Нийтлэл 12 сарын 18, 2017

Исланд улс ирээдүйн иргэдээ ингэж анхаардаг #facebook #trending

Исландын 1980-1990 оны залуус одоогийнхтойгоо харьцуулахад нэлээд төвөгтэй үеийнхэн байжээ. Исландын нийгмийн судалгаа шинжилгээний төвөөс 1998 онд хийсэн судалгаагаар 15-16 настангуудын 42% нь архи ууж согтож үзсэн байсан бол одоо энэ үзүүлэлт 5% болон буурсан байна. Тус улсын нийслэл Рейкъявик хот сүүлийн 20 жилийн дотор толгойны өвчин болоод байсан залуусын архи, тамхи, хар тамхины хэрэглээний асуудлыг шийдвэрлэж Европын хамгийн муу үзүүлэлттэй хотоос хамгийн аюулгүй хот болон хувирч чаджээ. 


Гайхалтай биш гэж үү? 
Тэгвэл тэд яаж ийм үр дүнд хүрснийг сонирхцгооё. 
Өсвөр үеийнхэний эрүүл хэвшлийн хувьсгал хийсэн 5 арга зам нь дараах байлаа.
1. Хөл хорих цаг тогтоов. 16 нас хүрээгүй хүүхдүүд орой 10 цагаас хойш гадуур сэлгүүцэж болохгүй гэж журамлав. Эцэг эхчүүд сайн дурын эргүүл хийж эхэлцгээжээ. Шөнө оройн цагаар гадуур сэлгүүцэж байгаа хүүхдүүдийг сайн дурын эргүүлүүд таарвал гэрт нь буцаах, архи тамхи зэргийг хэрэглэсэн эсэхийг нь хянах ажлуудыг хийж байв. / Ер нь эрх чөлөөтэй байна гэдэг нь аюулгүй байна гэсэн үг биш юм. Хязгааргүй эрх чөлөөтэй дээрээс нь ямар ч хяналтгүй бол энэ нь өсвөр насны хүүхдэд тун аюултай нөхцөл болон хувирдаг байна. /
2. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжил төлөвшилд оролцох оролцоогоо сайжруулах амлалт бичигт гарын үсэг зурж, амлалт дүрмээ сахидаг болов. 
Хэсэг бүлгээрээ нэгдэн гэр бүлийн хүмүүжлийн дүрэм гаргаж хамтран сахиулахад анхаарал тавьж байлаа. Эдгээр нь их энгийн. Би гэр бүлдээ цаг илүү их зарцуулна гэдэг ч юм уу эсвэл миний хүүхдүүд насанд хүртлээ согтууруулах ундаа ууж амсахгүй байхыг хариуцна ч гэсэн болно.
3. Хүүхдүүд цагаа зөв боловсон өнгөрөөх боломжтой болов. Жил бүр Рейкъявик хотын төсвөөс хүүхэд бүрт 500$-ыг ваучер хэлбэрээр хичээлээс гадуур хөгжүүлэх ажилд нь зарцуулахаар өгдөг болжээ. Ингэснээр хүүхэд бүр өөрийн дур сонирхолтой зүйлдээ цаг мөнгөө зарцуулах болж, дэмий сэлгүүцэхгүй болсон байна.
4. Өөрчлөлт шинэчлэлтийг шинжлэх ухааны үндэстэй хийв. 
Өсвөр үеийнхнээсээ жил бүр асуулга судалгаа авч, хүүхдүүд юу хүсэж мөрөөдөж байгаа, тэдний сонирхол хэрэгцээ, хорт зуршилд автах магадлал зэргийг судалж хот дүүргийн удирдлагуудыг мэдээллээр хангаж өгснөөр зөв зохион байгуулалт, зөв удирдлага, зөв хөрөнгө оруулалт хийх боломж нэмэгджээ.
5. Улс төрчдийн дэмжлэгийг авав. Улс төрчдөд баталгаатай эх сурвалж бүхий шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл өгч, зөв шийдвэр гаргах боломжоор нь хангаж, тэд харин эцэг эх, хүүхдүүд, олон нийтийг зөв хэвшилд уриалж үлгэрлэн манлайлах, шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хийх эр зоригтой, итгэл үнэмшилтэй болбол асуудлыг шийдвэрлэх боломжтой.
"Одооны хүүхдүүд задарсандаа" архи ууж, хар тамхи хэрэглэж, компьютерт донтоод байгаа юм биш. Тэд мэдээж эрүүл зөв хэвшилтэй амьдралаар урт удаан аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа. Гол нь тэдэнд энэ боломжийг нь олгох хэрэгтэй.
Исландын хөл бөмбөгийн багийн гаргасан гайхамшигт амжилтыг дэлхий нийт мартаагүй байна. Магадгүй тэд залуусаа эрүүл байх, зөв хөгжих боломжийг бий болгосонд энэ амжилтын нууц оршиж байж мэдэх юм.
Бидэнд ч энэ боломж бий. Зөвхөн хүс, тэгээд хий.

Эх сурвалж: Суралцагч багш фэйсбүүк хуудас

Сэтгэгдэл бичих

arrow icon