Нийтлэл 11 сарын 18, 2018

Гадаа үдэшлэг ба бусад өгүүллэгүүдийн дотоод асуудал

Кино урлагт эмэгтэйчүүдийг дүрсэлсэн эсэхийг шалгадаг Бекдел тест гэж бий. Тус шалгуурын үзэл санааны эх нь Виржиниа Вүүлфийн “Өөрийн гэсэн өрөө” эсээнээс улбаатай хэмээн зохиогчид нь дурдсан байдаг.  Бекдел тестээр дараах шалгуур байна. Үүнд:

Тухайн кинонд дор хаяж хоёрын зэрэг эмэгтэй дүр байх;

Тэдгээр  нь хоорондоо ярилцах;

Ярианы агуулга нь эрчүүдийн тухай биш байх.

Зарим тохиолдолд эмэгтэй хоёр дүр нь нэр устай байх гэсэн  шалгуур нэмэгддэг.

 Энгийн энэ шалгуурын өмнө олон кино бүдэрдэг аж. Бекдел тест хийдэг bechdeltest.com-оос харахад 1970 оноос хойших ашиг орлогоор болон бусад үзүүлэлтээр тэргүүлсэн 7871 киноны 57.8 хувь нь шалгуурыг бүрэн хангаж, үлдэх 42.2 хувь аль нэг эсвэл бүх шалгуурыг хангаагүй байх юм.  Угаасаа эрчүүдийг дүрсэлсэн, эр баатартай кинонуудыг үл хэрэгсэе гэвч эмэгтэйчүүдийн талаар өгүүлэх кинонууд ч эл шалгуурт унадаг. Тухайлбал, хүүхнүүдийн үзэх дуртай алдарт цуврал болох Sex and the City хүртэл дээрх шалгуурыг бүрэн хангадаггүй. “Нэр ус нь дурдагдсан ухаантай, боловсролтой, мөнгөтэй дөрвийн дөрвөн хүүхэн эрчүүдээс өөр зүйл ярьдаггүй” ч гэж шүүмжлүүлсэн удаатай.

Бекдел тестэд унасан тод томруун эмэгтэй дүрүүдтэй кинонуудаас заримыг дурьдвал Харри Поттер ба Үхлийн шүтээн: II, Ядуусын хорооллын саятан, Ла Ла Ланд, Лара Крофт: Булш ухагч, Аватар, Авенжерс зэрэг. Энэ кинонууд хүртэл шаардлага хангахгүй байгаа нь тухайн кинонд өөрөөс нь өөр эмэгтэй дүр байхгүй, байлаа ч хоорондоо юм яриагүй, ярилаа ч эрэгтэй хүнээс өөр юм яриагүй байх аж. Сүүлийн жилүүдэд кино урлаг хүчтэй, ухаантай, өөрийн дотоод ертөнцтэй эмэгтэйчүүдийг дүрслэх гэж оролдсоор байгаа ч тэр кинонд өөрөөс нь өөр тийм эмэгтэйг дүрслэхгүй, түүнд туслагч, хамтрагч, анд нөхөд нь зөвхөн эрэгтэй хүн байсаар байна. Үүний шалтгааныг эмэгтэйчүүд хүчтэй, чадалтай, гэхдээ ердөө цөөхөн хэд нь л гэх үзэлтэй холбоотой гэх нь ч бий.

Бекдел тест киноны  хэлбэр талыг илүүтэй үнэлдэг ба агуулга руу орсон өөр өчнөөн шалгуур бий. Тухайн кинон дахь эмэгтэй дүрийг ямар ажил эрхэлдэг, ямар нийгмийн бүлгийнх, ямар хэлээр ярьдаг зэргээс нь хамаарч үнэлэлт өгдөг өөр олон тестүүд бий.

 За, гол яриандаа оръё.  Зохиолч Кэтрин Мэнсфилдийн “Гадаа үдэшлэг ба бусад өгүүллэг” хэмээх шар гадартай, авсаархан номыг уншлаа. Номд бүх  төрлийн эмэгтэйчүүд гарах аж. Залуу, хөгшин, баян, ядуу, жаргалтай, гунигтай, нөхөртэй, бэлэвсэн, ганц бие, охин, ээж, эмээ эмэгтэйчүүдээр баялаг. Номоос таалагдсан Гадаах үдэшлэг, Хүүхэлдэйн байшин, Аяга цай, Дэндүү жаргал, Талийгч хурандаагийн охид өгүүллэгүүдийн талаар сэтгэгдлээ хуваалцахын тулд дээрхийг нуршсан болно. Ердөө энгийн гуравхан шалгуураар үнэлэхэд хүртэл унаж байхад эмэгтэйчүүдийг боддог, сэтгэдэг, шийдвэр гаргадаг, бүтээдэг гэдгийг буюу бодитоор нь харуулсан эсэх талаарх асуудал судлагдахуун болохоос яалтай. Эмэгтэй би (бид) өөр(сд)ийгөө урлагаас бодитоор нь харахыг хүснэ биз? (Номоос авах олон санаа, илэрхийлэл байгаа бөгөөд би энд зөвхөн эмэгтэйчүүдийг хэрхэн дүрсэлсэн талаар нь бичиж байгаа гэдгийг анхаарахыг хүсье.)

Эмэгтэй хүний орших орон зайн асуудал

Эмэгтэй хүний орших орон зай байгаа юу? гэх асуултын хариуг түүний өгүүллэгүүдээс харж болно.  “Дэндүү их аз жаргал” өгүүллэгийн гол дүр Берта Янг хэмээх гуч хүрсэн, нөхөртэй, сайхан амьдарч яваа аз жаргалтай эмэгтэй. Түүнд хүссэн бүхэн нь бий. Өгүүллэг эхлэх мөчөөс бараг дуустал тэр дэндүү их аз жаргалаар халгин цалгин байна. Гэсэн ч түүнд үүнийгээ илэрхийлэх, гаргах, хуваалцах газар байхгүй. Гүйх, зам дээр бүжиглэж буй мэт дэгдэх, шалтгаангүй инээж хөхрөхийг хүсэвч тийм талбар байхгүй. Хүмүүс “галзуурчихаж” гэж харах байлгүй. Зохиолч үүнийг Бертагийн бодлоор оновчтой илэрхийлжээ.  “...Ховор, маш ховор хийл хөгжим шиг л хайрцагт нь хийгээд хадгалж байх учиртай юм бол хүний биеийг ер яах гэж заяадаг хэрэг вэ?”  Үүнийгээ нөхөртөө хэлэхийг хүсэвч зүрхлэхгүй. Асрагчаасаа эмээгээд охиноо хүртэл санаан зоргоороо чинээндээ тултал эрхлүүлж чадахгүй. Асрагчийнхаа өмнө баян айлын охины аяглахыг харж буй ядуу айлын охин мэт байдалд байнга орно. “...Хэрэв өөр бүсгүйд үргэлж тэврүүлэх юм бол хүүхэд төрүүлэхийн хэрэг юун?”

 “Паркер эхийн амьдрал” өгүүллэгийн Паркер эх ядуу, зүдүү амьдралыг туулсан. Арван зургаатайдаа ажил эрхлэхээр Лондонд ирсэн ба хоёр жилийн дараа нөхөрт гарч, арван гурван хүүхэдтэй болсноос долоог нь эрт оршуулж, нөхөр нь ч  аль эрт талийгч болж, улаан цурав зургаан хүүхдээ гараас гаргахын тулд борви бохисхийлгүй зүтгэсэн эмэгтэй. Хөөрхий эмэгтэй туулсан бүх цөхрөл зовлонгийнхоо төлөө уйлж сэтгэлээ тайлюу гэтэл уйлах газар харин ч нэг олдохгүй дээ.  

“...Уйлах хэрэгтэй, цааш хойшлуулж чадашгүй нь; тэсэхгүй нь... Хаашаа очих вэ?... Хаачих вэ? Гэртээ очиж болохгүй, Этель тэнд байгаа, тэнд уйлбал охиных нь сүнс зайлж орхино. Гудамжны вандан сандал дээр суух аргагүй, хүмүүс ирээд элдвийг шалгаагаад унана. Эрхэм ноёнтны байранд буцаж очиж ч таарахгүй, хар элгийн хүний гэрт уйлах эрх түүнд үгүй. Шатан дээр суувал цагдаа ирээд шалгаж байцаах биз. Ганцаараа хүссэнээрээ байж, өөрт нь саад болох хүнгүй, өрөөл бусдад ч төвөг болохгүй газар түүнд үгүй юм гэж үү? Энэ ертөнцөд эцэст нь нэг юм санаан зоргоор сад тавин уйлах газар ч олдохгүй гэж үү? Паркер эх босоод дээш, доош харлаа. Мөс шиг хүйтэн салхи хормогчийг нь пөмбийлгөн үлээнэ. Бороо шивэрч эхэллээ. Түүнд орон зай байхгүй ажээ.”

 Берта Янг, Паркер эх хоёуланд нь дэндүү их жаргалаа ч, дэндүү их зовлонгоо ч илэрхийлэх орон зай байхгүй. Үүгээр зохиолч тухай нийгэмд эмэгтэйчүүдэд орших орон зай байхгүйг харуулжээ. Энд миний дурдаж буй “орон зай” нь эмэгтэйчүүдийн оюун санааны орон зай гэх утгаар ашиглагдаж байгааг ойлгосон байх. Үүнээс арай бодит “орон зай”-н талаар цухас дурдвал түүний бараг бүх өгүүллэгийн эмэгтэйчүүд гэрийн эзэгтэй, гэрийн үйлчлэгч, ер нь гэртээ суудгаар гардаг бол эрэгтэй дүрүүд ажил эрхэлдгээр дүрслэгддэг нь тухайн нийгэм дэх эмэгтэйчүүдийн орон зай зөвхөн гэрт, өрхөд, ахуйд байгааг илтгэдэг.

Эрх мэдэл хэнд байна вэ?

 “Аяга цай” өгүүллэгийн Роузмери Фелл хэмээх залуу, гял цал, маш орчин үеийн, гайхалтай дэгжин хувцасладаг, гарсан шинэ ном бүрийг мэддэг. Гэрлээд хоёр жил болсон. Нөхөр нь түүнийг биширдэг гэж хэлэхэд болохуйц. Тэднийх маш чинээлэг, баян айл. Ер нь түүний амьдралд ганц л дутагдалтай зүйл бий нь тэр тийм ч царайлаг бус эмэгтэй гэдэг нь л аж. Үүндээ ч далдуурхан шаналж явдаг нь зохиолын төгсгөлд илрэнэ. Роузмери нэгэн үнэт эдлэлийн дэлгүүр орно. Дэлгүүрт байх гоёл чимэглэлийн хайрцаг ихэд таалагдсан ч арай үнэтэй санагдсан тул авалгүй гарчихаад гадаа нь зогсож байтал нэгэн гуйлгачин эмэгтэй ирээд аяга цайны мөнгө өгөхийг хүснэ. Гэнэт л түүнд жинхэнэ адал явдалтай хутгалдмаар санагдана. Хүүхнийг гэртээ аваачиж, цай зуушаар дайлсаны дараа юм ярихаар шийдэх үед нөхөр нь гэртээ ирнэ. Нөхөр нь Роузмеритэй тусдаа уулзахыг хүсэх ба эхнэр нь хүүхнийг халамжиндаа авна, тусална дэмжинэ, иймэрхүү зүйл байнга уншдаг хүний хувьд гэх зэргээр тайлбарлахыг хичээх зуурт шууд үгийг нь тастан “тэр их хөөрхөн, бүүр гойд царайлаг юм аа” гэж хэлнэ. Роузмери ч хүүхнийг явуулж, өөрийгөө будаж шунхдаж бяцхан тордсоныхоо дараа нөхрөөсөө ирээд “Би чамд таалагддаг уу? Би тэр гоё, жижигхэн гоёл чимэглэлийн хайрцгийг авч болох уу” гэнэ. 

Хэчнээн чинээлэг, баян атлаа таалагдсан хайрцгаа худалдаж авахаар нөхрөөсөө асууж буй нь, нөхөр нь эхнэрийнхээ эмзэг цэгийг нь хатгаад хөөрхий гуйлгачинг буцаалгачихаж байгаа нь, эхнэрийнхээ үйл хэрэг болгох гэсэн хэдий гэнэн ч гэлээ сайхан санааг няцаачихаж буй нь нийгэмд, гэр бүлд эрх мэдэл хэний гарт байгааг харуулдаг.

Эл санаагаа зохиолч “Талийгч хурандаагийн охид” өгүүллэгт ч тусгажээ. Аав нь нас барсаны дараа ч охидын амьдралд аавынх нь санал бодол хүчтэй хэвээр байна. Бүх амьдралынхаа турш аавынхаа захиргаан дор амьдарч буй нь хангалтгүй. Аав нь үхэхийнээ өмнөхөн нэг нүдээ нээж харсан дүрслэл ч үхсэн хойно нь ч хянасаар байхыг бэлгэдсэн мэт.  Охид ч гэж дээ, гэрлэх нас нь аль эрт талийсан ч гэртээ өтөлж буй хүүхнүүд л дээ. Хурандаагийн охидын ер нь эмэгтэйчүүдийн амьдрал гадаа ч, гэрт ч хэн нэгний нүдэн дээр, захиргаан дор байдгийг илтгэсэн бас  нэг дүрслэл нь тэд унтлагын хувцсаа хараар будуулах эсэх талаараа ярилцдаг хэсэг. Гадуур гарах үедээ гашуудлын буюу хар хувцастай байдаг ч гэртээ өөр өнгөтэй, өөрсдийнхөө унтлагын хувцастай байгаа нь эвгүй санагдаж бүгдийг хараар будах тухай ярилцана.  Өгүүллэг дэх аавынхаа буюу эцгийн эрхт ёсны буулган дор байгааг илтгэх хамгийн тод томруун дүрслэл нь аавыгаа оршуулах зөв, буруу эсэхийг шийдэж чадахгүй байгаа нь. Учир нь ааваасаа энэ талаар зөвшөөрөл аваагүй санагдана.

...Аав олж мэдэхээрээ яах бол? Эрт орой хэзээ боловч тэр мэдэхдээ л мэднэ. Угаасаа байнга олж мэддэг юм чинь. “Оршуулсан. Охид та нар намайг оршуулчихсан!” Жозефин аавынхаа таягны чимээг сонслоо. Тэд одоо юугаа хэлдэг билээ? Ямар шалтаг олох вэ? Жигшүүртэй, туйлын хэрцгий зүйл хийж орхисон мэт санагдана... Нэг л зүйл гарцаагүй тодорхой... Аав минь үүнээс болж биднийг хэзээ ч, хэзээ ч уучлахгүй! гээд дахин нулимс асгаруулав...”

ЭМЭГТЭЙ ХҮН Ч АХУЙГААС ДАВСАН ЗҮЙЛСИЙН ТАЛААР ЭРГЭЦҮҮЛДЭГ.

“Гадаах үдэшлэг”-ийн Лора, Хүүхэлдэйн байшин”-гийн Кезиа, Элс нараар эмэгтэй хүн ч хоол хош, будаг шунх, хүүхэд шуухад зэрэг ахуйгаас давсан, магадгүй оршихуй, эс оршихуйн талаар эргэцүүлдэг, мэдэрдэг.  Тэр “дээд” түвшний ямар нэг санаашрал тэдэнд ч төрдөг гэдгийг энгийнээр илэрхийлдэг.

 “...Лора мэгшсээр, – Үгүй. Ер бусын гайхалтай байсан. Гэхдээ Лори... гэснээ зогсосхийгээд, ах руугаа харлаа. “Амьдрал гэдэг чинь...” гээд түгдэрлээ. “Амьдрал гэдэг чинь...” Гэхдээ амьдрал яг ямрыг үгээр илэрхийлж чадахгүй байв. Зүгээр дээ. Ах нь түүнийг ойлгосон. Лори: – Тийм байгаа биз, дүү минь? гэлээ...”

Кэтрин Мэнсфилдийн модернист, богино өгүүллэгийн мастер болохын учир шалтгааныг номны өмнөтгөлд хэдийн дурдсан тул би энд илүүг нурших юун. Тэнд дурдаагүй буюу өөрийн бүтээлд эмэгтэйчүүдийн олон янзат байдал, тулгарч буй асуудал, бэрхшээлийг тод томруун дүрсэлснээрээ тэрээр тухайн үеийн уран зохиолд Виржиниа Вүүлфийн  нэгэн адил дэвшил авчирснаараа сондгойрдог гэдгийг сануулах үүднээс үүнийг бичлээ.

Урлагт эмэгтэй хүнийг дүрслэх асуудал үүнээс хамаагүй өргөн агуулгатай. Одоо ч эмэгтэйчүүдийг эхнэр, ээж, гэрийн эзэгтэй эсхүл залуухан, дур булаам, хүслэнт бүсгүйгээс өөрөөр дүрслэх нь дутмаг байна. Гэтэл бодит байдал дээр төрөл бүрийн ажил мэргэжил, хүсэл мөрөөдөлтэй, өөр өөр биеийн галбир, жинтэй, эмэгтэйчүүд байдаг. Олон эмэгтэй уншигч, үзэгч дэлгэцнээс, номноос хэлбэрийн хувьд жирийн дундаж эмэгтэйчүүлийн төлөөллийг буюу өөрийгөө харахыг хүсдэг. Агуулгын хувьд ч тэр, гал тогооноос давсанг харахыг хүсдэг. Бодит байдал нь тийм болсон учраас тэр.

Энэ сэдвээр үргэлжлүүлж судлахыг хүсвэл Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-аас нэлээн хэдэн жилийн өмнө эрхлэн гаргасан “Медиа дахь эмэгтэйчүүдийн дүр төрх”  видеог үзэж болно.  Мөн Виржиниа Вүүлф “Өөрийн гэсэн өрөө”, Симоун Де Бовуарь “Дайвар хүйстэн”-г уншиж болно. Уйтгартай гэхгүй бол “Хэвлэл мэдээлэл дэх жендэрийн мэдрэмжтэй байдал” гэж хайлт хийхэд холбогдох олон судалгааны тайлан гарч ирнэ. Хамгийн энгийн арга гэвэл эхэнд дурдсан Бекдел тестээр үзсэн кинонуудаа шалгаж болно. 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2021-04-21

    Энэ үнэхээр таалагдлаа.

    • Зочин
    • 2019-03-24

    WOW

arrow icon