Нийтлэл 11 сарын 21, 2018

ТОЙМ: Соён гэгээрлийн өдрүүд

 Өнгөрсөн долоо хоногийн турш Монсудар хэвлэлийн газраас Соён гэгээрлийн өдрүүдийг зохион байгуулсан. Хүн биологийн хувьд насанд хүрэхээс гадна оюун санааны хувьд насанд хүрэх нь яагаад чухал болох тухай энэ удаагийн Соён гэгээрлийн өдрүүдээр хөндсөн бөгөөд олон арга хэмжээ, хэлэлцүүлгүүдийг Интерном номын дэлгүүрт өдөр бүр зохион байгуулсан юм.

СОЁН ГЭГЭЭРЛИЙН ӨДРҮҮД НЭЭЛТ:

Арваннэгдүгээр сарын 13-ны 14:00 цаг. Соён гэгээрлийн өдрүүдийн нээлтийн арга хэмжээгээр хувь хүн насанд хүрэх, өөрийн гэсэн бодолтой байхаас эхлээд улс орон насанд хүрэх, өөрөө өөрийгөө авч явах хэмжээнд хүрэх гэдэг нь юуг хэлэх вэ?, Нийгэмд хамтран амьдрахын тулд бид юунаас татгалзах хэрэгтэй вэ? гэх мэт сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тухайлбал:

Та насанд хүрсэн үү

Хариуцлагаа ухамсарлан, бусадтай хамтран амьдрахад бэлэн үү?

Шударга бус байдал, амиа бодох явдал нийгмийн олонхыг хамарсан үед хувь хүн юу хийж чадах вэ? гэсэн асуултуудыг уран зохиолд хэрхэн дүрсэлдэг, гэр бүлийн харилцаанд хэрхэн үздэг зэрэг сонирхолтой асуултуудыг хөндсөн юм.

Мөн арга хэмжээний үеэр Ортега И Гассет "Түмний түрэлт" номдоо “Хүн харанхуй бүдүүлэг хэвээрээ үлдэж болно. Гэхдээ тэр хүн ийм байдалтайгаар ширэнгэн ойд л амьдарч чадна. Харин иргэншилд амьдарч чадахгүй... Иргэншлийг дэмжин тэтгэхгүйгээр зөвхөн үр шимийг нь хүртээд сууна гэвэл санасны гарз. Ингэвэл иргэншил аяндаа сөнөж, бид эргээд онгон байгаль дундаа нүцгэн үлдэнэ” хэмээн өгүүлсэн байдгийг онцлон дурдаж байсан нь яах аргагүй өнөөдрийн бидний эргэцүүлэх асуудал байсан юм.

ТӨЛӨВШЛИЙН УРАН ЗОХИОЛЫН ТУХАЙ (COMING OF AGE) ЛЕКЦ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Арваннэгдүгээр сарын 13-ны 18:00 цаг. Англи хэлт уран зохиолд "Coming of age", герман хэлэнд "Bildungsroman" хэмээн нэрлэгддэг уран зохиолын төрлийн тухай, энэ төрөлд хамаарах зохиол бүтээлүүдийн тухай болон Төлөвшлийн уран зохиол манай уншигчдад яагаад чухал хэрэгтэй байгаа тухай лекцийг энэ өдөр зохион байгууллаа. "Coming of age" уран зохиолын төрлийн тухай утга зохиолын мэргэжилтэн, Монсудар хэвлэлийн газрын зөвлөх Александр Шнорбуш лекц, яриа хийж монгол хэлнээ орчуулагдсан болон орчуулагдаагүй ч тухайн төрөл ангилалд хамаарах томоохон бүтээлүүдээр жишээ авч тайлбарласан нь уран зохиолын нэгэн шинэ төрөлтэй илүү ойроос танилцах боломжийг уншигчдад олголоо.

Мөн эдгээр өдрүүдэд:

“Тэрслүү чанар: Өөрчлөлтийн төлөө дүрэм журам зөрчигсөд” хэлэлцүүлэг

“Манай бүдэрсэн баатар” кино үдэш, зохиолын тухай хэлэлцүүлэг

“Бүтээлч байх чадварыг хөгжүүлэх нь” лекц, ярилцлага 

“Уншсанаа ярилцах нь яагаад чухал вэ?” утга зохиолын шүүмж судлаачдын уулзалт

“Хөөрхөн зураг хөнөөлтэй” хүүхдийн номын зургийн талаарх хэлэлцүүлэг

Хүүхдийн зохиолч, зураач Маурис Сендакийн тухай баримтат кино, хэлэлцүүлэг

“Монгол хэлээрээ ойлголцож чадаж байна уу?” хэлшинжлэлийн мэргэжилтэн судлаачдын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг зохион байгуулж, уншигчидтайгаа санал бодлоо хуваалцсан юм.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon