Нийтлэл 01 сарын 14, 2019

Цахилгаан халаагуурын сонголт ба төмс

Одоо "өвөл болохоор хүйтэн болдог" гэдэг шиг иймэрхүү тайлбар хийх хэрэгтэй юм байна.

Хоол хийхэд 1кг хальсалсан төмс хэрэгтэй. Хальслаагүй төмсийг хальсалахаар жин хасагдах учраас 1кг-аас арай их хальслаагүй төмс хэрэгтэй болноо доо. Маш нимгэн хальсалбал 1.03кг, болхидуу зузаан хальсалбал 1.05кг гэх мэт. 1.03кг-аас 1кг хальсалсан төмс гаргаж авч байвал хальслагчийн "ашигт үйлийн коэффициент" 97%. 1.05кг-аас авч байвал 95%. Ямар ч өндөр технологиор ургуулсан шидтэй төмс байсан хальсыг нь хасахаар жин нь багасна. Нэмэгдэнэ гэж байхгүй. оргүй хоосноос төмс бий болохгүй.

Халаалтанд хэрэгтэй 1кВт дулааны энергийг гаргаж авахын тулд төмөр утасыг цахилгаанд холбож улайсгана. Энэ төмрийг улайсгаж 1кВт дулааны энерги ялгаруулахын тулд 1-с арай их цахилгаан энерги шаардлагатай. 1.03кВт цахилгаан ашиглавал хааагуурын төхөөрөмжийн "ашигт үйлийн коэффициент" 97%, 1.05кВт зарцуулбал 95%. Ямар ч өндөр технологиор хийсэн шидтэй халаагуур байсан цахилгаанаар төмрийг халаахад зарцуулсан энергээс илүү энерги ялгарахгүй. оргүй хоосноос энерги бий болохгүй.

ПРАКТИК ЗӨВЛӨМЖ:

1) Танай гэрт 4кВт дулааны энерги шаардлагатай бол ямар ч сайн цахилгаан халаагуур байсан 4-аас арай их чадалтай байж гэмээнэ халааж чадна. "Тэр цахилгаан халаагуур 4.2кВт чадалтай байхад манайх 2кВт чадалтай хэрнээ танайд хэрэгтэй 4кВт-ыг хангаж чадна" гэдэг бол УТГАГҮЙ яриа. "Манайх 2 кг хальслаагүй төмснөөс танд 3 кг арилгасан төмс гаргаж өгнөө" гэдэгтэй адил. Тийм ярианд та итгэх үү?

2) Цахилгаан халаагуурын "Ашигт үйлийн коэффициент" цөөн хэдэн хувийн ялгаатай байдаг. Ямар ч өндөр технологи болгож хөгжүүлсэн ганц хоёр хувийн зөрөөтэй. Жишээлбэл 4кВт цахилгаан халаагуурын ашигт үйлийн коэффициентийг 2%-аар нэмэгдүүлж чадлаа гэхэд 4*2%=0.08кВт буюу таны мөнгөн төлбөрт огт нөлөөлөхгүй шахам бага зөрөө. Тийм учраас, цахилгаан халаалт сонгохдоо чанартай материал, аюулгүй ажиллагаа, автомат тохиргоог анхаараарай. "Бага цахилгаан зарцуулдаг" халаагуур гэж байхгүй, 1-3%-ийн зөрөө л гарна. 1кг хальсалсан төмс гаргаж авахын тулд 1-ээс илүү хальслаагүй төмс хэрэгтэй шүү. Худал яридаг хүмүүст илүү мөнгө битгий төл.

Эцэст нь хэлэхэд технологи бол ид шид биш. "Эд зүйлс, бас энерги оргүй хоосноос бий болдоггүй, устаж үгүй болдоггүй, нэг төлөвлөөс нөгөөд шилжиж байдаг" .Матери хадгалагдах хууль, энерги хадгалах хууль. Ертөнцийн суурь хуулийг зөрчиж чаддаг "1-ээр 2-ийг үйлдвэрлэж чаддаг цахилгаан халаагуур" хэрхэн ажилладаг талаар инженерүүд биш зөн билэгтний тулаанд оролцогсод л тайлбарлаж чадах байх.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon