхдийн аюулгүй байдал тун дээрдэх магадлалтай. Яагаад манай нөхцөлд гэж байна гэхлээр, албаны хүмүүсийн хэлэх нь хүүхдийн хүчирхийллийн хэрэг манайд ихэнх тохиолдолд таньдаг хүнээс, гэр бүлийн ойрхон хамаатан зэргээс ирдэг гэнэ. Урд хойд хөршийнх шиг учиргүй хар машин ирж зогсоод, гудамжнаас аваад явдаг нь бараг үгүй аж. За тийм, үл таних этгээдүүдэд ч тэр, тэгтлээ машин техникээр тоноглогдоогүй, харин хүүхдийг хуурах, чихэр мөнгөөр урхидан хүнээс хол аваачих зэрэг нь түгээмэл аж. Ийм тохиолдолд миний хэлээд байгаа тэр, хүүхдийн сайн муу хүнийг таних мэдрэмж, эцэг эхдээ юуг хэлж байх ёстойг мэддэг байх, том хүний үйлдлийн юу нь зохистой юу нь зохисгүйг мэддэг байх, танихгүй хүнд үл итгэх... гэх мэт мэдлэг, мэдрэмжүүдийг суулгаж өгөх нь тун хэрэгтэй юм.

Нийтийн сүлжээгээр өдгөө цаазын ял гэж бүгд ярьж байгаагийн тухайд бол энэ бол бүх юм болоод өнгөрчихсөн, эцэг эхчүүд аль хэдийн дээрх үүргээ биелүүлж чадаагүй нь тодорхой болчихсон, дараачийн нөхцөл, хожимдсон арга хэмжээ шүү дээ

. Цаазаар авбал сэтгэл санааны зовлон нь бага ч болов нимгэрэх л юм даа. Яаж сэргийлэхээ ярихгүй, бидний сүлжээний хэрүүл бол зүгээр л цаазаар авах ялыг дэмжиж байна уу, дэмжихгүй байна уу, дэмжихгүй бол чи өөрөө хүчирхийлэгч, гаж донтон, чиний үр хүүхэд яах бол, би харна аа гэсэн заналхийлэл маягаар өрнөөд байна. Яах вэ, улс төрчид ямар нэг улс төрийн том шийдэл гаргах нь чухал л даа. Тэр сайн шийдэл нь гэмт хэргийн нөхцөл байдалд ямраар нөлөөлснийг нь судалгаа л харуулна.

Гэхдээ илүү чухал давалгаа, сургамж нь бид үр хүүхдээ хэрхэн аюулгүй байлгах, муу зүйлээс яаж урьдчилан сэргийлэх тухайд л чиглэх ёстой юм. Тэр тухай яагаад ч юм хэн ч үл яринам.

Сэтгэгдэл бичих

arrow icon