Нийтлэл 09 сарын 03, 2018

Нобелийн шагналт Казүо Ишигүрогийн хамгийн алдарт туурвилыг монгол хэлээр орчуулжээ

Нобелийн шагналт зохиолч Казүо Ишигүрогийн зохиолуудыг “Монсудар” хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр монгол уншигчдадаа хүргэхээр болсон. Энэ хүрээнд тус зохиолчийн хамгийн алдартай туурвил болох “Өдрөөс үлдсэн зүйл” (The Remains of the  Day) роман худалдаанд гарахад бэлэн болжээ.

Зохиолч Казүо Ишигүро 1983 онд Уинифред Холтбигийн нэрэмжит шагнал (Winifred Holtby), 1986 онд Костагийн номын шагнал (Whitbread), 1989 онд Бүүкер (Booker), 1995 онд Их Британийн Эзэнт Улсын одон (OBE), 1998 онд Урлаг, утга зохиолын одон (Chevalier de l'Ordre des Arts et des Lettres), 2017 онд Нобелийн шагнал зэрэг утга зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудыг хүртсэн юм.

Хүүрнэл зохиол дахь гуч гаруй жилийн карьерынхаа туршид тэрээр өөрийн бичвэртээ сэтгэл хөдлөл төдийлөн илэрдэггүй, итгэж үл болом хүүрнэгч хийгээд нууцлаг байдал болон зарим нарийн ширийнийг хүүрнэлгүй орхих гэх мэт өвөрмөц шинж чанарыг бий болгожээ. Мөнхүү түүний зохиолуудын уран гярхай, бүрэн дүүрэн, баялаг байдлыг дурдалгүй өнгөрч яахин болох билээ.

Эдүгээ танд хүрч буй түүний гурав дахь роман болох “Өдрөөс үлдсэн зүйлс” нь 1989 онд Бүүкерийн шагналыг хүртсэн. Зохиолд яаран уншиж боломгүй хүний амьдралын ээдрээ нугачааг уран яруу, нарийн гярхай дүрсэлсэн хэсгүүд олон байдаг. Гэрийн даамал Стивенс 1956 оны зун хорин жилийн өмнө нөхөрт гарах гэж ордныг орхисон Кентон авхайг зорьж буйгаар зохиол эхэлнэ. Өмнө нь түүнд илгээсэн захидлаас авхайн гэр бүлийн амьдрал таагүй байгааг таамагласан Стивенс тийнхүү түүнийг зорихоор шийджээ. Энэ мэт гол дүрийн хүүрнэлгүй үйлдэлүүд номд их гарах бөгөөд үл хүүрнэхүй нь хүүрнэхээсээ илүү утга учиртай байж болох тухай эргэцүүлэлд хөтөлнө.

Уг зохиолын нээлтийн арга хэмжээ 2018 оны есдүгээр сарын 06-ны өдрийн 18:30 цагаас iCinema кино театрт болох юм. “Монсудар” хэвлэлийн газраас “Өдрөөс үлдсэн зүйлс” романыг уншигчиддаа өргөн барихын зэрэгцээ нээлтийн арга хэмжээний үеэр уг зохиолоос сэдэвлэн бүтээсэн, жүжигчин Энтони Хопкинсын чадварлаг жүжиглэлт бүхий ижил нэрт киног толилуулахаар болжээ.

Нэгэн үдшийг жинхэнэ сонгодог Англи ахуйтай танилцаж, хүний амьдралын утга учир, хувь хүн, нийгэм соёлын нарийн төвөгтэй харилцаа, сэтгэл хөндүүрлэм мөн чанар луу өнгийхийг хүсвэл УИД-ын 5 давхарт байрлах iCinema кино театрт хүрэлцэн ирээрэй.

Номын тухай товч мэдээллийг: http://www.monsudar.mn/books/view/234/

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon