Нийтлэл 06 сарын 25, 2018

Д.Эрдэнэбат: Тавантолгой ард түмний мэдэлд очих нөхцлийг бүрдүүлсэн тохиолдолд тогтоолын төслийг дэмжинэ

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Бүлгийн зүгээс уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа бөгөөд ингэхдээ тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгтэй хэд хэдэн санал тусгах тохиролцоонд хүрэх ёстой хэмээн үзсэн байна. Тухайлбал, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хувийг борлуулахтай хамт төрийн эзэмшлийн хувьцаа, иргэдийн 1072 хувьцааг амилуулах, ашигтай болгох, Тавантолгой төсөл ард түмний мэдэлд очих нөхцлийг бүрдүүлсэн тохиолдолд тогтоолын төслийг дэмжинэ хэмээн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.


Тэрбээр, “Бүлгийн хуралдаанаар “УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, дүгнэлтээ нэгтгэсэн бөгөөд хаврын чуулганы төгсгөлд иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр төлөвлөсөн. Мөн Засгийн газраас дахин өргөн барьсан ААН-ийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг нарийвчлан судлах хэрэгтэй гэдэгт санал нэгдлээ. Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 14-нд хэлэлцэж, гадны компаниудад давуу эрх олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх заалт орсон хэмээн үзэж буцаасан. Дахин өргөн барьсан хуулийн төсөлд дээрхтэй ижил заалт орсон тохиолдолд АН-ын бүлэг дэмжихгүй” хэмээв.

Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчид “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хувийг хэдэн төгрөгөөр үнэлснийг тодруулахад “АН-ын бүлэг гадны зах зээлд IPO гаргах асуудлыг дэлгэрэнгүй судлаагүй байна. Хувьцааны үнэ унахгүй байхад анхаарч, эрсдлийг зөв тооцоход анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид нэгж хувьцаагаа 1 ам.доллараар үнэлсэн ч дэлхийн зах зээлд 10 цент хүртэл унах магадлал бий. Тиймээс эрсдлийг тооцох нь туйлын чухал” гэдэг тайлбарыг өгсөн юм.

 

Сэтгэгдэл бичих

    • zochin
    • 2018-06-30

    ene neeren hutsdag p shuu iimerhuu nahaal hudalch yumnuud baihgui bolchihvol mongol hogjnoo ternees yaaj zutegsen ed hulgaalaad l bainh baihd

arrow icon