Нийтлэл 06 сарын 26, 2018

Д.Сумъяабазар: Тавантолгой төсөл хэрэгжсэнээр жилд 2.8 тэрбум долларын экспортын орлого орж ирнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх зохицуулалтыг тусгасан бөгөөд энэ талаар Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдэд  мэдээлэл өглөө.

Тодруулбал “Эрдэнэс Таван толгой” компанийг нээлттэй хувьцаат компани болгож, дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр зэрэг IPO гаргахаар төлөвлөж байгаа аж.  Түүнчлэн Олон улсын бирж дээр хөрөнгө босгох хэмжээг 30 хувь гэж үздэг учир "Эрдэнэс Таван толгой" компанийн 30 хувьд IPO гаргахаар болжээ.  Мөн тогтоолд Засгийн газраас төрд байх хувийг нь 78,9 хувь, иргэдэд 14,75 хувь, биржээр арилжаалах боломжтой хувилбар нь 29.95 хувь гэж тооцоолсон байна.

 Түүнчлэн IPO гаргахдаа гадаад, дотоодын хөрөнгийн биржүүдийн шалгуур үзүүлэлтүүдийг хангах боломжтой гэсэн дүгнэлтийг мэргэжлийн зөвлөх компаниудаас ирүүлсэн саналыг үндэслэсэн байна. Эдгээр дүгнэлтэд гадаад, дотоодын биржид хувьцаа гаргахад “Эрдэнэс Таван толгой” компани шалгуур үзүүлэлтийн 60-68 хувийг хангаж  байгаа төдийгүй Тавантолгойн төслийн ажил эрчимжсэнээр Монгол улсын эдийн засаг болон уул уурхайн хөгжилд ихээхэн өөрчөлөлт оруулахуйц том ажил болох юм байна.

 Тэгвэл Таван толгой төсөл хэрэгжсэнээр: 

2,8 тэрбум ам.долларын экспортын орлогоо нэмэгдүүлэх

Улсын төсөвт жилд 400-аас нэг тэрбум ам.долларын орлого оруулах

Шууд болон шууд бусаар 5800 орчим ажлын байр шинээр бий болох

Дам нөлөөгөөр 43 мянга орчим ажлын байрыг хөдөлмөрийн зах зээлд бий болгох боломжтой юм. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon