Нийтлэл 10 сарын 05, 2016

ГАРЦ ХААНА БАЙНА ВЭ?

Коксжих нүүрсний үнэ эргээд "хаданд гарах" төлөв тодроод ирлээ. Үнэндээ жаахан сэхээтэй хүнд бол байдал манай улсын хувьд эергээр эргэх нь нэлээд дээхнэ тодорхой байсан л даа. Энэ жилийн таван сараас эхлээд Австралид айхтар ширүүн бороо үргэлжлэн орж улмаар том үер болсон нь коксжих нүүрсний өртгийг буцаагаад өсөхөд нөлөөлж таарна хэмээн мөхөс миний бие тухайн үед зураг хөрөгтэй мэдээ оруулж байсныг зарим уншигч санаж байгаа байх аа.

Уг нь тогтвортой төртэй, толгой нь ажилладаг улс төрчидтэй байсансан бол тэр үеэс эхлээд одоогийн энэхүү эерэг нөхцөл байдалд хэрхэн дасан зохицох талаар бодож болох л байсан даа.

Олон таван үгтэй оршил хэлэхийг болиод та бүхэнд 9 сарын 20-ны өдрийн байдлаар Хятадын боомтуудад гол нийлүүлэгч орнуудын коксжих нүүрсний үнэ өртөг ямар байгаа талаар эхлээд танилцуулъя.

Канад улсын коксжих нүүрс Хятадын боомтуудад 1220 юаниар борлуулагдаж байгаа нь бараг 200 доллар руу дөхсөн буюу хамгийн өндөр үнэ гэж болох юм.

Австрали улсын хувьд Хятадын боомт дээр коксжих нүүрсээ 187 америк доллараар шахаж байгаа бол өөрийн улс дотроо 92 доллараар Хятадуудад өгчихөж байгаа гэнэ шүү.

"Орос ах" нар маань ч гэсэн өөрийн нүүрсийг 140 доллараар зараад эхлэсэн нь тэнгис далай гатлаж тээвэр ложистикийн олон асуудалд толгой нь өвдөнө гэхгүй хаяа хатган оршиж байгаа хөрш зэргэлдээ улс орны хувьд тун боломжийн үнэ хэмээн бодогдохоор байгаа биз дээ?

Уншигч та манай Монгол улсын Тавантолгойн коксжих нүүрсний үнэ өртөг хил гааль дээр ямархуу байгааг сонирхож байна уу? Тэгвэл Ганцмодны боомт дээр 550 юаниар зарагдаж байгаа ажээ.

Эндээс нэг л юм их тодорхой харагдаж байгаа нь юу вэ гэхээр нүүрс хэмээх овор ихтэй барааны хувьд тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хэрхин яаж шийдэх нь амин чухал асуудал байдаг ажээ.

Уг нь энэ асар том зах зээлийн яг хаяаг дэрлээд оршиж байгаа Тавантолгойн уурхайн бүтээгдхүүн Австрали, Канад, Оросоос өөр өрсөлдөгч бараг үгүй таатай нөхцөлд үнэ цэнэ ингэтэл доошоо унадаг нь урагшгүй төрийн ухаангүй ноёд түшмэлүүдээс болж байгаа гэхэд хилсдэхгүй.

Канад нүүрс яагаад хамгийн өндөр үнэтэй зарагдаж байгаагийн учрыг та нар ойлгож байна уу? Миний санахад тэд нар Жилин, Ляонин, Хэйлунзян хэмээх Хятадын зүүн хойд орны хүнд аж үйлдвэр өндөр хөгжсөн гурван мужид бүтээгдхүүнээ нийлүүлчихэж байгаа юм.

Үнэндээ энэ гурван муж Хятадын нүүрсний хэрэглээний голыг нугалчихдаг болохоор "Нүүрсний мангас" хэмээн нэрлэхэд нэг их буруудахгүй. Эдийн засгийн хориг арга хэмжээнд орчихоод байгаа Хойд Солонгос хүртэл энэ гурван мужид өөрийн бага сага нүүрсийг экспортлоод хөөрхөн орлого олчихоод байвал яах вэ?

Арга зальтай, судалгаа сайтай Канадын бизнесмэнүүд өөрсдөөс нь газарзүйн байршлын хувьд харьцангуй ойр дөт орших энэ гурван мужийг онилчихолгүй хаачив гэж. Манай Төв аймгийн удирдлагууд Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны хурал чуулгануудад идэвхитэй оролцдог. Өөрсдөө ч Монголдоо ганц нэг удаагийн хурлыг нь зохион байгуулдаг байхад миний бие цөөнгүй удаа орчуулгад нь оролцдог байсан л даа.

Тэгэхэд тэндээс ирсэн гадаад харилцааны ажилтнууд нь "Манай гурван мужийн нүүрсний хэрэглээ маш их болохоор Монгол улсаас нүүрс авах сонирхолтой байна. Хэрвээ танай засгийн газар зөвшөөрөх юм бол манай гурван муж өөрсдөө төмөр замыг нь тавьж өгчихөөд өртөг зардлыг нь өндөрөөр тооцоод дан нүүрсээрээ буцаагаад авчихаж болох юм шүү." гэдэг санааг олонтоо дурьддаг байсан.

Бодвол уг хурлаар хэлэлцсэн асуудлын тэмдэглэл энэ тэр нь бодлого боловсруулагч нарт очдог л байлгүй. Хамгийн гол нь гарсан үр дүн юу билээ гээд бодохоор хэлэх үггүй байгаад харамсаад барамгүй.

Шинэ төр засгийн удирдлагууд энэ асуудлыг анхааралдаа аваад холбогдох хариуцсан байгууллагууд нь тууштай хөөцөлдвөл сайнсан.

Оюутны далан мянга энэ тэрээсээ өгсүүлээд хэмнэж болох бүхий л зардал мөнгийг хэмнэж, цугларсан хөрөнгөөрөө нөгөө явж өгдөггүй 267 км төмөр замаа хурдан тавих явдал манай улсын хувьд амин чухал асуудал байх учиртай л даа.

Болж өгвөл бүр хоёр эгнээ, нарийн царигтай төмөр зам тавьж чадвал Австрали, Канад, Оросууд манай Тавантолгойн нүүрстэй өрсөлдөнө гэдэг бараг худлаа болно. Яагаад гэвэл орон зай цаг хугацааны хүчин зүйлийг ямар ч өндөр хөгжилтэй улс орон одоо хэр нь даван гарч чадаагүй байгаа болохоор ингэж хэлж байгаа юм. Тэгээд овоо хэдэн ногоон олоод ирэхээр "Мөнгөн бороо" оруулах гэлгүй, бас "Энэтхэг, Япон, Солонгос зэрэг дэлхийн зах зээл дээр гаргах" тухай яриад уналгүй ердөө л миний дээр өгүүлж ярьсан "Хятадын зүүн хойд орны хүнд аж үйлдвэрийн гол бааз болох гурван мужтай" дотоодын төмөр замын сүлжээгээ холбоод авбал Монгол нүүрс шороо биш жинхэнэ алт болон хувирах цаг холгүй байгаа шүү. Миний санахад энэ л нүүрс төдийгүй манай улсын бусад уул уурхайн түүхий эдийг үнэд хүргэх гол гарц байх ёстой болов уу гэж боддог юм.

Ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нэр нь хараахан тодроогүй байгаа эрхэм энэ асуудлыг ултай бодож цэгнээд өөрийнхөө мөрийн хөтөлбөрт тусгачихаасай.

Энэ мэт ард түмний амьдрал, улс орны ирээдүйн хөгжилд тустай амин чухал асуудлуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж чадах бөгөөс уншигч олон маань түүнийг дэмжиж тэтгээд гаргаад ирэх нь бараг л тодорхой байж мэдэх юм шүү.

Сэтгэгдэл бичих

arrow icon