Нийтлэл 05 сарын 30, 2019

Хятадын валютын нөөц хуримтуулсан нууцаас

Хятад $4 триллион орчим нөөц хуримтлуулж, дэлхийд хамгийн их хэмжээний валютын нөөцтэй улс болж байсан. Тэгвэл ингэж их хэмжээний валютын нөөц хуримтлуулж чадсан нууцаас  хүргэж байна.  

1) "Дэлхийн үйлдвэрлэгч" улс болсноор худалдааны тэнцэл нь өндөр ашигтай, улмаар урсгал тэнцэл нь 1990-ээд оноос хойш 20 гаруй жил ашигтай явж ирсэн;

2) Чөлөөт бүсүүд байгуулж гадаадын шууд хөрөнгө оруулалт (FDI) татах бодлого нь амжилтанд хүрсэн тул санхүүгийн тэнцэл нь олон жил ашигтай явж ирсэн;

3) Урсгал тэнцэл өндөр ашигтай тул хүндрэлтэй жилүүдэд хөрөнгийн гадагшлах урсгал нэмэгдлээ ч, нийт төлбөрийн тэнцэл ихэвчлэн ашигтай байв. Төлбөрийн тэнцлийн ашиг нь юанийн ханшийг чангаруулахаас сэргийлж Хятадын төв банк валютын нөөц болгон хуримтлуулсан.

Хятадын валютын энэ их нөөц нь ханшийн тогтмол дэглэмийг өдийг хүртэл хадгалж ирсэн чухал тулгуур байв. Жишээ нь 2015 онд хөрөнгийн гадагшлах урсгал эрчимжиж, юанийн ханш сулрах үед $1 триллион нөөцөө зарж ханшийг тогтоож байв. Худалдааны дайн гүнзгийрч буй энэ үед RMB/USD ханш сулрах дарамт бий ч $3 триллион орчим нөөцтэй, капитал контролоо чангаруулсан Хятадын төв банк ам доллартай харьцах юанийн ханшийг 7 орчимд барих боломжтой.

Харин цаашид, урсгал тэнцлийн ашиг буурахын зэрэгцээ, эдийн засгийн өсөлт саарч буй тул гадаадын шууд хөрөнгө оруулалт (FDI) буурах хүлээлттэй. Хятадаас үйлдвэрлэл Зүүн Өмнөд Ази руу шилжиж буй; худалдааны маргааны үр дүнд экспорт дээр тавигдаж буй хоригууд; дундаж давхарга нэмэгдэхийн хэрээр аялал жуулчлал гэх мэт үйлчилгээний зардал өсч буй зэрэг нь урсгал дансын ашгийг эрс бууруулж байна. Нөгөө талаас Хятадын эдийн засгийн өсөлт саарахын зэрэгцээ 2008 оны хямралаас хойш бусад улс орнууд, тэр дундаа Америкийн эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирсан тул Хятадыг зорих хөрөнгө оруулалт урьдны хэмжээнээс буурах төлөвтэй байна.

Эдгээрийн үр дүнд төлбөрийн тэнцлийн ашиг буурахаас гадна, юань өөрөө хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад олон улсын валют болох процесс эрчимтэй өрнөж Хятад дангаараа үзүүлэх нөлөө нь буурч буй тул цаашид юанийн ханшийг тогтмол байлгах нь хэцүү болно.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon