Нийтлэл 12 сарын 06, 2017

Европын Холбоо Монголыг оффшор бүсээр зарлаагүй

Европын Холбооноос түүхэндээ анх удаа  “хамтын ажиллагаа муу” татварын тогтолцоотой гэж зарласан жагсаалт гаргаж, үүнд Монгол Улс багтсан байгаатай холбоотойгоор оффшор бүс гэж зарлагдлаа гэсэн буруу ойлголт тархаад байна. (Албан ёсны хэвлэлийн мэдээг эндээс)

trends.mn зүгээс өмнө нь оффшор бүс гэж юу болох талаар мэдээллүүд цувралаар хүргэсэн. Олон төрлийн тодорхойлолт байдаг ч ОУВС-ын “оршин суугч бус этгээдийн хөрөнгө санхүүг хариуцах” гэсэн тодорхойлолт түгээмэл хэрэглэгддэг.  Харин энэ удаагийн жагсаалтын хувьд оршин суугч бус этгээдийн хөрөнгийг татваргүй байршуулдаг оффшор бүс гэхээс илүүтэй татварын тогтолцооны хувьд тодорхой шалгууруудыг хангаагүй,  харилцан ашигтай татварын харилцааны төлөө Европын холбоотой идэвхитэй хамтран ажилладаггүй “non-cooperative” улсуудыг зарлаад байна.

Ингээд Европын холбооны албан ёсны вэб хуудсанд нийтлэгдсэн тайлбараас тоймлон хүргэе.

Европын Холбоо яагаад ийм жагсаалт гаргах болов?

Гишүүн орнуудын үйл ажиллагаанд гаднаас учрах эдийн засгийн эрсдэлийг бууруулж, ил тод, шударга татварын харилцаа үүсгэх сонирхолгүй улсуудтай харилцахад үүсэх асуудлыг шийдвэрлэх

Яагаад Европын Холбооны гишүүн орнууд багтаагүй вэ?

Гишүүн орнуудад гаднаас учрах эрсдэлийг зохицуулах зорилготой учраас. Түүнчлэн тодорхой шалгуураар жагсаалт тавьж, арга хэмжээ авах замаар олон улстай харилцан ярилцах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд хөшүүрэг болгох 

Жагсаалтад орсон улсуудыг хэрхэн сонгосон бэ?

2016 оны тавдугаар сард Европын Холбооны сайдууд 1600 гаруй  шалгуур гаргаж, есдүгээр сард шалгуурын дагуу 213 оронд үнэлгээ хийсэн.  Улмаар бүх улстай албан ёсоор холбогдож процессын тухай мэдээлэл өгсөн, арваннэгдүгээр сард шалгуурыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар хариу авч, Европын Холбоотой  хамтран ажиллах хүсэлт тавьсан.  Арванхоёрдугаар сард “хамтран ажиллаагүй” улсуудыг жагсаалтад багтаасан.  Анх үнэлгээнд багтсан 213 орноос 93 орон хянах шатад үлдсэнээс 72 оронд дутагдлаа засах хүсэлт илгээж, үүнээс 47 улс татварын тогтолцоо ба хамтын ажиллагаагаа сайжруулах амлалт өгчээ. 

1600 гаруй шалгуурт ямар шалгуурууд багтсан бэ?

Ил тод байдал, татварын шударга өрсөлдөөн, OECD-гээс баталсан BEPS стандартдыг мөрддөг байх зэрэг шалгуурууд. 

Жагсаалтад багтсан орнууд Европын Холбоонд маргаан гаргах боломжтой юу?

Бүрэн боломжтой. Жагсаалт үүсгэх бүх процессын туршид засгийн газруудтай албан ёсоор холбогдож ажилласан, цаашид ч өөрсдийн хүсэлт, саналыг тавьж хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжтой.

Шалгуур хангаагүй бүх орнууд багтаагүй нь ямар учиртай вэ?

Европын Холбооны хувьд хар жагсаалт бүрдүүлэх нь биш хамтран ажиллах нь гол зорилго. Тиймд дутагдал, асуудлаа засч, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн орнуудтай хийх харилцан яриа, хамтын ажиллагаа үргэлжилж байна.

Ямар үр дүн гарах вэ? Ямар үр дүн харагдаж байгаа вэ?

Зарим орнууд татварын практикаасаа нэн даруй засч сайжруулсан, бусад орнуудад ч татварын сайн практикын тухай хэлэлцүүлэг, харилцан яриа эргэн сэргэж байна.

Жагсаалтад багтсан орнуудад ямар санкц үйлчлэх вэ?

Европын Холбооны шинэ хуулийн дагуу жагсаалтад багтсан орнуудад нэн даруй бодит үр нөлөөтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломж бүрдээд байна. Нэн тэргүүнд EFSD, EFSI зэрэг сангуудаас эдгээр улсаар дамжин ямарваа нэг санхүүжилт хийгдэхгүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт л хийгдэх боломжтой. Хоёрдугаарт, жагсаалтад багтсан олон улсын компани, хуулийн этгээдүүд илүү нарийн дэлгэрэнгүй шалгуураар тайлангаа гаргах шаардлага үүсгэх зэрэг хууль эрхзүйн зохицуулалтууд хийгдэнэ.  Түүнчлэн Холбооны зүгээс гишүүн орнуудад хандаж Европын Холбооноос гаргасан зохицуулалт ба санкцуудад хамтран ажиллахаар уриалж буй. Үүнд илүү нарийвчилсан мониторинг ба аудит, татвар төлөхгүй түдгэлзэх, бичиг баримтын тусгай шаардлагууд зэрэг  Европын Холбооноос буруу гэж үзсэн практикын эсрэг авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээнүүд багтаж байна.

Сэтгэгдэл бичих

    • zochin
    • 2017-12-06

    tatvarin divaajin offshor hoerin yalgaa yu um be???? Haraar cagaan deer 17 offshor bus/tatvarin divaajin buhii ulsin toond orchihson baij

    • Р.Энхболд
    • 2017-12-06

    Гадны хэвлэлүүд яагаад Tax Haven гээд байгааг тайлбарлаж өгнө үү. Tax Haven, Offshore 2 нь өөр үү

arrow icon