Нийтлэл 12 сарын 25, 2019

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: Сахиуст хангайн нууц

Зохиол тэр нэгэн хараалын тухай яриагаар эхэлжээ. Өөлд бөөгийн хараасан тэрхүү явдлаас улбаалаад Батмөнх гүнээс төрд нүүргүй,хэлгүй,мунхаг хүмүүс төрөн гарсан билээ.Хараал ч юу байхав,гурав дөрвөн үе элээсэн дөрөөний нас л гүйцээ биз дээ...гэж ган төмрийн учрыг гаргууд мэдэх эцэг нь хэлж байсан сан. Гэхдээ хараал үнэхээр төгссөн, юутай ч хараалд дурдагдсан мунхаг гээч нь эцэслэсэн ч юм уу гэмээр түүх бий. Үүний дараагаар түүний удмаас ухаан эрдмээрээ халх даяар шагшигдсан хуульч, шүлэгч, уран дархан, хөгжимчин зэрэг хүмүүс төрсөн юм.
Сайн ноён хан аймгийн Жонон засгийн хошууны засаг ноён Жонон Бэйл Пүрэв гүнтэн Нарбанчин гэгээнтний амраг хүүхэн Ягаандарь хатанд сэтгэлээ өгснөөр авааль эхнэрээ төрхөмд нь буцаадаг. Нутаг усныхан нь Ягаандарь хатныг эрт үеийн хараалын нэгээхэн хэсэг... одоо ч тэр хараал арилаагүй хэмээн жив жуг хийдэг байв. Ягаандарь хатан гоо үзэсгэлэн, уян хатан байдлаараа хэнээс ч дутахгүй сайхан бүсгүй байсан.Хатанд дурласан тэр үеэс л эхлэн Пүрэв гүнтэний маань зовлонт амьдрал эхэлнэ. Үхсэн хатныхаа хүүрийг сахин, хатнаа босч ирнэ гэдэгт итгэсээр хэдэн сар, жил элээснийг гүнтэн өөрөө ч мэддэггүй, тийм л их хайртай байж. Ягаандарь хатан л эмэг эхээс нь хойш сэтгэлд нь нийцсэн анхны бүсгүй байж.
Ягаандарь хатан үнэхээр хараал байв уу? гэвэл үгүй.Тэгвэл энэ бүгд Пүрэв гүнтний үйлийн үр байв уу?


Үйлийн үр гээч зүйл бас ямар хатуу болохыг ойлгож ухаарахыг хичээлээ. Юм бүхэн хоёр замтай, хоёр туйлтай. Харин аль замаар хэрхэхийг бид өөрсдөө шийддэг.

“Бид өөрийн эрхээр төрөөгүй. Амьдралыг өөрийн эрхээр олоогүй. Үхэл ч бас бидний эрхээр бус” хэмээн хэлсэн өвгөн хамба ламтан энэ бүх хангайн нууцын нэгээхэн хэсгийг тайлах шиг санагдсан. Тэрээр жанч халахынхаа өмнө Осор гүртэнг дуудуулан, хангай надад ямар дүрээр харагдсаныг би сахиусны учир мэдэхгүй улмаас, Дархан ноёнд андуу ташаа зүйл хэлчихсэн нүгэлтэй. Хангай надад үзэгдэхдээ залуухан, нүд гялбам үзэсгэлэнтэй бүсгүй хүний дүрээр үзэгдсэн. Би хангайгаа мөнхийн залуу гэдгийг танилгүй хараал хэмээн андуу бодож байж. Энэ бүгдийн учрыг гүнтэнд ухуулж өгөөрэй гэж хүсдэг.
Ингээд бодохоор Баян хангайд маань бидний мэдэхгүй өчнөөн олон нууц бий. Гэвч нууц гэсэн зарим зүйл нь нууц чигтээ байх ёстой ч юм шиг...
Сахиус бол шашин номынх биш, Ханхар Хангайнх юм байна гэдгийг би эргэлзээгүй ойлгосон юм.
Хожим нь Пүрэв гүнтэн хэргэм зэргээ хураалган, хошуу ноёны ажлаа өгөөд Улаанбаатар хотод суурьшин судар бичгийн хүрээлэнд орчуулагч, Улсын төв театрт дуу хөгжмийн багш хүртэл хийжээ.
Хангай дэлхий догшин,овоо бүхэн нүдтэй, лус бүхэн эзэнтэй гэдэг өвгөдийн ам дамжсан яриа худлаа биш үнэн гэдгийг энэ роман улам ч батлаад авах шиг болсон доо. Энэ бүгд хэн нэгний зохиосон үлгэр биш, бодит явдлаас үүдэлтэй.
Эл зохиолыг унших явцдаа Пүрэв гэдэг хүний ээдрээт хайр дурлал, ажил төрөл, амьдралын замнал хийгээд хувь хүнийг нь нэвт шувт харах шиг л боллоо.
Сонирхуулахад:
Хожим Пүрэв гүнтэн ятгач ноён нэрээрээ алдаршсан бөгөөд Монголд анх удаа ятга хөгжмийг гардан хийсэн хэмээн үндэсний урлагийн түүхнээ тэмдэглэгдсэн байдаг байна.
Зохиолч Аюурзанын эмээгийнх нь эмээ Пүрэв ноёны аягач байсан ба зохиолч романаа эмээгийнхээ ярьдаг түүхээс сэдэвлэж бичсэн гэдэг. Бас хуланц эмээгээ ч нэгэн дүр болгож оруулсан гэдэг юм гэнэ лээ.
Аюурзана зохиолчийн ихэнх зохиолынх нь дүрүүд бодит байдаг болохоор надад маш их сонирхолтой санагддаг. Түүнчлэн номын хавтсан дээрх зураг маш их таалагдсан. Монгол бахархал, эх оронч сэтгэл эхийн хэвлийд байхаас эхлээд бүрэлддэг бөгөөд хангай дэлхий түүнийг нь хайр энэрлээрээ угтан авч, лус савдаг,эздийгээ баясгадаг юм шиг... Хавтсан дээрх зургийг зохиолчийн охин А.Гэгээ зурсан юм гэнэ билээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon