Нийтлэл 01 сарын 21, 2018

Мөлхөө насны Монголчууд

Монголын нийгэм яалт ч байхгүй нялхсын өвчин тусаад тэрнээсээ гарч чадахгүй шокын байдалд байгаа нь үнэн л дээ. Бүүр хүндрээд комд л орчихгүйхэн энэ үеэ давчих юмсан даа...

Суурин иргэншилд шилжсэн хамгийн залуухан үндэстний нэг болохоор заавал үзэх юм байх ч бас түүхийн улбааг харж судалж сурах бусад улс, үндэстний сургамж хангалттай л байгаа юмсан. Дайн байлдаан гэдэг амныхаа зоргоор солиорч, дөвчигнөдөг зүйл огт биш. Дайн гэдэг зовлонгийн дээд зовлон болой.

Бид нээлттэй нийгмээс чөлөөт эдийн засаг руу шилжих процессын явцад эхний төслийн хөрөнгө оруулалтаасаа л улс төрчдийн попролд бялуурч, сохорч, солиорч эхэлснээ нэг эргээд харах цаг болсон.

Хөрөнгө оруулалт гэдэг тухайн улсын макро зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх чухал функц бөгөөд ард түмэн нь түүнээс үүсэх худалдаа, үйлчилгээний эргэлтээр микро зах зээлийнхээ функцуудыг баяжуулах үүрэг хүлээнэ. Гэтэл тэрхүү арилжааны тохиролцооноос хувь хүртэх гэсэн улс төрдчид бидэнд хөрөнгө оруулалт гэдэг зүгээр дээшээ хараад хэвтэж байхад нь ам руу нь хоол цутгадаг шидэт бирд мэт анхнаас нь ойлгуулж, попорсоор эдийн засгийн механизмыг бүрэн эвдэж, ажилладаггүй, ахидаггүй тамын тогоо болгосон нь үнээн.

Гэхдээ бид өөрсдөө юу хүсч байгаагаа огт ойлгоогүй байгаа нь хамгийн том гай гамшиг болоод байна шүү.

Хүүхдийг тоглоомын дэлгүүрт дагуулж оруулаад дуртай юмаа ав гэх юм бол нэг бөмбөг шүүрч аваад л, нэг том буу тэврээд л, нэг машин чирээд л байж болох бүгдийг шүүрээд, тэгсэн хэр нь алийг нь ч гартаа барьж чадахгүй асгалаад, алдаад, унагаад, эвдээд, бөмбөрүүлээд, тэрэндээ нервтээд орилдог шиг бид яг л тийм байдалд байцгаана. Үүндээ буруутгаж болох бүхнийг хамж, уурлаж, дайсагнана. Өнөөдөр чи яг л нэг тоглоом авна, эсвэл яг тэдэн төгрөгөнд таарсан тоглоом сонго гэвэл ямар ч дураараа хүүхэд өөрт оногдсон сонголтоо зөв хийхийн тулд нэлээн явж харж, судалж, үзэж, харж, тунгааж, аав ээжтэйгээ зөвлөлдөж байж тодорхой нэг тоглоом авч, түүндээ ч сэтгэл хангалуун байдаг даа. Харин бид тэгсэнгүй, бүгдийг нь авах гээд тэрийн хараад, тэлчлээд хэвтчихлээ.

Яг үүн шиг бидний шилжилтийн процесст бүх зүйл эрэмбэ дараа, үе шат, бойжиж боловсрох процесс, биелэлт хөгжил гэх мэтээр зөв зохион байгуулалтаар яваагүйгээс ард түмэн нь соц үеийнхээ асрамжлалтай ч ардчиллын эрх чөлөөг ямар ч хариуцлагагүй бүрэн эдэлж, капитализмын баялгийг коммунизмын зарчмаар тэгш үнэгүй хүртэнэ ээ гэсэн төсөөллөөрөө л яваад байна.

Эдийн засаг гэдэг бол бүхэл бүтэн эко систем. Түүнд их хөдөлмөрлөж, илүү эрсдэл үүрсэн нь илүү хувь хүртэж, түүний хаялга, тэлэлтээс бусад нь амьжиргаагаа залгуулдаг харилцан шүтэлцээтэй, үл зогсох цусны эргэлт.

Хүний биеийн анатомиор бол бид МОНГОЛ УЛС гэсэн нэг бие махбодийн салшгүй эд эсүүд нь юм. Сайн, болон муу бактери, паразит, шинэ эс, бохирдол гээд цусны бөөмд байх бүх организмын л нэгдэл. Гэтэл бие маань эд эсээ тэжээж, эрдэс бодисоо нөхөхийн тулд гаднаас идэш тэжээлээ авна. Өөрөө өөрийгөө идээд, эцсийн уураг, эцсийн кальциа яснаасаа сороод үхэхийг хүсээгүй л бол бүх юмаа хаана гэдэг ойлголт амьд орших организмд бдаггүй. Идэш тэжээлээ бид экспортын орлого гээд байгаа юм. Нэмээд өөрт байхгүй нар, салхи, йод, ус, уураг гэхчлэн хэрэгцээт бүх зүйлээ гадна биетээс олдог энгийн хүний биеийн анатоми л гэсэн үг шүү дээ. Хэрэгцээт сайн эс орж ирж байвал хятад эс үү, монгол эс үү гэдгээс бус цусны бөөмд ямар чухал үйдчлэлтэйг л хардаг шиг. Мөн хэрэгцээгүй бохироо гадагшлуулж биеээ цэвэрлэж, хүчтэй боловсролтой бактериудаа дэмжин төлжүүлж, муу бактери, паразитуудаа устгаж баланстай хэмжээнд барьж бие организм хүчирхэгжиж байдаг. Үндэстэн ч ингэж хүчирхэгждэг.

Тиймээс нэн түрүүнд бидний гаднаас олох идэш тэжээл маань уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, энэ нь хэзээ ч таслалдаж үл болох амин чухал тэжээл гэдгээ ойлгочих.

Одоо Оюутолгойг хөөнө барина гэдэг попролоо больж үз. Ямар ч алдаа оноогүй, 100%-н нуга ашигтай том наймаа гэж байхгүй. Ялангуяа энтерпренер үндэстний анхны дадлагажих наймаа гэхэд харинч боломжийн наймаа хийсэн.

Тэгээд ч тэр нь бүр бидний тэмцлийн шаардлагаар 34%-г нь эзэмшдэг хамтарсан хөрөнгө оруулалтын төсөл шүү дээ. Мөнгөө гаргачихлаа л гэх юм. Татвараа л авсан бол хамтрагч тал өөрт оногдох хувиа салтаандаа хийнэ үү, банкиндаа хийнэ үү бидний санаа зовох асуудал огт биш. Бидний 34%-с зардалд хэд гарав, орлого хэд оров л гэдэг нь хамгийн их хянах, чарлах, харамлах асуудал мөн. Бүтээн байгуулалт хийсэнгүй л гэнэ. 34-сөө ашгаа аваагүй байж бүтээн бгуулалтын зардал гаргахад бид бэлэн байна уу гэдэг тооцоогоо гаргасан юм уу манай тал?

Ер нь нэг зах зээлээс, нэг мега хөрөнгө оруулагчаас хамааралтай байхгүйн тулд Оюутолгой шиг ийм төсөл 10-20-г оруулж ирэх ёстой. Оюутолгой харин бусад мега хөрөнгө оруулагчдыг татах нэрийн хуудас маань юм гэдгээ сайтар ухаар. Дээр нь Жонхуу зарахаар сайхан нүүрс, MCS зарахаар муухай нүүрс болоод байдаг Таван Толгойн ордын төслийг нэн яаралтай нэг талд шийдмээр. Хулгай хийх эрхийг хэн авах уу гэсэн ижилхэн хэдэн хулгайчдынхаа дайнд Үндэсний хөрөнгө оруулагчдаа босгохгүй байж гадныхнаас хараат боллоо гэж орилох солиорол чамд ч надад ч хүртээлгүй. Таван Толгойг булаацалдсан, төрийн нэрээр төслийн мөнгө атгах гэсэн хэдхэн атгаг улс төрчдийн л хувийн зодоон шүү дээ. Тэрэнд нь оролцож дайны талбарын 2 тал болж яах гээд байгаа юм? Жонхуу, эсвэл өөр хэн булаацалдаад байгаа юм, тэд нар нь бидэнд мөнгөнөөсөө өгөх үү?

Бидний цорын ганц гэрийн даалгавар Монголд бол юу ч хийсэн бай, микро эдийн засгийн бодлого нь юу вэ, үүнд нэвтрэх боломжийг хэрхэн, ямар тэгш зарчмаар ард түмэндээ шударгаар өрсөлдөх бодомж олгох вэ? гэдэг л байна. Түүнээс зүгээр байж байхад минь тэжээгээд аль гэдэг асуудал огт биш шүү. Чөлөөт зах зээл бол капитализм, сайн явах нь хувь хүний хүчин зүтгэл, ядуу явах бас өөрийнх нь л сонголт гэдгийг сана.

Гол асуудлаа ярихын оронд хэдэн хулгайчдын хэлний үзүүрт танай манай, дотоод гадаад, Хужаа Монгол гэж өвчигнөх солиорол хэнд хэрэгтэйг дахиад нэг тунгаа. Хятад тал, Орос тал, Америк тал ч гэж байхгүй, энэ улс төрчид чинь ердийн нэг Орос-Хятадын жижиг том ченжийн наймааны эздийн гар хөл л хийж яваа улс.

Эцсийн эцэст Монгол Улс бол НЭГДМЭЛ УЛС, Монголчууд ЦУЛ үндэстэн гэдгээ бүү мартаарай!

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2018-05-24

    Оролцохгүй сэдэв гэж энэ эмэгтэйд байдаг боловуу..гунигтай амьдрал шүү

    • Иргэн
    • 2018-01-21

    Сайн болж. Бодууштай. Танд амжиот хүсье

arrow icon