Нийтлэл 12 сарын 04, 2017

Улс төрийн намын хөгжлийн өнөөгийн чиг хандлага: бүхнийг шүүрэгч өргөн хүрээний намаас картель загварт

Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэн Улс төр судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Баасансүрэнгийн "Улс төрийн намын хөгжлийн өнөөгийн чиг хандлага" шинжлэх ухааны өгүүллийг хүргэж байна. 

Манай орон олон намын тогтолцоо бүхий хүмүүнлэг ардчилсан  нийгэмд шилжээд 27 жил болж байгаа боловч орчин үеийн улс төрийн намын шалгуурыг хангах хэмжээнд төлөвшиж чадаагүй л байна. Монголын улс төрийн намууд хөгжингүй орнуудын улс төрийн намуудын хөгжлөөс даруй 30, 40 жил хоцрогдсон. Гэтэл орчин үед намын уламжлалт хэлбэрүүд үеэ өнгөрөөх болж оронд нь  “өргөн хүрээний” нам (catch-all party), “картель” (cartel party) буюу хоршсон  намын хэлбэр идэвхтэй гарч ирэн, “намуудын хувьд бүгдийг хамарсан буюу “catch all”  юмуу хоршсон намын хэлбэр болох картел загварт шилжих шилжилт эрчимтэй явагдаж байна.

Сүүлийн жилүүдэд улс төрийн намыг өөрчлөн байгуулах,  шинэчлэх тухай асуудал эрчимтэй яригдсаар ирлээ. Өнгөрсөн хугацаанд Монголын голлох намууд шинэчлэлийн асуудлыг сүр дуулиантай эхлүүлдэг боловч харамсалтай нь тэгсгээд боловсон хүчний халаа сэлгээ болон замхардаг зуршил тогтжээ.

Намын шинэчлэл гэдэг нь өнөөдөр үнэн хэрэгтээ улс төрчдийн эрх мэдэл, нэр нөлөөгөө ахиулахын тул  гишүүд, дэмжигчдэд таалагдаж дэмжлэгийг нь олж авахад ашигладаг популист уриа лоозон, улс төрийн бялуу хүртэх, эрх мэдэлд хүрэх хөзөр, нам доторх өрсөлдөгчөө дарах хэрэгсэл болж хувирчээ. Тухайлбал,  “АН-ын шинэчлэл тэдний ярьж байгаа шиг болсонгүй. Анхнаасаа ч шинэчлэлийн салхины үнэр ч авчраагүй. АН-ын дотоод сонгууль нэрийдлээр нэр дэвшигчдээс мөнгө хурааж, дэнчингийн мөнгө, хураамж гэхчлэн тоо тоймшгүй мөнгө нэхэж эхэлсэн. Жинхэнэ утгаараа мөнгөний сонгууль болж хувирсан бөгөөд үүнийг намынхан нь эсэргүүцсээр ирсэн билээ.”

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд  улс төрийн намууд үзэл баримтлал, бүтэц зохион байгуулалт, чиг баримжаа хийгээд үйл  ажиллагаагаараа ялгаран төлөвшихийн оронд  “улаан нь цэнхэртэйгээ, баруунтан нь зүүнтэнтэйгээ аль хэдийнээс салах аргагүй “наалдан пад”  болсон нь намуудын төлөв хандлагад асуудал үүссэнийг илтгэхийн сацуу Монголын улс төрийн намууд дэлхийн хөгжлийн чиг хандлагаас ихээхэн хоцорсныг харуулж байна. Манай нэг судлаачийн барагцаалсан дүгнэлтийг эс тооцвол МУ-д бүртгэлтэй арав гаруй намуудын хэв маягийн асуудал ч тодорхой бус байсаар байна.

Иймээс энэхүү өгүүлэлдээ улс төрийн намын түүхэн хувиралт өөрчлөлт, шинэчлэлт хийгээд  орчин үеийн хөгжлийн чиг хандлага, өргөн хүрээний намаас картель намын загварт шилжиж буй шилжилтийг өрнөдийн судлаачдын бүтээл, эх сурвалжид тулгуурлан  авч үзэхийг зорьсон болно.

“Намын хэв шинжийн хувьд МАН, АН-уудыг “кадрын нам”, “олон түмний нам”, “өргөн хүрээний нам”-ын завсрын хэв шинжтэй гэж үзэж болох бол зарим жижиг намууд нь кадрын, зарим нь зөвхөн эрх зүйн шалгуураар л нам гэж тооцож болохоор төвшинд байна”гэж нэгэн судлаач үзэж байхад “манайд ардчилалд нийцсэн намын загвар байхгүй, ний нуугүй хэлэхэд нам олигархиудын бүлэглэлүүдэд худалддагдчихсан” хэмээн өөр нэгэн судлаач дүгнэж байна.

Түүгээр зогсохгүй орчин цагийн улс төрийн нам төлөвшин хөгжих хууль эрх зүйн орчин ч манайд бүрдээгүй байна. Учир нь Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн нам болгон дор дурдсан хуулийн тодорхой шаардлагыг сахин хэрэгжүүлэх үүрэг хүлээхээс өөх аргагүй байдалд ордог. Тухайлбал, намын дүрэм, хөтөлбөртэй байх; 801-ээс доошгүй гишүүнтэй байх;  үйл ажиллагаагаа нутаг дэвсгэрийн зарчмаар явуулах; намын Их, бага, бүгд хуралтай байх;  намын удирдах дээд, төв, орон нутгийн төлөөллийн болон анхан шатны байгууллагатай байхзэрэг намын дотоод ардчиллыг хумисан босоо удирдлагын тогтолцоотой байх шаардлагыг биелүүлснээр өөр хоорондоо ялгаран онцлох боломжгүй болдог.   Нэг хэвэнд цутгасан нэг нэгнээсээ ялгагдах юмгүй, монголын насанд хүрсэн иргэдээс хол давсан гишүүдтэй (МАН 240000, АН 180000, ИЗН 35000, Эх Орон нам 160000, БНН50000, Ард түмний нам 11859,МҮАН 26000, МАХН 35000 гишүүнтэй), намын хамт олныг хэт  шүтсэн, үндсэндээ олон түмний хэв маягийн нам болж төлөвшихөд хүчин төгөлдөр үйлчилж буй хууль хөтөлж аваачаад байна.

Өмнөх тогтолцоо, социалист нийгмийн үеээс уламжлагдсан удирдлага зохион байгуулалтын шаталсан, нүсэр бүтэц, хатуу гишүүнчлэлтэй нэг нэгнээ хуулбарласан популист үйл ажиллагаатай намууд  орчин цагийн хэрэгцээ шаардлагыг үнэндээ хангахгүй байна.

“Өнөөгийн Монголын улс төрийн намууд ХХ зуунд тархаж байгаад 1980-аад оноос үеэ өнгөрөөсөн хатуу гишүүнчлэл бүхий массын намын хэв маягтай байгаа юм. Үүнээс үзэхэд Монголын улс төрийн намууд хөгжингүй орнуудын улс төрийн намуудын хөгжлөөс даруй 30, 40 жил хоцрогдсон бололтой.

Сонгуульд ахиухан суудал авах, иргэд сонгогчдод таалагдахын тул намууд бүгд зүүний чиглэл бүхий хэт улс төржсөн үйл ажиллагаа явуулахад хүрдэг нь  тэдгээрийг аяндаа социалист, коммунист болон популист хэв маягийн массын намууд болгоход хүргэдэг гэхэд хилсдэхгүй.  Өөрөөр хэлбэр, манайд эдүгээ орчин үеийн хэв маягийн нам байх нийгэм улс төрийн хийгээд хууль эрх зүйн орчин нөхцөл, боломж бүрдээгүй байна. Шинээр ямар ч сайхан санаа, зорилготой үнэнхүү ардчилсан, либерал нам анхлан байгуулагдсан ч хуульд заасан бүтэц зохион байгуулалтын дагуу, намын гишүүд, идэвхтэн дэмжигчдийнхээ хүсэл зоригийн дагуу ард түмний хэрэгцээ сонирхолд тохируулан  үйл ажиллагаа явуулахад хэсэг хугацааны дараа хүссэн хүсээгүй массыг хамарсан зүүний эсхүл популист хэв маягийн нам болж хувирдаг. Намын гишүүд нь ч ингэхийг хүсдэг, шаарддаг. Өөр зам байхгүй байна.

Гэтэл өдгөө дэлхий дахинд улс  төрийн намын хямрал нүүрлэжээ. Энэхүү хямралд нэн түрүүнд олон түмний намууд өртөж байгааг Италийн улс төр судлаач Пьеро Игнаци онцлон тэмдэглэсэн байдаг. Иймээс орчин үеийн намууд улс төрийн үзэл суртлын хатуу тогтсон хэлбэрийг тууштай хамгаалахаас илүүтэйгээр үзэл санаа, бодлого, үйл ажиллагааны прагматик үнэлэмжийг эрхэмлэх хандлагатай болж байна. Үүнтэй уялдан улс төрийн намын хөгжлийн  чиг хандлагад ч өөрчлөлт гарч “catch-all party”  буюу  “өргөн хүрээний” нам болон “cartel party“ буюу  “картель нам” гэсэн үндсэн хоёр загвар дэлхий дахинд давамгайлах болсныг өрнөдийн судлаачид онцлон тэмдэглэсэн байдаг.

Улс төрийн намын хөгжилд гарч буй энэхүү чиг хандлагыг манай судлаачид ч гярхай ажигласан байна. Судлаач О.Эрдэнэчимэг монголын улс төрийн намуудын төлөвшил, хандлага нь 

“нийгмийн улс төрийн нөхцөл байдлын онцлог, сонгууль, эрх мэдлийн төлөөх тэмцэл, бүлэглэлүүдийн эрх ашгийн нэгдэл зэргээс харилцан хамаарч байна”

 хэмээн үзэж байхад доктор Д.Болд-Эрдэнэ

өнөө үед намын уламжлалт хэлбэрүүд үеэ өнгөрөөх болж оронд нь  “өргөн хүрээний” нам \catch-all party\, “картель” (cartel party) буюу хоршсон  намын хэлбэр идэвхтэй гарч ирэх болсон

гэж дүгнэсэн бол

намуудын хувьд бүгдийг хамарсан буюу “catch all”  юмуу хоршсон намын хэлбэр болох картель загварт шилжих шилжилт эрчимтэй явагдаж байна.  Массыг хамарсан гишүүнчлэлийн оронд улс төрийн намууд харьцангуй цомхон бүтэцтэй болж эхэллээ”

  хэмээн судлаач Ц.Мөнхцэцэг өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Улс төрийн намын хөгжлийн чиг хандлага ийм байхад манай намууд улиг болсон үл гүйцэлдэх “улс төрийн намын шинэчлэл” гэгчтэйгээ зууралдсаар л байдаг.  Гэтэл улс төрийн намыг хэрхэн, яаж шинэчлэх асуудал бүрхэг байсаар л байна. Тэгээд ч манай орны өнгөрсөн хорь гаруй жилийн нам байгуулалтын туршлага улс төрийн намыг дотроос нь шинэчлэх боломжгүй гэдгийг харуулсан бус уу.  Амьдралд хэзээ ч биелэхгүй зүйл ярихын оронд манай намууд дэлхий нийтийн чиг хандлагын дагуу орчин үеийн хэв маягт нийцүүлж өөрчлөгдөх нь бодит шинэчлэл болно. Юуны өмнө намын шинэчлэл бол тухайн намын удирдлага, даргыг солих, хөгшинг нь залуугаар солихыг хэлдэггүй. Харин улс төрийн намын модернжих үйл явцыг хэлдэг болохыг тэмдэглэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа болон ажлын арга хэлбэрийг нь боловсронгуй болгох, шинэ нөхцөл байдалд дасан зохицох үйл явц бол шинэчлэл мөн. Өөрөөр хэлбэл нийгмийн ардчилсан инстүүцийн хувьд улс төрийн нам  шинэ хэлбэр загвар, шинэ агуулга хэлбэрээр чанарын хувьд баяжин хувьсан өөрчлөгдснөөр модернжин шинэчлэгдэж буй хэрэг юм

Үргэлжлэлийг эндээс

Эх сурвалж: Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэн

 

Сэтгэгдэл бичих

arrow icon