Нийтлэл 12 сарын 08, 2017

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд оролцож байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар Москва хотноо 2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдож буй “Тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд оролцож байна. Дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцож буй тус олон улсын арга хэмжээний албан ёсны нээлтийн ажиллагаа 12 дугаар сарын 5-ны өдөр Москва хотын “Зочны ордон”-д зохиогдож, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, ОХУ-ын Ерөнхийлөгчийн байгаль орчин, тээврийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч С.В.Иванов нар нээж үг хэлэв. Нээлтийн ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нар хүндэт зочны хувиар оролцож, “Оросын тээвэр, байгаль орчны уялдаа” сэдэвт нэгдсэн хуралдааны илтгэлүүдтэй танилцав.

 

 Уг арга хэмжээний үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозёровтой албан уулзалт хийв. Уулзалтаар талууд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, түүнчлэн, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцож, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Евразийн эдийн засгийн комиссын Эрчим хүч, тээврийн сайд А.О.Жунусовтай Евразийн эдийн засгийн комиссын байранд албан уулзалт хийв. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны 2015 оны санамж бичгийн хүрээнд хоёр талын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Зам тээвэр, гаалийн салбарт 2017-2018 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын бизнес эрхлэгчдийн оролцоотой форумыг хамтран зохион байгуулах боломжийн талаар санал солилцов.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл бичих

arrow icon