Нийтлэл 04 сарын 05, 2019

ХЭЛЭХ ҮГ БАЙНА: Өөрчлөхийг хүсэж, тэмцэж, эрэлхийлж чадахгүй бол Монгол хөгжихгүй

Монголчууд яагаад боловсролтой болж чадахгүй байна вэ?. Ер нь яагаад Монгол хүн нэг л болж өгөхгүй байна вэ?

Ерөөсөө Монгол хүн гэж хэн бэ? 100 жилийн өмнө бол Монгол хүн малаа хариулсан, гэртээ амьдарсан, зарим нэг нь лам болсон.100-н жилийн дараах Монгол Чингис хаанаа л ярьсан өөр?  Монгол хүний зан чанарыг харуулсан судалгаа байна уу? Монгол хүн нийтээрээ юунд дуртай, юунд дургүй тухай судалгаа байна уу?

Энэ дулаан байранд тог цахилгаантай амьдарч байгаа нь хэний гавъяа вэ? Би социализмыг магтан дуулах гэсэнгүй. Монгол хүмүүс социализмын дараа өөрсдөө юу барьсан бэ? Цахилгаан станц барисан уу? төмөр зам барисан уу?  Онгоцны буудал өөрсдөө барисан уу ? Яг юу өөрчлөгдөв? Хувьчлалын үеэр олон хүн баяжсан. Цэвэр хөдөлмөрөөр баян болсон уу ?

Төрийн дээр байгаа хүмүүс нь  өөрийн улсаас тэрбум тэрбумаар нь мөнгө хулгайлна, иргэдийн зарим нь  гадаадад очиж халаас ухна.

Бүр тэр ард түмний хүндэтгэл болсон газраас нь ичихгүй хулгайлна. Яг эндээс Монгол хүн өөрийнхөө л биш бол бусдын юманд ямар ч хүндэтгэлгүй ханддаг гэдгийг харж болохоор.  Бид ерөөсөө л ийм л ард түмэн. Чухам сүртэй Чингисийн Монгол  гэж өөрсдийгөө хөөргөнө. Дэлхийн талыг эзэлсэн бид өнөөдөр дэлхийд онигоо болж дуусаж байна .

Бид Ардчилсан засаглалд шилжээд засаглалаа ойлгосонгүй. Боддоо бүхэл бүтэн 20 жил ардчилсан гэж явчихаад ардчиллын үнэт зүйлсийг ойлгохгүй хүмүүс байна гээд. Хүний эрхийг уландаа гишгэдэг хүмүүс байна гээд,тэд нар нь дарга  болчихсон гээд. Хэн нэгний эрх зөрчигдөж байхад, зөрчигдсөн нь батлагдсан байхад” аан харин ийм юм болсон байна тийн гээд” тэр хүмүүсийн эрхийн төлөө юу ч хийхгүй байна гээд.

Массаараа яг ийм болсон эрх зөрчигдсөн байна гаргая, суллая гэсэн ямар ч тэмцэл байхгүй. Хоёр, гурав хоног яанаа ямар аймаар хэрэг вэ гэж ярьж байгаад л мартдаг нийгэм. Энэ бүхэн нь нүдэнд харагдаад байгаа болохоор нүдэн дээр явагдаад байгаа болохоор амиа хамхиад явна гэхээр ёс суртахуунгүй санагдаад байх юм.

Хорин жилийн хугацаанд 11 засгийн газар сольчихсон, нийтээрээ ядуу нийгэмд болж байгаа зүйлс нь тун ховор ихэнх залуус нь гадаад гарах сонирхолтой.

Монголын баячууд нь төрөөс ард иргэдийн боломжоос тэрбумаар нь хулгай хийгээд ичихгүй жижиг бизнесээ дэмжинэ гээд нэг сандал дээр сууж байдаг нийгэм.

Хүн амын тоо цөөхөн ч өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо нь тоогоо алдсан. Хаяад л явдаг. Ямар ч нийгэмд оролцож байгаа бол хариуцлагатай байна гэсэн ойлголт байхгүй. Тэрийг нь тоож байгаа ч юм байхгүй. Энэ олон эцэггүй хүүхдүүд ирээдүйн Монгол л болно.

Хүмүүс нь наад захын ёс суртахуунгүй. Гэр бүлийн харилцаа тогтворгүй болсон. Бид одоо юун их хувь заяа энэ тэр гэж өөрсдийгөө хуурдагаа болих хэрэгтэй. Боловсролгүй боловсролыг хэн ч үнэлэхгүй. Багшийн сургуульд нь хамгийн бага оноотой хүүхэд ордог . Дөрвөн жил төлбөрөө төлсөн л бол диплом олгодог сургалтын систем ичиж үхмээр. Хичээл дээрээ унасан бол нэмж мөнгө төлөөд л авчдаг дүн. Хичээлд ирсэн ирээгүйгээр нь сайн ба муу гэж  дүгнэдэг систем . Монгол хүнд ямар ч хөгжих боломж алга даа чааваас...

Сонголтын талаар ярих юм байхгүй. Сонголтгүй муу дундаас , хулгайч дундаас нэгийг сонго л гэнэ. Сонгохгүй гэвэл чи улсын мөнгө үрлээ гэнэ.

Монгол хүний identify нь бөх юм уу хаашаа юм. Бөхчүүдийг хаа саагүй сонгоно. Бөх л бол боловсрол хамаагүй. Боловсрол гэдэг ямар үнэ цэнэтэй зүйл гэдгийг ч ойлгоогүй. Боловсролыг их сургуулийн дүн бичсэн цаас л гэж ойлгох шиг. Боловсрол хэрэггүй амьдралын хар ухаан хэрэгтэй, мэдрэмж хэрэгтэй ч гэж байх шиг Эйнштейний үгийг шал буруу орчуулаад массаараа итгэчихсэн.

Бас нэг асуудал нь залуу үе гэж байдаг шүү гэдгийг мартчихсан. Хөгшин гэдгээрээ түрий барина, бахархана , залуу үеэ үгүйсгэнэ. Заах гэж оролдоно. Залуу үед боломж олгох хэрэгтэй. Дэлхий өөрчлөгдөж байна ах эгч нараа.  Та нарын үзсэн нийгэм , залуучуудын үзсэн нийгэм өөр шүү дээ. Ерөөсөө л нөлөөгөө хадгалах сонирхолтой ярьж л байдаг. Ядаж дараа үеийн боломжийг битгийн хулгайл.  

Энэ бүх тоочсон бүтэлгүй асуудлыг шийдэхийн тулд хэн нэгэн удирдагч гарч ирээд нийгмийг сайхан болгоно гээд хүлээх хэрэггүй.

Удирдагч хүлээхийн оронд Монгол хүн та өөрөө өөрчлөгдөнө үү. Хамгийн түрүүнд өөрсдийгөө ямар байгаа гэдгээ л хүлээн зөвшөөр, үгүй нийгэм сайхан байгаа, халхын заяа түшнэ гэхээ болих хэрэгтэй. Өөрсдөө өөрсдийн бодит байдлаа сайхан хараад, засахын төлөө ажиллах хэрэгтэй. Боловсролтой болохын төлөө тэмүүлэх хэрэгтэй. Би хөгшин сурч чадахгүй  гэхээ болиод л аливаа зүйлийг хийхдээ бусдад хүндэтгэлтэй хандаад ,алдаагаа өөрсдөөсөө хайгаад ном унших хэрэгтэй. Хаан заяа, хатан ухааны тухай биш бодит байдалд дөрөөлсөн ном хажууханд байдаг улсуудын хөгжлийн тухай ном, яаж баян болох вэ биш яавал хүнд хохиролгүй амьдардаг тухай ном. Аан бас ном унших нь нэг өөр, номоо уншаад ойлгох нь бас өөр шүү.

Иргэдийн боловсролын түвшин өндөр байхад л улс орон хөгжинө. Ядаж хэн нэгэн популистын үгэнд итгэхээ болино. Ингэвэл ингэх магадлалтай, тэгвэл тэгэх магадлалтай гэсэн майндтай болно. Боловсролын систем муу байгааг бүгд л мэднэ боловсролын систем өөрчлөгдөхийг хүлээхэд хэтэрхий урт хугацаа шаардагдах учир Монгол хүн та хувь хувьдаа хичээл зүтгэл гаргана уу

 

2019.04.04

 

 

Сэтгэгдэл бичих

    • Халиунаа
    • 2019-04-08

    Энгийн үгээр бодит зүйлийг гоё бичжээ! Баяр хүргэе. Цааш үргэлжлүүлэн бичээрэй!

arrow icon