Нийтлэл 01 сарын 02, 2019

Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх (2-р хэсэг )

Рио удалгүй хямралаас гарах хоёр төлөвлөгөө боловсруулав. Нэг нь олон улсын санхүүгийн захаас мөнгө босгох (Энэ төлөвлөгөөний код нь Глазгов), нөгөө нь Чайналкогоос тусламж авч оронд нь хувьцаагаа өгөх (Энэ төлөвлөгөөний код нь Коллин). Коллин төлөвлөгөө сонгогдсон юм. 2009 оны хоёрдугаар сарын 12-нд Албаниз Чайналкотой 19.5 тэрбум долларын бэлэн мөнгө ба хувьцаанд хөрвөх нөхцөлтэй өрийн бичгийн гэрээнд гарын үзэг зурлаа. Риогийн хувьцааны үнэ аажмаар унаж эхлэв. Хятад бус хувьцаа эзэмшигчид зогсолтгүй гомдоллож, Австралийн хууль тогтоогчид манай улсын уул уурхайн салбарт эрээ цээргүй орлоо гэж Бээжинд ундууцаж байлаа.

Хятад эдийн засгаа сэргээх зорилгоор 585 тэрбум долларын хөтөлбөр зарласан нь төмрийн хүдрийн зах зээлийг илт сэргээх боломжтой байсан ч хэрүүл маргаан дуусахааргүй байлаа. Ийм хүнд нөхцөлтэй тулсан Рио Тинтогийн ТУЗ-ийн дарга Jan du Plessis өөрийн мэхээ хийхээр шийджээ. Тухайн оны зургаадугаар сард Рио Тинто Чайналкогийн хэлцлийн эсрэг нэмж шинээр хувьцаа гаргах болсноо зарлав. Өөрөөр хэлбэл Глазгов ажиллагаа хэрэгжиж эхлэв. Олон нийтийн өмнө хятадууд дипломат зан гаргаж байсан боловч дотроо тэд тэсэрч алдаж байв. Удалгүй Чайналко Риотой хийсэн гэрээгээ цуцалсан бөгөөд удирдлагууд нь энэ тухай тайлбар өгөхийг хүсээгүй билээ.

 Нөхцөл байдал ингэж дууссан ч Хятадын гангийн үйлдвэрүүдэд түүхий эд материал, Риод худалдан авагч хэрэгтэй хэвээр л үлдсэн. 2009 онд төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн үнийн хэлэлцээ олигтой явсангүй. Энэхүү хэлцэлд гангийн үйлдвэрүүдийн тэргүүлэн оролцсон этгээд нь Хятадын засгийн газрын оролцоотой “Хятадын төмөр, гангийн холбоо” (CISA) байсан юм. Энэ холбооны нэгэн тэргүүн хэлэлцээрийн явцад Риог “Усан тархитай тэнэгүүд” гэж доромжилсон байдаг. Хэлэлцээрт оролцож байсан Риогийн төлөөлөгчид “Хятадын төмөр, гангийн холбоо”-ны тэргүүн Shan Shanghua нь Хятадын Коммунист Намын аюултай хакер болохыг олж мэджээ. Гэрчүүдийн бидэнд өгсөн мэдээллээр бол тавдугаар сард Shan хэлэлцээрийн багийн хуралд Бээжинд дуудагдсан. Хурал дээр тэрбээр “Үнэ ямар байхыг би мэднэ, хэдэн тон хүдэр авах боломжтойг би хэлнэ” гэж итгэл төгс ярьжээ. Хэлэлцээрийн баг түүний хэлсэн мэдээлэлд талархал илэрхийлээд хурлаа тараасан байдаг. (Shan 2014 онд авилгын хэргээр ял авсан бөгөөд өөртэй нь холбоо барих боломжгүй байлаа. “Хятадын төмөр, гангийн холбоо” тайлбар хийхээс татгалзсан)

 Санхүүгийн хямралын үед хятадуудад хаягдсан Рио Тинто дэлхийн зах зээлийн үнэ өсөхийн хэрээр дэлхийн дэмжээний байр сууриа эргэн эзлэхийг хүсэх болов. Зургаадугаар сарын сүүлээр Риогийн нэлээд хэдэн удирдах албан тушаалтнууд ХонКонгийн таван одтой Шангри Ла зочид буудалд цуглан уулзжээ. Уулзалтын сэдэв нь Хятадтай хэрхэх тухай. Тэнд цугласан хүмүүсийн дунд Бээжингийн их сургуулийг төгсөж, 1990 онд Австралийн иргэн болоод тэндээ технологийн компанид ажиллаж байсан Ху байлаа. Ху 1996 онд Риод худалдааны төлөөлөгчөөр орсноос хойш богино хугацаанд тушаал дэвшжээ. Түүний үүрэг нь Хятадын боломжит худалдан авагчдыг олж уулзан гэрээ хийх. Цэвэрхэн бөгөөд ганган хувцасласан эр өөрийнхөө Лондон, Мельбурн хот дахь боссуудтайгаа адил Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгчидтэй тоглож байлаа.

 Шангри Лад хэдэн өдрийг Ху Риогийн удирдлагатай өнгөрөөж байхдаа мэдээллийн аюулгүй байдалдаа санаа тавилгүй орхижээ. Тэд уулзалтын үеэр Хятадын ган үйлдвэрлэгчдийг гэрээний сахилга бат, санхүүгийн байдлыг нь үнэлэн “сайн, муу, бүтэлгүй” гэж гурав ангилсан. Тэд хамгийн муу ангилалд багтсан ган үйлдвэрлэгчидтэй урт хугацааны гэрээгээ цуцалж, бусад гэрээний хугацааг нэг жилээс гурван сар болгон багасгах шийдэлд хүрчээ. Төмрийн хүдрийн эрэлт, үнэ өсөх нөхцөлд энэ шийдвэр нь Хятадын ган үйлдвэрлэгчдэд хэдэн зуун сая долларын хохирол учруулна.

 Ху Шанхай руу буцаж очоод ярьсан саналаа албажуулж Риогийн удирдлагын хороонд танилцуулах болов. Түүнийг Шанхайд ирснээс хэдхэн хоногийн дараа буюу долдугаар сарын таванд Улсыг аюулаас хамгаалахын Шанхайн салбарын төлөөлөгчид тагнуулын албаныхантай хамт Риогийн оффис дээр ирэн Хуг эрэн сурвалжилж эхэлснээ зарлажээ. Төлөөлөгчид Риогийн Шанхай дахь оффисийн дөрвөн ажилтны компьютер, бичиг баримт, зөөврийн драйв, флаш дискийг битүүмжлэн бүгдийг хураан авч, түүнийгээ баримтжуулсан бичиг үлдээн явжээ.

 Тэр өдрөө аюулаас хамгаалах албаныхан Шанхай хотын тансаг дүүрэгт байх хауснаас Хуг баривчлан бүх цахим төхөөрөмжийг нь мөн хураажээ. Хугийн удирлага дор ажилладаг гурван хятад ажилтныг ч гэрээс нь баривчлав. Тун удалгүй Риогийн топ удирдлага эдгээр баривчилгааны тухай шуурхай мэдээлэл авсан боловч хэн нь ч юу болоод байгааг бүрэн ойлгохгүй байлаа. Хятадууд албан ёсоор баривчилгаа хийснээ мэдэгдэхгүй байснаас гадна Австралийн цагдаагийнханд үндэсний аюулгүй байдал гэдэг ганц тайлбар өгчээ. 

 Долдугаар сарын найманд Австралийн консул Хуг авилга, улсын нууц задруулсан хэргээр баривчлагдсан болохыг мэдээлэв. Риогийн удирдлага энэ мэдээллийг бүрэн ойлгоогүйгээс гадна хэрвээ Худ ийм хэрэг тулгаж байгаа бол цаазаар авах ялтайг мэджээ.

 Хятадын тодорхой хууль шүүхийн системийн хүрээнд Хутай хамт ажиллаж байсан хүмүүс Хуг хэр сайн мэдэх билээ гэж өөрөөсөө асууж эхлэв. Риогийн төмрийн хүдрийн бизнесийн захирал Волш олон нийтэд мэдээлэл хийж, авилга авсан гэх нотолгоо олдоогүй бөгөөд Риогийн бүх ажилчид “Рио Тинтогийн ёс зүйн код”-ын дагуу шударга ажилладаг тухай хэвлэлд өгүүлэв. Гэвч дотроо Риогийн удирдлагууд нээрээ Ху энэ яриад байгаа үйлдлийг хийсэн байх магадлалтай юу хэмээн гайхаж байлаа. Тэд бүгд Хуг гэрлэсэн, хүүхэдтэй, тансаг тохилог хаустай, мэргэжлийн хийлчин гэдгийг мэддэг. Түүнчлэн архи огт хэрэглэдэггүй, оффистоо “Ванилла” гэдэг хочтойг нь мэднэ.

 Нөгөө талаас, Хуг баривчилсан цаг хугацаа болон улсыг аюулаас хамгаалахын оролцоог Риогийн удирдлагууд гайхаж байв. Зарим нь Хятад улс Чайналкогийн гэрээг цуцалсны хариуг авч байна гэж үзэж байлаа. Учир нь Хуг баривчилсны дараахан алсын зайнаас компанийн систем рүү нэвтэрдэг түүний хэрэглэдэг цахим түлхүүр системд ашиглагдсан байхыг Риогийн мэдээллийн аюулгүй байдлын албан тогтоов. Түүний цахим төхөөрөмж хэд хэдэн файлыг хүлээн авч бас илгээсэн байх боловч Рио Тинто кодыг нь задалж уншиж чадаагүй. Хятадаар чөлөөтэй ярьдаг Австралийн маркетингийн удирдах ажилтан Ian Bauert удалгүй Шанхай руу нисэв. Түүний баг Хятадын тусгай албаны хараан дор байнга байлаа. Хар хувцастай залуус хоолны ширээний хажууд нь байнга суух, гудамжинд дагах зэргээр тагнуултай кино шиг үйл явдал өрнөжээ. Үүнээс Шанхайгийн оффисын хятад гаралтай америк ажилчин үхэтлээ айн Лас Вегас руу зугтан нисчээ. 

 Энэ үед прокуророос Ху болон түүний нөхдийг албан ёсоор яллаагүй байлаа. Тэд хэргийнхээ талаар ямар ч мэдээлэл олон нийтэд өгөөгүй юм. Австралийн дипломатч Хуг шоронд байхад нь эргэж очоод эрүүл мэнд нь сайн байгаа тухай тайлан бичсэн байдаг. Хятадууд Худ хэргийн талаар гадагш мэдээлэл өгөхгүй байхыг зааварласан ч өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байгааг Австралийн дипломатчид хэлж амжжээ.

 Энэ баривчилгааны дараа сарын дотор Австрали, Хятадын хооронд олон улсын төвшинд хэвлэлийн дайн дэгдсэн бөгөөд Албаниз Риогийн зарим удирдлагын багийн гишүүдтэй хамт Хятадын элчин сайд Fu Ying-тай Лондонд уулзалт хийв. Элчин сайд “Та нар Хятад улсыг, Хятадын ард түмнийг дэлхий нийтийн өмнө ичгүүртэй байдалд орууллаа” гэж хэлсэн тухай хоёр эх сурвалж баталсан. Элчин сайд хатагтай Риод дараах зөвлөгөөг бүдэг байдлаар өгчээ. Хятадын ард түмэнд Рио Тинто бизнесийн биш хүний нүүрээ харуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаа эхлүүл. (Элчин сайд ингэж хэлсэн эсэхийг түүний ажлын албанаас тодруулахад иймэрхүү утгатай зүйл хэлсэн гэж батлаагүй бөгөөд Хугийн хэрэгтэй холбоотой тайлбар өгөхийг татгалзсан.)   

 Наймдугаар сард Ху болон түүний багийг улсын нууц задруулсан хэрэг биш улсын худалдааны нууц хулгайлсан хэргээр албан ёсоор ял өгөв. Ингэснээр цаазын ялаас өршөөгдсөн билээ. Волш Хятадтай харилцаагаа сэргээхээр ажиллаж байгаа ч өөрийн ажилтныхаа талд цаг үргэлж зогсохоо хэвлэлээр дамжуулан илэрхийлж байлаа. Баривчилгааны дараа дээр гаргасан “сайн, муу, бүтэлгүй” гэсэн Хятад худалдан авагчдын схемийг таягдан хаяж, хуучин барьж байсан үнийн нөхцлөө хятадуудтай ярьж эхэлжээ. Риогийн удирдлага энэ мухардмал байдлаас гаргах, өөрсөдтэй нь шууд хамааралгүй, бие даасан мэргэжилтэн хайж эхлэв. 

 Тухайн жилийн эцсээр Албаниз Канадын зэвсэгт хүчний офицер асан, одоо компанийн аюулгүйн албаны дарга Mivil Deschenes-тэй Нью Йорк дахь оффистоо хамт суугаад Хятадын Засгийн газартай дээд төвшинд шууд харьцаж чаддаг дэлхийн дээрх цөөн байдаг хүмүүсийн нэг Хэнри Киссинжертэй уулзав. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Риогийн удирдлагад шоронд хоригдсон дөрвөн ажилтных нь төлөө хятадуудтай юу ч хийж чадахгүй гэдгээ хэлсэн ч гэсэн Рио түүнийг хөлслөн авчээ. Австралийн хэвлэлд гарсан мэдээллээр бол Рио энэ ажлын хөлсөнд Киссинжерт хамгийн багадаа таван сая доллар төлсөн гэдэг. (Киссинжерийн ажлын албанаас үүнийг тодруулахыг хүссэн боловч хариу өгөөгүй.)

 Дараах саруудад Киссинжер Риогийн удирдлагууд нэг ижил асуулт дээрээ олон удаа эргэлдэж буйг анзаарчээ. Тэр асуулт нь “Хятадтай найз болохыг хэр их хүсч байна вэ”. Хариулт удалгүй тодорхой болсон ч харамсалтай нь сөрөг талдаа байлаа.

 2010 оны гуравдугаар сарын 22-нд Ху болон түүний нөхдийн шүүх хурал Шанхай хотын Ардын шүүхийн танхимд боллоо. Уг хурал хэвлэлд хаалттай болсон хэдий ч дараа нь 26 хуудас хурлын шийдвэр, тайлбарыг олон нийт болон Риод зориулан гаргажээ. Ялласан хойно нь гаргаж буй энэ мэдээлэл нь яллагдагч талд бараг ач холбогдол байдаггүй нь Хятадын шүүхийн систем нэг эхэлсэн бол ял өгч байж салдагтай холбоотой.

 Прокурорууд Хятадын нэгэн гангийн үйлдвэр Худ нэг сая юань (ойролцоогоор 150,000 доллар) бүхий саарал чемодан өгсөн гэж шүүхэд мэдээллэсэн. Хариуд нь Рио Тинтотой урт хугацааны гэрээ байгуулах нөхцлийг Худ тавьсан гэх бөгөөд үүний тулд Рио хуурамч зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулжээ. Мөн найзынх нь Хонконг компани өөр нэг гангийн үйлдвэрээс 300 000 долларын хахууль авсан. Түүнчлэн эхнэр нь Ху бэлэн мөнгө гэртээ авч ирэн сэйфэндээ хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

 Эдгээр нотлох баримтын дагуу Ху хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч хамт олон нь бас ийм үйлдэл хийсэн үү, эсвэл хахуулиас нь хувь авсан уу гэдэг нь тодорхойгүй үлдсэн юм. Үлдсэн дөрвөн ажилтан нь худалдааны нууц материал руу хууль бусаар нэвтэрсэн гэдэг үндэслэлээр буруутгагдсан. Эдгээр шийдвэрүүд хаалттай хүрээнд гарсан бөгөөд Австралийн дипломатыг үүнд байлцуулаагүй юм.

 Ажилчдынх нь хувь заяа ийнхүү Хятадын шүүх дээр шийдэгдэж байх хооронд Албаниз Хятадад арай өөр ажил хөөцөлдөн завгүй байв. Рио, Чайналко хоёр хамтран баруун Африкийн Гвиннэй улсад орших 2.3 тэрбум тон төмрийн хүдрийн нөөц бүхий Симандоугийн ордыг ашиглах 1.4 тэрбум долларын хэлцэлд гарын үсэг зуржээ. Энэ бол Рио Тинто, Киссинжерийн хамтарсан төлөвлөгөө байсан бөгөөд Хятадыг Рио Тинтогийн зүгээр нэг харилцагч бус түнш болгох зорилго агуулжээ.

 Риогийн гүйцэтгэх захирал компанийн төлөөлөгчидтэйгөө Хятадын хөгжлийн форумд оролцон хүндэтгэл илэрхийлэхээр Бээжингийн Ардын их танхимд орж ирлээ. Тэдний өмнө Хятад бэлгэдэл байх бөгөөд Тянаньмэнийн хаалга дөрвөн жижиг одоор чимэглэгджээ. Оддын утга нь ард түмнийг илэрхийлэх ба хамгийн том нь намыг бэлгэдэнэ. Хурлын асуулт, хариултын хэсэг өндөрлөсний дараа Риогийн төлөөлөгчид Хятадын эцэг Вэн өвөө гэгдэх ерөнхий сайд Wen Jiabao-той мэндчилэв. Албаниз түүн рүү дөхөн очиход орчуулагч чихэнд нь нэг үг шивнэхэд ерөнхий сайдын нүд томров. Үүний дараа Вэн Албаниз руу хандан гар барингаа хятад хэлээр нэг зүйл хэлсэн нь орчуулбал “Урагшаа алхъя” гэжээ.

 Үүнээс хойш хэдэн өдрийн дараа Ху ба түүний багийг худалдааны нууц мэдээлэл хууль бусаар олж авсан, мөн давхар авилгын хэргээр шийтгэв. Хурлын шийдвэрт бичсэнээр Ху өөрийн багийн гишүүд болон салбарын мэргэжилтнүүдээс BHP-ийн үнэ, Хятадын төмөр, гангийн холбооны үйл ажиллагаа, Хятадын өдөр тутмын төмрийн хүдрийн худалдааны нууц мэдээллийг олж өгөхийг хүссэн аж. Шүүгч хариуцагчийг 2009 оны Хятадын төмрийн хүдрийн хэлцэл, яриаг задалсан гэж үзсэн бөгөөд энэ үйлдэл нь Хятадын гангийн салбарын өрсөлдөх чадварыг ноцтой хохироосон гэж дүгнэсэн юм.

 Уг нь Хуг буруутган хулгайгаар олж авсан гэх мэдээлэл нь ийм төвшний компанийн ажилтан тэр хэмжээний худалдааны хэлцлийн үед олж цуглуулан судлах мэдээллийн төрөлд тооцогддог.  Гэвч Хятад системийн хувьд засгийн газар нь нууц гэсэн бол тэр мэдээлэл нууцад шууд тооцогддог. Үүний үр дүнд Худ 10 жилийн ял оноосон бөгөөд бусад хариуцагчид 7, 8, 14 жилийн ял авсан.

 Үүний дараа Рио эдгээр ажилтнуудаа ажлаас нь халжээ. “Би шийдэмгий хүн” гэж хэлсэн Албаниз “Энэ дөрвөн ажилтны хийсэн үйлдлийг өмгөөлөх ямар ч боломжгүй бөгөөд манай байгууллагын ёс зүйн кодтой харшилж байна. Энэ явдал Рио Тинто Хятадтай бэхжүүлж буй хамтын ажиллагаанд ямар нэг саад болох учиргүй” гэж мэдэгдэв. Ху Qingpu-ийн шорон руу ачигдаж байх мөчид Рио Тинто Хятад улстай хамтын ажиллагааны шинэ эринээ эхлүүлж байлаа. Бүх хэрүүлийн эх болсон төмрийн хүдрийн жилийн бенчмарк үнийг Риогийн мөнхийн өрсөлдөгч BHP Billiion, Бразилийн Vale SA хоёр унагаж, улирлын бенчмарк үнэ рүү шилжүүлэв. Үүнээс хойш Рио үнийн хэлцэлд орж өөрийгөө зовоохоо больж, нөхцөл байдлыг л дагах болов.  

 2011 онд Албаниз Чайналкотой хамтарсан хайгуулын компани байгуулах санаа гаргав. Түүнчлэн Рио нь бэлгэдлийг бодон Хятадын 2200 жилийн настай Терракотта армийн чулуун хөшөөний металлургийн судалгааг санхүүжүүлэхээр шийдэв. Риогийн Шанхайгийн оффисийг фэнг шүйгийн мастер шинээр тохижуулж, метр гаруй өндөр хаш чулуун морийг усан сангийн дэргэд Азийг бэлгэдэн барьжээ. Албаниз Хятадад жилд бараг 10 удаа зочилдог боллоо. Нэг удаагийн айлчлалаар ирээдүйн Хятадын коммунист лидерүүд болохоор бэлтгэгдэж буй Бээжингийн намын сургуульд лекц уншжээ. Өмнө нь Хятад хүмүүс Рио Тинтогийн хүний нүүрийг (human face) харах боломжгүй байсан бол тэд одоо хардаг болжээ.

 Хугийн хэрэг явдлын гор дуусаагүй л байлаа. 2012 оны зун MI5-ийн ерөнхий захирал Жонатан Эванс Лондонгийн санхүүгийн дүүрэгт маш ховорт тооцогдох нийтэд зориулсан лекц уншингаа “улс төрийн дэмжлэгтэй цахим халдлагын аюул” далайцтай нэмэгдэж буй талаар мэдэээлэл цацав. Нэг ийм халдлага жишээ нь, Британийн нэгэн компанид 800 сая паундтай (1.3 тэрбум доллар) тэнцэх хэмжээний орлогыг хулгайлсан. Энэ зөвхөн оюуны өмчийн хулгай биш бөгөөд хэлцэл хийх үеийн худалдааны давуу талаа алдснаас үүсэх эрсдлийг давхар тооцож буй юм.

 Эванс хохирогч компани болон хакерийн нэрийг дурдаагүй ч сэтгүүлч Гордон Корерагийн 2015 онд хэвлүүлсэн Intercept номд дурдсанаар бол Хятад, Рио Тинтогийн жишээ байжээ. Аюулгүй байдлын хэд хэдэн ажилтан Корерагийн мэдээллийг баталсан. Тэдний болон бусад эх сурвалжийн мэдээллээр 2008 онд Риогийн системд нэвтэрсэн этгээд нь Хятадын аодын чөлөөлөх арми байсныг Британийн тагнуулын алба MI5 тогтоожээ.

 Хятадын ардын чөлөөлөх арми, тусгай алба, засгийн газар нь шууд оролцсон худалдааны ийм жишээ маш ховор гэдгийг Их Британийн аюулгүй байдлын ажилтан асан хэлсэн. Хэрэв эдгээр газрууд оролцсон нь үнэн бол Рио Тинтог Хятадын улс төрийн нэлээд том албан тушаалтан шууд онилсон болж таарна. Энэ этгээдийг хэн гэдгийг нь мэдэх бараг боломжгүй ч Риогийн удирдлага Хятадын гангийн үйлдвэрүүдтэй урт хугацааны гэрээ хийхгүй байх стратегийг эсэргүүцсэн хэн нэгэн энэ хэргийг өдөөж Риогийн шийдвэрийг зогсоохыг хүссэн гэж дүгнэжээ. Энэ дүгнэлт үнэн бол тэд санасандаа хүрч, эх сурвалжуудын дурдсанаар тухайн цаг үеийн зах зээлийн үнээс даруй хоёр дахин бага үнээр төмрийн хүдрээ зарахыг шахан Риод 800 сая паундын санхүүгийн хохирол учруулжээ. Ху болон түүний нөхдийн хувьд тэд буруутай, эсвэл гэмгүй байлаа ч гэсэн том зодооны золиос болсон хүмүүс юм. Хугийн талаар болон түүний хулгайлсан гэх мэдээллийг Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгчөөс лавлахад “Таны асууж буй нөхцөл байдлын талаар мэдэхгүй байна. Гэхдээ манай улс бүх хэлбэрийн цахим халдлагаас улсаа хамгаалж, хакеруудыг үгүй хийх чадалтай бөгөөд үүнд бэлтгэгдсэн хангалттай нөөц” бий гэж хариулжээ.

 Хэрэв компани Хятадын засгийн газрын цахим халдлагад өртвөл ердөө хоёр сонголт нь бий. Нэг бол юмаа эмхлээд тус орныг орхих. Цензурын асуудлаас болоод 2010 онд Google компани яг ийм байдалд орсон. Нөгөө сонголт нь хэцүү ч гэсэн хүлээн зөвшөөрч, гаргасан золиосын хэмжээндээ ашиг олох. Рио Тинто хоёр дахь сонголтыг олон хүнд туршлагыг даван хүлээн авсан. Хугийн хэрэг явдлаас сургамж авч Рио мэдээллийн технологийн протоколоо сайжруулан, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авч, шинээр өндөр технологи бүхий систем суурилуулжээ. Үүний үр дүнд Риогийн зэсийн уурхай байршдаг Ютагийн хөндийн саравчинд байрлах чухал нууцлагдсан серверийг илрүүлсэн төдийгүй Британийн тагнуулын албаны мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран Хятадын хакер Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Албанизийн компьютерт нэвтрэн мэдээллийг нь удирдаж байгааг ч илрүүлжээ. Тусгай баг эдгээр мэдээллийг цуглууж шинжлэхдээ урилгагүй зочинд аль болох мэдэгдэхгүйгээр гэхдээ бас нууц материалд оруулахгүйгээр ажиллахыг хичээдэг.

 Мэдээ, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангах боломжгүй ч ашгийн хэмжээг бүрэн удирдах боломжтой. 2015 оны 12 дугаар сард Рио өөрийн цахим хуудсандаа Хятад дахь бизнесийн өсөлтөө онцолж, группын нийт борлуулалтын даруй 40 хувийг Хятад эзэлдэг болсон төдийгүй энэ нь 19 тэрбум доллараар хэмжигдэж буйг зарлав. Риогийн төмрийн хүдрийн бизнесийн захирал Эндрью Хардинг “Талууд хамтарсны үр дүнд л харилцан хүндлэл, дотно нөхөрлөл, харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болголоо” гэж дүгнэсэн байдаг.

 Энэ бол үнэхээр энгийн бус хийгээд цөөн тоглогчтой нөхөрлөл байсан. Рио Хятадууд уулзахдаа инээн гар барьдаг ч нэг захирал тоглоом хийж байна гэж бодоод Хятадын төлөөлөгчтэй 00-ын цаас хавчуулан гар барьсан түүх байдаг. 2016 онд Риогийн удирдлага Бээжин рүү Ситандоугийн уурхайн асуудлаар хэлэлцээрт орохоор нисэхээр бэлдэж байхад түүний бүх цахим шуудан хакердуулсан байлаа. Африкийн энэ төсөл амжилтгүй бөгөөд шатсан төсөл болсон. Хэдхэн сарын дараа Африкийн төслийн хувиа Гвиннэйгээс нэг ч тон хүдэр олборлоогүй хэрнээ Рио Тинто Чайналкод нэг тэрбум доллараар зарахаар шийдсэн. Энэ хэлцлийн дараахан Риогийн найз Гвиннэйгийн ерөнхийлөгчид шилжүүлэх 10.5 сая долларын тухай Риогийн удирдлагын хэлэлцсэн цахим шуудан нийтэд ил болсон билээ. Рио үүнийг АНУ, ИБУИНВУ, Австрали улсад албан ёсоор тайлагнасан хэдий ч эдгээр улсууд энэ тохиолдол дээр авилгын хэрэг үүсгэлгүй одоог хүртэл нээлттэй байлгасаар байна. Энэ имэйлийг нийтэд задалсан эх сурвалжийг одоог хүртэл олж чадаагүй.

 Өнөөгийн Риогийн удирдлагууд ТВ-ээр Хятадын эдийн засгийн боломж ирээдүйг байн байн ярьж буй нь өөрсдийнхөө ирээдүйг л ярьж байгаа хэрэг юм. Компанийн аюулгүй байдлын дотоод эх сурвалжаас авсан мэдээллээр хэрэв Хятад ба Риогийн харилцаа муудвал Хятад дахь бүх ажилчдаа нэн даруй нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй болжээ. Тухайлбал, Сингапур улсад компанийн нэгдсэн хурал хийх нэрийдлээр бүх ажилчдаа Хятадаас гаргах төлөвлөгөөг дурдаж болж байна. Үүний дагуу зочид буудлуудын захиалга хүртэл бодитоор хийгдэж байжээ. Долдугаар сарын дөрвөнд Ху Qingpu-ийн шоронгоос суллагдахад нэг ч хэвлэл мэдээллийн байгууллага тоосонгүй. Bloomberg Businessweek сэтгүүлийнхэн Хугийн эхнэр болон гэр бүлийн бусад гишүүдтэй нь Шанхайд холбогдох гэж хэд хэд оролдсон боловч бүтэлтэй болоогүй. Шоронд өнгөрөөсөн найман жилийн хугацаанд Хугийн эрүүл мэнд багагүй доройтсон агаад ойрын эх сурвалжийн хэлснээр зүрхний асуудал үүссэн бөгөөд зайлшгүй эмнэлэгт хэвтэх шаардлагатай болжээ. Ху шоронгоос суллагдмагцаа эхнэр дээрээ очиж уулзсан бөгөөд Австрали руу буцахаасаас өмнө Хятадын хойд хэсэгт амьдардаг хөгшин эцэг эхтэйгээ уулзах байх гэж дотны танил нь таамагласан. Австралид нэгэнт очсон хойно түүний амьдралыг өөрчилсөн энэ үйл явдлыг нэг бол нийтэд ярина, үгүй бол бүрхэг чигээр нь үлдээн цайруулна. Шоронгийн наймдугаар бригад дахь түүний номын сангийн сандал хоосон ханхайх боловч мөнхөд хоосон байхгүй нь лавтай. Учир нь дэлхийн хамгийн том зах зээлд орохын тулд ямар ч хамаагүй эрсдэл хийх бизнесийн удирдагчид энүүгээр нэг хөглөрч байна.

 

Simon Lee, John Liu, Michael Riley, ба Martin Ritchie нартай хамтрав.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon