Нийтлэл 02 сарын 27, 2019

Ном бол үздэг кино биш

“Кино бол үздэг ном, ном бол уншдаг кино”

гэх хэн бүхний мэдэх нэг ишлэл бий. Энэ ишлэлийн утгаар бол кино үзэх нь ном уншиж байгаатай, ном унших нь кино үзэж байгаатай адилхан, ямар ч ялгаагүй гэсэн ойлголтыг агуулж байгаа юм. Гэвч уран зохиол болоод, кино урлаг хоёрт их том ялгаа бий. Уран зохиол бол үгээр дамжин хүний сэтгэхүйд бууж, сэтгэл рүү нэвтрэн ордог. Харин кино бол дүрсээр дамжин хүний сэтгэхүйд бууж, сэрэл мэдрэмжид хүртэгддэг.

Хүмүүс тухайн зохиолоор хийсэн киног үзсэн бол номыг нь уншдаггүй тохиолдол их. Киног нь үзлээ л бол тухайн номыг уншсантай адил мэтээр ойлгодог. Гэвч тийм биш. Уг зохиол кино болохдоо найруулагчийн гараар дамжин өөр нэг хувилбар нь болж хувирдаг.

Зарим хүмүүс зохиолыг нэг бүрчлэн унших залхуутай, харин киног бол зүгээр хэвтэж байгаад л үзчихнэ гэх нь даанч харамсалтай. Ялангуяа ихэнх залуу уншигчид зузаан зузаан ном хараад шууд уншихаас залхуурдаг. Зохиолын үг бүрийг мэдэрч, дүрслэлийг нь төсөөлөн ургуулан бодож, тухайн дүртэй хамт баярлаж догдолж, гуньж гутарч, тэр бүх мэдрэмжийг авч уншихын гайхамшгийг хэзээ ойлгох юм бүү мэд.

Иймд кино болон уг зохиол хоёрын хамгийн энгийн, нийтлэг (кино болгон дээр ажиглагддаг) ялгаануудыг Австрийн алдарт зохиолч Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэйн захидал” зохиол болон уг зохиолоор бүтсэн “Үл таних эмэгтэй” кино хоёроор жишээлэн харуулахыг хичээлээ.

Кинонд тухайн номд гарах үйл явдал, дүр дүрслэлийн нэлээдгүй хэсэг нь хасагддаг


Тайлбар: Энэ бол тухайн зохиол кино хоёрын ялгааг харуулсан зураг.

 “Танихгүй эмэгтэйн захидал” зохиол бол өөрийг нь танихгүй, энэ хорвоод оршин байгаа үгүйг нь ч мэдэхгүй нэгэн залууд бүхий л амьдрал, ариун нандин хайраа ямар ч нэхэл дагуулгүй зориулсан эмэгтэй хүний өчлөөр бичигдсэн ном. Тиймдээ ч тэрхүү эмэгтэйн зохиолч залууд дурласан дурлал, түүнийг хайрлаж шүтэж биширдэг байсан бишрэл, бодол санаа сэрэл мэдрэмжийн торгон эгшнүүдийг зохиолд бүсгүйн өчлөөр дамжуулан илэрхийлдэг. Харин кинонд тэр бүхнийг нэг бүрчлэн илэрхийлэх боломжгүй тул багахан хэсгийг жүжигчнээр уншуулж, нэлээдгүй хэсгийг нь хасжээ. Энэ нь мэдээж уншигчид тухайн зохиолоос авч байсан догдлол, гуниг, харууслын хүчтэй мэдрэмжийг эрс сулруулсан. Ер нь тухайн зохиолыг кино болгохдоо ингэж нэлээдгүй хэсгийг нь хассан байдаг нь зохиолыг уншсан уншигчдад дутуу хагас мэт мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс ч ихэнх тохиолдолд кино нь номоо давж гарч чаддаггүй юм уу даа.

Бас өгүүлэмж, үйл явдал найруулагчийн хүслээр нэмэгдэж хасагдаж, ер нь бол өөрчлөгдсөн байдаг.

Н.Наранбаатар “Танихгүй эмэгтэйн захидал” зохиолыг монгол ахуй хөрсөнд буулган үзүүлсэн. Тэгэхдээ зохиолын өгүүлэмжийг нэлээд өөрчилсөн байдаг. Тухайлбал, зохиолд алдарт зохиолч “Р” ууланд гурав хоног амарч Вена хотод өглөө эрт буцаж ирээд өөрт нь ирсэн захидал, илгээмжийг үзэж байгаагаар эхэлдэг бол харин кино нэрт хөгжмийн зохиолч Ананд найзуудтайгаа хамт төрсөн өдрөө тэмдэглэж байгаагаар эхэлнэ. Мөн зохиолд охин Инсбург хотод байсан хоёр жил там шиг байсан гэж өгүүлсэн байдаг бол кинонд охин Багануурт (зохиолоор бол Инсбург гэсэн үг) өөрт нь хязгааргүй хайртай нэг сайхан сэтгэлт залуутай учраад жаргалтай биш юм аа гэхэд сайхан байгаа мэтээр үзүүлдэг. 

Зохиолд “Эмэгтэй хүний гараар таталж жигд биш бичсэн тэр гучаад хуудсыг захиа биш, нэг зохиолын гар бичмэл гэмээр” гэсэн дүрслэлээс ямар нэгэн эмэгтэй хүний сульдаж ядарсан турьхан гараар бичигдсэн захиа гэдэг дохиог өгч, энэ нь цаашлаад тэр бүсгүй үхэл амьдралын зааг дээр өвчинтэйгөө тэмцэлдэн энэхүү захидлыг бичиж байгаатай очиж холбогддог. Өөрөөр хэлбэл зохиолч “Р” тэрхүү захидлын бичгийг хараад эмэгтэй хүн бичжээ гэдгийг таньсан, мөн тэр нь жигд биш “таталж” бичсэн байгаа нь захидал бичиж суугаа тэрхүү бүсгүйн талаарх төсөөллийг уншигчдад илүү товойлгон өгч байгаа юм. Гэтэл кинонд энэ хэсгийг бүсгүй үсэг бүрийг ихэд хичээнгүйлэн нямбай бичиж байгаагаар үзүүлжээ. Энэ нь жижигхэн дүрслэл мэт боловч “таталж жигд биш бичсэн” гэх дүрслэл зохиолд зүгээр ч нэг санамсаргүй бичигдчихээгүй харин тэрхүү эмэгтэйг илтгэх утгыг агуулж байгаа юм.   Энэ мэтээр зохиолын ерөнхий гол шугам л кинонд үлдэж бусад нарийн дүрслэлүүд хасагдаж өөрчлөгджээ.

Үүгээр ч зогсохгүй тухайн зохиолд гарсан дүр нь кинонд тэс ондоо дүр болчихсон байх жишээтэй.

“Үл таних эмэгтэй” кинонд охины хойд эцгийн дүр их муухай жигшиж зэвүүцэм байдлаар дүрслэгддэг. Охиноо хүчирхийлэхээр завддагийг та бүхэн сайн санаж байгаа байх. Харин уг зохиолд бол яг эсрэгээрээ охиндоо маш сайн ханддаг байсныг зохиолын гол дүр өөрөө өгүүлдэг.

За тэгээд бид тухайн зохиолыг уншиж байх явцдаа дүрүүд болоод орчин ахуйг төсөөлжбодон ургуулж, зарим тохиолдолд зохиолынхоо дүрд унаж тусан дурладаг. Харин кино үзэхэд хүний оюун тархинд ийм процесс явагдахгүй. Найруулагчийн бидэнд тулгаж байгаа жүжигчин, орчин ахуйг үг дуугүй ширтэхээс өөр сонголт байхгүй билээ. Тиймээс ч таны дурлаж хайрлаж байсан дүрүүд кинонд дүрслэгдэхдээ тэс ондоо байна шүү дээ. Заримдаа бүр цочирдоно гээч.Дүрүүд нь зохиолд дүрслэгдсэн шиг байна гэдэг бараг боломжгүй хэрэг байх л даа.

“Танихгүй эмэгтэйн захидал” зохиолд, зохиолч залууг охины харж үнэлснээр дүрсэлсэн нь,

Чи дур татам бор хүрэн өнгийн биеийн тамирын хувцастай байсан. Чи хөвгүүнсэг гайхам хөнгөн шингэн алхаж шатаар өгсөхдөө хоёр гурван гишгүүр алгасан харайж явлаа. Эсгий малгайгаа гартаа барьж явсан болохоор би чиний сайхан цайвар үс, жавхаатай залуу царайг хараад алмайран гайхсанаа хэлэвч баршгүй. Чамайг тийм залуу, цэвэрхэн сайхан, тийм гоолиг ганганыг үзээд би үнэнээ хэлэхэд шулуухан айж балмагдаж билээ. Ном зохиол бичдэг болоод олонд хүндлэгдсэн, миний мэдэхгүй ертөнцөд алдар цуутай хүн чи харин хөвгүүмсэг цовоо сэргэлэн хорин таван настай ганган залуу байж билээ”.

Үүнийг уншаад бид оюун тархиндаа бидний гоо сайхны үнэлэмжид нийцсэн цайвар үстэй, хөнгөн шингэн, ямар нэг сайхан залууг ургуулан бодно. Гэтэл кинон дээр бүх хүн жүжигчин Болд-Эрдэнийг л харж үзэхээс өөр ямар ч сонголтгүй. Үүнд тухайн зохиолыг кино нь давж гарч чаддаггүйн бас нэг шалтгаан оршдог мэт санагддаг. Учир нь уншигчдад өөрсдийн хүслээр төсөөлөн бодох ямар ч бололцоо олгохгүй гэсэн үг.

Түүнчлэн зохиолд дүрийн дотоод сэтгэлзүй, бодол, хандлага зэрэг маш нарийн сэрэл мэдрэмжүүдийг үгээр нэг бүрчлэн сэтгэлд бууж, мэдрэгдэхүйц урласан байдаг бол кинонд энэ бүхнийг жүжигчний жүжиглэлтээр илэрхийлэхээс өөр аргагүй. Мөн энэ бүх нарийн ширийн зүйл хальсанд буух бололцоогүй тохиолдол маш их бий.

Тухайлбал зохиолд, Ялдамхан зөөлөн харц чинь над дээр туссан тэр минутаас хойш би чинийх болсон билээ” гэжээ.“Ялдамхан зөөлөн харц” гэж яг үүнийг хэлнэ гэсэн тодорхой тодорхойлолт, тогтсон хэмжүүр байхгүй. Тиймээс энэ дүрслэлийг уншигчдын уншаад авах тэр мэдрэмж, төсөөллийг төрүүлэхээр кинонд үзүүлнэ гэдэг үнэхээр хэцүү зүйл.

-Энэ хэн бэ? гэж үерхдэг охин маань асуухад би шууд хариулж чадсангүй. Тэрхэн агшинд чиний нэр миний ариун нандин нууц болж амжаад би чиний нэрийг хэлж хүч хүрсэнгүй”.

Энэ хэсэг эмэгтэй хүний тэр дундаа дурласан охины сэтгэлийн нууц, тэрхүү дурлал хайрандаа хандах хандлагыг маш сайн илэрхийлж гаргасан мэт санагддаг. Дурласан залуугийнх нь нэр хүртэл охины сэтгэлд хэнд ч хэлж боломгүй тийм ариун нандин, онцгой зүйл болж байгаа дээрх дүрслэлийг кинонд жүжигчний жүжиглэлтээр үзүүлэх нь бараг боломжгүй. Тийм болоод ч тэр үү “Үл таних эмэгтэй” кинонд энэ хэсэг байхгүй юм.

Ихэнх тохиолдолд сонгодог зохиолуудаар хийсэн киног үзэхэд дээрх хэдэн зүйл ажиглагддаг. Тиймээс л тухайн номыг уншаад авч байгаа ойлголт, төсөөлөл, сэрэл мэдрэмжийг уншигч киноноос нь бүрэн мэдэрч чаддаггүй. Иймд тухайн зохиолоор хийсэн киног үзсэн бол уг зохиолыг нь уншсантай бараг ялгаагүй гэх нь эндүү ташаа ойлголт юм.

 

А.Даваасүрэн

Сэтгэгдэл бичих

arrow icon