Нийтлэл 09 сарын 26, 2019

Учиг хаанаас хөвөрнө утас тийш өнхөрнө: УИХ өөрөө тарах тухай яриа юунаас эхтэй вэ?

Өнгөрсөн зуны эхээр буюу 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүн (МАН-ын 60, АН-ын 1, МАХН-ын 1 нэг гишүүн гарын үсэг зурсан) Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьж түүнийг их хурал хэлэлцэж эхэлснээс хойш аль хэдийнээ намрын сүүл сартай золгожээ.

Өнгөрөгч 3 сарын хугацаанд Үндсэн хуулийн талаарх маргаан, мэтгэлцээн түүнийг тойрсон улс төржилт эхэлсэнтэйгээ харьцуулахад шувтрах талдаа орж.

Харамсалтай нь “үхрийн сүүлэн дээр хутга” гэдэг шиг асуудлын учиг эхэлсэн зангилаа хөвөрсөөр яагаад ч юм УИХ өөрөө тарах дээрээ тулав.

Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ өөрөө тарах талаарх 27 жил хүчин төгөлдөр байсан заалт гэнэт хэрэглэгдэж болох улс төрийн нөхцөл бүрдсэн гэж төсөөлбөл бодитоор ямар хууль зүйн үр дагавар үүсэх бэ гэдгийг төсөөлөх зорилгоор өөртөө дараах асуултуудыг тавьж үзэв.

Асуудалд илүү прагматик хандвал УИХ өөрөө тарсны дараах харилцааг зохицуулж буй өнөөгийн эрх зүйн орчин ихээхэн тодорхойгүйн дээр шалгалтад бэлэн бус болох нь нууц биш.
Нэг. УИХ өөрөө тарах тухай яриа юунаас эхтэй бэ?

“Учиг хаанаас хөвөрнө, Утас тийш өнхөрнө” гэх үг бий. Энэ дагуу бид эхэлсэн цэгээ харвал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байв. Гэтэл энэ асуудал биднийг УИХ өөрөө тарах зүйлд хөтлөөд эхлэв. Шалтгаан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар батлахаас үүдсэн гэж тайлбарлаж байна.

УИХ өөрөө тарна гэдэг бол угтаа ээлжит бус сонгууль явагдана гэх ойлголт. Тэгвэл үүнээс үүдэн бид анх тавьсан зорилгоо умартаад өнөө, маргаашийн улс төрийн нөхцөлдөө хөтлөгдөөд байгаа юм биш биз гэх эргэлзээг зарим талаар төрүүлж байна.

Эсрэгээрээ Үндсэн хууль батлаад тардаг дэлхий нийтийн жишиг бол бий. Гэвч энэ институц нь парламент гэхээс илүү Шинэ Үндсэн хуулийг батлаад тардаг “Үндсэн хуулийн Ассамблей”-д илүү хамаатай. Гэхдээ Үндсэн хууль батлах ассамблейн сайн болон муу жишгүүд байдгийг санах хэрэгтэй. Тухайлбал,
Бичмэл Үндсэн хуулийн анхдагч болох АНУ 1787 онд энэ төрлийн Ассамблей нь өнөөгийн Үндсэн хуулийг баталсан нь дэлхий нийтээр дагах сайн жишиг. Гэвч нөгөө талын сөрөг жишээ ч олон байна. Ялангуяа XX зуунд энэ төрлийн Ассамблей тийм үр нөлөө бүхий байж чадахгүй байгаа нь бэлхнээ харагдана. Түүний нэг нь Венесуэл. Тэд 1946, 1952, 1999, 2017 онуудад шинэ үндсэн хууль батлах нэрээр “Үндсэн хуулийн Ассамблей” байгуулж шинэ хувьсгал, тогтворгүй байдал, популист улс төрчдийнхөө гарт үрэгдэж байна. Мөн нэг жишээ бол Египет. Тэд Арабын хувьсгалын түйвээнээр 2012 онд энэ ассамблейг байгуулж одоо хэр үр нь гараагүй л байна.

Ажиглаж байхад шинэ “Үндсэн хууль”, “Эрс шинэчлэл” гэх сүржин лоозон яригчдын худал амлалт улс орныг тогтворгүй байдал руу хөтлөх дотоод болон гадаадын бодлогод ихээхэн нэмэр болдог нь дээрх орнуудын жишээнээс тод харагдана.

Манай улс энэ жишгээс хөндий явж ирэв. 1992 оны Үндсэн хуулийг 1990-ны БНМАУ-ын Үндсэн хуулийн хуулийн нэмэлтийн хуулийн дагуу (1960 оны БНМАУ-ын Үндсэн хуулийн төрийн байгууламж гэх 3, 4 дүгээр бүлгийг бүхэлд нь хүчингүй болж байв) шинэчлэн зохион байгуулагдсан БНМАУ-ын Ардын их хурал онцгой бүрэн эрхийнхээ дагуу баталж шинэ Үндсэн хуулийг дагаж мөрдөхтэй зэрэгцэн хугацаанаас өмнө бүрэн эрхээ дуусгавар болгосныг дээрхтэй шууд харьцуулах боломжгүй юм.

Дэлхий нийтийн жишгээр бол шинэ Үндсэн хууль байгуулах чиг үүрэг бүхий ассамблей өөрийн үүргээ биелүүлээд тарж болох ч “Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад тардаг жишиг” нийтлэг бус ажээ.
Хоёр. УИХ өөрөө тарах үндэслэл бодитоор бүрдсэн үү?

Үндсэн хуульд УИХ өөрөө тарж болохыг 1990 оны Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиас улбаатайгаар зааж өгсөн. Харин тарах нөхцөл буюу мэргэжлийн үгээр бол гипотез (нөхцөл заасан хэм хэмжээ)-ийг харвал “  эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор . . . ” хэмээн харьцангуй тодорхой заасан. Үүнийг дэлгэрүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т:

“Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурлын гишүүн нас барсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдсөн, эсхүл бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, эгүүлэн татсаны улмаас орон гарсан боловч нөхөн сонгууль явагдаагүй тохиолдолд Улсын Их Хурлын 57-оос доошгүй гишүүний бүрэн эрх хүчинтэй байвал Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно”

гэж заасны дагуу 19 дээш тооны гишүүн чөлөөлөгдөх, түтгэлзэх, нас барах, эгүүлэн татагдах буюу 56 гишүүнтэй үлдсэн, эсвэл 39 гишүүн нэгдсэн чуулганд оролцон хууль батлах боломжгүй болсон зэрэг нь ийнхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох гол нөхцөл болохоор заасан болох нь харагдана.

Дээрх хуулийн зохицуулалтаас харвал УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болоод буй гол шалтаг болох “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар батлах” нь түүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болох огтхон ч болохгүй юм. Тэр тусмаа зарим УИХ-ын гишүүдийн ярьж буй зардал хэмнэх зорилгоор УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж гэж үзэх нь улс төрийн зорилгоор УИХ тараад байх их муу жишгийг тогтоох боломжтой.
Гурав. Хэрэв УИХ өөрөө тарвал ээлжит бус сонгууль хэзээ болох бэ?

Хугацаа бол цаад тал нь энэ оны 12 дугаар сарын 31-нөөс өмнө гэж хэлж болно. Учир нь Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-т “Улсын Их Хурал ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно” гэх цаг хугацааны хязгаарлалт буйг дахин санах хэрэгтэй. Учир нь бидний эхэлсэн цэг бол Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буй шүү дээ.

Хууль зүйн хувьд сонгууль товлон зарлах асуудал өнөөгийн хууль зүйн орчны хувьд тодорхой зааж өгсөн. УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-т “ . . . Улсын Их Хурал өөрөө тарах тухай шийдвэр гаргасан бол мөн өдөр Улсын Их Хурлын сонгууль товлон зарлах тухай тогтоолыг хамтад нь батална” хэмээн заасны дагуу сонгуулийн товлон зарлахыг УИХ-д үүрэг болгосон. Хэрэв УИХ ээлжит сонгуулийн товыг зарлаагүй бол УИХ тарсан өдрийн дараах өдрөөс хойш санал авах өдрийг 45-аас доошгүй хоногийн өмнө ээлжит бус сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор Улсын Их Хурал товлон зарлана хэмээн хугацааг тоолох боломжийг Сонгуулийн хуулиар тогтоосон байна.

Эдгээрээс дүгнэж үзвэл УИХ өөрөө тарах тухай шийдвэр гаргаснаас хойш цаад тал нь 45 хоног дотор ээлжит бус сонгууль явагдах хязгаартай. Энэ хооронд нэр дэвшүүлэх, сурталчилгаа хийх зэрэг үйл ажиллагаа хийгдэх болно.
Дөрөв. Шинээр сонгогдсон УИХ-ын бүрэн эрхийн хугацаа хэдэн жил байх бэ?

Товчхондоо бол ээлжит бус сонгуулиар бүрдэх УИХ-ын бүрэн эрх (ямар нэг маргаан 19 олон тойрогт гараагүй бол) 4 жил 6 сар орчин болж таарах нь.

Учир нь УИХ-ын тухай хуулийн 30.1-т “Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд энэхүү хугацаа нь Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” хэмээн зааснаас үүдэлтэйгээр УИХ-ын ээлжит сонгуулиар гишүүд сонгогдон тангараг өргөх хүртэл бүрэн эрхээ хэвээр хадгална.

Энэ нь ээлжит бус сонгуулиар бүрдэх УИХ өмнө байгаагүй урт хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн боломжийг үүсгэх боломжтой гэсэн үг юм.
Тав. Шинээр бүрдэх УИХ-д Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хамаатай юу?

УИХ-ын 2019 оны 73 дугаар тогтоолоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эхийг баталсан. Төсөлд тусгагдсаны дагуу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр заасан.

Дээрхээс үүдэн хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг АНСА-аар баталсан тохиолдолд шинээр бүрдэх УИХ, түүний дагуу байгуулагдах Засгийн газар нь хуучин буюу одоогийн Үндсэн хуулийн дагуу байгуулагдаас өөр аргагүйд хүрнэ.

Хэрэг дээрээ ээлжит бус сонгуулиар бүрдэх УИХ-д Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр үүсэх цоо шинэ журам ямар ч хамаагүй байх уу? эсвэл 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш дахин Засгийн газраа огцруулж, шинээр бүрдүүлэх үү гэх зэрэг олон эргэлзээтэй хууль зүйн хувьд нэг мөр шийдэгдэхгүй нөхцөл байдал үүсэж болохоор байна.

Дүгнэвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг чухам яах гэж 2020 оноос эхлэн дагаж мөрдөхөөр заасан бэ гэх үндсэн асуудалтай уг ээлжит бус сонгууль огтхон ч тохирохгүй, төлөвлөгдөөгүй болох нь харагдана.
Зургаа. Хэрэв ямар нэг шалтгааны улмаас 57 гишүүн сонгуулиар бүрдээгүй эсвэл бүрдэхгүй бол яах бэ?

Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ бүрэн эрхтэй байх гишүүний доод хязгаар 57. Хэрэв гэх уг асуултын хариулт ямар нэг шалтгаанаар 57 хүрэхгүй бол шинэ УИХ бүрдэж чадахгүйд хүрнэ.

Ийм нөхцөлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэх зорилгоо умартан улс төрөө л эн тэргүүнд тавихаас өөр сонголтгүйд улс төрийн хүчнүүдийг хүргэж болзошгүй.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэх зүйл нийгэм, улс төрийн асар их зөвшилцөл шаарддаг. Гэтэл УИХ-ын ээлжит бус сонгуульд яарах нь “дайран дээр давс” гэдэг шиг улс төрийн аливаа маргаан мэтгэлцээ, цаашлаад тогтворгүй байдлын суурь болчих ч магадлал асар өндөр байна.

Дүгнэлт

УИХ анх гортиг хатгасан талбараа дахин дахин санах шаардлага улам бүр нэмэгдэж байх шиг. Тэд өнгөрсөн Гурван парламентын туршид яригдсан Монгол Улсын суурь асуудлуудыг засах, 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг одоо үед нийцүүлэн тодотгох зорилгын доор нэгдэж төслийг хэлэлцсэн.

Гэтэл уг замаасаа хазайн УИХ-ыг тараан байж Ард нийтийн санал асуулгын ирцийг бүрдүүлэх нь хэрэг дээрээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөө унагах, хүлээн зөвшөөрөгдөх чадварыг алдагдуулах бий гэх болгоомжлол буйгаа нуух юун.

Бид түүхэндээ 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр анхдугаар тусгаар тогтнолыг санал асуулгыг амжилттай зохион байгуулсан.

Түүхэн энэ үйл явдлын үлдээсэн мөрийг харвал 1945 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 76 хурлын тогтоолд ирцийг хэрхэн бүрдүүлэн хэд хэдэн аргыг ашигласан байна. Тухайлбал,
1) Төрийн болон орон нутгийн бүр байгууллагаа дайчлах,

2) Санал гаргуулах төв болон аймгийн комиссыг байгуулах,

 3) Аймаг, хот, сум, баг, хороо, хорьд бүрт дарга нарыг тухайлан ирц бүрдүүлэхийг даалгах,

4) Сайн дурын үндсэн дээр ирц бүрдүүлэхэд хяналт тавих УБХ-ын тэргүүлэгчид, орон нутгийн бүх байгууллагад үүрэ болгох,

5) Биеэр өгч чадахгүй иргэдээс явуулын хайрцгаар авах,

 6) Томилолтоор яваа хүн зорчин буй газартаа саналаа өгөх бололцоогоор хангах зэргээр тусгайлан зааж байв.

Гэтэл бид 74 жилийн дараа хийх гэж буй АНСА-даа ирцээ хэрхэн бүрдүүлэх бэ гээд аргаа барахдаа УИХ-аа тарааж байж бүрдүүлье гэх нь хэр хүлээн зөвшөөрхүйц сонсогдож байна бэ? яах аргагүй бодох л асуудал.

Иймд УИХ-аас нэгэнт АНСА хийхээр шийдсэн уг шийдвэртээ бат зогсох учиртай. Улмаар чухам яагаад уг 19 зүйл 34 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт чухал болохыг иргэддээ ойлгуулах хэрэгтэй болов уу.

Тэр тохиолдолд иргэд бид өөрийн амьдралдаа олдох төрийн хэрэгт шууд оролцох эрхээ хэнээр ч хэлүүлэлгүй эдэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

 МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн доктор (Ph.D) А.Бямбажаргал 

 

Сэтгэгдэл бичих

    • batbayar
    • 2019-09-27

    yamar yamar oorchlolt orj baigaa, oorchlogdsonoor yamar davuu tal bii boloh geh met deer UIH-aas surtalchilgaa olon niited medeeleh medeelel tun hangaltgui baina ldaa. nemelt oorchlolt l gej yariad baigaa bolhoos yag yu ve gesen nariin medeeleliig ard niited sain oilguulah heregtei.

arrow icon