Нийтлэл 09 сарын 18, 2018

Цаг, мѳнгѳ бас аз жаргал

Өдөр тутам стресс үүсгэж байгаа зүйлсийн 90%-ийг цаг эсвэл мѳнгѳ байвал шийдчихэж болохоор байдаг. Бүтэлгүй хайр, гэнэтийн осол, хариуцлагагүй эсвэл бүдүүлэг хүмүүс гэх мэт. Цаг зав эсвэл мѳнгөнөөс шууд хамаарахгүй стресс импакт ихтэй байж болох ч, харьцангуй цѳѳн тохиолдоно.

Ядуу буурай орнуудын хувьд ихэвчлэн мѳнгѳ байхгүйгээс үүдэлтэй стресс түгээмэл. Хоногийн хоолноос эхлээд орон байр, эмчилгээний зардал, хотын асуудлуудыг ч гэсэн мѳнгѳѳр шийдвэрлэчих боломжтой. Иймд хѳгжиж буй орнуудад асуудлынх нь шийдэл болсон мѳнгѳ бол ховор бѳгѳѳд чухал зүйл байдаг. Харин цаг бол элбэг, үнэ цэнэ багатай. Мѳнгѳ олоход цаг зарцуулдаггүй учраас хүмүүс нь завтай, чѳлѳѳтэй, дураараа.

Хѳгжсѳн баян орны иргэдийн хувьд эсрэгээрээ, олон үүрэг хариуцлагыг "жонглёрдоход" цаг хүрэлцэхгүйгээс болж үүсдэг стресс их. Ажил дээр нарийн deadline-аар шахуулна. Гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, найз нѳхѳдтэйгээ цуг байхын тулд ч нэлээд тѳлѳвлѳгѳѳ шаардагдана. Карьерт хэрэгтэй ур чадвар, хувь хүний хѳгжил, хоббидоо бас л хичээж байж цаг гаргана. Мѳнгѳтэй ч түүнийгээ үрэх цаггүй хүмүүс их. Хүүхдүүд нь ч завгүй, тоглоомын талбайнууд хоосон. Хэрэв хоногт 48 цаг байсан бол улс орнуудын орлогын түвшин нэмэгдлээ ч, иргэдийнх нь аз жаргал нэмэгддэггүй дилемма үүсэхгүй байсан болов уу.

Монголын хувьд гол асуудал болоод байгаа утаа, түгжрэл, ѳвчлѳл гэх мэт. стрессийн эх үүсвэр болсон зүйлсийг мѳнгѳѳр шийдчихэж болно. Гэхдээ экспорт гэх мэт мѳнгѳ олох боломжуудаа сайжруулах бус, гацаах зогсоох талаар л цагаа үрэх нь түгээмэл. Цаг ер нь хайран биш учраас боломж алдагдахыг ѳртѳг гэж тооцохгүй. Бүтээмжийг дээшлүүлэх дээр ч анхаарах нь бага. Солонгос драма, риалити шоу, дууны тэмцээнээ ч бүгд үзнэ. Олимп дэлхийн аварга спортын тэмцээнийг ч алгасахгүй. Найр наадамдаа ч явцгаана. Ѳдрийн хэдэн цагаар түгжрээд зэрэгцээд л зогсоно. Сошиалаар ч хэрэлдэнэ. Цаг ер нь хайран зүйл биш, юу л байна  цаг л байна.

Монголчууд уг нь хаппи народ. Гагцхүү эмнэлэг дээр очих үед л гунигтай санагддаг. Жаахан мѳнгѳ байхад л сэргийлчих эсвэл эмчилчих боломжтой зүйл олон хүний хувьд трагеди стресс болсон байдаг. Нийгмээрээ боломжийг үргээж, цагийг бүтээмжгүй зарцуулсны хамгийн том тѳлбѳр нь ингэж илэрдэг.

Амьдрал дээр цаг завтай бөгөөд мөнгөтэй байх нь маш цөөхөн тохиолдол тул ихэнх хүмүүсийн хувьд аль нэгийг нь сонгох хэрэг гардаг.

Иймд цаг эсвэл мѳнгѳний илүү сайн балансыг олж чадвал илүү хаппи нийгэм бий болох болов уу. Монголчууд вийкэндээ 3 сараар тѳлѳвлѳж, ээлжийн амралтаа жилийн ѳмнѳѳс боддог завгүй амьдралтай болох шаардлагагүй ч, энгийн асуудлуудыг шийдчих мѳнгѳтэй болохын тулд яалт ч үгүй цагаа илүү бүтээмжтэй ѳнгѳрѳѳх, алдагдсан боломжийн ѳртгийг бага байлгах шаардлагатай.

 

Сэтгэгдэл бичих

    • Nomin
    • 2018-09-19

    Saak niitlel bna taalagdlaa

arrow icon