Нийтлэл 04 сарын 23, 2017

Яагаад Монголд гэж?

Сая нэг танилтайгаа юм ярьж суутал  –Чи ер нь яагаад Монголд буцаж ирсийн? гэж асуухад нь өгсөн хариултаа буулгая.  

Ер нь яагаад Монголд гэж?

Хүсвэл энэ бөмбөрцгийн хаана ч амьдарч болно. Токио их гоё хот, Япон сайхан орон. Хүмүүс нь хөдөлмөрч, хариуцлагатай,  хоол нь амттай, гудамж нь цэвэрхэн, цалин өндөр. Байгаль нь үзэсгэлэнтэй, шоппинг нь  тасархай,  эмэгтэй хүнд диваажин л гэсэн үг.   Токиод үлдэх мянган шалтгаан тоочиж болно.  Хүн шиг цалин авч, Харажюкүгээс  тэндэхийн маниакууд  л ойлгох 22-р зууны гоёл авч өмсөөд хоолны сайныг идэж соёлын сайхныг хэрэглэж амьдрахад дурлахгүй хэн байх билээ. Лондон ч, Нью-Йорк ч адилхан. Хөвгүүд нь чамин, урлаг нь шилмэл Мадридад бас мянган шалтгаан  харсан.  Гэхдээ л буцаж ирсэн. Монгол тийм л сайхан орон. Кюүшюү арлын том том цэнхэр давалгаа, асга хадад, далай үнэртсэн салхи, зочлох ёс нь  хэчнээн сайхан. Гэхдээ тохитой зам ч татаагүй, тухтай сав ч байхгүй хаврын шуурга хацар алгадсан нүцгэн талд хэдэн бор толгодынхоо дунд зогсож байхад яагаад ч юм бэ сайхан.. яагаадыг нь тайлбарлаж чадахгүй ч юм шиг, тайлбарлаад хэрэггүй ч юм шиг мэдээжийн. Жанцанноров Номхон далайн эрэг дээр тэр нэг нэг их дулаан оргисон, нэг их гуниг оргисон говийн тухай хөгжмөө бичсэн гэдэг, би лав итгэдэг.  

Монгол бол тав тух биш, цалин биш, чанартай шоппинг, амттай хоол, соёл, фаашн биш, техник технологийн түүчээ биш. Гэхдээ л буцаж ирдэг, үлддэг. Монгол тийм л сайхан орон.   Миний хувьд,  магадгүй надтай адил олон залуусын хувьд тийм.   Ирж чадаагүй нь ч элдэв асуудал гарахад хамгийн түрүүнд гар сунгаж, эх орноо санаж сэрж эрвийх дэрвийхээрээ илүүчилж явдаг. Энд үлдсэн зарим оорк нь ясаа тавих гэж бүү ир мир гэж яхирладгаас биш хаана ч ямар ч хөгжсөн оронд очсон ямар ч монгол хүний санаанд салхи нь нээрээ л Монголын үнэртэй нутаг нь явдагт итгэдэг. Хайрлахгүй байх, холхид дасах мянган шалтгаан байсан ч Монголыг хайрладаг, эрдэг, эргээд тэмцдэг.  Мөнгөтэй, эрх мэдэлтэй, сэкси...хэн нэгнийг хайрлах ямар нэг шалтгаан хэлж байвал чи жинхэнээсээ хайргүй гэсэн үг гэдэгчлэн Яагаад Монгол гэж? гэж асуухад ямар нэг материаллаг шалтгаан, логиктой хариулт олж хэлье гэхнээ Монгол дэндүү бүхэл, дэндүү өөрийн, дэндүү сайхан.  

Гэхдээ эргэж ирснээрээ, сонгосноороо Монголыг хайрлаад , өгөөд, гийгүүлээд байгаа хэрэг бас биш. Тэнгэр нь цэлмэг, тал нь тэнэгэр, хүн зон нь цайлган ийм эх орон,  reference point  эхлэл цэгтэй, эргэх уяатай байна гэдэг хайрлах хүнтэй байхад ямар байдагтай л адил амьдрах шимээ авдаг үндэс, хувь хишиг болохоос өглөг лав биш.  Монголоос дандаа л авдаг. Багад ээж аавд олдохгүй булаацалдаж намайг эрхлүүлсэн эгэл хүмүүсээс ч,  олоон жилийн дараа хараад уйлж байгаа улаан хацартай эгчээс ч, хармааны мөнгө шиг цалинтай ч хүний газар хэнээс ч дутахааргүй сургаж өгсөн багш нараасаа ч,  өчүүхэн, сэтгэлгүй ажил хийхэд үнэлээд сүйд болоход нь ч...дандаа л Монголоос авдаг. Хайр, утга, .... үнэ цэнэ..  хэзээ ч би Гинзагаас худалдаж авч чадахгүй юмсыг... өгөөмөр, тэнэгэр, тэгсэн хэрнээ хараад өр өвдөм тийм эх орон.  

Олон газар элчин суусан дипломаттай ярилцаж байхад монголчууд нутгаа гэдэг нь танай улсын хамгийн том хүч, ялгамж чанар identity гэж хэлж байж билээ. Ийм үнэ цэнийг гэхдээ  хямдхан хүмүүс ойлгохгүй. Ойлгодоггүй болохоор  өрсөлдөж чадахгүй байж  эргээд ирэх залууст Токиогийн, Лондогийн цалин өгнө гэж, хийж чадахгүй байж агуу агуу агаарын юм яриад тэр нь эсрэгээрээ тээг болдог. Монгол хүнд Монголын ирээдүйн зураглал, үндэсний амбиц, мөрөөдөл,  түүнд оролцох боломж өгвөл тэд ирнэ, бүгд биш гэхэд зарим нь, магадгүй ихэнх нь.  Ийм эх орон, эхлэл цэгээ эрэх сэтгэл,  хүн шиг амьдрах хүслийн завсар гацсан олон хүнд мөнгө биш итгэл хэрэгтэй гэж боддог. Би лав мөнгө биш итгэл эрж ирсэн. Мөнгө биш итгэл дуусахад эндээс явна.  

Ирээд хараад байхнээ хаана төрснөө мэдэхгүй, хэчнээн баянаа мэдэхгүй нэг тийм мөнхийн хоосон ядуу гунигт хүмүүс. Юм үзээгүй. Юм үзээгүй болохоор  Монголын хаана ч хүрэхгүй хямд юмсын араас амиа тавьж амьдардаг.  Нэг муухан хүнээс илүү явах хүсэл, нэг муу дөрвөн дугуйтай төмөр, нэг муу бранд нэр зүүгээр ороосон даавуу, дундаж хөгжилтэй орны дундаж хэмжээний залуу хүнд үзүүлэхэд л тоож шиншлэхгүй албан тушаал, түүний нэрийн хуудас...тэдгээрийг олж авчихаараа тэнгэрт гарсан мэт пээдэлзэх түнтгэр хацартай монгол...ээ зайлуул, тэр нь хүртэл өрөвдөм Монгол.  Яагаад Монголд гэж? гэж асуухад юу нэгийг нь оноож хэлэхийн аргагүй бүхэллэгт яаж үнэ тогтооно вэ?... Оюутан байхад орчуулга хийхэд л хардаг байсан тэр нэг юу үнэтэйг, юу хямдыг ялгахгүй..системийн шоконд цохиулж хүүхдээ өлсгөж үзсэнийх юм уу өлсөхөөс үхтлээ айдаг өлөн нийгмийн ядуу сэтгэлгээ...хаа саагүй, дээр дооргүй.  

Монголын буян хүрдэг бол буянаа баран барин үхэлдээд байгаа энэ эд юмсаар нь  бүгдийх нь амаар гартал угжаад хоосон ходоод, гэмтсэн эгог нь тэжээж өгөөд хордлого тайлмаар.  Эсвэл хэн бүр ямар ч аяны эцэст эхлэл цэг дээрээ эргэж ирдэг болохоор, ирээд гараанаас гарсан газраа анх удаа таньдаг болохоор бүгдийг нь нэг хөөж гаргаад буцааж авчирмаар. Хэзээ монгол хүн хувьтай төрснөө үнэлж, хаана нь ч хүрэхгүй юмсын араас амь тавьж Монголыг зарж амьдрахаа болих бол? Эргээд бүгдийг нь өгөөд эргүүлж авъя ч гэсэн боломжгүй болсон тэр үед үү?... ээ тэгээд миний үндсийг тайрчихвал хаана очиж хатдаг билээ, би...бас  чи?

 

 

Сэтгэгдэл бичих

    • Irgen
    • 2024-02-24

    Saikhan niitlel.Khun bolgon unshaasai

    • Da.otgoo
    • 2018-02-12

    Uneen uhtel horgodoh. Temtseh shoroog n unsej erhleh ijii gazar shoroo mini hezee zaragdahaa bolih bid hen boloh vee

    • Төөгий
    • 2017-11-20

    Сайхан нийтлэл байна

    • Зочин
    • 2017-11-20

    Horvood hairlah huntei baih saihan yumaa .., gedeg shig hairlah eh orontoi baih saihaan

    • Болушзагийн фэн
    • 2017-08-01

    За ёстой нулимс гартал бичсэн байна даа. Өглөөнөөс хойш нэлээн хэдэн нийтлэлийг нь уншлаа. Сайхан бичдэг хүүхэд байна. Амжил хүсье! Улам сайн, улам олныг бичиж, оюуны цангааг минь тайлах болтугай.

arrow icon