Нийтлэл 05 сарын 27, 2019

Гол ус тунгалагших цагаар

Жил бүр зохион байгууллагддаг Улаанбаатар Номын үзэсгэлэнгээр Бямба гарагт зочилвоо. Орчуулгын олон номнууд , хүмүүсийн номд дурлан ном худалдаж авч буй дүр төрх нь нэн таатай. Асруудаар зочлон номын хуудас эргүүлэн явж байх зуураа алдарт зохиолч, их найрагч Мэнд-Ооёо эрхмийг харахад нэн таатай санагдсаны зэрэгцээ бичиж хэвлүүлсэн номыг нь тогтон сууж уншаагүй  ч асар их хүндлэл сэтгэл төрж байсан, түүний асраар зочлон “Гол ус тунгалагших цаг” нэртэй бүтээлийг түүний гарын үсэгтэй худалдан авав. Бичсэн үг нь сэтгэлд их л дотно байн байн уншаад баймаар тийм гайхалтай байлаа. Өгүүлбэр нь: Гол ус мэт ямагт цаглашгүй тунгалагшиж яваарай. Үг гэдэг эрчимтэй гэж их зохиогчтой санал нийлж буй учир ямагт цаглашгүй, тунгалагшиж явахыг хичээнэ.

 Уг бүтээл нь эсээ, хөрөг, нийтлэл,тэмдэглэлээс бүтсэн найман бүлэгтэй.

Нэг. Төрж өссөн газрын тухай тэмдэглэлээ ихэд яруу тодоор дүрсэлжээ. Онгон сумын түүх, Онгон нутгаас олдсон түүх соёлын олдворын тухай, Ганга мөрөн Ганга нууртай холбон бичсэн өгүүлэмж тансаг байлаа.

Дарьганга хийц яагаад алдартай байдаг, яагаад дарьганга хийц бусдаасаа ялгардаг тухай нэн их мэдээлэл олж авсандаа таатай. Нутгаа санасан хүүгийн сэтгэлийг мөн уран гоёор дүрсэлжээ. Тэнд үлдсэн хүүхэд насны үйл явдлын тухай, тэгээд домог хууч яриа сонсож өссөн тухай дурсамжууд нь шинэ үеийн залуу хүн надад нэн таатай байлаа. Хүүхэд насны дурсамжуудыг нь уншваас тэрээр урлагтай ихэд ойр өссөн мэт. Урлаг гэхээр хэтэрхий том зургаар харахаас татгалзаарай. Түүний аав нь сайхан дуу дуулдаг, морин хуур тоглодог байж. Хүү тэрхүү аялгууг сонсон өссөн нь ирээдүйн бүтээл номд нь их хэрэг болсон буй заа. Оюуны салбарт амжилттай яваа эрхмүүдийн дийлэнхи нь урлагтай ойр өссөн байдаг.

Монгол яруу найргийн тухай төсөөлөл багатай надад энэ ном ихэд олон зүйлсийг ойлгууллаа. Монгол яруу найрагчдын олон бүтээл дэлхийн олон хэлээр хэвлэгдэн нийтлэгдэж яруу найрагчдаас өндөр үнэлгээ авсан тухай мэдээлэл сайхан санагдлаа.

Үг гэдэг эрчим хүч агуулдаг ажээ.

Сайн үг ярьж сайхан зүйлс бодож байх тухай түүний санаатай бүрэн санал нийцэж байна.

Уг ном олон гайхалтай утга санааг агуулж буй бөгөөд надад гүн үлдсэн нэгэн утга санаа бол Хүмүүний амьдралд мастер буюу багш их чухал үүрэгтэй гэдгийг харуулсан явдал байлаа. Дорнын их яруу найрагч, Эрээнцавын эвдрээгүй их найрагч, Амитаба шиг хэрхэн байхын тухай бичдэг найрагч, жижиг зүйлсээс юмсын мөн чанарыг олж харан уран тансгаар илэрхийлдэг агуу найрагч Д.Нямсүрэн, Бүгдээрээ энгийн бай, Тэнгэр шиг бай, хүний амьдрал богинохон байдаг шүү нэг нэгнээ амжиж хайрла хэмээдэг бас Феодор Достоевскийд атаархаж байна хэмээн шүлэглэсэн агуу найрагч О.Дашбалбар, Хулсан лимбэний аялгуун дотор ч диваажин багтана, хумхын тоосны чинээ хувьхан чөлөөнд ч хувилгаан  багтана хэмээдэг,  Чам уруу би явж байна хэмээх шүлэг нь 30 хэлээр хэвлэгдсэн найрагч, уг номын зохиолч Г.Мэнд-Ооёо нарын эрхмүүд нэгэн цаг үедээ нэг багшийн шавь байжээ. Доржийн Гомбожав хэмээх багш дээрх эрхмүүдэд ихээхэн нөлөө үзүүлжээ. Ер нь хүний амьдралд зааж сургаад явах , амьдрал үзсэн багш их хэрэгтэй гэж алдарт Мон Кристо гүн дээр ч гардаг.

Гомбожав багшийн сурагчдын асуултад хариулж буй хариулт онцгой анхаарал татна. Ангийн жаал хүү:

"Өндөр барилгыг барьж өгсөн намдаа баярлалаа" гэж дуулахад Гомбожав багш "Энэ байшинг нам биш барилгачин барьж өгсөн юм" гэсэн хариулт, хамгийн ахмад зохиолч хэн бэ гэсэн асуултад "та нарын өвөө эмээ", хамгийн залуу нь гэхэд "Та нар өөрсдөө"

гэсэн хариулт нэн таатай. Дарьгангын гурван найрагч, Монголын гурван найрагч нэг багштай байсан нь сонирхол татна. Магад сайн багштай учирсан болоод эрхмүүдийн сэтгэлд яруу найрагч болох хүсэл хүчтэйгээр төрсөн байх талтай. Ирээдүйд гурван найрагч гурвуулаа уран зохиолын гал бүлгэмд элсэн бүтээлээ туурвисан нь содон.

Эрээнцавын эвдрээгүй найрагч Д.Нямсүрэнтэй холбоотой бусад гайхалтай түүхүүдийг уг номоос уншаарай. Олон сонирхолтой түүхүүд багтсан байгаа.

Чамайг даараад байна гэхээр Шаргачин зээрийн арьсаар хучлаа. Чамайг эндээс явна гэхээр Шаргал талынхаа бүх өвсөөр чөдөр зангидлаа.

Их найрагч О.Дашбалбарын тухайд мөн л олон гайхалтай түүхүүдийг хуваалцжээ. Мэнд-Ооёо, Дашбалбар эрхмүүд ах дүүсийн тангараг өргөсөн хэсэг нь ихэд сонирхол татна. Аливаа зүйлсд цаг хугацаа байдаг. Цаг нь болохоор гэж ярьдаг ч бас учиртай мэт. 23 настай Дашбалбар “Амьддаа бие биенээ хайрла” хэмээх агуу шүлгээ бичсэн нь нэн гайхалтай. 17- той дурлалын шүлэг бичин, 23 настай Хүний амьдралын том жижиг асуудлын тухай сургамжилж Хүн цаг хугацаатай гэдгийг бичсэн нь ихэд гайхамшигтай.

23-тай бичсэн шүлэг нь 20–н жилийн дараа од мэт гялалзан уншигдсан гэхээр аливаа зүйл хугацаатай байдаг гэдэг батлагдах мэт.

Өвөл гэдэг дандаа урт байдаг

Өнгөрсөн хойноо л богино санагддаг

Амьд хүн болгоныг дандаа муу хэлдэг

Алга болохоор нь бүгдээрээ магтаж эхэлдэг.

Дорнын их яруу найрагч Явуухулангийн "Би хаана төрөө вэ" шүлэг 12 бадагтай, 60 мөртэй, 365 үгтэй байгааг олж харсан Я.Баатар хэмээх эрхэм найзын тухай тэмдэглэл нь сэтгэл татна. Оньсого тайлагдах цагийг би ч бас хүлээж байна.

"Амьдрал гэгч агуу их зүйл балчирхан тархинд багтаж ядна" хэмээн уран тансгаар бичдэг Сэнгийн Эрдэнэ гуайн тухай түүний тэмдэглэл мөн тансаг ажээ.

Ганга нуурын тухай, Ганга нууранд шувууд чуулдаг тухай, шувуудын чуулган хэчнээн үзэсгэлэнтэй тухай түүний бичсэн тэмдэглэлүүд маш сонирхолтой. "Нуур уснаасаа хагацан салахын гуниг зовлонг эдэлж буй энэ мянга мянган амьтдын сэтгэлийн шаналлыг хүний өчүүхэн зүрх яахин даах билээ" гэх Мэнд-Ооёо эрхмийн тэмдэглэл уран тансаг. Ганга нуур луу явж буй хүмүүсийн цуваа их болсон, хүмүүс сайхан зүйлсийг үзэж харан баясаж буй ч шөнө хөгжим тавьж, архины шилийг хаа хамаагүй хаяж буйд их найрагч санаа зовж буй тухай дурдсаныг энд тэмдэглэх хэрэгтэй.

Дараагийн хэсэгт Монголын суут бүтээлүүд алга болж буй тухай зарим тэмдэглэлүүдийг оруулжээ. "Мөнгөн Мод" зургийн эхийг зураачийн эхнэр зарсан нь харамсалтай. 2009 онд Соёлын төвд гал гарч 200 гаруй уран зураг нь шатсан тухай түүх сэтгэл эмзэглүүлнэ. 2009 онд гарсан галыг 2008 оны 7 сарын 1-ний хар өдөртэй холбон ойлгуулж байгаад засаглалын хугацааг дуусгасан тэр үеийн засгийн газарт гомдмой. Ер нь Монгол улсын төр засаг соёлын бодлого хэрэгжүүлж  бүтээлүүдээ хадгалан хайрлах үүрэг хүлээх ёстой. Их найрагч ч энэ тухай сэтгэл зовнин байдгаа удаа дараа илэрхийлсэн байдаг юм.

Их найрагч Явуухуланг нэвтрүүлэгт оруулсан түүх хийгээд түүний үлдээсэн тэмдэглэл хэлсэн үгнүүд ихээхэн үнэ цэнэтэй ажээ. "Амьдралд хэрэгтэй нэгэн сайхан зөвлөгөө хэлнэ үү" гэсэнд Б.Явуухулан:

"Хүн гэдэг хатуужлыг л сурах хэрэгтэй. Хүнд баяр баясгалан тааралдана. Зовлон гуниг тааралдана энэ бүхэнд хатуужил хэрэгтэй" гэсэн нь нэн гайхалтай.

 Үг бол хүний санаа бодол сэтгэлгээний төлөвийг шингэн илэрхийлэгч ,түүний эрч хүчийг тээгч матери юм хэмээн орчин үеийн шинжлэх ухаан үзэх болов. Сайн үгнээс сайн эрчим цацарна.

"Үг хэлнэ гэдэг маш том хариуцлага.Хэлсэн үг бүхэндээ хүн өөрөө оршиж байдаг. Бүх нийтийн оюун санаа, ёс суртахууны ариусал гэгээрлийн тухай ярихгүйгээр хөгжилд хүрэх боломжгүй" хэмээжээ.

Хувь тавилан гэж байдаг тухай нэгэн том философи. Утас дуугарав. Зохиолчид ирсэн захиаг гудамжнаас олсон тухай мэдээг дуулгав. Тэр захиа хаягдаагүй нь сонирхолтой бөгөөд бас хүн олоод тэр тухайгаа мэдэгдэнэ гэдэг нэн гайхалтай. Тэнгэрийн хаяа хязгааргүй нүүдэл цаашаа үргэлжилнэ. Аялгуу сонсогдтол тэр Монгол бичгээр бичнэ. Хэчнээн гайхалтай. Сэтгэлээсээ хийсэн юм жижигддэггүй бас ганц хоёр үг, ганц хоёр татлага, ганц хоёр алхамд ч гэсэн дэлхий томддоггүй ажээ.

Яруу найраг бол нэгэн ёсны оюун санааны ертөнц дэх үгээр бүтээсэн пирамид.

Дараахь хэсэгт их зохиолчийн зочилсон улсууд, хурал оролцосон соёлын үйл явдлуудын тэмдэглэл багтана. Гадны орнууд яруу найрагтаа хичнээн их анхаарал тавидагийг Тайваны Юи Си ,Макадеон улсын жишээнүүдээс харж болохоор байна.

Тайваньд зорчсон тэмдэглэлд ихээхэн хүндэтгэл хүлээсэн тухай мөн Хятад судлаач , орчуулагч Болдбаатарын авьяас чадварыг онцгойлон дурьдсан байсны тэмдэглэсэн байна.

Хүмүүн нь өмч хөрөнгө, эд баялагтаа сагаж огсойх бус, харин эрдэм номын гэрэл доор сэтгэлээ тогтоож оюун ухаанаа дээдлэх хэрэгтэй.

Багштай байна гэдэг юутай тулгатай, түшигтэй бас гэгээтэй билээ гэсэн нь гайхалтай.

Цаг төр хувьсаж, улс орон уруудан өөдөлж болно. Харин болохгүй юм гэж байх. Улс орныхоо оюун соёлын бахархал, ард түмнийхээ зүрх сэтгэлийн уянгалаг цэцэгсийг л гандааж болохгүй.

Дэлхийн энх тайванд санаа зовнин өгүүлсэн тэмдэглэл

 Хирошимагийн дэлбэрэлт үүнд хамаарна. Урианаас татгалзах тухай бичжээ. Хүн төрөлхтөн, хөгжлийн хэт хурдандаа хэсэг зуур тоормос хийж өөрийн гэсэн үнэт зүйлсээ эргэн харах, өмнөх түүхэн сургамжуудаа дурсан санагалзах цаг ирсэн тухай өгүүлжээ. Монголын хээр талаас дэлхийд хандсан тэмдэглэлүүд  нэн гайхалтай.

Хүн төрөлхтнийг хэвлээсээ төрүүлж

Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн

Дэлхий ээж тандаа хайртай

Дэлхий ээж тандаа хайртай болохоор

Дэлхий ээж та мөнх настай.

Нүүдлийн соёлын давуу тал монгол хүн байгальдаа хүндэтгэлтэй ханддагийн жишээ.

Мод бутыг хайрлаж малын аргалыг түлнэ. Үнээнийхээ зэл, морины уяаны шон, гадас мэтийг газарт зоох боловч нүүхдээ сугалж аваад нүхэнд нь үр хийгээд шороо дүүргэж эдгээнэ.

Байгаллаг төрөлх чанараасаа улам холдож буйг удаа дараа дурдсан нь бахархалтай. Хариригийн номнууд дээр гардаг агуулгыг базаад хэлсэн ч юм шиг.

Хүн төрлөхтөөн ! Цөмийн эрчим хүчнээс татгалзъя хэмээх уриалга

Шинэ цагийн баячуудад хэлсэн үг. Би л болж байгаль дэлхий яахав гэсэн хандлагаа өөрчилье! Хурдан буу хурц дурангаар зэвсэглэсэн сайд дарга, гишүүд хийморь сэргээнэ гэж  зугаагаа гаргахаас татгалзъя! Зэрлэг адгуус байсан үе рүүгээ буцахаас зайлсхийе гэжээ. Ан гөрөөний бизнесээс татгалзъя, үслэг эдлэл өмсөхөө татгалзъя, газрын гагнаасыг гагнаас чигээр нь үлдээе.

Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо  энэ гурван найрагчдын шүлгийг уншихад ихээхэн таатай санагддаг ба гол агуулгыг нь ухан үзвэл энгийн бай, жижиг зүйлс ч том утга учиртай байдаг, жижиг зүйлсийн мөн чанарыг олж сур, харах өнцгөө өөрчил гэж хэлэх мэт. Яруу найргийн хамгийн гол зүйл бол дотоод сэтгэлийн дүрийг илэрхийлэх хэмээсэн нь утга учиртай.

Тунгалагшиж нэг ,булингартаж нэг нь урсах нь гол усны хувь тавилан юм аа.

"Он цагийн хүрдэн тойрог дотор үхэж төрж, үүдэж мөхөх нь хүмүүний ёс бөлгөө. Аав минь, ээж минь ,ах минь  алга. Нутгийн минь үлгэр домгоос бүтсэн үлгэр домог ч алга. Ер олон юм алга болжээ. Тэдэнтэй цуг өөрийг минь бүрдүүлж байсан нэг хэсэг ч мөн алга болсон байна. Хүмүүн зөвхөн өөрөөсөө бус өрөөл бусдаас бүрэлдэн оршин байдгаа анзаардаггүй билээ. Ирж буцдаг хүмүүний хорвоод мөнхийн ус хүртэхийн тавиланг иртэл ертөнцийн жам ёстой эвлэрэн суухаас өөр яалтай. Талын малчин айлын хойморт адуу малын чимээн дуу сонсох шиг тийм гайхамшигт агшныг би одоо лав мэдэхгүй"  –Г.Мэнд-Ооёо

Шар бүрдэндээ эртний хүмүүсийн чулуун галерей байгуулах мөрөөдөлтэй найрагчийн мөрөөдөл биелээсэй.

Ер мөнхийн юм гэж үгүй хорвоод хамгийн урт настай нь гэвэл үлгэр домгийн үүрдийн утга санаа ажгуу.

 Зарим дүгнэлт :

Миний уншсан Монгол зохиолчдын номуудаас хамгийн сэтгэл татсан ном нь “Гол ус тунгалагших цаг” байлаа. Уран тансаг Монгол хэл нь юутай сайхан. Монголын яруу найраг дэлхийн түвшинд гараад удаж буй тухай уг номоос мэдэж авсандаа ихээхэн талархалтай хандаж байгаагийн зэрэгцээ хүний амьдралын зарим мөн чанарын тухай, түүхийн талаарх зарим мэдлэгээ нэмэгдүүлж чадлаа. Уг номын зохиолч Их найрагч Г.Мэнд-Ооёо танд талархал илэрхийлье .

Хэд хэдэн зүйлсийг ойлгож авав:

Нүүдэлчин Монголчууд унасан ус, газар шороогоо хүндэтгэн авч үздэг ба ихэд хүндэтгэлтэй ханддаг. Эртнээс байгаль дэлхийтэйгээ ойрхон , байгаль дэлхийгээ хайрлаж ирсэн ард түмэн.

Нүүдэл хөтлөх залхуутай ажил нүүдэлчин монголчуудад бодох эрх чөлөө олгож байсан мэт.

Юу ч үүрдийн биш энэ хорвоод яруу найраг , утга санаа л үүрдийн оршино.

Байгаль дэлхийтэйгээ ойр өссөн учир Монгол хүн жижиг зүйлсийн мөн чанарыг олж харах чадвар нь бусад улсаас илүү мэт.

Аливаа зүйлсд ,нэгэн цаг үед тусалж байсан хүмүүст талархаж явах хэрэгтэй.

Хүний амьдралд багш /мастер чухал үүргийг гүйцэтгэдэг. Чиглүүлэх багш/мастертай байна гэдэг маш сайн /Гэхдээ сайн мастер хэрэгтэй./

Нөхөрлөл бол үнэ цэнэтэй зүйл .

Жижиг том гэлтгүй аливаа зүйлсээс гоё сайхныг олж харах хэрэгтэй.

Үг эрчимтэй, хүчтэй.

Аливаа зүйлд цаг хугацаа байдаг.

Монгол яруу найраг дэлхийд гарсан. Мэнд-Ооёо найрагч бол дэлхийн хүн.

Байгаль дэлхийгээ хайрлаж  явах хэрэгтэй, алт болон үслэг эдлэл хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

Соёл урлагийн үнэт бүтээллүүддээ анхаарал хандуулах хэрэгтэй.

Дэлхийн сайн сайхны төлөө!

Технологи хөгжих тусам хүн натураас холдож байгаа . Завсар авах цаг болсон

Уг тэмдэглэл нь номын утга санааг бүрэн эсхүл нарийвчилж илэрхийлэхгүй ба та уг номын худалдан авч уншаарай.

Аян туршийн хамгийн гэгээтэй бодлоо

Амьдралынхаа бурам мэт амтат мөчүүдээ

Амин хувийнхаа алив нууц далд бүхнээ

Оюуныхаа санд эрихлэн хэлхээд

Он цагийн эцэс төгсгөлгүй дундуур

Орон зайн хаяа хязгааргүй дундуур

Чам уруу би явж байна.

Гол ус мэт ямагт цаглашгүй тунгалагшиж яваарай. Г. Мэнд-Ооёо 2019 оны 5-р сарын 25

 

Сэтгэгдэл бичих

arrow icon