Нийтлэл 01 сарын 27, 2015

Хуулинд итгэх итгэлийг дархлаажуулах, түүнийг найдвартай ажиллагаагаар хангахад олон нийтийн оролцоо сул, ижил тэгш зарчим үйлчилдэггүй байдал (No Community Participation / No Responsibility / No NGO creating Accountability)

Хамгийн энгийн жишээ бол СӨХ. Бидний амьдралын баталгааг хангах хамгийн чухал хүчин зүйл нь амьдрах орчны баталгаа. Гэтэл иргэд тэр баталгааны төлөө хөлсөө асгаруулах нь бүү хэл хуруугаа ч хөдөлгөхийг хүсдэггүй хэрнэ өөрийнхөө амьдралыг өрөөл бусдад даатгаж, үнэ төлбөргүй хангуулж байх асрамжийн сэтгэлгээнд бүрэн нэрвэгдсэн.

Аливаа хүний амьдралын баталгаа өмч болж байгаа энэ цаг үед эзэмшиж буй өөрийн өмчийн баталгааг орчны үнэлгээний баталгаажилтаар хангаж байх учиртай. Гэтэл гэрээсээ гараад үр хүүхэд, гэр орноороо аюултай нөхцөл байдал уруу шууд шилждэг нь бидний хувьд энгийн зүйл болчихсон. Энэ нөхцөл байдлын учир шалтгааныг засахын тулд СӨХ-с мэргэжлийн ажил үйлчилгээ шаардах нь зүйн хэрэг болов ч түүнд тохирсон зохих мэргэжлийн менежментийн зардлыг ч мөн хүлээн зөвшөөрөхөөс гадна өөрсдийн хариуцлагаа ч биелүүлдэг байх ёстой. Нэгэнт суугчдын хуралдаа ч ирдэггүй, зөвхөн албан журмаар бус аман хэрүүлээс хэтэрдэггүй оршин суугчдын өмнө СӨХ хариуцлага хүлээхээс зайлсхийх бүхий л боломж нь бүрдэж байдаг тул үйлчилгээний чанарын тухай ярихад ч илүүцэхүйц зан харилцааны доголдолтой, учир битүүлгээр сонгогдсон, мэргэжлийн гэхээсээ гол төлөв хэрүүл, зарганд гаршсан хэсэг хүмүүс ажилладаг явдал нэгэнт хэвийн, хэвшмэл дүр зураг болсон. Энэ тохиолдолд ямарч асуудлыг нарийн боловсруулсан менежментийн систем бүхий арга, механизмаар хангах тухай бус зөвхөн харилцан маргаж, мэтгэхээс хэтрэхээ байж, үл итгэлцэл үүсэн, нийтийн хүртэх үр шимийг нэмэгдүүлэх тухай санах ч хэрэггүй болно. Энэ үгүйсгэл нь сайжирдаггүй ч бас мөхөөд үхчихдэггүй. Үлгэн салган, өөрт ч, хүнд ч хүртээмжгүй байдлаар явсаар, бид ч хэнэггүй, хувиа хичээсэн үзлээрээ эл байдлыг өөгшүүлсээр.

Гэтэл энэ байдал ганцхан СӨХ дээр биш манай нийгэм, төр, захиргааны бүхий л салбарт хэвшээд, бүрэн бугшчихсан байгаа.

Хэдийгээр шийдвэр гаргагчдын буруутай авираас манай өнөөгийн нийгмийн эмгэгүүд тогтсон нь үнэн боловч, аливаа зүйлд огтоос оролцоогүй, хойрго, аминч үзэл шингэсэн нийгэмд үүнээс өөр хувилбар байх боломжгүй юм.

Салбаруудаа л аваад үзье. Нэг талд нь эмнэлэг, эмч нараа зүхэн, итгэл найдваргүй болтлоо бухимдсан ард иргэд, нөгөө талд хүнд, хүчир нөхцөл, ажлын ачаалал, хэл аман дунд байгаа ядмаг системдээ тохирон ажиллах гэж чадан ядаж байгаа эмч, эмнэлгийн байгууллагуудын хоорондын тунирхал, шүүмжлэл, хагарал, хэрүүл явдгаас биш энэ салбарын мэргэжлийн лобби группүүд бий болж, ухаанаа уралдуулж, системийн хэвийн ажиллагааг ханган сайжруулах талаар шийдвэр гаргагч нарт шахалт үзүүлэх, нийгэмд танин мэдүүлэх, хууль боловсруулалтад тухайн салбарын системд оролцогч сегмент тус бүрийг бүрэн оролцуулсан санал хураалт, судалгаа, харьцуулсан дүн шинжилгээ, гарц шийдлийн талаар үйл ажиллагаагаа уялдуулсан мэргэжлийн холбоод, ТББ, олон нийт хаана байна аа? Уул нь тоолж боломгүй олон сайн дурын болон ТББ байх ч ихэнхдээ өнөө муулдаг төрийн машинаасаа мөнгө цохих, үр ашиг багатай, хүртээмжгүй төсөл хөтөлбөр хөөсөн хэдэн байгууллага байхаас хэтэрдэггүй.

Монголд хэрэгждэг хууль байхгүй гэж ам амандаа бухимдан, бүх төвшиндөө ил тодоор хүлээн зөвшөөрч байгаа хэр нь зах зээл, эдийн засгийн тогтмол хөдөлгөөнт харилцаанд үүсдэг эрх зүйн асуудлуудаа бүрэн мэдэж, ойлгож байгаа бизнесийн төлөөллүүд, нийгмийн салбарт ажиллаж байгаа төр олон нийтийн төлөөллүүд, энгийн иргэд, энэ олон хуулийн байгууллын холбоод яагаад салбар салбарын хууль эрх зүйн лобби группүүд байгуулж, хууль боловсруулахаас эхлээд хэрэгжүүлэх процессийн менежмент хүртэлх бүхий л чиглэлээр ажиллаж, шийдвэр гаргагч нарт Хуулийн засаглалыг жинхэнэ утгаар нь бий болгон хөгжүүлэх нөлөөллийг үүсгэж чадахгуй байна?

Төр нийгмийн харилцаа ч мөн яг л ийм. Засаглах эрх авах нам хүчин, бүлэглэлийн төлөөллийн өрсөлдөөн байх ёстой нь үнэн боловч ямар ч нам дэргэдээ иргэд, олон нийтийн төлөөллийн лобби группгүй тул аливаа бодлого, хууль, бодит нөхцөл байдлын гарал үүслийг судлах, бусад орны системтэй харьцуулах, процесс боловсруулах платформын бааз дээр суурилсан өндөр мэдлэг, ур чадварын баг бүрэлдэхүүнтэйгээр өрсөлдөх амбиц гэж байхгүй болж гагцхүү л баялгийн хуваарилалтад хүрэх эрээ цээргүй, эрдэм мэдлэггүй дээрэмчдийн дүрэмгүй зодоон болж хувирсан.

Нэгэнт иргэд олон нийт оролцдоггүй тул олон нийтийн оролцооны системийг бий болгохыг аль болох замхруулах нь тодорхой. Олон улсын төсөл хөтөлбөрөөс зөв хяналтын болон оролцооны системийг нэвтрүүлж, эрүүл засаглал байгуулахад туслах төсөл хөтөлбөрийн шаардлагын дагуу өөрсдийн ашиг сонирхлын зөрчилтэй, билэгдлийн чанартай хэдхэн ТББ-дыг олон жилийн өмнө өөрсдөдөө л зориулж бий болгосон байх.

Нийгэм ч тэр. Өөрсдийн оролцоогоо зөвхөн шүүмжлэх, харлуулах, ойлгосон ойлгоогүй эсэргүүцэх, аль л үнэ төлбөргүй, зүгээр амьдрах бололцоогоор хангуулахыг хүсэж, намууд ч түүнийг нь дэвэргэн өөгшүүлдэг. Үүгээрээ төр засаг, нийгэм, улс орон хөгждөг бол бид хэзээний цэнгэлийн манлайд хүрч, жаргалын оргилд умбаж байх байлаа. Гэтэл бид эсрэгээрээ, их багагуй, анги давхрагагүй нам, хүчний хэдэн тал болж өөр хоорондоо мэдэмхийрч, хэрэлдэж, хагаралдахаас өөрөөр олон нийтийн бодит оролцоог бүрдүүлсэнгүй. Энэ нь мөн л нийгмийн тэжээгчээ хамгаалах, эсхүл шинээр тэжээгч хайх сэтгэлгээний илрэл тул ямарч утга үндэсгүй популизмд автахдаа амархан, сэтгэцийн согогтой болж хувирсан. Уул нь бодлогоо байг гэхэд нийгэм, эдийн засгийн механизмын ажиллагааг хангах процессийн хэрэгжилтийг хянадаг, түүнд оролцдог системийг төрөөс намууд ч, иргэний байгууллагууд ч, нийгмийн сэхээтний бүлэгүүд ч, хэн нь ч шаардсангүй. Шаарддаггүй учраас батлагдаж буй хуулиад нь ямарч цогц шүүлтүүрээр ороогүй, ихэнхдээ бүлгүүдийн ашиг сонирхолд үйлчилсэн, эсхүл ард иргэдээс оноо авах гэсэн улс төрийн шийдэл давамгайлсан хуулиуд болдог тул түүнийг хэрэгжилт тэгш бус, шударга зарчим нь алдагдсан, олон үзүүртэй болж иргэдийн итгэл улам бүр унасаар байна.

"Харанхуйг зүхэхээсээ өмнө нэг ч болов лаа асаа" гэдэг угтаа өөрийнхөө хувь заяандаа эзэн бай гэсэн утга юм. Үүнийг дан ганц улс төрийн аргаар, эсхүл жагсаал цуглаанаар бус гагцхүү өөрийн бодит оролцоогоор хангаж, буруу гажууд үзэгдэлд орон зай олгохгүй байх явдал юм. Эрүүл нийгмийг бүрдүүлэх үндсэн хөшүүрэг нь мэргэжлийн болон мэдлэгийн капитал бүхий нийгмийн төлөөллийн бодит оролцоо билээ. Тиймдээ ч ямар ард түмэн байна, тийм төр засаг байна гэлцдэг байх. Гэвч ард түмнийг ч, төр засгийг ч чиглүүлэх луужингууд нь унтаа хэвээр байвал ИТГЭЛ үүрд унтана.

Сэтгэгдэл бичих

    • sad/happy
    • 2015-02-16

    yer n unshaad baihaar baabar style-r bichdeg hun yumaa daa...oohond zuu orooj umhuuldeg...hmmmm

arrow icon