Нийтлэл 12 сарын 24, 2017

Хилийн чанадад суугаа Монгол хүүхдүүдэд зориулсан “Эх түүхийн олимпиад” амжилттай болж өнгөрөв

Түүхийг шинжлэх ухаанч зарчмаар судалснаар өнгөрсөн үйл явдлын саад бэрхшээл түүнийг даван гарсан амжилт бүтээлийн нууцыг тайлах ба мөн ирээдүйгээ тодорхойлох сургамж, туршлагыг олж авдаг. Хэн түүхийн сургамжийг мэдэрч чадна тэр өөрийн суралцаж буй эрдмийн их хүрээлэндээ сайн мэргэжилтэн болж чадна. Тиймээс 2017 оны хавраас ГХЯ-наас Түүхийн улсын олимпиадыг зохион байгуулах дэд хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дагуу Эх түүхийн олимпиад энэ жил 3 үе шаттайгаар зохион байгуулах ажил амжилттай явагдаж байна. Энэ удаа 12 сарын 10-нд Хилийн чанадад төрж өссөн Монгол хүүхдийн дунд Монгол үндэстний эх хэл, түүх, соёл ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор “Эх түүхийн олимпиад”-ыг цахим хэлбэрээр дэлхий даяар зохион байгуулж дүнгээ зарлаж байна. Энэ олимпиадын бэлтгэл ажлыг ГХЯ, Түүхийн Улсын олимпиадыг зохион байгуулах Дэд хорооныхон хамтран зохион байгуулагчаар ажилласан МУИС, МУБИС, ШУТИС болон дэмжигч байгууллагаар ажилласан МИАТ ХК, Оюу толгой ХХК, Эрдэнэс Таван толгой, Найрамдал олон улсын хүүхдийн цогцолбор, Адмон ХХК, Монголын аялал жуулчлалын холбооныхонтой хамтран 2 сарын турш хангаж ажилласан байна.

“Эх түүхийн олимпиад”-д хилийн чанадад төрж өссөн монгол хүүхдүүд 11-14 нас, 15-18 насны гэсэн 2 насны ангиллаар Эх хэл, түүхийн мэдлэгээ сорих 50 асуулт цахим сорил бөглөж, хорооноос санал болгосон сэдвийн хүрээнд эссэ бичиж өрсөлдлөө. 11-14 насанд 13 улсаас 75 хүүхэд, 10 улсаа 15-18 насанд 57 хүүхэд буюу нийт 132 хүүхэд оролцож,

11-14 насны ангилалд 

I байр –Үүлэнгоо (ХБНГУ)

II байр  – Мишээл (АНУ, Юта)  Өнөрмаа (ОХУ, Москва) 

III байр – Ариунболор (Бельги, Антверпен)  Чанцалдулам (ХБНГУ, Мюнхен) нар шагналт байр эзэлсэн бол,

15-18 насны ангилалд 

I байр – ................... (Харамсалтай нь шаардлага хангасан материал гарсангүй)

II байр  –  Төмөр Мөнхөө  (Франц, Парис)

III байр – Гийгүүлэн (Бельги), Анударь (АНУ) нар тус тус шагналт байр эзэлсэн байна.

Олимпиадыг зохион байгуулах хорооноос гадаадад тогтмол үйл ажиллагаа явуулдаг дунд сургууль, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, зарим улсууд дахь Монгол иргэдийн холбоо, зөвлөлд хандаж хамтран ажиллахыг санал болгож өөрсдийн хэмжээндээ бэлтгэлээ хангаж нэг зэрэг 500 хүн хандахад хангалттай ачаалал хүлээж авах ШУТИС-ийн Е-сургуулийн орчин болон бусад техник технологийн бэлтгэлийг сайн хангаж ажилласныг онцгойлон тэмдэглэх ёстой. Олимпиадыг зохион байгуулах хорооны эрдэмтэн, багш судлаачдыг “Хилийн чанад дахь Монгол хүүхдүүдийн боловсролын түвшинд нэгдсэн бодлогоор онцгой анхаарах, тэдний Монгол эх хэл, түүх, соёл зан заншлийн тухай мэдлэгийг шинжлэх ухаанч, системтэйгээр олгох бодлого нэн шаардлагатай байна” гэсэн дүгнэлтэнд хүргэсэн. Өсвөр насны хүүхдүүдэд эх орноо гэнэн, шинийг эрэлхийлсэн сониучхан сэтгэлээр төсөөлдөг, уншдаг, багшаасаа, аав ээжээсээ асуудаг болохыг эссенүүддээ яг өөрийнхөөрөө бичсэн бөгөөд энэ насны ангилал их өрсөлдөөнтэй, хамгийн сонирхолтой болсон гэж үзэж болно. Бид англи, герман, франц, монгол хэлээр бичигдсэн эссенүүдийг мэргэжлийн багш нараар уншуулж ул суурьтай үнэлгээ өгч комисс дотроо нухацтай ярилцаж дүнгээ гаргасан. Харин ахлах ангийн хүүхдүүдийн эх орны тухай мэдлэг ном сурах бичиг, интернет, нийгмийн сүлжээний хүрээний “хий хоосон тунхаглал” мэдээллийн шинж чанартай эссее дийлэнх хувийг эзэлж байсан нь манай улсын Боловсролын систем дунд, ахлах ангийн насны хүүхдүүдэд тохирсон сургалтын философи, заах арга зүй, мулти медиа контент туйлын хэрэгтэй байгаа гэдгийг давхар нотолсон зүйл боллоо. Дараагийн олимпиадыг илүү олон идэвх зүтгэлтэй хүүхэд багачуудад хүргэхийг хичээх болно. “Эх түүхийн олимпиад”-д шагналт байр эзэлсэн бүх хүүхдүүдэд ивээн тэтгэгч байгууллагуудын дэмжлэгээр олимпиадад оролцсон өргөмжлөл, мөнгөн шагнал, худам монгол бичгээр бичсэн уран бичлэг, Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборт амрах эрхийн бичиг зэргийг хүргүүлэхээс гадна Тэргүүн байр эзэлсэн хүүхэд асран хамгаалагчийн хамт Монгол улсад ирж очих Онгоцны тийз, байгалийн үзэсгэлэнт газар амрах эрхийн бичгээр шагнуулж байна. Анхдугаар олимпиадыг амжилттай болоход сэтгэл, зүтгэл гаргасан байгууллага, хувь хүмүүст маш их талархаж байна. Ялангуяа ГХЯ-ны төрийн бичгийн дарга Д. Даваасүрэн, Газрын дарга Ц. Мандахцэцэг болон ГХЯ-ын сайд асан, УИХ-ын эрхэм гишүүн Ц. Мөнх-Оргил, МИАТ хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Н. Тамир болон Найрамдал ОУ-ын хүүхдийн цогцолборын захирал ..... нарт гүн талархал илэрхийлж байна.

Олимпиад оролцогчдын сэтгэгдэл:

Хүний нутагт түр зуур оршин амьдарч байгаа суралцагчдын хувьд түүх соёл, өв уламжлал, зан заншлаа сэргээн санах, бодох боломж олгосон үнэхээр өгөөжтэй, би "МОНГОЛ" хүн гэдгээрээ бахархах, "Монгол" нэрээрээ гоёх их том сэдлийг хүүхдэд төрүүлж чадсан. Олимпиад хэдийгээр дууссан ч явсан газар, үзсэн зүйлийнхээ тухай бататган мэдэх, сонирхон судлах боломжийг бий болгосон. Ялангуяа домог үлгэр, нутаг нутгийн зон олны ахуй амьдрал, аж төрөл, түүнчлэн тэдний хэл ярианы онцлогийг илүү тодотгон ярьж эх орны хөгжлийн өнөөгийн байдлыг ч өөрийн өнцгөөс дүгнэн гайхширтал ярьж байна. Хүүхдэд аливааг эргэн дурсаж, нэгтгэн дүгнэх, бодох боломжийг бий болгосон нь үр дүнтэй, өгөөжтэй зохион байгуулалт сайтай үйл ажиллагаа боллоо.
Олимпиадыг зохион байгуулагчид оролцогчидтой эргэх холбоо сайтай, байнгын харилцан мэдээлэл солилцож  байсан нь  үнэхээр сайхан санагдсан. Санал байна

  • Жил бүр уламжлал болгон зохион байгуулбал хилийн чанадад амьдарч байгаа суралцагчдын Эх орон, эх түүхээрээ бахархах сэдэл улам нэмэгдэх болов уу.
  • Мэдээлэлийг аль болох эрт хүмүүст хүргэвэл хамрах хүрээ нэмэгдэх байх. 
  • Дөнгөж оюутан болж хүний нутагт суралцахаар ирсэн 18 хүрээгүй хүүхдүүд бас оролцсон байх. Үүн дээр анхаарах нь зүйтэй болов уу? хэмээн бодож байна. Учир нь хар багаасаа эцэг эхээ дагаад дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа хүүхдүүд эх хэлээрээ ярьдаг ч бичиж, уншиж чадалгүй шууд амьдарч байгаа улсынхаа хэлийг сурдаг. Харахад ази төрхтэй ч яг л орос, франц хүүхдүүд... сэтгэхүй, сэтгэлгээ нь шал ондоо. Тэгээд үнэхээр эмзэглэмээр монголчууд муухай... гэх. Улаанбаатарт очоод тэгсэн ингэсэн гээд л... зарим нь бүүр мэдэхгүй... хараад харамсмаар... Эцэг эхчүүдийн хандлагыг өөрчлөхөд анхаарбал бас зүйтэй болов уу. Манай хэдэн аспирантууд хүүхдүүдээ орос сургуульд явуулсан ч монголдоо очоод амьдрах нь тодорхой юм чинь гээд гэр ойроороо нийлэн хүүхдүүдэдээ цаг гарган үлгэр домог ярих, дуулж бүжиглэх, уншиж бичүүлэх гээд багагүй зүйлийг хийдэг шүү. Орчин үеийн хүүхдүүд биднээс илүү монголд юу болж байгааг түрүүлээд мэдчихдэг нь сайшаалтай.
  • Шалгалтыг авсан журам таалагдсаан. Гадаад хэлний шалгалтуудыг ингэж өгдөг учраас хүүхдүүд ч цагт нь амжиж ажлаа дуусгах шаардлагатайг мэдэж байсан. 

Б.Энхмаа ОХУ-аас

Хүний газар гүний хошуунд байгаа элэг нэгт монгол хүүхдүүдэдээ зориулан ийм том үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан салбар бүрийн мэргэжилтнүүдэдээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе! Та бүхний санаачилсан энэхүү олимпиад хүүхэд бүхний хүсэн хүлээдэг нэгэн арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна.  

Л.Мөнхнасан- Японоос

Энэ өдрийн мэндийг хүргэе. Хоёр хүүгийнхээ фото зургийг явуулсан байгаа. Анх удаа хилийн чанад дахь Монгол сурагчдыг хамруулан тус олимпиадыг зохион байгуулсан ажлын комисст талархаж буйгаа илэрхийлье. Цаашдаа бусад хичээлүүдийн  олимпиад болон уралдаан тэмцээнүүдийг энэ мэтчилэн зохион байгуулж, хилийн чанад дахь сурагчдыг хамруулах нь зүйтэй юм болв уу. Гол нь үнэн бодитоор шилдэг оролцогдыг шалгаруулахын тулд тухайн сурагч яг өөрөө хийсэн эсэх дээр хяналтыг сайжруулах нь зөв болов уу? гэж бодож байнаа. 

Уранчимэг- ХБНГУ-аас

Миний охин Золзаяагийн Үүлэнгоо нь 2006 оны 12 сарын 5-нд Герман улсын Инголштад хотод төрсөн. Зун амралтаараа өвөө, эмээ дээрээ Монголд очих маш дуртай. Англи, Герман хэлээр ярьдаг боловч бид гэртээ аль болох Эх хэлээрээ ярилцахыг хичээдэг. Энэ олимпиадад оролцох гэж гэр бүлээрээ Монголын тухай маш их зүйл уншиж ярилцаж хүүхдүүд маань Эх орныхоо тухай мэдлэгийг маш их дээшлүүлсэнд баяртай байна. 50 асуулт Монгол хэлээр байсан тул эцэг эх нь уншиж тайлбарлаж хариулахад нь тусалж байсан ч хүүхдүүд маань эссегээ өөрсдөө бичсэн. Сайхан арга хэмжээ зохион байгуулсанд маш их баярлалаа. Хүндэтгэсэн Үүлэнгоогийн ээж 

Б.Энхмаа – ОХУ-аас

Бид олимпиадад оролцохын тулд лингофоны кабинетын хичээл дуусахыг хулээж бгаад цагтаа чуй чамаа л амжсан. Учир нь камер огоод шууд ярилцах бас унэхээр хүүхдийн мэдлэг шалгах учраас ганцаараа байгааг нотлох хэрэгтэй. Хүүхдээ айлгахгүй байх үүднээс би хамт байж болно гээд л орсон л доо... Энд явагддаг онлайн олимпиад ын тухай цоохон хэдэн санаа оноогоо хичээлээ дуусгаад орой тухтай бичээд илгээе.Та бухэнд ямар зураг илгээвэл болох бэ? Хүүхдийнхээ ганцаараа авахуулсан зураг, эсвэл өөртэй минь хамт авахуулсан юм уу? хамт олонтой нь авахуулсан зураг байх естой юу?

Орой цаад нөхрийн чинь утсыг авч байгаад зураг илгээе. Түр баяртай. Эргээд холбогдъё. Маш их баярлалаа. 

Мишээлийн аав Удамбор- АНУ-аас

Хариу бичиж имэйл авсанаа хэлсэнд баярлалаа. Та бүхний энэ зохион байгуулж байгаа тэмцээн их зөв санаа, зорилготой зүйл болж байна гэж бид бодож ярилцаж байна. Хүн эх орноосоо хэдий хол байдаг ч гэсэн эх орныхоо тухай мэдлэгийг үр хүүхдүүддээ зааж сургаж үлдээхийг үргэлж эрмэлздэг гэж бид бодож байна. Энэ тэмцээнд оролцох үед манай охин их олон юм биднээс асууж ярилцаж эх орныхоо тухай жаахан ч гэсэн илүү юм мэдэж авсан нь харагдлаа. Эцэг эхийн хувьд бид бас хүүхдүүддээ юу заасан юуг нь заагаагүй байгаагаа бас ойлгож авах боломж олдлоо гэж дүгнэлээ. Цаашдаа эх орныхоо түүхийн талаар дэлгэрүүлж уншиж мэдэж авч болох ном хэвлэлийн төрлийн зүйл хаанаас яаж олж авч болох талаар бидэнд зөвлөж нийтлэлдээ санаа оноогоо оруулвал манай хүүхдүүд илүү сайн бэлдэж дараа дараагийн ийм тэмцээнд идэвхтэй оролцох байх гэж бодож байна. Шалгалтыг явуулсан хэлбэр зүгээр санагдлаа. Амралтын өдрийг тааруулж боломжийн хэмжээний хугацаа өгсөн байлаа. Эсээ бичих үгийн тоо жаахан бага байлаа гэж манай охин хэлж байна. Олон юм бичмээр байсан ч үгийн тоондоо баригдаж нэлээн олон юмаа хассан гэнэ. Та хэд уншиж дүгнэх цаг хүн хүч гээд бодолцож үзэх янз бүрийн зүйлээс болдог байх. Бид тийм болохоор ойлгож байна. Сайн санаатай тэмцээн явуулж байгаад маш их баярлалаа. Үр хүүхдүүддээ эд мөнгө биш эрдэм дэмлэг үлдээхээс илүү үнэт өв гэж байхгүй. Та бүхний хийж байгаа ажил бүхэн цэцэглэн дэлгэрэх болтугай. 

ШУТИС-ийн Хүмүүнлэгийн салбарын багш, Доктор, дэд профессор Д. Сэрдарам

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon