Нийтлэл 02 сарын 20, 2018

Зээлийн хүүг хуулиар хязгаарлана

Монгол улсад зээлийн хүү өндөр байна гэж хэн хүнгүй санаа зовниж, энэ нь эдийн засгийн бодит өсөлтөд тушаа болж цаашид ч компаниудын тогтвортой үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлнө гэх  болсон. Тиймээс зээлийн хүүг хуульчлан одоогийн түвшнөөс бууруулах санал санаачилгыг улстөрчид болоод мэргэжлийн эдийн засагчдын зүгээс цухалзуулах боллоо.

Тодруулбал үе үеийн Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөх гэж  дотоодын зах зээлд өндөр хүүтэй бонд гаргах замаар арилжааны банкуудад 15-аас дээш хувийн хүү санал болгож, Төв банкны зүгээс төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Мөнгөний бодлогын хүүг мөн 10 гаруй хувьд барьж ирсэн. Энэ нь мөнгө хүүлэгчидэд таатай боломж болж өндөр хүүтэйгээр зээл олгох нь элбэг болсон. Банкууд хамгийн багадаа жилийн 24 хувийн хүүтэй арилжааны зээл гаргаж байгаа бол банк бус санхүүгийн байгууллага 50 орчим, ломбардууд 80-100 орчим хувийн хүүтэй зээл санал болгодог. Энэ асуудлыг шийдэх үүднээс УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хууль”-ийн төслийг боловсруулаад байгаа.

Зээлийн хүүний дээд хязгаар сарын хоёр, жилийн 24 хувиас хэтрэхгүй байх төдийгүй  24-өөс дээш хувийн хүүтэй зээл олгож буй  мөнгө хүүлэлтийг Монгол Улс анх удаа хуулиар хориглож эхлэнэ. Харин цалин болон жижиг дунд үйлдвэрлэлийн 100 сая хүртэл төгрөгийн зээлийн хүүгийн дээд хязгаарыг тус тус 18 хувь, тэтгэврийн зээлийн хүүг 12 гэх мэтээр шатлан заажээ. Төсөл санаачлагчийн зүгээс зээлийн хүүг хуульчилж өгснөөр банкны бус салбарт бий болсон мөнгө гадна арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах үндэс болно гэж үзсэн байна.

Ийнхүү хууль тогтоох дээд байгууллагын төвшинд зээлийн хүүнд дээд хязгаар тогтоож, мөнгө хүүлэлтийг хязгаарлах асуудлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хүлээлттэй байна.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2018-02-22

    одоо талх, махны үнийг тогтоочихвол болоод явлаа шүү

    • Ok
    • 2018-02-21

    Udahgui boslogo garah gej b.gaa

arrow icon