Нийтлэл 07 сарын 05, 2019

Салхины тухай

2007 оны намар даа,  Монголын төмөр замынхан Японоос туршлага судлах төсөлд орчуулагчаар ажилласан юм. Тухайн үед оюутан байсан, цалин авангаа бодит эдийн засгаас суралцах сайхан боломжтой ажил байв. Japan Railway гэж нэг үгээр Япон орны судасны эргэлтийг атгаж байдаг мега компани. Хамгийн баян нь JR East буюу Токио зэрэг гол эдийн засгийн бүсээ багтаасан төмөр зам. Жилийн орлого нь энэ жилээр харахад 3,2 их наяд иен байв уу даа. Хүн амаа дагаад нийтийн тээврээр зорчих зочдын тоо буурч байгаа учраас төмөр зам дагасан үл хөдлөх, дэлгүүр, зочид буудал гэх мэт хэрэглээний бизнес хөгжүүлдэг. Тэр утгаараа зөвхөн төмөр замын гэхээсээ үл хөдлөх, худалдаа эсэн бусын бизнестэй нэгдэл байдаг.

Тэр ажлаар хойд нутаг Хоккаидо хүрээд буцахдаа далай доогуур татсан Сэикан туннеллын төмөр замаар аялж үзсэн юм. Далайн гүнд төмөр зам татчихсан байдаг күэ бас тэнгэрт нисдэг онгоцноос дутахгүй гайхмаар бүтээн байгуулалт.  Хоккаидо арал ба Хоншюү буюу гол арал хоорондзавиар зорчиход хар салхи, шуургаар олон хүн үрэгддэг байсан гэнэм. Бүр 1920-оод оноос зураг төсөл зурж эхэлсэн нь 1987 онд ашиглалтад орсон гэхээр хэр том сорилт байсан нь мэдэгдэнэ. Ил газар хэдэн км төмөр зам татаж чадахгүй далий шороо овоолчдог нүүдэлчин манд одоо ч гайхмаар санагддаг хэвээр. Далай руу цемент цутгаж, тэндээсээ нүхлэх ажил хийсэн гэх ба далайн ус түрж орох, урсах осол гардаг, олон хүн үрэгдсэн гэгдэнэ.  Төмөр замд дуртай нь хөдлөөд баахан даялав. Ер нь бол салхины тухай бичиж байгаа юм.

Туннелын урт, усны гүнээрээ дэлхийд нэгт орох далайн төмөр замаар явж байгаад дундаа нэг зогсож дээшээ гарлаа. Газар шороон дээр гишгэх, ил газрын агаар амьсгалах хэчнээн сайхан. Тэрийг бид өдөр тутам анзаардаггүй юм билээ. Тэндээс шатаар өгсөж хойшоо Хоккаидо арал харагддаг нэг товцог руу гартал гэнэт хүчтэй салхи үлээж, задгай байсан үс гэзэг, цув хормой хийсээд сандрахад хүрэв. Тэр агшинд гэнэт юу билээ гэж бодогдоод явчихлаа, салхи гэдэг чинь ийм байдаг билүү. Ийм гоё билүү. Өмнө нь салхины тухай бодож ч байгаагүй, анзаарч ч байгаагүй юм шиг. Хүчтэй салхинд бие сэтгэл сэргэж хөнгөрөөд, танил хүнтэйгээ  уулзсан ч юм шиг болдог байна. Тэгэхэд Токио хэмээх бороотой хар салхинаас бусдаар задгай салхигүй хотод амьдардгаа, тэрийгээ нэг их анзаарч мэддэггүйгээ, угтаа бол Төв Азийн өндөрлөг газрын салхинд өссөн гэдгээ, хүний бие сэтгэл тэрийгээ үгүйлж байдаг гэдгийг анх удаа ухамсартаа тод ойлгож авсан юм.  Монгол явж амраад хичээлдээ орохоор сэргээд эрч хүчтэй болдог нь юуных вэ гэж боддог ч байсангүй.  Хүний бие биологийг ойшоодоггүй, хабитат, нутаг гэх мэтэд ач холбогдол өгдөггүй, ухамсар, логик, оюун ухаанд бүтэн найдаж бярдаж явлаа.

Сүүлд Б.Шарав гуайн алтан пянзны нээлтээр Жанцанноров гуайн яриаг сонсож суугаад арвын 12 жил өнгөрсөн тэр өдрийн дурсамж эргээд сэргэв. Жанцанноров гуай Монголын сонгодог урлагт Шарав шиг үзэгдэл заяасан нь Л.Мөрдорж шиг багш нараар заалгасан, ЗХУ-д дэлхийн хөгжмийн боловсрол олсон, гэхдээ бага залуу насаа тал нутагт өнгөрөөсөн нэг үе мэндэлсэнтэй холбоотой гэж тайлбарласан юм. Өөрөө ч тэдний нэг. Хотод өссөн хүүхдүүд нар хэдэн өнгөөр жаргадгийг, салхи хэдэн хөгөөр исгэрдгийг мэдэхгүй гэнэ.

Тийм хүнээс үг дуулсан шиг, Сэрсэн тал, Эхийн сэтгэл шиг хөгжим сонсоод сууж байхад нулимс гарах юм байна лээ. Бас л бие сэтгэлийн бүх эд эстэй нарийн шижмээр уялдаатай юм шиг танил дотно мэдрэмж. Мандах жаргах нарны мянган өнгө харж, талын салхины түмэн төрлийн исгэрээг сонсож өссөн Б.Шарав шиг 'хөдөөний хүүхдүүд'  Монгол гэж юув гэдгийг дэлхийн хөгжмийн хэлээр эгшиг аялгуу болгон буулгаж өгсөн юм байна. Хотын Монгол мэдээж өөрсдийн хөгжмөө бичнэ. Машинтай давхих мэдрэмж, тэр байтугай гар утасны мэссэж ирэх мэдрэмжээ залуу үе өөрсдөө илэрхийлж байгаа.

Тэр хөгжим өөрт бас нэг бодлын аврал боллоо. Сүүлийн үед дэлхийн гишүүн, сувирнитет, өөрөөр хэлбэл улстөрийн нэгжийн хувьд Монгол гэдэг улс утгаа алдаж байгаа юм шиг санагдаад байсан юм. Төрт улс буюу хүмүүс бид өөрсдөө үүсгэн байгуулж, өөрсдөө бүтээсэн хийсвэр ойлголт эхээ мөргөх ишигний үлгэрээр тэр хүмүүсийнхээ язгуур эрх ашигт үйлчилж чадахаа байгаад зогсохгүй бүр эрхийг нь дээрэмдэх арга хэрэгсэл болж хувираад байгааг дэндүү ойроос, дэндүү удаан харлаа. Хамгийн суурь эрх, эрүүл мэндээ хужаад очиж эмчлүүлэх юм бол хужаа цаашаа гэж цамнадаг тусгаар тогтнолын хэрэг юунд байна? Наадмаар 9 хөлт цагаан туг харж огшихын тулд уу? Төр минь, төрийн сүлд минь гэж залбирдаг, тэр эх орны төлөө сүүгээ өргөдөг жирийн хүмүүст юу хэлэх ёстой вэ? Боль, хая, язгуур эрхээ бод, зугтаа гэх үү. Ядаж байхад уржнан бичсэн эх орноо хайрлах тухай тэмдэглэл үе үе сэргэж тараад сэтгэлийн зовлонтой. Язгуур эрхээ дээрэмдүүлсэн хүмүүсийн нуруун дээр патриот үзэл нэмж ачаад, тэр нь хүний элэг, уушгинд хүрэх бодлого хэрэгжүүлэхгүй хэрнээ эх орон, хужааг ялна энэ тэр хийсвэр романс шахаж улстөр хийх боломжийг дээрэмчин улстөрчдөд олгоод байгаа юм шиг ч санагдана.  Элэг уушгийг чинь хордуулдаг юм бол эх орноор яах юм? Ийм асуулт асууж ч үзлээ.

Гэхдээ тэр өдөр Жанцанноров, Шаравыг сонсож сууснаа эх орон байдаг юм байна гэж бодов. Байх байхдаа талбай дээр байдаг ордон, төрийн сүлд, хилийн багана гэх мэт хийсвэрүүдэд биш хамгийн бодитой, хамгийн өөрт ойр газар, хүний бие дотор байдаг юм байна. Салхи сэрхийхэд сэргэх нь, хөгжим сонсоод уйлах нь миний доторх эх орон юм байна гэж бодов. Галуу шувууны мах идэж яваад ганц аяга лавшаа идээд амрах нь бас эх орон юм уу. Асар бодитой, үнэн, бас аминчхан. Үндэстэн гэдэг нь тэр аминч мэдрэмжүүд нь давхцаж байгаа, тийм мэдрэмжээ хуваалцаж чадах хэсэг хүмүүс юм байна. Төрсөн нутаг, хүйн холбоо гэдэг нь утга уянга биш хүний биед таатай хими, физикийн асуудал юм байна.

Тэгээд арай гэж хэлэх аргаа олов. Улстөрийн нэгжийн хувьд Монголыг хайрлах хэрэггүй. Уушиг элгээ хамгаалах арга, зугтах газар байвал төрийг, нийтийг гэх үзлээр тэднийгээ зольж зүтгэх хэрэггүй. Золих тусам чинь зоолох болно. Харин ухамсраас хүчтэй байгаль эх, хүний бие бодгаль нутгаа хайж, салхиа үгүйлж, хөгжмөө сонсохыг хүсэх өдөр ирж магад. Тийм өдөр ирэхэд амар тайван хэвтээд аяга лавшаа идэж болохоор эргэх цэгтэй байхын тулд, өөрөөр хэлбэл амин хувиа, өөрийгөө бодохын учир эх орныг тордож авах ёстой юм байна. Амин хувийн эх орныг дотроо бий болгож, үүрээ засч чадах юм бол дэлхий ертөнц хаанаа ч сайхан. Олон газрын салхи үзсэн, олон соёлыг хүндэтгэн үздэг нээлттэй үзэлтэй надаас харсан ч харин хүний бие гэдэг хачин цамаан юм.  Толгой юу ч гэж байсан үл тоомсорлож дурлах хүндээ л дурлаж, хүсэх хүнээ л хүсдэг шиг төрж өссөн тал газрын сэрүүн салхиа нэг өдөр нэхэх юм шигээ...

arrow icon