Нийтлэл 10 сарын 14, 2019

Аав бид хоёр

Ер бусын зун юм аа. Сэтгэлийнхээ орчинг эвдчих гээд хаашаа ч явмааргүй. Хэзээ ч юм хугарчихсан жигүүр гэнэт амь ороод өндөрт дүүлэн нисч яваа мэт. Нээрээ би жигүүртэй байл уу... Явдал суудал минь яагаад урьд нь тэнгэрийн биш байв аа гэж өөрөөсөө асуумаар болоод эгэл биш явнам. Эгэл биш явахад эгэл биш өдрүүд айлчлан ирнэм. Би яагаад ингэж өөрөө өөртөө амархан бууж өгдөг юм бол. Би яагаад энэ цэцэрлэгт үүр цүүрээр хөндүүр зүрхээ тэврээд хүний чимээнээс хол гав ганцаараа ганьхарч зогсоо юм бол... Өөртэйгөө үлдэх газар иржээ би. Өөрийгөө өрөвдөх газрыг олжээ би...

Түүний энэхүүү өөрийн дурсамжаа уудлан мөнхүү амьдралд нь таарсан сайхан учрал тохиолуудыг сэтгэлээ тайчин энгийн хэрнээ уран яруу үгээр хөөрөлдсөн  номыг нулимстай нүдээр инээж нэг, нутгаа үгүйлж, ээж аав буурал болсон эмээгээ санаж , утаатай Улаанбаатар болоод уужим сайхан хөдөө талаа дурсаж нэг уншиж дуусгалаа. Зарим номноос хайр энэрэл, зарим номноос атаа хорсол, жигшил зэвүүцэл, заримаас нь урлаг, заримаас нь дотно байдал, заримаас нь баатарлаг зориг, заримаас нь улс төр үнэртдэг бол энэ номноос минь Монгол л үнэртэж байна. Тийм ээ, сайхан хөдөө нутагт ганга үнэртэж, элсээр шууран хамар ам чих рүү элс орж байгаа юм шиг тийм л бодит мэдрэмж бэлэглэв. Хүүхэд насны дурсамж, хөдөө талын сайхан, тал нутаг шигээ уужим тэнэгэр сэтгэлтэй хүмүүс дэргэд мэт мэдрэгдэв.
Бадамдоржийн Ганчимэг хэмээх сэтгүүлчийг хэзээ ч өмнө нь онцолж таньж байсангүй. Магадгүй сүүлийн жилүүд гэж худал яриад яахав, ерөөсөө л намайг бараг 13 нас хүрснээс хойш сонин захиалж тогтмол уншаагүй, заримдаа л бүр хааяа л нэг сонин барьж орж ирдэг гэр бүлийн байдлаас ч болсон байж болох юм. Тиймээс энэ эмэгтэй сэтгүүл зүйн салбартаа акул уу, алтан дундаж уу, адаг сүүл нь үү, мэдэх юм алга.
Ер нь би ихэвчлэн сүүлийн үед унших номондоо маш их цензуртэй хандаж судалж байж сонгож байгаа. Харин энэ номыг энд байдаг монгол айл нэг хайрцаг ном хаях гэж байгаагаас Бөөгийн домог болон энэ ном хоёрыг санамсаргүй гартаа атгасан юм. Бөөгийн домог ч яахав үргэлж жагсаалтанд байдаг байсан. Ер нь угаасаа энэ Өлзий, Аюур гэсэн номнууд үргэлж жагсаал дайрч цөм цохиж орж ирдэг хойно доо. Хамгийн анх Өлзийтөгсийн Үзэхийн хязгаар уншаад номонд улам дурлаж мөнхүү зохиолчид нь ч дурлаж билээ. Номын цагаан хуудсууд дээр цагаанаар зурайх үгс, өгүүлбэр өгүүллэгүүд тархи болон зүрхэнд урлаг болон зураг, тархинд дурсамж болон сургамж болоод хоцроод хоногшичих нь чинээ санаагүй.
Харин Ганчимэг зохиогчийн энэхүү ном нь Үзэхийн хязгаартай бичиглэлийн хувьд төстэй. Намтарчилсан эсээ, дурсамж өгүүллэг, дурдатгал, дурсамж нийтлэл, хөрөг маягаар бичигдсэн. Маш олон хүмүүсийн дотрыг онгичин нээж сэтгэл болоод амьдралыг, хүмүүсийн төдийлөн мэддэггүй зан чанар үйл явдлуудыг ил болгосон байна. Жишээлбэл:
 Жүжигчин Б.Цэрэнпагма, Асашёорюү Д.Дагвадорж, Ш.Сайхансамбуу, Н.Банзрагч зохиолч Норовбанзад уртын дуучны дундах охин Дэдэрмаа,  2007 оны мянгат малчин Г.Зулбаян Лхамсүрэнгийн Энэбиш П.Жасрай нар. 

 Мөн миний сэтгэлийг татсан дараагийн зүйл гэвэл энэ бүх өгүүлэл бүрийн гарчгийн уран тансаг тэрхүү санаа, бичсэн өгүүллэг бүртээ зохисон гэж ванлий. Бүхий л гарчгууд нь чулуугаар зүйрлэвэл алмаз шиг, материалаар зүйрлэвэл алт шиг, хүнээр зүйрлэвэл аав ээж шиг... Ээжийнхээ талаар бичсэн дурсамжаа ээж бид2, аавынхаа талаар бичсэн дурдатгалаа аав бид 2 хэмээн энгийн мөртлөө доторх мөртүүдийн уран хэрнээ энгийн үгсийг нь... Энгийн ч гэсэн эдгээр үгс нь эрхгүй олон зүйлийг бодогдуулмаар. Миний дурсамж, миний гуниг... Туул тунин тунин ирэв... Хөндүүр зүрхээ тэврээд, хүний чимээнээс хол... Ай анхилхан хавар... Тариан түрүү бөхийсөн ч тариаланчдын итгэл бөхөхгүй... Эрлийнхний итгэл алдраагүй байхад эхийнх нь сэтгэл цуцлаа гэв үү... гэх мэт. Цаанаа нэг тийм уран яруу донжтой гарчиг оноосон байгаа биз. Ширүүн хэрнээ шударга шулуун, тодорхой үнэн хэрнээ хатуу үгтэй өгүүллэгүүд.

Мэргэжлийн онцлог нь харагдахуйц хэд хэдэн өгүүллэг байгаа нь хэт нам дагасан үзэл, мянганы замын давуу болон сул тал одоогоос яг 10 жилийн өмнөх гэмтлийн эмнэлэгийн байр байдал хийгээд эмч нарын зан харилцааны доголдол, эрүүл мэндийн салбарын хоцрогдол, дутагдал хомсдол зэрэг сэдвүүдийг хурц, үнэнч шударга үгээр үзэг хэмээх сэлмээр ном болоод сонин дээр сийлэн үлдээжээ.

Би өөртөө таарсан, өөрийн чадах чинээгээрээ өөрийнхөө хэмжээнд бичихийг оролддог. Мөн Ш.Номин-Эрдэнэ найзаасаа бяцхан заль, хөөрхөн чимэг сурсан маань нэг яруу найраг, өгүүллэгийн хэсгээс мөн онч мэргэн үгс болон бусдын хэлсэн санааг чимэг болгон оруулах аль эсвэл тухайн эхийг эхлүүлэхлээ оруулах нь нэг тийм хөөрхөн амт, сондгой анхаарал татахуйц жижиг цэг болж өгдөг юм. Харин уг эмэгтэй яг миний энэхүү санааг маш ихээр ашигласан нь энгийн нэгэн уншигч авхай миний сонирхлыг өөрийн эрхгүй татав. Өгүүллэг, дурсамж хөрөг зэргээ уртын дуу, ардын дууны хэдэн мөрт, шүлэг яруу найргийн хэсгээс оруулсан нь уран зурганд өнгө нэмсэн гэлтэй.

Цаг нь болохооор би ч бас ийм амьдралд минь тохиосон онцгой сайхан эсвэл гунигтай жаргалтай түүхүүдээ цаасан дээр мөнхлөн үлдээх болно. Азтай, одтой, бүтэлгүйтсэн, нурсан, унасан, гуньсан, туньсан, уйлсан, хамгийн жаргалтай хэзээ ч мартагдашгүй тохиол амьдраагүй амьсгалсан, амьдрахын төлөө тэмцсэн, зүдэрсэн тэдгээр өдрүүдэд зөрөөд өнгөрсөн, зуураад үлдсэн, ураад хаясан, урмаар тэтгэж бурам хайрласан, холоос хайрлаж ойроос дэмнэсэн, ганцхан удаа уулзахдаа олон ухаарал өгсөн, олон уулзахдаа зүгээр л амьдралын хормоос минь хулгайлсан эдгээр олон дүрүүд тэдгээрээс сурсан үйлүүд, зүйлүүдийг цаасан дээр үлдээхийг хүсч байна. Яг л Л.Өлзийтөгс болон Б.Ганчимэг хоёр шигээ. Бүх л уншиж байсан номнууд шигээ.
Эцэст нь хэлэхэд ном дээрээ Чөлөөлөгдсөн амьдрал нэрт өгүүлэл дотроо Өлзийтөгсийн шүлгийг галзуурмаар энэ мөрүүдийг ганцыг нь ядаж би яагаад бичээгүй юм бол... гэсэн байснаас та ч мөн адил надад ийм л бодол төрүүллээ. Адил зүйлийг харж мэдэрч байгаа хэрнээ таниас гарсан ном дээр мөр мэт зурайх галзуу энэ шулуун үгсийг ядаж би яагаад бичээгүй юм бол... Үг өгүүлбэр өгүүллэг яван явсаар ном хүнийг өдөөн хатгаж, хурцалж, ирлэж, билүүдэж, багшилж, зааж зааварчлан чиглүүлдэг билээ. Та миний хувьд Өлзийтөгс боллоо шүү.

Онцлох ишлэлүүд:
 Тэртээх он жилүүд гэрэлт шувуу шиг нисэн одсон ч ийнхүү цээжний минь гүнд шулганан жиргэсээр.
 Танхил залуу насны өдрүүд кино шиг юм, тэртээ он жилүүдийн салхинд мартагдаж гээгдсэн дуу шиг юм.
 Аавдаа би шүлэг бичиж үзэв. Аавдаа би дуу зохиож үзэв. Аавдаа би ном зориулж бичив. Аавыгаа харин эргэж үл олов.
 Эцэг хүнд сайн хүүтэй явах цээжний бахархал. Магнайд нь гийх баярын оч юм билээ. Хүүтэй эцэг шиг дэлхий дүүрэн хүн үгүй.
 Хүн гэдэг амьтан чинь барж идэхийн аргагүй шуналтай амьтан байдаг юм байна. Одоо болсон, ханасан гэж хичнээн бодоод хоргодох сэтгэл л дийлээд байдаг юм байна.
 Уулын чулуу хагалам эр хүний гуниг...
Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Б.Галсансүх, Б.Одгэрэл, Ц.Батбаатар Хөтөлийн Отгонжаргалын шүлгүүд миний сэтгэлийн өвчинг сэдрээгчид юм.
 Монгол хүний цоож цуургагүй сэтгэлээ гэж...
Яагаад ч юм би эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийнхээ гүнд тээж яваа гайхамшигт далд ертөнц, хэр баргийн маанаг эрчүүдийн насан мөргөөд ч олж чадамгүй нандин нууцад ухаангүй татагддаг зантай.
 Бүсгүй хүний заяа төөрөг, гуниг баяр, дурлал хайр, хагацал зовлонгоос яаж ангид байхав. Энэ бүхнийг тэр аяглаж, аргалж, захалж, эрхэлж туулсангүй. Гудиггүй туучаад л гарсан.
Хайр гэгч хэсэгхэн асаад унтарч үлддэг гал юм шиг. Салхи шуурга шиг сандааж ирээд шархнаас өөр юу ч үлдээдэггүй гай юм шиг. Насан турш сэтгэлийн мухарт хурган амьдарч чаддаг амь бөхтэй шаналан юм шиг...
Тэдний дурсамж бол тэдний л дурсамж шүү дээ гэж зарим нь хэлэх байх. Гэхдээ энэ бол хүн төрөлхтний хайрын түүх.
 Үрчлээтсэн нүүрээ нулимсаараа чимээгүйхэн угаадаг биз.
 Одоо элдэв юм мөрөөдөх хэрэггүй бодогдоно. Ийшээ очно, тийшээ хүрнэ гэх резин шиг сунасан мөрөөдөл дэмий санагдана.
 Эзнээ үргэлж байгаатай нь хамт чамлан ээрч байдаг зогсч өгдөггүй цалгисан их мөрөөдөл гэдэг нэг талаас дарамт аж.
 Агуу их суу билэгтэн ахиад л хагацан салав. Гэхдээ бие биедээ хязгааргүй хайртай хэрнээ шүү.
 Одоо би охиддоо мөрөөдлөө сайн хав дарж сур гэж захина. Охидоо мөрөөдөж сургая. Мөрөөдөж сурсан бүсгүй хүн хүлээж сурдаг. Хүлээж сурсан хүүхэн хүнд итгэж сурдаг. Итгэж сурна гэдэг жинхэнэдээ хайрлаж сурахын нэр. Охидоон би хайрлахад сургая.
 Манай хот хэдэн өдрийн турш бороонд шавшуулан нялхрав. Дурсамж нялхрав. Бие сэтгэл хуу дэвтэв. Байшин барилга, гудамж талбайнууд өнгөө засав.
Нэг амьдралыг чимээгүйхэн тарааж, нөгөө амьдралыг цогцлоож буй нь энэ.
Хар өглөөгүүр ганцаардан зовж байна. Хаа нэг тийшээ очмоор... хамаг нулимсаа хамаг хөндүүрээ асгамаар байна.
Хөөрхий дөө, хүүхнүүд бид уйлж байгаад л тэднийг залхаачихдаг юм байна даа гэж бодов. Уг нь хэлж чадахгүй зөндөө их үг, хичнээн тэвчивч барьж дийлэхгүй их хайр тэр гэм зэмгүйхэн урсах нулимсанд нь шингээстэй байгаа шүү дээ гэж өмөөрөв. Даанч тэд ойлгохгүй чигээрээ, бид ухаажиж хэрсүүжихгүй хэвээрээ үлдэх юм даа...
 Санаа сэтгэл минь тайтгаран гийж ямархан өнгөөр тунарна вэ...
 Аль тэртээ гэзгээ хийсгэн гүйж одсон ангаахай бага нас, аав л ээжийн идэр омоглон үе, манай сумын дэлхийн хаана ч байхгүй үүхтэй түүхтэй амьдрал дурсамж болон амилж сэтгэлийг хөглөн, туулах замыг бүр ч утга учиртай, бүр ч ариун нандин болгох нь сайхан.
Хүн болж төрсний, эцэг эхийн хүү болж заяасны, хүссэнээрээ хувь заяандаа сонголт хийж байсны хариуд энэ амьдралыг өөртөө болоод гэр бүлдээ, ойр тойрныхондоо сонирхолтой байлгаж, эцэст нь зөв хариутай зогсч байх ёстой.
 Тэр жинхэнэ хатаагдсан болд шиг хүн байжээ. Ямар ч бужигнаантай үед цагийн аяс шингэсэн сэтгэлийн салхи үнэртүүлдэггүйсэн. Тэр хатуу чанга атлаа чив чимээгүй тэсвэр хатуужил байж ээ. (П.Жасрай)
 Нэг л өглөө уулсын тэргүүнд бударч оддог намрын сүүлчийн бороог сэтгэлээс өөр юунд ч хамаагүй юм шиг бодож явжээ.
 Уулын модод шар, ногоон бас улаан өнгөөр сүлэлдэнэ. Хорвоогийн хамгийн гоё мөч тэргүүндээ цагаан сор гялтгануулсан уулсын бэл рүү саарал манан чимээгүйхэн бууж ирж буй агшин юм шиг. Болоод өнгөрснийг үл хайхрах мэт болгодог зүйл анир гүм ийм л үдэш юм шиг. Жаргах наран доор түмэн өнгөө гайхуулан тунарч харагдах моддын шивнээ юм шиг...
 Амьдрал ийм л гэгээн зурагнуудтай. Алдалгүй олж харснаа, онож мэдэрснээ тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэж аваад явах юм шүү.

Дөлгөөн
2019 оны 10 сарын 10
Alexander Platz, Berlin, Germany

Сэтгэгдэл бичих

arrow icon