Нийтлэл 11 сарын 18, 2015

Муухай монгол хүн

Олон  жилийн өмнө би номын дэлгүүрт “Бидний араншин – Гурван Монгол зодолдоно” нэртэй ном харж билээ. Нэрнээсээ эгдүү хөдөлгөх тэр ном “муухай” Монгол хүний тухай л даа. Монгол хүн хэдийнээс “муухай” болчихсон юм бол, угаасаа муухай байсан юм болов уу. Ер нь хүн гэдэг амьтан муухай юм уу гэх бодол үе үе сэтгэл холгон зурсхийдэг болчихсон  юм.

Манай монголчууд хүнтэй тааралдаад “Сайн байна уу, Сонин сайхан юу байна  даа” хэмээн мэндчилдэг. Энэ нь цөөхүүлээ, газар нутаг том хэрээр уулын амаар тарж, ганц нэг айлаар амьдардаг онцлогоос үүдэлтэй нэгнээсээ сонин сонсох гэж тэр л дээ. Аливаад сургаар ханддаг нь ч үүнтэй холбоотой байх. Телевизор байхгүй 1955 оны улсын наадмыг шугамын радиогоор сонсоод сууж байсан тухай хөгжилтэй дурсамж хүмүүсийн амны зугаа болдог. Радиотой айл нь ч цөөхөн байсан биз. “Энэ жилийн наадамд шоронгоос оргож явсан нэг бөх түрүүлчихсэн гэх юм. Үзүүрт цэргийн бололтой нэг хүн үлдсэн юм уу даа.” гээд жалгаараа шагшиж өгч. Үнэндээ тэр жилийн наадамд Төв аймгийн Баянбараатын харьяа Улсын арслан С.Оргодол түрүүлж “цэргийн ” хочтой Б.Бадам үзүүрлэсэн байдаг юм.

Энэ зан нь өнөөдөр соошиал ертөнцөд хүчтэй илэрдэг. Огт уулзаж үзээгүй хүнийхээ тухай сургаар магтаж тэнгэрт тулгах, муулж газар доор оруулах хандлага их. Хэдхэн хоногийн дараа нөгөө муулж байсан хүнийг нь магтаад эхэлбэл дунд нь орчихсон магтаад тууж явах жишээтэй. Ганцхан жишээ дурдахад Боловсрол соёл шинжлэх ухааны яамны нэг мэргэжилтэн уран зохиолын хичээлийг дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс хасах тухай яриа шуугиан тарьсан. Соошиал ертөнцөд тэрхүү мэдээлэл хөвдөнд тавьсан түймэр шиг дүрэлзэж яруу найрагч зохиолчид жагсахдаа тулсан. Гэвч ташаа мэдээллийн  талаар хэвлэлийн бага хурал зарлах нь холгүй юм болж үнэн мэдээллийг нь хүргэхэд уран зохиолын хичээлийг хасах биш бүр нэмж өргөжүүлэх  тухай байв. Энэ мэтчилэн соошиал ертөнц  яг далай шиг, салхины аясаар давалгайлах мэт. Ямарваа нэг мэдээний сэжүүрээс атгаж аваад хоёр хуваагдан маргалдаж эхэлнэ. Маргалдагчид сөрөг байр суурьтай байгаагаа “Тэр гишүүнийг дүүжилж ална” гэсэн фэйсбүүк групп нээж хүчтэй илэрхийлж бухимдлаа түр ч болов намжаана. Тийм группд элсэгчид ч мундахгүй. Нийлж аваад бухимдлаа баахан тайлж авна. Тэр гишүүн бухимдлыг нь уншдаг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Хамгийн хөгжилтэй нь тэр группд сөрөг байр суурьтай, нөгөө эчнээ дүүжлүүлэх “ял заагдсан” нөхрийг өмөөрөх хүмүүс  ч байдаг. Маргалдаад л нэг нэгийгээ “ална, шулна”-даа тултал хийрхэж өгнө. Тухайн  гишүүний асуудал маргалдагч хоёр талын хэнд нь ч огтоос хамаагүй байсан ч тэр. Нөгөө л гурван Монгол зодолдоод эхэлдэг гэсэн үг. Магадгүй хэрүүлийн алим шидэнгүүт үмхээд авдаг тэр чанарыг маань хэн нэгэн хөндлөнгөөс  ашигладгийг ч үгүйсгэхгүй.

Уг нь Монгол Улс суурин иргэншилд шилжээд багагүй хугацаа өнгөрсөн. Хэдий болтол бид нүүдэлчдийн араншингаар амнаас ам дамжсан ховын чанартай мэдээлэлд итгэж, мэдээллийг сургаар авч амьдрах билээ. Тиймээс залуус бид  салхины аясаар хамхуул шиг өнхөрдөгөө халах цаг болсон. Шинэ монголын залуус та бүхэн ч эх сурвалжгүй мэдээлэл, шийдэгдээгүй асуудлыг дэвэргэхгүй, аливаад голч байдлаар хандаж, эсвэл огт ач холбогдол өгөхгүй байж сурчихмаар байгаа юм. Соошиалын буянаар гэх үү балгаар гэх үү эх сурвалжгүй, байсан ч үнэн эсэх нь мэдэгдэхгүй мэдээлэл гарсаар л байх болно. Энэ болгонд ингээд л сургаар шуураад явсаар байх уу. Мэдээллийн энэ их эзэнгүй урсгалыг хэн нэгэн удирдаад эхэлбэл үгээр хэлшгүй хохиролыг иргэнээс ахулаад үндэстэнд ч хүргэж болох биш үү. 

Монголд анзаарагдах бас нэгэн сэтгэл эмзэглүүлдэг зүйл гэвэл “Мөрөөдлийн баг” гээд нэрлэчихсэн сэтгэцийн өвчтэй хэмээн эмнэлгийнхний нотолчихсон тийм хүмүүсийг нийгмээрээ шахуу дагаж намирдаг нь харамслыг маань төрүүлдэг. Нэг эмэгтэй гарч ирээд “Дэлхий сөнөлөө” гэж хэлэхээр л нийтээрээ шахуу хөдөө гарч, гэр төхөөрөн лаа шүдэнз базаан айн сандрах... Эсвэл хэн нэгэн  хүн  мөнгөтэй болгоно гэхээр л том том түрийвчээ  толгой дээгүүрээ эргэлдүүлэн даллах, бүр сүүлдээ Чингис хааны хойд дүрийг тодруулна гээд баяр наадмын нээлтийн дайтай арга хэмжээ зохион байгуулахаар нь олноороо цэнгэлдэхийг дүүргэдэг байдлаа халах цаг болсон. Үнэндээ Шар хадны “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлэгт” эмчлүүлж байгаа хүмүүст бид хүнлэг сэтгэлээр л ханддаг болохоос тэднээр удирдуулаад тэдний үйл хэргийг дэвэргээд явдаггүй биз дээ. Дэлхийн аль ч оронд нийгмийн амьдрал, стрессээс болоод сэтгэцийн хурц хэлбэрийн эмгэгтэй нөхдүүд хэзээд байдаг ч, тэднийг нийгмээс тусгаарлаж эмчилсээр ирсэн. Ёс суртахууны өндөр хөгжилтэй оронд хэн нэгний итгэл үнэмшлийг ашиглаж, гэмт хэрэг үйлдэх, нийгмийн сэтгэл зүйгээр тоглохыг хуулиар хориглосон байдаг. Хэдийгээр монголд нийгмийн сэтгэл зүйгээр санаатай санамсаргүйгээр тоглохын эсрэг хууль байхгүй ч өөрийн гэсэн үзэл бодолтой, мэдлэг боловсролтой залуус нийгэмд жин дарвал энэ бүхэнд автаад байхгүй нь тодорхой. Өөрөөр хэлбэл, дэлхий сөнөх асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг, мөнгийг даллаад биш сурч хөдөлмөрлөөд олдгийг, Чингис хааны хойд дүр, тэр байтугай хамаатан садан, хунтайж байна гэх нэгнийг дагаж хуйлрах биш, монгол хатан ухаан, хаан ухаан гэж онолдоход ч хийрхээд байгаа асуудалд автдаггүй тийм саруул ухаантай шинэ МОНГОЛ ЗАЛУУС болцгооё.

Соошиал ертөнц бидний муухай монгол араншингийн сүүдэртэй талын тусгал болж байгаа нь үнэн. Гэрэл байгаа цагт сүүдэр байх нь зүй. Тиймээс сүүдрийг биш гэрэлтэй талыг нь харж сурах, харж чаддаг болчихвол Монгол залуус “зодолдохгүй” байж болох бус уу.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2020-05-11

    goy bichjee

    • Зочин
    • 2015-11-20

    энэ залуугийн бичсэнийг уншдаг болов. Аливааг зөв өнцгөөс олж хардаг юм байна. Амжилт хүсье

    • Зочин
    • 2015-11-19

    ene zaluu unen l yum helj. ene social media bol tiim zang buur ih todruulj haruulj bn da

arrow icon