Нийтлэл 04 сарын 03, 2017

Таны “банк”-нд юу байгаа вэ?

Банк гэхээр л саяхан хадгаламжиндаа хийсэн хэдэн төгрөг тань бодогдож байна уу?  Мэдээж таны банканд овоо ахиухан мөнгө байгаа бол сайхан хэрэг. Гэвч мөнгө гэдэг бол үрэгддэг, хасагддаг, багасдаг, алдагддаг, алга болдог, бас дуусдаг зүйл. Өөрөөр хэлбэл хичнээн саяыг  ч хуримтлуулсан бай тэр хэзээд алга болчиж болох эрсдэлтэй.

Би хувьдаа нэг банктай. Тэр банкаараа байнга үйлчлүүлдэг. Ер нь бол үхэн үхтлээ тэр банкаараа үйлчлүүлнэ гэж боддог. Яагаад гэвэл миний банк хамгийн найдвартай, хамгийн эрсдэлгүй банк ба надад 24 цагийн үйлчилгээг хамгийн хурдан шуурхайгаар үзүүлж чаддаг.

Би өдөр бүхэн банкныхаа хадгаламжинд орлого хийхийг хичээдэг, хичнээн бага юм шиг санагдсан ч би өдөрт заавал нэг удаа банкаараа үйлчлүүлж хадгаламжиндаа орлого хийхийг хичээдэг.

Анх төрсөн цагаасаа хойш үйлчлүүлж байгаа болохоор одоо миний хадгаламж овоо их болсон цаашдаа ч гэсэн чамгүй нэмж чадна гэдэгтээ би огтхон ч эргэлздэггүй. Миний банкны нэрийг “Оюун ухаан” гэж нэрлэдэг. Би “туршлага, мэдлэг, чадвар” гэдэг нэртэй хадгаламжийн бүтээгдэхүүнийг байнга ашигладаг. Энэ хадгаламжиндаа үргэлж орлого хийхийг эрмэлзэж амьдардаг. Миний банк нэг маш том давуу талтай л даа. Магадгүй хадгаламжийн хамгийн таатай нөхцлийг миний банк л надад санал болгодог. Би хичнээн ч их зарлага гаргасан миний хадгаламж ерөөсөө буурдаггүй бүр эсрэгээрээ зарлага гаргах болгонд хадгаламжийн маань үнэ цэнэ улам бодит болдог.

Миний банкны нэр: Оюун ухаан.

Аавын хамгаас их захиж хэлдэг нэг сургааль бий. “

Хичнээн жижигхэн ч гэсэн хүний сурсан зүйлийг хэн ч булааж авч чаддаггүй юм шүү дээ хүү минь, алх хадаас зөв бариад сурчих, энэ чинь бас л том мэдлэг шүү дээ” гэсэн аавын сургааль ямар үнэ цэнэтэй байдгийг хэдий нилээд оройтож ухаарсан ч гэсэн энэ сургааль амьдралдаа баримтлах хамгийн томоохон зарчмуудын маань нэг болон төлөвшсөн.

Сайхан ч бай муухай ч бай өдөр тутмынхаа амьдралаас шинийг эрэлхийлж, шинэ зүйлийг хайж, дор хаяж ганц ч гэсэн зүйлийг жижиг гэлтгүйгээр сурчих юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй амьдрах сайхан. Эргээд сурсан бүх зүйлс минь зөвхөн минийх, хэрхэн хэзээ хаана яаж зарцуулахаа би өөрөө л мэднэ, миний сурсан зүйлийг хэн ч хэзээ ч надаас авч чадахгүй гэдэг үнэндээ гайхалтай мэдрэмж.

Тиймээ таны “банк”-нд юу байгаа вэ?

Сэтгэгдэл бичих

arrow icon